| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Балжмаа |
| Хэргийн индекс | 127/2021/0022/З |
| Дугаар | 127/ШШ2021/0017 |
| Огноо | 2021-09-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 127/ШШ2021/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “МС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга болон Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 тоот албан бичиг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “МС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга Б.З, Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.М, гуравдагч этгээд “ВС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Язаарын уул” агнуурын бүс нутгийн менежментийг “МС” ХХК-д хариуцуулж, гэрээ байгуулахыг тус сумын Засаг даргад даалгасан. Үүний дагуу Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга болон “МС” ХХК-ийн хооронд гэрээ байгуулж, улмаар 2014 онд 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан.
Гэтэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргаас “МС” ХХК-д хүргүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/177 дугаар албан бичгээр, талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах гэж буй талаар дурдсан. Иймд уг албан бичгийн хариуд “МС” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар албан бичгээр, тус компани нь гэрээний үүргээ зөрчөөгүй ба талуудын хамтын ажиллагаа хэвээр үргэлжилж байгаа талаар тайлбар бүхий албан бичгийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга руу хүргүүлсэн. Гэсэн хэдий ч Баянмөнх сумын Засаг даргаас бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй тул бидний хоорондын байгуулсан гэрээ хэвээр, хүчин төгөлдөр гэж ойлгож ирсэн.
Манай компанитай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж буй “Ландмэнь консалтинг” хуулийн фирм нь Баянмөнх сумын Засаг даргад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20/27 дугаартай албан бичиг, мөн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20/32 дугаартай албан бичгүүд хүргүүлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчинтэй эсэх талаар хандахад “гэрээг цуцлах талаар мэдэгдлийг 2019 оны 06/177 тоот албан бичгээр хүргүүлсэн болно” гэж тодорхойгүй хариу өгсөөр байсан.
Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичигт хавсаргасан баримтуудаас “МС” ХХК-тай байгуулсан “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах тухай 14/06 тоот гэрээг цуцалсан болохыг мэдсэн. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 дугаартай албан бичгээр гэрээ цуцалсан талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдсэн байж, “МС” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/177 дугаартай албан бичгээр “гэрээ цуцлахыг мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг өгсөн. Үүнээс харахад, гэрээ цуцалсан шийдвэр гаргасны дараа “МС” ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар манай компанийн зүгээс Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн албан бичиг болон хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдлоо гаргасан боловч Хэнтий аймгийн Засаг даргаас уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх талаар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4/590 дугаартай албан бичиг ирсэн. Үүний дагуу хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн 06/176 тоот албан бичигт “МС” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2 жил дараалан төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэл учирсан” гэжээ. “Язаарын уул” агнуурын бүсэд 2018, 2019 онд угалз агнах хуваарь батлагдаагүй тул агнах боломжгүй байсан. Хуваарь батлагдаагүй байхад агнаж болохгүй, “агнах ёстой” гэх нь хууль бус шаардлага юм.
Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам” байдаг. Уг журмын 4.1-д заасны дагуу агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч манай компани дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын угалз агнах хуваарь батлах тухай тушаалд Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Язаарын уул” агнуурын бүсийг оруулаагүй байсан. Энэ нь ямар шалтгаантай болохыг мэдэхгүй, үүнд аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаа байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга Б.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “МС” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 2018, 2019 онуудад сумын татварын орлогын төлөвлөгөөнд тусгагдсан ан агнуурын нөөц ашигласны төлбөрийн төлөвлөгөөг 2 жил дараалан тасалсан тул хамтран ажиллах боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Сумын татварын орлого 2018, 2019 онд тасарснаас төсөвт хүндрэл учирч, цалингаа ч тавьж чадахгүй байдалд орж байсан нь үнэн. Тэр үед миний бие сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. “МС” ХХК-тай хамтарч ажиллах бол гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Хамтран хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Сумын Засаг даргаас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 тоот албан бичгээр “урьд нь гэрээтэй ажиллаж байсан “МС” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2 жил дараалан төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэл учирсан тул гэрээг цуцалсан болно, Зэв хантинг ХХК-ийн саналыг дэмжих” гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн. Иймд уг асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн.
...Иймд тухайн өдрийн Агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжих тухай тогтоол гарсан” гэжээ.
Хамтран хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Үүний өмнө 7 дугаар сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх үеэр нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрэх эрхтэй гэсний дагуу бид эвлэрч болно гэж ярилцсан. Үүний дагуу бид нэхэмжлэгч “МС” ХХК-тай ярьсан” гэв.
Гуравдагч этгээд “ВС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “МС” ХХК нь...Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах гэрээ 14/06 гэсэн баримт хавсаргасан байгаа боловч Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолд заасан “...гэрээний хугацааны хэрэгжилт, цаашид гэрээг сунгаж, хамтран ажиллах эсэх тухай саналыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж ажиллах...” шаардлагыг болон гэрээнийх нь Гуравдугаар зүйлийн 3.9-ийн “гэрээний хугацааг сунгах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас 3 сарын өмнө сумын Засаг даргад гаргана” гэсэн заалтыг хэрэгжүүлсэн гэдгээ нотолсон баримтыг ирүүлээгүй байгаа нь түүний шаардлагыг шүүхээс хангах боломжийг үгүйсгэж байна.
Энэ нь Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно” гэсэн журмыг зөрчсөн хэрэг бөгөөд нэгэнт хууль зөрчсөнөөрөө эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болж нэхэмжлэл гаргах эрхгүй болгож байна.
Түүнчлэн Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг” гэж заасанчлан ан агнуурын менежмент төлөвлөгөө боловсруулан гаргаж, батлуулж түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж биелүүлсэн талаараа тавьсан тайлан, мэдээ байхгүй байгаа нь мөн л нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй болгож байна” гэжээ.
Гуравдагч этгээд “ВС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хуулийн заалт зөрчигдсөн нэхэмжлэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал хэзээ албан бичгийг авсан, хариуг хэзээ хүргүүлсэн, хаана хандсан зэрэг нь хуульд заасан хугацаатай байгаа.
2. Захиргааны акт нь ямар акт байна вэ гэх асуудал яригдаж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Засаг даргаас хүргүүлсэн албан бичиг байна. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 тоот тогтоолыг яриад байна. Гэвч Баянмөнх сумын Засаг даргын үйл ажиллагаа буюу захиргааны акт нь гэрээ юм. Энэхүү гэрээг цуцалсныг хариуцагч талаас нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна. Иймд гэрээг цуцлах болсон үндэслэл, захиргааны актын талаар маргах ёстой гэж үзэж байна.
3. Нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд байх ёстой. Гэвч нэхэмжлэгч талын зүгээс хуулийн дагуу ажиллаж байхад захиргааны байгууллага манай компанийг хохироосон гэх баримтыг гаргаж өгөөгүй, гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлсэн талаар дурдаагүй. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжийг шүүхэд олгоогүй байна.
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай тогтоолын 2 дахь заалтад, гэрээг нэг жилээр байгуулахыг зөвшөөрсөн байгаа, үүнд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 32 дугаар тогтоолын 3 дахь заалтад, цаашид гэрээг сунгаж, хамтран ажиллах тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахаар заасан. Гэтэл энэхүү заалтын хэрэгжилтийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Цаашид гэрээг сунгаж, хамтран ажиллах талаар санал өгсөн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, хэлэлцэгдсэн талаарх баримт байхгүй. Гэрээ сунгахыг Хурал шийдэхээс, Засаг дарга шийдэхгүй. Энэхүү гэрээ нь тогтоол биелэгдсэний дараа яригдах асуудал юм.
Нэхэмжлэгч нь 2014 онд 10 жилээр байгуулсан гэрээтэй гэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хугацаа сунгахыг зөвшөөрөөгүй байхад Засаг дарга сунгасан харагдаж байна. Засаг даргад ийм эрх олгогдоогүй. Үүний үндсэн дээр “МС” ХХК нь эрх зөрчигдлөө гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч компанийн тайлангууд бүгд байх ёстой, эдгээр баримтууд хэрэгт алга байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргаж өгсөн тайлангууд хаанаас авсан нь тодорхойгүй баримтууд байна.
Хариуцагч тал гэрээний нөхцлийг өөрчилж байгуулна гэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэхэд эргэлзээ үүсэж байна. Энэ нь цаашлаад гуравдагч этгээдийн эрх ашигт нөлөөлөхөөр байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МС” ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 тоот албан бичиг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга Б.З, хамтран хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.М нар нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч “МС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч энэ нь гуравдагч этгээд “ВС” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонихрлыг хөндөхөөр байгаа тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй байсан болно.
Гуравдагч этгээд “ВС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах асуудлаар маргасан тул шүүхээс дүгнэлт хийв. Үүнд:
1.Нэхэмжлэгч “МС” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар,
Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоолоор агнуурын амьтны тархац нутагт ан амьтан агнах, барих Агнуурын “Язаарын уул” бүс нутгийн зураглал, хилийн цэсийг баталж, тус бүс нутгийн менежментийг байгаль орчны мэргэжлийн байгууллага “МС” ХХК-д хариуцуулж, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвшөөрсөн байна.
Үүний дагуу уг гэрээг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл “Язаарын уул” агнуурын бүс нутгийн менежментийг нэхэмжлэгч “МС” ХХК хариуцан ажилласан ба 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах №14/06 тоот гэрээ байгуулж, гэрээнд Баянмөнх сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.М, “МС” ХХК-ийн дэд захирал С.Г, “Язаарын гурван овоо” нөхөрлөлийн ахлагч Ө.Од нар гарын үсэг зурж, гэрээг Хэнтий аймгийн Засаг дарга, Баянмөнх сумын Засаг дарга нар болон “МС” ХХК-ийн ерөнхий захирал нар тус тус баталжээ.
Ийнхүү нэхэмжлэгч “МС” ХХК нь Баянмөнх сумын нутаг дэвсгэр дэх “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцан ажиллаж байсан ба хариуцагч Баянмөнх сумын Засаг даргын орлогчоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 06/176 тоот албан бичиг хүргүүлж, “МС” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан болохыг мэдэгдэж, “Зэв хантинг” ХХК-иас ирүүлсэн саналыг дэмжин, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан хариуцагч Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд “Менежментийн төлөвлөгөөг дэмжих” тухай асуудлыг хэлэлцэн, 31 дүгээр тогтоол гаргасан ба уг тогтоолын 2 дах заалтад, “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг “БС” ХХК-д хариуцуулж, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын дээр дурдсан шийдвэрүүд нь, “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцан ажиллаж байсан “МС” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул нэхэмжлэгч нь эдгээр шийдвэр, үйл ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
2.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар,
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох, хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 тоот албан бичиг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг 2021 оны 03 дугаар сард буюу “хариуцагч Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 тоот албан бичгийг өмгөөллийн Ландмэнь консалтинг ХХН-өөр дамжуулан авснаар мэдсэн” гэж тайлбарласан ба уг асуудлаар дээд шатны захиргааны байгууллага болох Хэнтий аймгийн Засаг даргад 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4/590 тоот албан бичгээр хариу авч, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
3. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар,
Хариуцагч Баянмөнх сумын Засаг дарга нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн 06/176 тоот албан бичигтээ, “МС” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2 жил дараалан төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэл учирсан тул хойшид хамтран ажиллах боломжгүй болж, гэрээг цуцалсан” гэж, “МС” ХХК-д хүргүүлсэн 06/177 тоот албан бичигтээ, “агнуурын бүсэд 2 жил ан агнаагүй учир 2018, 2019 онд төсвийн орлогын төлөвлөгөө тасарч хүндрэл учирсан” гэжээ.
Үүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа, “МС” ХХК нь Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олон журам”-ын 4.1-д заасны дагуу дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын угалз агнах хуваарь батлах тухай тушаалд Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Язаарын уул” агнуурын бүсийг оруулаагүй байсан. Энэ нь ямар шалтгаантай болохыг мэдэхгүй, үүнд аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаа байхгүй” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч “МС” ХХК нь “Язаарын уул” агнуурын бүс нутагт 2018, 2019 онд тус бүр Угалз нэг толгойг агнуулах хүсэлтийг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 110 тоот, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өдрийн 50 тоот албан бичгээр[1] тус тус хүргүүлсэн нь тогтоогдож байгаа ба “МС” ХХК нь агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчийн хувьд Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 4.1-д заасан үүргээ ийнхүү биелүүлсэн байна.
Хэнтий аймгийн хэмжээнд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний саналыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 315 тоот, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 218 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус хүргүүлсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/370, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр тушаалуудаар тус тус баталсан, тусгай зориулалтаар Угалз агнуулах тоо хэмжээнд Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Язаарын уул” агнуурын бүс нутгийг хамруулаагүй байна.
Үүнд, “Язаарын уул” агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан ажиллаж байсан нэхэмжлэгч “МС” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг хариуцагч Баянмөнх сумын Засаг дарга тодруулахгүйгээр, “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэл дурдан, “менежментийг хариуцах гэрээг цуцалсан” гэх мэдэгдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, уг мэдэгдлийг нь үндэслэн, хариуцагч Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоол гаргасан нь хууль бус байна.
Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно, 26.2-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 26.1-д заасан дээд хязгаарт багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум, дүүрэг тус бүрээр тогтооно”, 26.3-д “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтаар тухайн жилд агнах агнуурын амьтны тоо хэмжээг эрх бүхий байгууллага шийдвэрлэсний дагуу агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч мэргэжлийн байгууллага хэрэгжүүлэх зохицуулалттай байна.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, хариуцагч Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32 тогтоолын 3 дахь заалтын талаар тайлбар гаргаж, “2013 оны 12 дугаар сард байгуулсан нэг жилийн хугацаатай менежментийн гэрээг сунгаж, хамтран ажиллах эсэх саналыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан эсэх, энэ тухай нотлох баримт байхгүй байна” гэсэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн нэхэмжлэгч “МС” ХХК “Язаарын уул” агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан ажиллаж байхдаа менежмент төлөвлөгөөг батлуулсан эсэх, төлөвлөгөөний биелэлтийн тайланг гаргаж байсан эсэхийг тодруулахыг хүссэний дагуу хариуцагч тал нь “МС” ХХК-ийн ажлын тайлангуудыг шүүхэд ирүүлснийг шүүх 2018, 2019 оны тайланг авч, шинжлэн судалж, хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах 14/06 тоот гэрээг дүгнэх, үйл ажиллагааг тайлагнахтай холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Маргаан бүхий захиргааны акт болох, хариуцагч Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолын 2 дахь заалтад заасан “нэг жил”-ийн хугацаа өнгөрч, уг заалтын үйлчлэл дуусгавар болсон байгаа ч уг тогтоолын бусад заалтууд үйлчилж байгаа тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч “МС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 тоот албан бичиг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “МС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 тоот албан бичиг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч “МС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэээж, хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЛЖМАА
[1] Хавтаст хэргийн 119-120 дугаар тал