Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 984

 

МАГАДЛАЛ

2019.10.01                                                       № 984                                         Улаанбаатар хот

 

 

А.Э-дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай,

хохирогч Э.Батчимэг, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

иргэний нэхэмжлэгч Норбоев Цырен Самбуевич,

иргэний хариуцагч А.Мөнхтуул,

орчуулагч О.Барс,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Батчимэг болон түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.Э-дхолбогдох 1903 0011 10139 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн А-ийн Э, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, О их сургуулийн ... дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................../;

 

А.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах замд Тоёота Приус маркийн 47-90 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Батчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: А.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Эы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч А.Эаас хохиролд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийтдээ 9.350.000 /есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөн, хохирогч Э.Батчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний 1169163 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Батчимэг давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.Э болон түүний эх Бурмаа нар Наадмын баярын дараа миний хагалгааны мөнгөний тал хувийг өгнө гэж байсан. Үүнд нь би итгэсэн. Би байнгын өвчин намдаах эм, тариа хийлгэж байгаа. Энэ хүмүүс намайг яаж байна гэж нэг ч удаа асуудаггүй. Би эрүүл саруул хүн байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлөөгүй бол хуульд зааснаар шийдвэрлүүлмээр байна. Миний биед маш олон хугарал учирсан. Мөн элэг, уушигны няцрал гэмтлүүд байгаа. Энэ талаар бичсэн эмчийн тэмдэглэл бий” гэв.

 

Хохирогч Э.Батчимэгийн өмгөөлөгч Б.Галхүү давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч А.Э-дхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Э.Батчимэг өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа бөгөөд хор уршиг арилаагүй байна. Та бүхэн харж байгаа байх. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Норбоев Цырен Самбуевич тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой байна. Эхнэрээ хөл дээр нь босгомоор байна” гэв.

 

Шүүгдэгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Т.Мөнхдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байдаг. Шүүгдэгч талаас 9.350.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Харин гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар, хор уршгийг арилгаагүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт хохирогч Э.Батчимэг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж дурдсан байгаа. Оросын холбооны улсад хагалгаанд ороход 50.000.000 төгрөгийн асуудал байдаг. Уг хохирлыг шүүгдэгч А.Э, түүний гэр бүлийнхэн боломжоороо төлж барагдуулана гэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаад бүрдүүлчихвэл бид төлөлцөнө гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Хохирогчийн талаас Оросын холбооны улсад очоод эмчлүүлээд, нэхэмжлэлийнхээ бүрдүүлбэрийг хуульд зааснаар цуглуулсан тохиолдолд төлөхөөс татгалзсан асуудал байхгүй. Хохирол, хор уршиг гэсэн асуудлаа ялгаж үзнэ үү” гэв.

 

 

Иргэний хариуцагч А.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгтэй танилцахад анхан шатны шүүх хуралд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй гэж байр сууриа илэрхийлсэн байна. Өөрсдийнх нь илэрхийлсэн байр суурийг харгалзаж үзээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Тээврийн прокурорын газраас А.Эыг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах замд Тоёота Приус маркийн 47-90 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Батчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолж тогтоогоогүй атлаа хэргийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2278 дугаартай дүгнэлтийн тусгайлсан үзлэг хэсэгт “...зүүн нүдний эргэн тойрон хөхөрч хавдсан, хаван хавдартай, цээж тэмтрэлтээр эмзэглэлтэй, баруун шилбэний доод 1/3-ээр маш том хэмжээний их шархтай, яс бяцарсан, ил гарсан байдалтай...”,  “...баруун дунд чөмөгт ясны дээд 1/3-ээр ташуу хугаралтай. Баруун талын шаант ясны дунд 1/3, доод 1/3-ээр бяцарсан ил хугаралтай. Баруун талын зөөлөн эд завсар хаван хавдар ихтэй, булчингийн урагдалтай. Зөөлөн эдэд ясны сэлтэрхий тодорхойлогдоно...”, мэс заслын тэмдэглэл хэсэгт “...Бүсэлхийн L2, L3, L4-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгүүд зөрөөгүй хугарлуудтай. Ууцны S1, S2 нугалмуудын баруун латериал масс зөрөөтэй хугарлуудтай. Элэг хэлбэр бүтэц жигд бус, гадаргуу тэгш бус болсон. Элэгний 7-р сегментэд 6.1*2.0 см хэмжээтэй гиподенсив нягтралтай урагдал язралттай. 8-р сегментэд 2.2*1.8 см хэмжээтэй гиподенсив нягтралтай элэгний няцралын голомттой. Элэгний ар доод хэсгээр 5.7*0.8 см хэмжээтэй субкапсулляр гематомтой...”, “...Хэвлийг нээхэд 150 мл орчим цусархаг шингэн /махны угаадас шиг/ байсныг соруулан авч дотор эрхтэнг шалгахад элэг нилэнхүйдээ хөөнгө цайвар...” гэж бичигджээ.

 

Харин шинжээчийн дүгнэлт хэсэгт “Э.Батчимэгийн биед бүсэлхийн L2,3,4-р нугалмуудын баруун сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны S1,2-р нугалмуудын зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний хугарал, баруун шаант болон тахилзуур ясны бяцарсан ил хугарал, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун, зүүн чих, баруун шанаа, зүүн мөр, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” /хх 48-51/ гэжээ.

 

Мөн хохирогч Э.Батчимэг нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Миний биед элэг, уушигны няцрал гэмтлүүд байгаа” гэж удаа дараа тайлбарлаж, холбогдох баримт байсаар атал шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт хохирогчийн мэдүүлсэн дээрх гэмтлүүд дурдагдаагүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход эргэлзээтэй болох бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хохирол, хор уршгийг арилгасан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв. Учир нь:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар шийдвэрлэгддэг бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Э.Батчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, цаашид гарах хор уршгийг буруутай этгээд хариуцах үүрэгтэй байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй дотор эрхтний гэмтэл, түүнтэй холбоотой гэм хорын нэхэмжлэлийн талаар шүүх шийдвэрлэх боломжгүй болсон байна.

 

Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан өөрийн бүрэн эрхийн дагуу хохирогч Э.Батчимэгийн биед учирсан гэмтлийг тодруулахаар нэмэлт болон дахин шинжилгээний аль нэгийг нь хийлгэж, шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зайлшгүй нотлох шаардлагатай тул А.Э-дхолбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Э-дхолбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч А.Э-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ