Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2019/00096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Халхгол сумын 6-р багт оршин суух, ЖЙ82083161 регистрийн дугаартай, Гэрд овогт Шагдарсүрэнгийн Огийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг дахь Г газарт холбогдох

тус газрын даргын 2018 оны 7 сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн мөнгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Л.Отгонжаргал, гэрч Г.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                         

     Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Гаалийн газрын Баян хошуу боомтонд 2017 оны 10 дугаар сард үйлчлэгчээр ажилд орсон. Үйлчлэгчийн орон тоон дээр орсон боловч тогоочийн ажил хийдэг байсан. 2018 оны 5 сард Гаалийн газрын дарга намайг аймгийн төвд ирж ажилла гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр орон маань суманд байдаг учир төвд ажиллах боломжгүй, тогоочийн ажлыг маань орлож хийх хүн байхгүй гэдгийг хэлсэн. Гэтэл 2018 оны 6 сараас эхлэн ямар ч үндэслэлгүйгээр цалинг минь 20 хувиар бууруулж олгож эхэлсэн. Нягтлан бодогчоосоо асуухад даргатай ярь гэсэн. Даргатай ярихад төвд ирж ажиллаагүй учир бүтэн жил цалинг 20 хувиар суутгана гэж загнасан. Ингээд би 2018 оны 9 сард аймгийн төвд ирж даргатай уулзахад ээлжийн амралтаа авахыг хүсч байгаа бол өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг гэж загнасан. Учрыг нь сайн ойлгохгүй байсан тул ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Тухайн үед надад олгодог байсан урамшууллыг хасаж байсан болохоо хэлсэн. Би эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад 440000 төгрөгийн цалин авдаг байсан. Надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсныг сүүлд мэдсэн. Би ээлжийн амралт 9 сард авах  үедээ сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хуулбарлаж авсан. Миний хувьд ажлын ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байж сахилгын арга хэмжээ авахуулсандаа гомдолтой байна. Намайг ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн баримтан дээр гарын үсэг зуруулаагүй. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүй суутгасан цалингийн зөрүү 311622 төгрөгийг олгож өгнө үү гэв.

    Хариуцагчийн төлөөлөгч Л.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Ш.Отай 2017 оны 10 сарын 02-ны өдрийн б/45 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулж Баянхошуу дахь гаалийн салбарын үйлчлэгчээр ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээгээр Ш.Ог ТҮ-1-5-аар буюу 415496 төгрөгөөр цалинжуулахаар тогтоосон. Ш.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.8-д зааснаар ур чадварын нэмэгдлийг ажлын хариуцлага, цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлтийг харгалзан сар бүр 25 хүртэл хувиар бодож олгодог байсан. Од сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарах хүртэл ур чадварын нэмэгдлийг 25 хувиар бодож бүрэн олгосон байна. Гаалийн газрын 105 жилийн ой болохтой холбогдуулан төрийн тусгай болон төрийн үйлчилгээний нийт албан хаагчдийн хүрээнд бүх ажилчдыг татан оролцуулж бүтээн байгуулалтын ажил их хийсэн. Энэ үед бүх ажилчид аймгийн төв дээр ирж хэсэг хугацаанд ажиллах саналыг байгууллагын зүгээс тавьсан. Гэхдээ ажилчдыг хүчилсэн зүйл огт байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.7-д ажлын зайлшгүй шаардлагаар удирдлагын үүрэг болгосноор үндсэн ажлаас гадна туслах ажлыг хийх, ажлын бус цагаар ажиллуулж болно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 4.1-т удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт биелүүлнэ, 5.2-т үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, сахилга батыг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 6.3-т шаардлагатай гэж үзвэл өөр ажилтны гүйцэтгэх үүргийг захиргааны шийдвэрээр түр орлон гүйцэтгэж болно гэж заасан байгаа. Ш.Отай 2017 оны 10 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа “Баянхошуу” боомтын гаалийн салбарын үйлчлэгчээр ажиллуулахаар түр томилсугай гэж тушаал гарсан байдаг. Гэтэл Ш.О нь тогоочийн ажлаа хийнэ, үйлчлэгчийн ажил хийхгүй гэсэн тул Баянхошуу боомтын цэвэрлэгээний ажил хаягдаж байсан. Энэ талаар салбарын эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мөнхтүшиг гэдэг хүний тодорхойлолт хавтаст хэрэгт байгаа. Ингээд Ш.Ог хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/93 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.4-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 9.5-д ажилтныг шагнаж урамшуулахдаа шууд харъяалж байгаа салбар хорооны саналыг харгалзах бөгөөд хамт олонд тухай бүр мэдээлж байна гэж заасан байдаг. Салбарын эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалтны тодорхойлолтын дагуу Ш.Ог ажилдаа хайхрамжгүй хандсан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тул 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. ...2016 оны 05 сарын 30-ны өдрийн дотоод журмын 1 дүгээр хавсралтад үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгохыг журамласан байдаг. Энэ журмын 2.1-т үйлчилгээний ажилчдын ажлын үр дүн, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын цаг ашиглалтыг харгалзан ур чадварын нэмэгдлийг олгоно гэж заасан байдаг. Мөн тус журмын 2.1.3-т удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг үүрэг даалгаврын биелэлтүүдийн дундаж оноогоор тооцно, 4.2. ажилчид ёс зүйн болон аливаа зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Ш.Огийн цалинг 20 хувиар бууруулсан гэж ярьж байгаа ч үнэндээ бол ур чадварын нэмэгдлийг хассан юм. Түүнээс биш Ш.Огийн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудал байхгүй. Сахилгын шийтгэл хүлээсэн тохиолдолд дотоод журмын дагуу нэмэгдэл болон үр дүнгийн урамшуулал олгодоггүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

     Гэрч Г.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ш.О нь  тус байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан бөгөөд үндсэн цалин нь 415496 төгрөг. Үндсэн цалин дээр нь ур чадварын 25 хувийн нэмэгдэл нэмэгдэж ордог. Ажлын хариуцлага, цаг баримтлал, ажлын санаачлага зэргийг харгалзан ур чадварын нэмэгдлийн үнэлгээ өгдөг. Уг үнэлгээ орж ирсэн тохиолдолд тус үнэлгээг үндэслэн ур чадварын нэмэгдлийг олгодог. Надад ирсэн 6 сарын үнэлгээний хуудас дээр Ш.Ог 0 хувиар үнэлсэн байсан тул ур чадварын нэмэгдлийг хассан. Иймээс сахилгын шийтгэл хүлээсэн Ш.Од ур чадварын нэмэгдэл 2018 оны 6 сараас эхлэн олгоогүй нь үнэн. О надаас миний цалин яагаад дутуу орсон бэ гэхэд нь би ур чадварын нэмэгдэл 25 хувийг дарга хассан болохыг хэлсэн. Огийн 6-8 сарын ур чадварын нэмэгдэл 311622 төгрөг олгогдоогүй, гэхдээ цалин хасах үед даргын тушаал гарсан байсан гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.О нь Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын 2018 оны 7 сарын 06-ны өдрийн Б/23 тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн 300000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Шүүх хуралдааны явцад  цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн үнийн дүнгээ 311622 төгрөг болгон өөрчилсөн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие  үйлчлэгчийн орон тоон дээр тогоочоор ажиллахдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн, аймгийн төвд ажиллах саналыг хүлээж аваагүйг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, сануулах сахилгын шийтгэл ногдуулсаныг сүүлд мэдсэн, албан ёсоор танилцуулаагүй, гардуулаагүй ...” гэж тайлбарладаг.

   Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...Ш.Отай 2017 оны 10 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Баянхошуу дахь гаалийн салбарт үйлчлэгчээр томилсон боловч тогоочийн ажил хийнэ гээд үйлчлэгчийн ажлаа хийхгүй хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн Гаалийн газрын 105 жилийн ой болохтой холбогдуулан зохион байгуулагдсан бүтээн байгуулалтын ажилд оролцоогүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учир сахилгын шийтгэл ногдуулсан, ...сахилгын шийтгэлтэй учир 2018 оны 6-8 сарын ур чадварын нэмэгдлийг олгоогүй нь үндэслэлтэй ...” гэж мэтгэлцдэг.

  Нэхэмжлэгч Ш.О нь Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс эхлэн Дорнод аймаг дахь Гаалийн газрын Баянхошуу дахь гаалийн салбарын үйлчлэгчээр томилогджээ.

            Нэхэмжлэгч нь үйлчлэгчийн орон тоон дээр тогоочоор ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, Гаалийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/93 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 2008 оны 633 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн Ерөнхий газрын Улаанбаатар хот, орон нутаг дахь Г газар, хороо, салбарын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.4, 4.3.11 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Од удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сануулах шийтгэл ногдуулсан байна. /хх-6/

            Нэхэмжлэгч нь тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн баримтан дээр гарын үсэг зураагүй гэж тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ш.Огийн гарын үсэггүй хөдөлмөрийн гэрээ гэх баримтыг /шүүхэд ирүүлээгүй/ үндэслэн хөдөлмөрийн гэрээний зохих заалтуудыг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргадаг.

            Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй болно. Хариуцагч байгууллага хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд талууд гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээг үндэслэж байгаа нь хууль зөрчсөн байна.

            Дорнод аймаг дахь Г газар нь Ш.Отай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ажилтнаас ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.   

            Мөн хэрэгт авагдсан бичмэл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

            Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчин Ш.Од сахилгын шийтгэл ногдуулсан Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Ш.О нь цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан 311622 төгрөгийг  нэхэмжилсэн.

            Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-т зааснаар нэхэмжлэгч нь цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн мөнгийг эгүүлэн олгуулах тухай гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлсэн нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж үзэж байна.

            Хариуцагчийн төлөөлөгч Л.Отгонжаргалын тайлбар, гэрч Г.Ганчимэгийн /тус байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг/ мэдүүлэг, хариуцагч байгууллагаас ирүүлсэн цалингийн карт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ш.Од сахилгын шийтгэл ногдуулах хүртэл буюу 2018 оны 6 сар хүртэл хугацаанд ур чадварын нэмэгдэл цалингийн 25 хувиар тооцон сар бүр олгож байсан бөгөөд 2018 оны 6 сараас 8 сарыг дуустал хугацаанд олгоогүй болох нь тогтоогдож байна.

            Хариуцагчийн төлөөлөгч нь ур чадварын нэмэгдэл олгоогүй үндэслэлээ “...тус байгууллагын үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журмын дагуу үйлчилгээний ажилчдын хариуцсан ажлын үр дүн, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын цаг ашиглалтыг харгалзан ур чадварын нэмэгдэл олгодог, сахилгын шийтгэл ногдуулсан учир хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшуулал олгоогүй” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Ш.Огийн хариуцсан ажлын үр дүн, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын цаг ашиглалтыг тооцсон, дүгнэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагч байгууллага нь Ш.Огийн ажлын үр дүнг үнэлсэн баримтгүйгээр, мөн тус газрын даргын 2018 оны 7 сарын 06-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байхад  эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2018 оны 6 сараас эхлэн цалин хөлснөөс ур чадварын нэмэгдлийг хассан нь хууль зөрчжээ.

Иймд нэхэмжлэгчийн цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн 311622 төгрөгийг Дорнод аймаг дахь Гаалийн газраас гаргуулж Ш.Од олгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн           115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын 2018 оны 7 сарын 06-ны өдрийн Б/23 тушаалыг хүчингүй болгож, цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн 311622 /гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг  Дорнод аймаг дахь Гаалийн газраас гаргуулж нэхэмжлэгч Ш.Од олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  Ш.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 9999 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.   

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ