Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч д овогт Оийн Уд холбогдох эрүүгийн 2235001620193 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны .......... дугаар сарын 18-нд Увс аймгийн ..............суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ......... сумын .........дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч д овогт Оийн У, (регистрийн дугаар: .................),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.У нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ......... сумын 2 дугаар багийн нутаг, “Гэдрэгийн гол” гэх газарт хохирогч Н.Нтай зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ......... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Н.Нтай маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч О.У нь “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөх гэсэн боловч ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй, нэхэмжилвэл төлж барагдуулна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235001620193 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.... Би Увс аймгийн ......... сумын 2 дугаар багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цайны цагийн үед, 13 цаг байсан байх, гэрээс гараад ажилдаа явж байгаад том А буюу Б.Аын гэрийн гадаа Бийн машин, Нийн машин, Бат-Эрдэнийн мотоцикль байхаар нь би тэднийд орсон. Тухайн үед Б.А нь машины граш барьж байсан болохоор бүгд тусалж байгаа юм байна гэж бодоод би бас туслах зорилгоор очсон юм. Тэгээд тэднийд ороход "Сэрүүн" гэсэн нэртэй 2 том пиво задлаад ууж байсан. Тэгээд би очоод тэнд байгаа хүмүүс бүгд пиво хувааж уусан. Хоёр пиво дуусгаад тэгээд тэнд байгаа хүмүүс бүгд нэг нэг пиво дэлгүүрээс авч ирсэн. Тэнд байгаа хүмүүс болохоор У, Б, Б, Б.А, Н нар байсан юм. Тэгээд авч ирсэн пивоо бүгд хувааж уугаад дуусгасан. Тэгээд байж байтал 16 цагийн үед манай эхнэр болох Б, Б.Аын гэрт намайг авах гэж ирэхэд нь би байж байгаад очно гэж хэлсэн. Бас тэнд байсан хүмүүс манай эхнэрт "чи явж бай, бид хэд өөрсдөө хүргээд өгнө" гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байгаад би 16 цаг 30 минутын үед ажилруугаа явсан юм. Нийн машинтай У бид хоёр манай ажил руу явж, бусад хүмүүс үлдсэн. Би ажил дээр ирээд ахлах теллерд тухайн өдрийн кассыг шилжүүлж хаасан юм. Тэгээд буцаад Б.Аын гэрт У бид хоёр очсон. У хоёр пиво авч ирээд тэрийг хувааж уусан. Тэгээд нэг харахад Б.А, У бид гурав үлдсэн байсан бөгөөд би согтсон байсан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Би Гэдрэгийн гол гэх газарт очсоноо, тэнд Утэй зодолдсоноо санахгүй байгаа. Нэг мэдэхэд нэг хүн миний хоёр нүдийг ухсан, би газарт хэвтсэн юм. Тэр хүн хэн гэдгийг мэдэхгүй. У хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би эмнэлэгт хэвтэж, 6 хоног эмчилгээ хийлгүүлсэн. Тэр эмчилгээний зардал барагдуулж авмаар байна, өөр нэмж хэлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

2. Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Манайх хашаандаа граш барьж байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр намайг гэртээ байж байхад Н надаас машины гэрэл авахаар У, Б нарын хамт ирсэн. Тэгээд Н надаас хөгжим авсны дараа  би нэг хуралд суух гээд 12 цагт сумын захиргааны тамгын газарт ирсэн юм. Тухайн үед Н, У, Б 3 явчихсан байсан. Хурал  болоогүй байхаар нь би буцаад гэртээ ирэхэд Н, У, Б нар буцаж манай гэрт 1 том пиво авч ирж, хувааж уусан юм. Тухайн үед би уугаагүй, 13 цагт хуралтай болохоор уугаагүй Тэгээд намайг 13 цагт хуралд суух гээд сумын захиргааны тамгын газарт ирэхэд тэд манайд үлдсэн. Тухайн үед На бас манайд ирсэн. Би хуралд суух гээд явж байхдаа Натай тааралдсан. Тэгээд би 15 цагийн үед хурлаас тараад гэртээ очиход манайд У, На, Н, Б 4 пиво уугаад сууж байсан. Удалгүй 17 цагт На, У хоёр Нын ажил руу Нийн машинаар явсан. Б бас харьсан байсан. Тэгээд байж байтал Нийн машинаар На, У хоёр буцаад манайд ирсэн. Н тэр хоёрыг манайд буулгаад харьсан байсан. Тэгээд У, На бид гурав үлдээд манай машинаар жижиг А буюу Г.Аын дэлгүүрт очиж 3 том пиво авсан. Тэгээд би На, У, Г.А бид дөрөв 3 том пиво аваад Гэдрэгийн гол гэх газарт очсон юм. Тэнд очоод буухын хооронд У, На хоёр зодолдоод машинаас буусан. Тэгээд Г.А бид хоёр салгах гэж зөндөө үзсэн боловч үгэнд орохгүй болохоор нь У, На хоёрыг хаяаад явсан. Тухайн үед Г.А машинд суусан байсан. Тэгээд Г.Аыг гэрт нь хүргэж өгөөд гэр лүү харьсан юм.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал);

3. Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би дэлгүүртээ ажиллаж байсан. Би ......... сумын 2 дугаар багт дэлгүүр ажиллуулдаг. Тэгээд 18 цагийн үед Б.А, На, У гурав манай дэлгүүрт ирэхээр нь манай дэлгүүрээс 2 том пиво аваад би дэлгүүрээ хаагаад тэд нарын хамт Гэдрэгийн гол гэх газар уруу Б.Аын машинаар явсан юм. Тэгээд машинаас буугаад нэг пивог задлах гэж байтал У, На хоёр маргалдаад зодолдоод эхлэхэд нь би очоод салгасан боловч тэд  30 минут маргалдаж, зодолдоод салахгүй байхаар нь Б.Аын машинаар Б.А бид хоёр явсан. Тэгээд Б.А намайг манай дэлгүүрт буулгаад өөрөө гэрлүүгээ харьсан. Би жижиг машин буюу өөрийн машинаа аваад гэр лүү очоод эхнэрээ аваад У, На хоёрыг авах гэж буцаад Гэдрэгийн гол гэх газарт очсон. Очиход Нын эхнэр Б болон цагдаагийн алба хаагч ирсэн байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нөгөө хэдийг цагдаагийн байр уруу аваад явсан юм. .....Анх На газарт унасан байсан бөгөөд У Нын дээр гараад суучихсан цохиж байсан. Тэгээд Б.А бид хоёр арай гэж салгаж авсан юм.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал);

4. Гэрч Ц.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр У бид хоёр 12 цагийн үед уулзаад Б.Аын гэрт очсон юм. Тэнд машин янзлах ажилтай очсон. Өөрөөр хэлбэл миний машины хөгжмийг янзалсан. Тухайн үед Б.А машины граш барьж байсан бөгөөд У бид хоёр түүнд тусалсан. Тусалж дуусчихаад би дэлгүүрээс нэг том пиво авч ирж уусан. Тухайн үед У бид хувааж уусан юм. Тэгээд байж байтал На ирсэн. Тэгээд үргэлжлүүлээд У, На бид гурав пиво уусан. Тухайн үед У нэг том пиво авч ирсэн. Тэр том пивыг У, На бид гурав уусан бөгөөд Б.А нь хуралтай гээд яваад өгсөн байсан. Тэгээд байж байтал Б.А ирсэн. Тэгээд би согтсон болохоор эрт харьж амарсан нь дээр гэж бодоод гэртээ харьсан юм. Маргааш нь Улаанбаатар хот руу явах ажилтай болохоор гэр лүү харьсан юм. Түүнээс цаашаа юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);

5. Гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхрөө авах гээд Анхбаярын гэрт очихоор явж байхад Батсайхан гэх хүн утсаар залгаад "Ныг голын эрэгт хүн зодож байна" гэж хэлсэн. Тэгээд би шууд голын эрэгт очсон юм. Очиход У манай нөхрийг усан дотор дараад дээр нь суучихсан байсан. Манай нөхрийн биеийн бүх хэсэг цус болсон, хоёр нүднээс нь цус дуссан байдалтай байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);

6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 349 дугаартай “....Үзүүлэгч Н.Нын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний доод зовхины салстад язарч урагдсан шарх, баруун нүдний дээд, доод, зовхинд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд, дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт, доод уруулын салстад, зүүн хацар, зүүн мөрөнд зулгаралт, хүзүүний зүүн хажуу доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний доод зовхины салстад язарч урагдсан шарх, баруун нүдний дээд, доод, зовхинд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

7. Шүүгдэгч О.Угийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ...манай гэрт Н ирсэн бөгөөд машины хөгжим янзлаад өг гэж гуйгаад янзлах гэж үзсэн боловч болохгүй болохоор нь том А буюу Б.Аын гэрт очсон юм. Тэгээд том Агаас /Б.Ааас/ хөгжим авч тавьсан, Б гэх хүн ирээд тэгээд Н бид хоёр том Агаас /Б.Ааас/ хөгжим авч тавьсан болохоор хүнээс яаж хоосон юм авах вэ гэж бодоод сумын төв орж дэлгүүрээс 3 том пиво авсан юм. Тухайн үед том А /Б.А/машины граж барьж байсан тул том Ад /Б.Ат/ тусалж дуусаад, Н бид хоёр авч ирсэн 3 том пивыг барьж байсан граж дотор Б.А, Н бид хувааж уусан. Тэгээд 13 цагийн үед На ирсэн, сүүлийн пивыг бид хамт уусан. Тэгээд На дахиад нэг том пиво авч ирсэн. Тэгээд 17 цагийн үед На, Б.А, бид гурав жижиг А буюу Г.Аын дэлгүүрт очсон юм. Тэгээд дэлгүүрээс нь 3 том пиво авч Гэдрэгийн гол гэх газар уруу бид 4 явсан. Тэгээд Гэдрэгийн гол гэх газарт очоод бид 4 нэг пиво задлаад уух гэж байтал На намайг гараараа нэг цохисон юм. Тэгээд би хариу нүд, хамар хэсэгт нь цохисон юм. Биднийг  Г.А, Б.А нар салгахад, На том Аг /Б.А/ -г нэг удаа хөлөөрөө өшиглөж унгаасан юм. Тэгээд Б.А, Г.А хоёр хая, наад хоёр өөрсдөө учраа олно биз гэж хэлээд явсан. Тэгээд байж байтал Нын эхнэр ирсэн юм. Учирсан хохирлыг нь барагдуулах болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

9. Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

 - Шүүгдэгч О.У нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн ......... сумын 2 дугаар багийн нутаг “Гэдрэгийн гол” гэх газарт хохирогч Н.Н, гэрч Г.А, Б.А нарын хамт пиво ууж байх үедээ хохирогч Н.Нтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний доод зовхины салстад язарч урагдсан шарх, баруун нүдний дээд, доод, зовхинд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.

Шүүгдэгч О.Угийн үйлдлийн улмаас хохирогч Н.Нын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний доод зовхины салстад язарч урагдсан шарх, баруун нүдний дээд, доод, зовхинд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд, дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт, доод уруулын салстад, зүүн хацар, зүүн мөрөнд зулгаралт, хүзүүний зүүн хажуу доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирсан байх бөгөөд тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний доод зовхины салстад язарч урагдсан шарх, баруун нүдний дээд, доод, зовхинд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Н.Нын мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), гэрч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх), гэрч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь), гэрч Ц.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь), гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь), эрх бүхий шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал), шүүгдэгч О.Угийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд Б.А, Г.А, Ц.Н, Ө.Б нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч Н.Нын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Н.Н, гэрч Б.А, Г.А, Ц.Н, Ө.Б нарын мэдүүлэг, 349 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч О.У нь хохирогч Н.Нын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч О.Уг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Угийн хохирогч Н.Ныг зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч О.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Уг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.У нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч О.У, хохирогч Н.Н нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

2. Хохирогч Н.Нын үйлдлийн улмаас шүүгдэгч О.Угийн биед зүүн нүдний дотно булан, дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сэлтрэл гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болохыг эрх бүхий шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаартай дүгнэлтээр тогтоосон байх тул Н.Нын үйлдэлд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ. (Хавтаст хэргин 38-39 дэх тал),

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч О.Угийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Нын эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний доод зовхины салстад язарч урагдсан шарх, баруун нүдний дээд, доод, зовхинд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт” бүхий, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Н мөрдөн байцаалтын шатанд: “Би эмнэлэгт хэвтэж, 6 хоног эмчилгээ хийлгүүлсэн. Тэр эмчилгээний зардал барагдуулж авмаар байна” гэх мэдүүлгийг өгсөн боловч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохиролтой холбоотой ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

2. Түүнчлэн шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Н.Нын 99455949 дугаарын утсанд холбогдож, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “Ажилтай учир шүүх хуралд оролцох боломжгүй байна. Гомдолтой байна, хохирол барагдуулаагүй, цаашид нүд гэмтэх, хараа муудах эрсдэлтэй гэж эмч хэлсэн” гэх хариуг өгсөн нь шүүгчийн туслах Г.Бийн үйлдсэн “Шүүхийн мэдэгдэх хуудас”-аар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Угээс гаргуулах хохирол төлбөргүй байх бөгөөд хохирогч Н.Н нь гэмт хэргийн улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Угээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч О.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч О.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгч О.У эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч О.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 59 дэх тал),  

-Шүүгдэгч О.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.У нь хувийн байдлын хувьд 1989 оны ... дугаар сарын 18-нд төрсөн, 33 настай, ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн гэрч Г.Ш, Ц.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулж үнэлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Уд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан О.Уд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогттоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

5. Шүүгдэгч О.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 .Шүүгдэгч Ч д овогтой Оийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогттоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч На нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Угээс нотлох баримтаар гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА