Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00944

 

  

  

 

Б.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01678 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1799 дүгээр магадлалтай,

 

Б.Солонгын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.18-ны өдрийн 183/ШШ2018/02063 дугаар шийдвэрээр *******ос 278,064,835 төгрөгийг гаргуулж Барс капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Солонгын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2206018576 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 41 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах 2020.05.13-ны өдрийн 4/17952 тоот мэдэгдлийг 2020.05.14-ний өдөр гардан авсан. Тус барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, өртөг өндөртэй бүс нутагт байрладаг, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч Б.Солонгын эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.18-ны өдрийн 2063 дугаар захирамжаар *******ос 278,064,835 төгрөгийг гаргуулж Барс капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Б.Солонгын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 41 тоот хаягт байрлах 146,62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 33 тоот 15,6 м.кв талбайтай автозогсоолыг 2020.02.13-ны өдрийн 19290231/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020.04.14-ний өдрийн 19290231/02 дугаар тогтоолоор хурааж, үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2020.04.28-ны өдрийн 4/15719 дугаар албан бичгээр *******д биечлэн гардуулж өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Барс капитал ББСБ ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020.05.06-ны өдрийн 5/258 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Мөнх Оргил трейд ХХК нь 350,350,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2020.05.13-ны өдрийн 4/17952 тоот албан бичгээр төлбөр төлөгч *******д 2020.05.14-ний өдөр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 245,245,000 төгрөгөөр тооцон 2020.06.12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч ******* нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүхээс 2020.06.03-ны өдрийн 183/ШЗ2020/08174 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01678 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******т холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 41 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 33 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 350,350,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1799 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.18-ны өдрийн 183/ШШ2018/02063 дугаар шийдвэрээр *******ос 278,064,835 төгрөгийг гаргуулж Барс капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Хан-Уул дүүргийн 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч О.Уртнасан явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч О.Уртнасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Солонгын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018576 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 байр 41 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020.05.13-ны өдрийн 4/17952 тоот мэдэгдлийг маргааш өдөр нь буюу 2020.5.14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Гардан авснаас хойш тус үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020.06.18-ны өдрийн 183/ШШ2020/01678 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан боловч 2020.08.19-ний өдрийн 1799 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус барьцаа хөрөнгө болох Ү-2206018576 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 байр 41 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч ******* миний эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.13-ны өдрийн 4/17952 тоот мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018576 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...үнэлэгдэж байгаа орон сууцны эдийн засгийн үр ашиг, тав тухыг тооцоогүй, шинжээч үнэлгээг хэт багаар тогтоосон... гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...шинжээч үнэлгээ тогтоохдоо хуульд заасан журам зөрчөөгүй... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.18-ны өдрийн 183/ШШ2019/02063 дугаар шийдвэрээр *******ос 276,524,264 төгрөг гаргуулж Барс капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, тухайлбал төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 41 тоотод байрлах 4 өрөө орон сууц болон зоорийн давхрын 33 тоот автозогсоолыг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн баримтууд хэрэгт авагджээ.

 

1. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч үнийн санал өгөхийг талуудад мэдэгдсэн боловч төлбөр төлөгч санал ирүүлээгүй байна. Иймээс шийдвэр гүйцэтгэгч Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

2. Шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь орон сууц, автозогсоолын зах зээлийн үнийг 350,350,000 төгрөгөөр тогтоосон, энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******д 2020.05.14-ний өдрийн 4/17952 тоотоор мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, үнэлгээг ******* эс зөвшөөрч 2020.05.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

3. Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох стандартыг баримтлах ба Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаас үзвэл, шинжээч өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан үнэлгээ хийсэн, үүнд хөрөнгийн шинж байдал буюу байршил, гарц, орц, хийцлэл, насжилт, талбай, ижил төстэй хөрөнгийн нийтэд худалдаалагдаж буй зах зээлийн үнэ цэнийг харгалзсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа ...орон сууц, автозогсоолын эдийн засгийн ашиг, тав тухыг тооцолгүй, үнийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1799 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.14-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД