| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/00586/И |
| Дугаар | 101/ШШ2019/01072 |
| Огноо | 2019-04-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2019/01072
2019 оны 04 сарын 12 өдөр Дугаар 101/ШШ2019/01072 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К *******” ХХК /РД:*******, тоот хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, А.Б /РД:*******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б.Б /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8.198.976,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн,
Хариуцагч Б.Б, А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Цогт овогт А*******ийн Б нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “К *******” ХХК-тай байгуулсан ЗГ1111/13/07/070 дугаартай зээлийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийг, 30 хоногийн 4.1 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлсэн.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ******* ******* улсын бүртгэлийн дугаартай Хьюндай Аванте Икс Ди маркийн суудлын автомашиныг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗБГ1111/13/07/070 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалуулсан.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд “К *******” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Б, Б.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хаяг дээр бүртгэлгүй хэмээх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Улмаар “К *******” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаар оролцуулбал зохих этгээдүүд болох А.Б, Б.Б нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн бөгөөд эрэн сурвалжлуулах ажиллагаа явагдсаны үр дүнд хариуцагч нарыг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 45 дугаар байрны 208 тоот хаягт оршин сууж буйг тогтоолгосон.
Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, нэхэмжлэгчид хохирол учруулсаар байна.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүүг 2018 оны 11 сар хүртэл тооцсон. Талууд хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан.
А.Б, Б.Б нар үндсэн зээлд 4.435.703.32 төгрөг, хүүд 4.134.915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 430.281.16 төгрөг, нийт 9.000.900 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй.
Хариуцагч нар өөрсдөө зээлийн үлдэгдэлтэй байгааг мэдсэн мөртлөө ББСБ зээл төлөхийг шаардаагүй гэдэг тайлбар нь тэднийг зээлийн гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Зээлийн гэрээний 3.2.5-д заасны дагуу автомашиныг буцааж өгөх талаар яригдаж байгаагүй.
Тус ББСБ нь хуульд заасан үйл ажиллагаа явуулдаг, автомашин борлуулаагүй, гэрээний зүйл болох 7.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, өөрсдөө буцаагаад ББСБ-д автомашины төлбөр болгон хүлээлгэж өгсөн, автомашин худалдан авах эх үүсвэрийг зээл маягаар гаргаж өгсөн.
Барьцааны гэрээний дагуу ******* ******* улсын бүртгэлийн дугаартай Хьюндай Аванте Икс Ди маркийн суудлын автомашиныг барьцаалсан боловч зээлийн төлбөр төлөгдөж дууссан нөхцөлд А.Бын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 2.564.296,68 төгрөг, хүүнд 4.692.659,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 942.020,03 төгрөг, нийт 8.198.976,23 төгрөгийн өр төлбөртэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн зээлийн үндсэн төлбөрт 2.564.296,68 төгрөг, хүүнд 4.692.659,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 942.020,03 төгрөг, нийт 8.198.976,23 төгрөгийг зээлдэгч А.Б, Б.Б нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б, А.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “К *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2.564.296,68 төгрөг гэдгийг зөвшөөрөх боломжтой боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилийн хугацаанд яагаад зээл төлөхийг шаардаагүй мөртлөө хүүнд 4.692.659,52 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
“К *******” ХХК-иас зээлийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийг зээлж аваагүй, ******* ******* улсын дугаартай Хьюндэй Аванте Икс Ди маркийн суудлын автомашиныг худалдаж авч, зээлийн гэрээгээр баталгаажсан.
Автомашин үүнээс хойш миний эзэмшилд байгаа, өмчлөгч нь ББСБ бөгөөд зээл дуусахаар миний нэр дээр шилжүүлнэ гэж тохирсон.
Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн баримтаас үзэхэд ******* ******* улсын дугаартай Хьюндэй Аванте Икс Ди маркийн суудлын автомашин нь 2011 онд нэхэмжлэгчийн өмчлөлд ирсэн байна. Нэхэмжлэгчийн лизингийн журамд нь 12 жил болчихсон автомашин худалдахгүй гэсэн заалттай байхаас гадна 2015 онд зээлийг чанаргүй гэсэн ангилалд оруулчихсан юм байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд лизингийн үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн мөртлөө өнөөдөр хэрэгт ирүүлсэн баримтаас нь үзэхэд лизинг өгдөг юм байна.
Зээлийн гэрээний дагуу 9.000.900 төгрөг төлсөн учир зээл төлөгдөж дууссан гэж бодсон. Эргэн төлөлттэй холбоотой асуудлаар эдийн засагч н.А******* гэдэг хүнтэй олон удаа холбогдож байсан, зээл авах үед бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, өөр газар оршин сууж байсныг ахлах эдийн засагч нь мэдэж байсан.
2018 оны 6 сард энэ хүн бидэнтэй утсаар ярьж холбогдсон, үүнээс өмнө зээл төлөхийг шаардаж байгаагүй, өмнө нь 1-2 хоног зээлээ төлөхгүй хоцроход утсаар төлөхийг шаарддаг байсан, гэтэл 4 жилийн хугацаанд зээл төлөхийг хэн ч шаардаж, сануулж байгаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2.564.296 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К *******” ХХК нь хариуцагч Б.Б, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.564.296 төгрөг, хүү 4.692.659.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 942.020.03 төгрөг, нийт 8.198.976,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
“К *******” ХХК, А.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 7.000.000 төгрөгийг, сарын 4.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин худалдаж авах зориулалттай, №ЗГ1111/13/07/070 тоот зээлийн гэрээ,
Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож № БГ1111/13/07/070 тоот зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулжээ.
/хх-ийн 6-9 дүгээр тал/
Зээлийн барьцааны гэрээгээр ******* ******* улсын дугаартай Хьюндэй Аванте Икс Ди маркийн суудлын автомашиныг барьцаалсан байх ба Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №29 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар барьцааны гэрээний зүйл дээрх автомашин нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “К *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, уг бүртгэлд өөрчлөлт ороогүй.
/хх-ийн 55-62 дугаар тал/
Нэхэмжлэгч “К *******” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “зээлийн гэрээний дагуу олгов” утгаар 6.965.000 төгрөгийг А.Бод шилжүүлсэн,
хариуцагч А.Б нь мөн өдөр “Автомашин худалдан авах төлбөр төлөв” утгаар нэхэмжлэгч “К *******” ХХК-д буцаан шилжүүлсэн нь кассын зарлагын болон орлогын баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 65-66 дугаар тал/
Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2013.08.19-ний өдрөөс 2015.03.18-ны өдрийн хугацаанд үндсэн зээл 4.435.703.32 төгрөг, үндсэн хүү 4.134.915.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 430.271.16 төгрөг, нийт 9.000.900 төгрөг төлсөн, үүнтэй зохигч маргаагүй болно.
/хх-ийн 10 дугаар тал/
Хариуцагч нар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээний зүйл 7.000.000 төгрөгөөр нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай Хьюндэй Аванте Икс Ди маркийн суудлын автомашин худалдан авсан, уг автомашины үнэ төлөгдсөнөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохиролцсон тул үндсэн зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 2.564.296 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “К *******” ХХК нь хариуцагч А.Б, Б.Б нартай байгуулсан зээлийн гэрээний зүйл 7.000.000 төгрөгөөс шимтгэл хасч тооцон, 6.965.000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн, хариуцагч А.Б нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай Хьюндэй Аванте Икс Ди маркийн суудлын автомашины үнэ 7.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, үүргийн гүйцэтгэлд уг автомашиныг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан, автомашиныг А.Б эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр №БГ1111/13/07/10 тоот зээлийн барьцааны гэрээгээр 4473 ******* улсын дугаартай Аванте Икс Ди маркийн автомашины үнэлгээг 7.000.000 төгрөгөөр тохиролцож тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан агуулгыг тусгасан байх боловч уг барьцааны гэрээгээр барьцаалсан гэх автомашин нь барьцаалагч буюу “К *******” ХХК-ийн өөрийнх нь өмчлөлд бүртгэлтэй, улмаар өөрийн өмчлөлд бүртгэлтэй автомашинуудыг өөртөө барьцаалсан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
/хх-ийн 18 дугаар тал/
Өөрөөр хэлбэл дээр дурдсан гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээний шинжийг агуулж байна гэж үзэхээр хэдий ч “К *******” ХХК нь өөрийн өмчлөлийн автомашиныг барьцаалсан байгааг дурьдах нь зүйтэй.
Дээрх үйл баримтаас үзэхэд “К *******” ХХК, А.Б, Б.Б нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 235 дугаар зүйлийн 235.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Зохигчийн тайлбар болон нэхэмжлэгчийн “Автомашины лизингийн зээлийн журам”-ын 6.7-д :”Зээл хүсэгч нь автомашины өмчлөх эрхийг ББСБ-ын нэр дээр шилжүүлэх...”, 8.5-д:”зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлсөн бол түүний нэр дээр автомашины өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэснээс үзэхэд талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжихээр тохиролцсон, тодруулбал Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т:”Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Талууд гэрээгээр автомашины үнийг 7.000.000 төгрөг, хүү болон хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ болон хүүг сард 472.000 төгрөг, төлбөр төлөх хугацааг 2013.07.23-ны өдрөөс 2015.07.17-ны өдөр байхаар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу тохиролцсон гэж үзэхээр байна.
Хариуцагч А.Б, Б.Б нар үндсэн зээлд 4.435.703.32 төгрөг, үндсэн хүүд 4.134.915.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 430.271.16 төгрөг, нийт 9.000.900 төгрөг төлсөн байгаагаас үзэхэд тэд гэрээгээр тохиролцсон хүү төлсөн, харин автомашины үлдэгдэл үнийг төлөөгүй байна.
Иймд хариуцагч А.Б, Б.Б нараас 2.564.296,68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.634.680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 16, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Б, Б.Б нараас 2.564.296.68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К *******“ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.634.680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч А.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 55.978 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К *******” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.133.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ