Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 194

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Т.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотон эмгэн овогт Тэгшээгийн Анхбаярт холбогдох эрүүгийн 2016 2602 0511 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, яс үндэс дөрвөд, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Алтантуяагийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, 0927 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ80092611, Хотон эмгэн овогт Тэгшээгийн Анхбаяр.

 

Шүүгдэгч Т.Анхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны 12 цагаас 13 цагийн хооронд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Ц.Батхүүгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн лед зурагт хулгайлж, бусдад 525 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Анхбаяр мэдүүлэхдээ:

Би 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ганцаараа нэг шил архи уугаад согтсон байсан. Манайх болон Ц.Батхүүгийнх хамт нэг хашаанд байдаг. Бид нэг хашаа худалдаж авсан боловч дундуур нь хувааж хашаа бариагүй нэг дор 5-6 сар болсон байсан. Бид нэг нэгнийхээ гэрээр орж, гарч, түлхүүрээ орхих, усыг нь зөөх зэргээр бие биедээ тусалдаг. Тэдний гэрт зурагт байхыг харж байсан. Би согтуу үедээ хажуу талынхаа айлын зурагтыг аваад дүүдээ өгч явуулсан боловч баригдаад, буцаан авчруулж, Ц.Батхүүгийнд өгүүлсэн. Би хохирогчийнхоос өөр эд зүйл аваагүй, тэр зурагтыг яах гэж авснаа өөрөө ч сайн мэдэхгүй байна. Архи ууснаас болж энэ хэргийг үйлдсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хэрэг гарсан өдрөөс хойш архи уухгүй байгаа. Би 2016 оны 8 дугаар сараас эхлэн Ж.Алтантуяа гэдэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаа боловч гэрлэлтээ батлуулаагүй байна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Батхүү мэдүүлэхдээ:

 ...Би эхнэр, хүүхдийн хамт 2000 оноос Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21 дүгээр гудамжны задгайд оршин сууж байгаа ба 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр Уянга 12 цагийн орчим гэрээсээ гараад 13 цагийн орчим гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг мулталж, ороод, гэрт байсан 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан, удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд манай гэрийн хажуу талд байдаг Т.Анхбаяр гэж залууг бариад манай гэрийн зурагтыг түүнээс гаргуулж бидэнд хүлээлгэж өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. “Монел” маркийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт байсан ба өнгөрсөн жилийн 11 сард 525 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөр зүйл хулгайд алдагдаагүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Алтантуяа мэдүүлэхдээ:

...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хажуу айлынхаа зурагтыг авчихсан гэж байсан, тэр айлынх нь хүмүүс надтай ярьсан. Тэр үедээ би итгээгүй, буцаж ирээд хэргээ шийдүүлэх байхаа гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Т.Алтанзаяа мэдүүлэхдээ:

            ...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ах Т.Анхбаярын гэрт байж байхад 09 цагийн үед ах дэлгүүрээс 1 шил, 0.5 литрийн архи авчирч, ганцаараа уусан. Т.Анхбаяр ах нилээн согтоод, “манай дээд талын айлд нэг гайгүй зурагт байдаг юм, би аваад ирэх үү” гэхээр нь би “хэрэггүй, ахаа болохгүй” гэж хэлсэн. Тэгээд ах нилээн сууж байгаад гарч явсан. Тэгсэн удалгүй гаднаас орж ирэх үедээ 1 зурагт бариад орж ирсэн. Тэр зурагтыг ах намайг “эгчийнхээ ажил руу аваад явчих” гэсэн. Тэгээд би зурагтыг аваад явж байхад миний утас руу “цагдаагаас ярьж байна” гэхээр нь би зурагтыг нь аваад буцаад ирсэн. Тэгээд буцаж ирээд зурагтыг нь хажуу айлд хүлээлгэн өгсөн. Т.Анхбаяр ахыг хажуу айлынхаа зурагтыг аваад ирсэн байсан гэж огт бодоогүй. Би тэр зурагтыг хулгайлсныг мэдээгүй гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Анхбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Анхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны 12 цагаас 13 цагийн хооронд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21 дүгээр гудамжны задгайд оршин суух хохирогч Ц.Батхүүгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, гэрт нь  нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн 525 000 төгрөгийн лед зурагтыг нь хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Батхүү, гэрч Ж.Алтантуяа, Т.Алтанзаяа нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учирсан хохирол, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй байгаа зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3.3-т заасан эрхийнхээ дагуу “өмгөөлөгч авахгүй” гэж өөрийгөө өмгөөлсөн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.