Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Сгийн Ад холбогдох эрүүгийн 2235000000208 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны ............ дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ................ сумын 5 дугаар багийн ................ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х ургийн овогт С овогтой А, регистрийн дугаар:................,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн ................ сумын 11 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Их наяд цогцолбор” үйлчилгээний төвөөс, хохирогч Д.Оийн гадуур хувцасны халаасанд байсан “Samsung-А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Д.От 700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: шүүгдэгч С.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А нь Увс аймгийн ................ сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их наяд цогцолбор” үйлчилгээний төвөөр үйлчүүлж байгаад 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө иргэн Д.Оийн гадуур хувцас буюу цамцны халаасанд байсан түүний Самсунг А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

2. Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “Би энэ танхимд байгаа бүх хүмүүсээс уучлалт гуймаар байна. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна, дахин хэрэгт холбогдохгүй, маш их ичиж байна. Манайх нялх хүүхэдтэй тул эхнэр маань одоогоор ажил хийхгүй байгаа, харин би хувиараа хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээдэг. Иймд миний хувийн байдлыг харгалзан надад хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2235000000208 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дэх тал);

2. Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Мобиком ХХК-ийн Увс салбараас " Samsung-А52" загварын гар утсыг 999000 /есөн зуун ерэн есөн мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Тухайн утсыг би өөрийн нөхөр М овогтой Тын нэр дээр худалдаж авсан. ...” Samsung-А52” загварын гар утас нь хамгаалалтын кейсгүй, ягаан өнгөтэй утас байсан. Утсан дээр миний өөрийн зураг, бичлэгүүд, хадгалсан дугаарууд байсан. 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн найз Ш, О, Б нарын хамт Увс аймгийн ................ сумын 11 дүгээр багийн нутагт байрлах "Их наяд" бааранд орсон. Бид нар тухайн газарт сууж байхдаа пиво авч уусан. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн " Samsung-А52" загварын гар утсыг өөрийн өмсөж байсан цамцны халаасанд хийсэн байсан. Тухайн үед их халуун, бүгчим байсан учраас би цамцаа тайлаад сандал дээр тавиад гадаа гарч агаар амьсгалахаар найзуудтайгаа хамт гадагшаа гарсан. Гадаа 5 минут орчим болоод буцаж ороод цамцныхаа халаасанд байсан утсыг авах гэтэл миний утас алга болсон байсан. ...Алга болгосон утсаа буцаагаад авчихвал надад гомдол санал байхгүй. ...Миний бие Д овогтой О хулгайд алдсан утсаа буцааж авсан тул С.Ад гомдолгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-19,84 дэх тал);

3. Гэрч Х.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой 22:00 цагийн орчимд өөрийн найз Д.О, Б, О нарын хамт Увс аймгийн ................ сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Их наяд” бааранд орсон. Бид нар “Их наяд” бааранд ороод 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хоёр, хоёр ширхгийг уусан. Тухайн баар нь их бүгчим, халуун байсан учраас бид нар гадуур хувцсуудаа тайлаад сандал дээр тавьсан байсан. Бид нар 23:00 цаг өнгөрч байх үед сэрүүцэж, агаар амьсгалахаар Их наяд баарны гадна гарсан. Д.О, Б, О бид нар бүгд гарсан бөгөөд гарахдаа гадуур хувцсаа сууж байсан сандал дээрээ үлдээгээд гарсан. Гадаа 5-10 минут орчим болоод буцаад “Их наяд” баар луу орсон бөгөөд Д.О нь цамцаа авч үзчихээд "Миний утас алга болсон байна" гэж хэлсэн. Би Д.Оийн утсыг өмнө нь харж байсан бөгөөд Д.Оийн утас нь Samsung-А52 загварын ягаан өнгөтэй утас байсан. Тэр утсыг Д.О нь Мобиком ХХК-ийн Увс салбараас 1 сая төгрөгөөр авсан гэж хэлж байсан. Бид нар Д.Оийн утас алдагдсаны дараа “Их наяд” баарны камерыг шүүлгэх гэтэл камер нь бүрсийгээд юу ч харагдахгүй байсан. Тухайн үед “Их наяд” бааранд их олон хүн байсан бөгөөд хэн нь тухайн утсыг хулгайлж авсныг би мэдээгүй" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 20-21 дэх тал);

4. Гэрч Т.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой 21:00 цагийн орчимд миний нөхөр С.А нь "Би найзуудтайгаа хамт гадуур явж байгаад ирье" гэж хэлээд гэрээс гараад явсан. Яг хэн, хэн гэдэг хүмүүстэй хамт явсан болохыг нь би мэдэхгүй байна. Би хүүхдүүдтэйгээ хамт гэртээ унтаж байтал 2022 оны 07 дугаар сарын 31 -нээс 2022 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02:00-03:00 цагийн орчимд С.А гэртээ буцаж ирээд унтсан. Тэр үед С.А нь бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, гэхдээ уусан архиндаа согтоогүй, ухаан санаа нь эрүүл байсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өглөө С.А ягаан өнгийн корпустай, Samsung-А52 маркийн гар утас гаргаж ирээд "Би энэ утсыг Их наяд баарны гаднаас олж авлаа” гэж хэлсэн. Би тэр утсыг авч асааж үзэхэд утасны дэлгэц нь зурдаг кодтой байсан бөгөөд А надад хэлэхдээ "Би наад утасны чинь дэлгэцний түгжээг гаргах гэж оролдож байгаад долоогийн тоо хийсэн чинь түгжээ нь гарчихсан" гэж хэлсэн. А тэр утасны түгжээг гаргахад утасны санах ой дотор маш олон зураг, хүүхдийн дуунууд байсан. Мөн хадгалсан дугаарууд бас байсан. А надад хэлэхдээ "Чи энэ утсыг ашиглаж бай. Дээр нь байгаа юмнуудыг битгий устгаарай" гэж хэлсэн. Эхлээд А дээрх утасны сим картыг гаргаж ирэхэд Мобиком болон Юнителийн 2 ширхэг сим карт байсныг гаргаж хаясан. Улмаар миний эзэмшлийн ..........., Аы өөрийнх нь эззмшлийн ............ дугааруудыг уг утсанд хийсэн. Тэрнээс хойш дээрх утсыг би барьж ашиглаж байсан. Улмаар 2022 оны 08 дугаар сарын дундуур А нь дээрх утсан дээр хадгалсан байсан зураг, бичлэг, хадгалсан дугаар зэргийг нь устгасан. Тэрнээс хойш уг утсыг би барьж ашиглаж байгаа. Одоо ч тэр утас надад байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 24-28 дахь тал);

5. Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... О, Ш, Б бид нар 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн үед "Их наяд" нэртэй бааранд орсон. Бид нар бааранд ороод сууж байхад Д.О нь өөрийн эзэмшлийн " Samsung-А52" загварын гар утсаа гаргаж ирж бид нарын зураг дарж байсан бөгөөд тухайн баар нь их халуун байсан тул бид гадуураа өмсөж явсан хувцаснуудаа тайлсан. Тухайн үед Д.О нь " Samsung-А52" загварын гар утсаа өмсөж явсан цайвар ногоон өнгийн, задгай энгэртэй, цахилгаантай цамцныхаа халаасандаа хийж цамцаа тайлж бид нарын сууж байсан ширээний сандал дээр тавьж байгаа нь харагдсан бид нар 23 цагийн үед сэрүүцэх гэж "Их наяд" нэртэй баарны гадна гарчихаад буцаж орж ирэхэд Д.Оийн тайлж тавьсан цамцны байрлал өөрчлөгдсөн халаасанд нь байсан утсыг хэн нэгэн хүн аваад явчихсан байсан. Бид нар "Их наяд" нэртэй баарны камер шүүж үзэхэд бичлэг нь их муу бүрсийгээд дүрс нь ялгарч харагдахгүй байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 31-32 дахь тал);

6. Гэрч А.Бийн мөрдөн байцаалтын өгсөн:".. Д.О, Х.Ш, Д.О бид нар 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн үед "Их наяд" нэртэй бааранд орсон. Бид нар бааранд ороод сууж байхад Д.О нь өөрийн эзэмшлийн " Samsung-А52" загварын гар утсаа гаргаж ирж бид нарын зураг дарж байсан бөгөөд тухайн баар нь их халуун байсан тул бид гадуураа өмсөж явсан хувцаснуудаа тайлсан. Тухайн үед Д.О нь " Samsung-А52" загварын гар утсаа өмсөж явсан цайвар ногоон өнгийн, задгай энгэртэй, цахилгаантай цамцныхаа халаасандаа хийж, цамцаа тайлж бид нарын сууж байсан ширээний сандал дэзр тавьж байгаа нь харагдсан, бид нар 23 цагийн үед сэрүүцэх гэж "Их наяд" нэртэй баарны гадна бүгд гарчихаад буцаж орж ирэхэд Д.Оийн тайлж тавьсан цамцны байрлал өөрчлөгдсөн халаасанд нь байсан утсыг хэн нэгэн хүн аваад явчихсан байсан. Бид нар "Их наяд" нэртэй баарна камер шүүж үзэхэд бичлэг нь их муу бүрсийгээд дүрс нь ялгарч харагдахгүй байсан.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

7. Шүүгдэгч С.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хүн байхгүй сандал дээр кадгай энгэртэй ноосон цамц байхаар нь би уг цамцны халаас хэсгийг дарж үзэхэд гар утас шиг зүйл байгаа нь мэдрэгдсэн. Би уг цамцны халаас руу гараа хийж халаасанд байсан зүйлийг гаргаж ирэхэд ягаан өнгийн тагтай, Samsung-А52 загварын гар утас байхаар нь би авсан.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 54-55 дахь тал);

8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 303 дугаартай "2022 оны 7 дугаар сарын байдлаар Увс аймгийн ................ суманд 7 сар ашигласан “Samsung-А52” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 700.000 (долоон зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.А хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч С.А нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн ................ сумын 11 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Их наяд цогцолбор” үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байхдаа хохирогч буюу уг төвөөр үйлчлүүлж байсан Д.Оийн нийтийн талбайн сандал дээр орхисон гадуур хувцасны халаасанд байсан “Samsung-А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Д.От 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дэх тал), хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-19 дэх тал), гэрч Х.Ш, Т.О, Д.О, А.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 20-21, 24-28, 31-32, 33-34 дэх тал), хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 303 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал), шүүгдэгч С.Аы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

3. Шүүгдэгч С.А нь шунахай сэдэлтээр, нийтийн үйлчилгээний газрын сандал дээр тавьсан байсан хохирогчийн цамцны халааснаас түүний гар утсыг хулгайлсан нь нотлогдсон байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирогч Д.О нь тухайн үед гар утсаа гээгдүүлээгүй ба “Их наяд” үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халууцсаны улмаас түр салхинд гарахаар гадуур өмсөж явсан цамцныхаа халаасанд утсаа үлдээгээд цамцаа өөрийн үйлчлүүлж байсан сандал дээр орхиж гараад буцаж орж ирэх үед түүний утсыг С.А хулгайлсан нь нотлогдож байх тул түүний үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна.

Түүнчлэн  шүүгдэгч С.А нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн ................ сумын 11 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Их наяд цогцолбор” үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байхдаа тухайн газраар үйлчлүүлж байсан иргэн буюу хохирогч Д.Оийн сандал дээр орхисон гадуур хувцасны халаасанд байсан “Samsung-А52” загварын гар утсыг хулгайлан авч, сим картыг нь гарган хаяж, эхнэр Т.Од өгч, ашиглуулан, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

4. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Аы хохирогч Д.Оийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

5. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч С.А нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч С.Аы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Оийн эд хөрөнгөд 700.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Samsung-А52” загварын гар утсыг шүүгдэгч С.Ааас биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэргийн 84 дэх талд авагдсан тодорхойлолтоор нотлогдож байна.

2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч С.Ааас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн ................ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”  дүгнэлтийг,

3.  Шүүгдэгч С.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Намайг ................ сумын төвөөс гарахгүй байхаар шийдвэрлэж болох уу? Би ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээдэг” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч С.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 59 дэх тал), 

-Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

-Шүүгдэгч С.А нь 1995 оны ..... дугаар сарын 09-нд төрсөн, 27 настай, ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт, Увс аймгийн ................ сумын 5 дугаар багт 6 ханатай Монгол гэрт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

5. Иймд шүүгдэгч С.Ад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн  хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул мөн зүйлийн 3.5 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй ч дөнгөж гэр бүл болсон залуу хүний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон байх тул эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс С.Ад “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

6. Улсын яллагч нь шүүгдэгч С.Ад 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь шүүгдэгч С.Аы “би ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээдэг” гэх хувийн байдалд тохирохгүй гэж үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглээгүйг дурдах нь зүйтэй.

7. Шүүгдэгч С.Ад шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хориглосон хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг  мэдэгдэх нь зүйтэй.

8. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Сгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан шүүгдэгч С.Ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.5 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Ад шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА