Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 127/2023/0030/З |
Дугаар | 221/МА2024/0809 |
Огноо | 2024-12-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0809
2024 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2024/0809 | Улаанбаатар хот |
Л.Б***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Л.Б***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч Л.Б***,
Хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С*** овогтой Л***гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2024/0014 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Л.Б***,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***,
Хэргийн индекс: 127/2023/0030/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б***аас шүүхэд хандан “Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С*** овогтой Л***гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох”-оор маргасан.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2024/0014 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.5, 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б***ын Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С*** овогтой Л***гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжаар “...иргэдэд газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх захирамжийг 2007 онд хууль бусаар өөрчилсөн” гэх асуудлыг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Н*** шалгаад, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 319 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “...Сумын газрын даамал нь уг захирамжийг нөхөж үйлдсэн гэх буруутай үйлдэл тогтоогдож байх тул уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж шалгуулах нь зүйтэй ... дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нийт 15 жилийн хугацаа өнгөрч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татаж болохгүй үндэслэл тогтоогдсон тул хэргийг хааж шийдвэрлэсэн байхад нөхөж үйлдэх буруутай үйлдэл тогтоогдлоо гэх үгийн “буруутай үйлдэл” гэхийг нь өөрийн гаргасан буруу шийдвэрийнхээ үндэслэл болгож хууль журмын дагуу нөхөж үйлдсэн мэтээр дүгнэж, дүгнэлтээ гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт миний бие тухайн үед Хэнтий аймгийн Засаг даргад хандаж 2013 онд өмгөөлөгч авч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байсан талаар дурдаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргасан өгсөн.
Өмгөөлөгч авч эзэмших эрхээ сэргээлгэх гэж нутгийн удирдлагадаа хандсан боловч “...захирамжид аавын чинь нэр байхгүй” гээд ямар нэг арга хэмжээ аваагүй.
... Миний аавд газар өмчлүүлэхээр захирамж гарсан байх боломжтой байхад анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг бүрэн нягталж шалгаагүй хэргийг шийдвэрлэсэн тул гомдолтой байна.
Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2024/0014 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй захиргааны шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Л.Б*** нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С*** овогтой Л***гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн аль төрөлд хамаарч байгаа болох, тухайн нэхэмжлэлийн төрөлд тавигдах урьдач нөхцөл хангагдсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргаан бүхий газрыг эзэмшиж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл байдал үүссэн байхад тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахтай холбоотой ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2024/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА