| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2022/0193/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/199 |
| Огноо | 2022-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Н,
Шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Згийн Ад холбогдох эрүүгийн 2235000000225 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны .. дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын 10 дугаар багийн ...........оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, мөн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Л овогт Згийн А, регистрийн дугаар:................,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.А нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн ............ сумын 8 дугаар багийн иргэн Д.Гийнд туслах малчнаар ажиллаж байхдаа гэрт нь байсан “Samsung-А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Гт 560.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: шүүгдэгч З.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.А нь Увс аймгийн ............ сумын 8 дугаар багийн иргэн Д.Гийнд туслах малчнаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрт нь байсан түүний “Samsung-А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч З.А нь хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгосон зэрэг хувийн байдлыг харгалзан прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэв.
3. Шүүгдэгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2235000000225 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал);
2. Гэрч Д.Бгаас “Samsung-А52” загварын гар утасны баталгааны хуудсыг хүлээн авсан тэмдэглэл, баталгааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал);
3. Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх 2022 оны 6 дугаар сард зар харж байгаад ............ сумаас туслах малчин хийнэ гэсэн зарын дагуу А гэх хүүхдийг хөлсөлж, нэг сар малаа маллуулсан. Тэгээд хөлсийг нь өгч явуулаад дахин 2022 оны 8 сард манайд мал маллахаар ирсэн. Түүнийг мал маллаж байх үед 2022 оны 9 дүгээр сарын эхээр манай гэрээс миний “Samsung-А52” загварын хар өнгийн гар утас алга болсон. Тэгээд би тухайн үед хайгаад олоогүй. Манай эхнэр нэг өдөр миний гар утас руу залгаж үзээд нэг дуудаад тасалчихлаа хүүд байх шиг байна гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт гадны хүн гэвэл А байсан. Өөр гадны хүн байхгүй байсан. Манай эхнэр уг утсыг байж магадгүй гэж бодоод гэрт хайгаад олдоогүй. Тэгээд эхнэр Э бид хоёр Агаас "миний дүү ахынхаа “Samsung-А52” загварын хар өнгийн утас авсан бол өгчих" гэж хэлэхэд А би ямар нэгэн гар утас аваагүй гэж хэлэхэд айлын хүүхдэд янз бүрийн зүйл хэлээд хэрэггүй гэж бодоод орхисон бөгөөд манай гэрээс А явахаар болсон. Би нэг сар хонь хариулсан болохоор цалин хөлсийг нь өгөөд явуулсан. Тэгтэл манай дүү Д.Пагмаа "таны алга болсон утсыг А авсан байж магадгүй байна. А өөрийнхөө фэйсбүүкт “Samsung-А52” загварын гар утас зарна гэж зар тавьсан байна" гэж хэлсэн. Тэгээд энэ талаар манай эхнэр Э болон манай ээж О нар мэдээд ............ сум яваад миний алга болгосон гар утсыг олж ирсэн. Уг утсыг манай туслах малчин хийж байсан А авсан байсан гэж эхнэр Э хэлсэн. З.А надад учирсан хохирлыг төлж барагдуулсан, надад гомдол, санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-22 дахь тал);
4. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 09 сард байх, саяхан манай хүү Г би хавар худалдаж авсан гар утсаа алга болгочихлоо, манай гэрээс хэн нэгэн авсан байх гэж байсан. Тухайн үед манай хүү Гийн гэрт туслах малчин гээд ............ сумаас А гэх залуу ирж мал маллаж өгөөд буцсан. Тэгээд би ............ сум ороод байж байтал манай бага охин Пагма надад хэлэхдээ "Г ахын алга болсон “Samsung-А52” загварын алга болсон гар утсыг туслах малчин хийж байсан А гэх хүүхэд авсан байж магадгүй. Надад хэлэхгүй байна гэхдээ фэйсбүүк цахим хаягтай “Samsung-А52” загварын гар утас зарна гэж бичээд байна, тэр зарыг харахаар Г ахын гар утасны өнгө, марк таараад байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш буюу 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байх, яг өдрийн бас сайн санахгүй байна, Би өөрөө Атай ярьсан. Тэгэхэд А уулзья гэж хэлсэн. Би Атай уулзахад манай хүү Гийн алга болгосон “Samsung-А52” загварын гар утас гаргаж ирээд А энэ утсыг би авчихсан, намайг уучлаарай гэж хэлээд надад өгөөд явсан. Би уг гар утсыг хүүдээ хүргэж өгсөн. Өөр надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал);
5. Гэрч Ж.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Тэгээд манай хадам дүү Пагмаа Г ахын гар утсыг А авсан юм шиг байна гэхээр нь би хадам ээж Отэй ............ сум орсон. Тэгээд манай хадам ээж бид хоёр Агийн гэрийн ойролцоо очоод манай ээж хадам ээж Атай утсаар яриад уулзаад манай нөхрийн алга болсон “Samsung-А52” загварын гар утсыг аваад ирсэн. Тэгээд уг гар утсыг А авсныг мэдсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал);
6. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 10-ны үед байх манай ах Д.Г өөрийнхөө ашиглаж байсан “Samsung-А52” загварын гар утсыг гэрээсээ алга болгосон талаар би ээж Оээс сонссон, би ............ суманд сурч байгаа болохоор гэртээ очихгүй байгаа, манай ах Гийн гэрт туслах малчин хийж байгаа Агийн фэйсбүүк хаягаас “Samsung-А52” загварын гар утас зарна" гэсэн зар мэдээлэл оруулсан, тэгэхээр нь би манай ахын алга болсон утас байж магадгүй гэж бодоод найзынхаа хаягаас Агийн фэйсбүүк хаяг руу “Samsung-А52” загварын гар утас хэдээр зарах вэ гэж мессеж бичихэд А ямар нэгэн асуудалгүй “Samsung-А52” загварын гар утас байна зарна гэсэн утгатай мессеж бичсэн, мөн 5 хоногийн дараа аймгийн төв орохоор харж болно, би одоо хөдөө явна гэж хэлсэн....Би тухайн гар утсыг миний санахаар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны үед авсан гэж үзэж байна. Мөн хэзээ алга болсон өдрийг манай ах Г бас мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-33 дахь тал);
7. Шүүгдэгч З.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г ахын гар утсыг нууцаар аваад гэртээ ирээд өөрийнхөө З.А гэх фэйсбүүк хаяг дээрээ Г ахын гэрээс авсан “Samsung-А52” загварын гар утсыг зарах санаатай пост оруулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал);
8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 339 дугаартай "2022 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймагт “Samsung-А52” загварын 4 сар ашигласан гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 560.000 (таван зуун жаран мянга) төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Гэрч С.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...Хүү З.А нь зан байдлын хувьд төлөв даруухан, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг, тусархуу, үг дуу цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй, аймхай, уурлаж уцаарлаад байдаггүй, хүний үгнээс гардаггүй, илүү дутуу зангүй хар бор ажилд сайн, ажил голдоггүй, ахмад настныг хүндэлдэг хүүхэд юм. Архи, согтууруулах ундаан зүйл хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй. Одоогоор З.Ад эд хөрөнгө гээд байх зүйлгүй, манайх өрхийн амьжиргааны түвшин доогуур өрх юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал);
2. Гэрч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З.А нь 20 настай, зан байдлын хувьд төлөв даруухан, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг тусархуу, үг дуу, цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг зөөлөн харилцаатай, илүү дутуу зан байдаггүй, хар бор ажилд сайн, ажил голдоггүй,тусч, ахмад настныг хүндэлдэг хүүхэд юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал);
3. “З.А нь ам бүл 2, эхийн хамт ............ сумын 10 дугаар багт оршин суудаг нь үнэн болно” гэх Увс аймгийн ............ сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч З.А нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн ............ сумын 8 дугаар багийн иргэн Д.Гийнд туслах малчинаар ажиллаж байхдаа гэрт нь байсан “Samsung-А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Гт 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал), хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-22 дахь тал), гэрч Д.Бгаас “Samsung-А52” загварын гар утасны баталгааны хуудсыг хүлээн авсан тэмдэглэл, баталгааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал), гэрч Б.О, Ж.Э, Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 23-33 дахь тал), хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 339 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 45 дахь тал), шүүгдэгч З.Агийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
3. Шүүгдэгч З.А нь шунахай сэдэлтээр, туслах малчинаар ажиллаж байхдаа хохирогч Д.Гийн гар утсыг хулгайлсан нь нотлогдсон байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.А нь хохирогч Д.Гийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
5.Шүүгдэгч З.А нь хохирогч Д.Гийн гэрт туслах малчнаар ажиллаж, тэднийд туслах малчны хувиар чөлөөтэй орж гардаг байхдаа Д.Гийн гэрээс түүний эзэмшлийн гар утсыг хулгайлж авсан нь нотлогдож байх тул З.Агийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч” гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байна.
6. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
-Шүүгдэгч З.А нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Шүүгдэгч З.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гийн эд хөрөнгөд 560.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Samsung-А52” загварын гар утсыг шүүгдэгч З.Агаас биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэргийн 15-22 дахь талд авагдсан тодорхойлолтоор нотлогдож байна.
2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Агаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч З.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч З.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч З.Агийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч З.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул З.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Д.Н нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
7. Иймд шүүгдэгч З.Агийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ............ сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
8. Шүүгдэгч З.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Згийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ............ сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА