| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2022/0188/Э/ |
| Дугаар | 2022/ШЦТ/197 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И т овогт Бын Од холбогдох эрүүгийн 2235000000082 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны ........... дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн ............... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И т овогт Бын О, регистрийн дугаар: ....................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 05 дугаар сарын дундуур Увс аймгийн ............... сумын 3 дугаар багийн нутаг “Морьтын хөтөл” гэх газраас тус багийн иргэн Ж.Дын малын хашаа барихаар буулгасан модноос 1.82 м.куб 19 ширхэг модыг машин механизм буюу “Вонго-3” загварын ............... улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, хохирогчид 289.037 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Б.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.О нь машин механизм ашиглаж бусдын эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Б.О нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн. Хохирогч Ж.Дд 5 метрийн урттай 19 ширхэг модыг буцааж өгсөн. Хохирогч хохирол, гомдолгүй талаараа мэдүүлсэн байдаг. Иймд ял шийтгэлийн хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт:“ ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2235000000082 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал);
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-21 дахь тал);
3. Хохирогч Ж.Даар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-30 дахь тал);
4. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-34 дахь тал);
5. Хохирогч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 05 дугаар сард "Морьтын хөтөл" нэртэй газар 3 портер хуучин мод буулгасан юм. Тэгээд би удалгүй очиж үзэхэд 1 портер орчим мод нь алга болсон байсан... Уг 3 портер модыг ............... сумын 3 дугаар багийн нутагт байрлах Боршоо боомт дээр байсан хуучин амбаарыг цуцаж буулгаж авч ирсэн юм. Уг амбаарыг 15 жилийн өмнө миний талийгаач дүү барьж байсан ба амбаарыг цуцаж авахад 5 метр урттай, гэрийн яндангаас дээш эргэсэн орчим хэмжээтэй, бөөрөнхий гуалин мод байсан. Тухайн үед ачиж ирсэн модноос 20 орчим мод томоос нь ялгаад машинд ачаад явсан дугуйны мөр байсан. Одоо Б.Огийн өвөлжөөний хана болгон хийсэн модыг би эхнэр Г.Ггийн хамт очиж үзэхэд 19 ширхэг мод байсан. Уг 19 ширхэг мод нь миний хулгайд алдсан мод мөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-54 дахь тал);
6. Гэрч Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... нөхөр Ж.Д уг газар луу явж ирээд нэг портер машинаар 20 орчим мод хүн ирээд хулгайлаад аваад явсан байна гэж хэлж ирсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сард нөхөр бид хоёр хамт явж байгаад Огийн хашаан дээр очиход манай амбаар цуцаж хашаа барих гэсэн моднуудаар хашаа барьчихсан байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал);
7. Гэрч Ш.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би аймгийн төвд бага хүүхдээ төрүүлээд буцаж гэртээ ирэхэд нөхөр Б.О өвөлжөөн дээр олон тооны урт мод буулгачихсан байсан. Тухайн үед би хаанаас авсан эсэх талаар асуугаагүй ба 2021 оны 09 дүгээр сард нөхөр Б.О өвөлжөөнийхөө саравчны хойд болон баруун ханыг авч ирсэн модоороо сольж хийсэн. Тухайн үед уг моднууд нь 5 метр орчим урттай, 19 ширхэг мод байсан. Өөр ямар нэгэн мод манай хашаанд байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал);
8. Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уг моднууд нь бүдүүн, хөхөрч хатсан байсан тул нуруу мод тавих, хашаа саравчны хана хийхэд ашиглах боломжтой моднууд байсан...“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал);
9. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2021 оны 05 дугаар сарын дундуур Б.Огийнх манайхтай ойролцоо байхад бид хоёр хамт сумын төв яваад буцаж гэрт ирэх замд Б.О мод ачилцаад өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр "Харгана” гэх газраас Б.Огийн эзэмшлийн ............... улсын дугаартай Бонго-3 загварын ачааны автомашинаар Боршоо боомтоос хойш явж уулан дунд буулгасан хуучин моднуудаас 20 орчим тооны мод ачиж Б.Огийн өвөлжөөний хажуу жалганд буулгачхаад гэртээ харьсан. Тэр үед би Б.Огээс ямар учиртай хэний мод юм гэж асуухад миний мод, өвөлжөө барих гэж байгаа, хамт ачилцаад өг гэж гуйсан юм. ...уг моднууд нь 5 метр орчим хэмжээтэй, хуучин хөхөрсөн үзүүр хэсгийг нь хөрөөдөж углуурга гаргасан, гэрийн яндангаас том хэмжээтэй урт моднууд байсан. Уг моднуудыг машинд ачихад машины тэвшнээс илүү гарч байсан. Би уг моднуудыг Б.О хулгайлж авч байгаа эсэхийг мэдээгүй, тэр талаар асуухад өөрийн мод гэж хэлсэн. Б.О мод ачилцаад өг, хашаа барилцаад өг гээд гуйгаад байхаар нь тусалсан. Уг модноос би ямар нэгэн ашиг хүртээгүй, мод аваагүй...“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-69 дэх тал);
10. Шүүгдэгч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хөрш айлын Б гэх залуугийн хамт сумын төвөөс хөдөө гэр лүүгээ ............... улсын дугаартай бонго 3 загварын бага оврын ачааны машинтай явж байтал морьтын хөтөл гэх газарт олон тооны гуалин мод буулгасан байсан. Тухайн үед уг модыг очиж үзэхэд олон жил ашигласан бололтой хуучин моднууд байсан. Би Бийг гуйгаад тэр модноос 19 мод машиндаа ачаад өвөлжөө байдаг “Элстэй өтөг” гэх газарт аваачиж буулгасан. Түүнээс хойно намар орой 9-р сард тэр модноос өвөлжөөний саравч барихдаа ашигласан. Тухайн үед хэний мод гэдгийг нь мэдээгүй. Хээр газар байсан тул машиндаа ачаад явчихсан юм. Би Бт хулгайн мод гэж хэлээгүй. Зүгээр ачилцаад өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал);
11. Модонд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 202-211 дахь тал);
12. Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №22/23 дугаартай “...Увс аймгийн ............... суманд 2021 оны 05-р сарын байдлаар 15 жилийн өмнө амбаарт ашиглаж байсан моднуудын ширхэг бүрийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 289,037 /хоёр зуун наян есөн мянга гучин долоон/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх модыг дахин үнэлсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 217-223 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:
1. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид эцэг эхээс наймуулаа бөгөөд О нь бидний хамгийн бага дүү юм. О нь ............... суманд төрж өссөн, багаасаа эцэг, эхийн гар дээр өссөн.Улмаар ............... сумын дунд сургуульд суралцаж байгаад дундаас нь гарчихсан бөгөөд сүүлд зайны сургалтаар 9 дүгээр анги төгссөн. Сургууль завсардсанаас хойш мал маллаж амьдарч байгаад насанд хүрч цэргийн албанд яваад хугацаанаас өмнө сайн алба хаасан гэж халагдаж ирээд гэрээт цэргээр ажиллаж байгаад аавыг нас барахад дуудагдаж ирээд түүгээрээ буцаж яваагүй, хөдөө мал маллаж амьдрах болсон. Улмаар 2016 онд эхнэр Дтэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том нь 5 настай, бага нь 11 сартай хүүхдүүдтэй, тэдэнтэй хамт миний ээж 64 настай Ж хамт амьдардаг, ээжийг маань О асарч халамжилдаг юм. Хувьдаа 400 орчим бог мал, 20 орчим бод малтай, хувьдаа нэг машиныг ахынхаа тусламж дэмжлэгээр худалдаж авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм. Мал маллаж малын ашиг шимээр амьдралаа залгуулдаг хүн байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөнтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, бусдад тусархаг тусалж дэм болохыг хичээдэг, тамхи татдаг, архи уудаггүй, янз бүрийн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал);
2. Гэрч С.Ягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О нь эхнэр 2 хүүхэд болон ээжийн хамт ............... суманд мал маллаж амьдардаг, элдэв гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, үг яриа цөөтэй, хүн юм асууж байж хэдэн хариулт авдаг, ар гэрийн амьдрал, ахуй, гэр бүлийн гишүүдэд халамж анхаарал сайн тавьдаг, элдэв хүн дагаж гадуур тэнэж, архи дарс ууж, тоглож явдаггүй, хэдэн малаа хариулж, малын ашиг шимээр амьдралаа залгуулдаг, амьжиргааны түвшин дундаас доогуур өрх юм. Бусдын адил өөрийн амьдралыг залгуулах гэж хичээж яваа бусдаас ялгагдахгүй, энгийн нэг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал);
3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 122 дахь тал);
4. Увс аймаг дахь Цагдаагийн газрын “Б.Огийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэх” 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 124 дэх тал);
5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 602 дугаартай “Иргэн Б.Огийн өмчлөлд газар болон газраас бусад үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 126 дахь тал);
6. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хавтаст хэргийн 129-131 дэх тал);
7. Увс аймгийн ............... сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 120 дугаартай “тус багийн иргэн Б овогтой О нь ам бүл 4, ............... сумын 3 дугаар багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 133 дахь тал);
8. Б.Огийн эзэмшлийн 2021 оны мал тооллогын баримтын хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан эх сурвалжийг нь магадлах аргаар тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч Б.О нь “Увс аймгийн ............... сумын 3 дугаар багийн нутаг “Морьтын хөтөл” гэх газраас 2021 оны 05 дугаар сарын дундуур тус багийн иргэн Ж.Дын малын хашаа барихаар буулгасан модноос 1.82 м.куб 19 ширхэг модыг машин механизм буюу “Вонго-3” загварын ............... улсын дугаартай автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Ж.Дд 289.037 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-21 дахь тал), автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-34 дахь тал), модонд дахин 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 202-211 дахь тал), хохирогч Ж.Даар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-30 дахь тал), хохирогч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-54 дахь тал), гэрч Г.Г, Ш.Д, Б.Д, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 55-62, 66-69 дэх тал), Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №22/23 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 217-223 дахь тал), шүүгдэгч Б.Огийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
3. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
- “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
4. Шүүгдэгч Б.О нь 1.82 м.куб буюу 19 ширхэг модыг биеэр авч чадахгүй тул үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх зорилгоор 2012 онд Солонгос Улсад үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн, 8.671.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Вонго-3 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, 19 ширхэг модыг тээвэрлэж, “Элстэй өтөг” гэх өөрийн өвөлжөөнд хүргэж, өвөлжөөний саравч барихдаа тэр модноос ашигласан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн ............... сумын 3 дугаар багийн нутаг, “Морьтын хөтөл” гэх газарт байсан Ж.Дын малын хашаа барихаар буулгасан модноос 1.82 м.куб 19 ширхэг модыг нууцаар авч, өөрийн өвөлжөө болох “Элстэй өтөг” гэх газарт буулгаж, уг модыг захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлснээр түүний үйлдсэн гэмт хэрэг төгссөн байна.
6. Шүүгдэгч Б.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Б.Ог гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
7. Иймд шүүгдэгч Б.Огийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О нь гэм буруугийн асуудлаар маргахгүй гэснийг дэмжиж оролцсон болно.
9. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
2. Шүүгдэгч Б.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Дд 5 метрийн урттай, 19 ширхэг хар мод буюу 289.037 төгрөгийн хор уршиг учирсан нь тогтоогдсон байна.
3. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Д нь “Би өдрийг нь сайн санахгүй байна. 2022 оны 04 дүгээр сард Б.Огээс 19 ширхэг, 5 метр урттай модоо буцаан авч, малын саравчны дээвэрт хийж ашигласан. Б.О надаас авсан 19 ширхэг моднуудыг буцааж өгсөн Б.Огээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 53-54 дэх талд авагдсан баримтаар нотлогдож байна.
4. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Огээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм болох 2012 онд Солонгос Улсад үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн, 8.671.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Вонго-3 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Огийн эзэмшлээс хураан авч, улсын орлогод оруулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирол, хор уршгийг арилгасан. Шүүгдэгч Б.Огийн 2021 оны 05 дугаар сарын үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа тул Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 122 дахь тал),
-Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
- Тодруулбал: Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн халдлагын зүйл болох иргэн Ж.Дын малын хашаа барихаар буулгасан модноос 1.82 м.куб 19 ширхэг модыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 289.037 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 19 ширхэг модыг биет байдлаар буцааж өгсөн. Хохирогч Ж.Д нь шүүгдэгч Б.Огээс гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
-Шүүгдэгч Б.О нь 1995 оны 02 дугаар сарын 21-нд төрсөн, 27 настай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............... сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг, 400 орчим бог мал, 20 орчим бод малтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.
-Шүүгдэгч Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, нөхцөл байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 (нэг) жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
8. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан .......Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, .......... гэмт хэрэг үйлдэж, шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.О нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдсон, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 5 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах нөхцлийг хангаж байна.
Хэргийн зүйлчлэлийн хувьд Б.Огийн холбогдсон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
10.Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус үндэслэн Б.Ог өршөөлд хамруулан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Б.Огийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Увс аймгийн ............... сумаас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
9. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
3. Шүүгдэгч Б.О нь 2021 оны 05 дугаар сард хохирогч Ж.Дын эзэмшлийн 5 метрийн урттай, 19 ширхэг модыг хулгайлж авахдаа ............... улсын дугаартай, 2012 онд Солонгос Улсад үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн, 8.671.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Вонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, өөрийн өвөлжөө “Элстэй өтөг” гэх газарт аваачиж буулгасан нь нотлогдож, түүнийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн тул уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж, хурааж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дугаартай прокурорын тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, 5 метрийн урттай 19 ширхэг модыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
-Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ............... улсын дугаартай, Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийг Дэлгэрсайхан гэх хүнээс худалдаж аваад нэр дээрээ шилжүүлж амжаагүй, Дэлгэрсайханд машины төлбөрийг бүрэн төлсөн, одоо бидний хооронд тооцоо байхгүй гэж мэдүүлсэн тул уг тээврийн хэрэгслийг Б.Огийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж үзэж, шууд хураан авч улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И т овогт Бын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн ” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Од 1 (нэг) жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ............... сумаас явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм болох 2012 онд Солонгос Улсад үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн, 8.671.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Вонго-3 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Огийн эзэмшлээс хураан авч, улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дугаартай прокурорын тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, 5 метрийн урттай 19 ширхэг модыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА