| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0055/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/159 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр
Гэрч Ш.Н, Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох 1916001930029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч, түүхийн багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ****** ажиллаж байсан, Өмнөговь аймагт хувийн компанид ажиллаж байгаа, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ончууд овогт Б.Б.
Хэргийн товч утга: Б.Б-г Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаалд заасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.19, 2.14-д заасан зардлаас олгогдсон санхүүжилтээс царцаатай тэмцэх арга хэмжээнд хамрагдах Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахдаа “*******” ХХК-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5324001342 тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн захирал Ш.Наас бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Эийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5333028386 тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “*******” ХХК-захирал Ш.Нын эхнэр Я.Эгаас бэлнээр авч нийт улсад 40,500,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамааруулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ерөнхийдөө зориулалтын дагуу бус орж ирсэн мөнгийг өөрөө мэдээд 60 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн мэт яллах дүгнэлт дээр бичигдсэн байна. Энэ ямар учиртай юм гэхээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гараад яамны нарийн бичигтэй, Хүнс хөдөө аж ахуйн газар нь яам захиалагч, Хүнс хөдөө аж ахуйн газар гүйцэтгэгч гэж гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь цаашаа энэ ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Ийм учраас хамгийн их түлштэй тасралтгүй ажиллаж байсан колонкыг сонгосон. Би өөрөө Тонхил сумын хүн. Тонхил сум дээр 3 колонк байгаа. Нөгөө 2 колонк нь миний ойрын садан төрөл болдог. Тиймээс ашиг сонирхлын зөрчилд автагдахгүйн тулд сонгохоос өөр сонголт байгаагүй. Тонхил сумд өөрөө мөнгөө тогтоогоод, өөрөө хэмжээг тогтоогоод мөнгө шилжүүлээд мөнгө авсан мэтээр тайлбар хэлж байна. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Яамнаас Говь-Алтай аймагт 29.8 мянган га газарт тэмц гээд үүний дагуу мэргэжлийн судалгааны баг ирж ажиллаад Засаг даргатай уулзаад Засаг дарга захирамж гаргасан. Тонхил сумд 16.8 мянган га газар, Жаргалан сумд 13 мянган га газар тэмц гээд ногдож байгаа. Ингээд ноогдох га-д тааруулаад холбогдох төсвийг Пүрэвдорж гэдэг хүн бодож гаргасан. Яллах дүгнэлт дээр мэдүүлэг нь дурдагдсан би бодож гаргасан үүний дагуу нягтлан шилжүүлсэн гэдэг. Тэгэхээс би өөрөө “*******” ХХК-руу шилжүүл гэдэг зүйл байхгүй. Ш.Н, Я.Э 2 нь нийтдээ 7-8 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх бүрдээ мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Ингэхдээ /1хх154-рт/ хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна гэж Ш.Н мэдүүлсэн. /2хх-172-рт/ 22 сая төгрөгийг ажлын өрөөнд өгсөн гэж мэдүүлсэн. /2хх72-рт/ Ш.Н 5333028683 гэсэн данс руу би өөрөө мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлсэн. /1хх55-рт/ Ш.Н “би 34-35 сая төгрөгийг аймагт 2 удаа очиж ажил дээр нь өгсөн” гэж мэдүүлсэн гэсэн. Мөн Ш.Н “22 сая төгрөгийг гэрт нь очиж өгсөн” гэж мэдүүлсэн. /2хх172-рт/ “16 сая төгрөг манай эхнэр шилжүүлсэн” гэж Ш.Н мэдүүлсэн. Ш.Нын мэдүүлэг бүгд өөрчлөгдсөн. Я.Э 2хх174-рт манай нөхөр бэлнээр өгснийг би мэдэж байгаа гэсэн. /1хх157-рт/ “30 гаруй сая төгрөгийг буцааж өгсөн талаар манай нөхөр ярьсан. Хөдөө аж ахуйн газраас хэдэн төгрөг орж ирээд юунд зарцуулагдсан талаар би сайн мэдэхгүй, би нөхрийнхөө ажилд оролцдоггүй гэж хэлсэн. Дээрээс нь яллах дүгнэлтээр Б.Бд би 22 сая төгрөг гэрийнх нь гадаа авч очиж өгсөн гэж хэлсэн. Түлш шатахууны хувьд бензин түлшнээс гаднаас товууд масло эдгээрийг түлшний үнэд оруулж өгч байсан гэж мэдүүлсэн. Туслах материалыг нийлүүлж чадах уу гэхэд чадна гэж үүрэг хүлээсэн гэсэн. /1хх154-рт/ өнжиж хоноод машины банк пошик сав авдаг байсан. Яг хэдэн литрийг авсан талаар санахгүй байна гэж мэдүүлсэн байж 13 сая төгрөгийн шатахуун авсан гэж мэдүүлдэг. /3хх150-рт/ шатахуун ирж авч байгаа машин нь туслах материал мөн авдаг байсан гэж мэдүүлсэн. Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээнд өөрөө гарын үсэг зурсан гэсэн. .../3хх12-рт/ Ш.Н нь захиалагч талын хүссэн хэмжээгээр шатахуун нийлүүлсэн гэж мэдүүлсэн. Гэрээ байгуулсан гэрээний хавсралт хэсэг нь ажлын удирдамж тооцоо байна гэж заасан байгаа. Авч үзэх ёстой нэг гол асуудал нь “*******” ХХК жилийн эцсийн санхүүгийн балансын тайлан гарсан байгаа. Үүнтэй холбоотой санхүү төрийн сангийн хэлтсээс мэдүүлэг авсан байдаг. “*******” ХХК 2017 онд 64.809.000 төгрөгийн орлого олсон. 2016 онд 15 сая төгрөгийн орлого, 2018 онд 21 сая төгрөгийн орлого олсон. Тухайн гэрээ байгуулсан жил 64 сая төгрөгийн орлоготой байсан гэдэг нь санхүүгийн тайлангаар баталгаажиж байгаа. Үүнийг Санхүү төрийн сангийн хэлтсийн А борлуулалтын орлого нь үнэн зөв тайлагнасан гэж /2хх122-рт/ мэдүүлсэн байгаа. Тухайн 2017 онд их хэмжээний орлого олсон нь манайх “******* ХХК” шатахуун авсан нь харагдаж байгаа. Э.А гэдэг хүнийг байцаасан. Э.А хоригдоод тэр хугацаандаа айсан юм уу Б.Б авсан гэж мэдүүлсэн байсан. Гарч ирээд өмгөөлөгчдөө хэлэхдээ манай гэр бүлийг дарамтлаад хүүхэд рүү залгаад өөрийн бичсэн тайлбар дээр хүчээр гарын үсэг зуруулсан гэж хэлээд өмгөөлөгч нь энэ тухай прокурорт гомдол гаргасан нь хавтаст хэрэгт байгаа. Яллах дүгнэлтэд Д.Эийн хаан банкны данснаас захад байрлах 2 АТМ-ээс 6 удаагийн гүйлгээгээр намайг авсан гэдэг. Намайг авсан гэдгийг юугаар баталж байгаа юм, зураг бичлэг байгаа юм уу гэхэд Д.Эийн мэдүүлгээр батлагдаж байгаа гэдэг. Д.Э нь миний картыг нөхөр эзэмшиж байсан би мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Яагаад намайг авсан гэж үзэж байгаа юм. Д.Э миний картыг тухайн үед нөхөр Э.А эзэмшиж байсан гэж мэдүүлсэн. Нөхөр Э.А нь шатахуун түгээх станц дээр 07 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ний хооронд өдөр бүр шатахуун авч байсан. Энэ хүмүүсийн хооронд ямар өр авлага байгаа талаар би мэдэхгүй. Миний гэр бүлийн дансаар орж ирсэн мөнгө биш. Мөн энэ ажлыг гүйцэтгэхэд мөнгийг дутуу гүйцэтгэсэн үү, зарим мөнгийг авсан уу гэдэг зүйл яригдаж байгаа учраас аймгийн мэргэжлийн хяналтын байгаль орчин ургамал хорио цээрийн улсын байцаагч Т нь ажил 87 хувьтай хийгдсэн. Энэ ажил хугацаандаа бүрэн гүйцэт хийгдсэн гэдгийг нотолсон дүгнэлт хавтаст хэрэгт байгаа. Сумын байгаль орчны байцаагч Бөхбаяр хөндлөнгийн шалгалт хийж байсан. Энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт байдаг. /1хх151-152-рт/ Хөдөө аж ахуйн газрын нягтлан зарлагын баримтыг үндэслээд гүйлгээ хийсэн. Бусад зүйлд зарцуулагдах боломжгүй гэсэн. Мөн нягтлан /1хх-152рт/ “*******” ХХК анхан шатны материалыг бүрдүүлж өгсөн гэсэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны энэ ажлыг өмнө нь хийж байсан Бямбадорж гэдэг хүн Ургамал хамгааллын тухай хуульд зааснаар зохион байгуулсан. Өмнө ч гэсэн ийм байдлаар хийж байсан гэж тайлбар хэлсэн байгаа. Яллах дүгнэлт дээр гарч байгаа зүйлийг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм гэмт хэрэг үйлдээгүй. Би аймагт байсан сумд нэг ч удаа очоогүй. Холбогдох мэргэжилтэн хүмүүс очиж зохион байгуулж байсан. Тэгэхэд өдөр бүр очоод зохион байгуулаад мөнгө өг гээд байсан зүйл байхгүй. Тэрийг баталж байгаа зүйл нь юу байгаа юм. Энэ хүмүүс хоорондоо ямар нэгэн тооцоо өр авлага байсан талаар мэдэхгүй. Ямар нэгэн асуудал байсан учир 3, 4 жилийн хугацаанд худал мэдүүлэг өгч байгаа байх гэж бодож байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна гээд улсын гээд улсын яллагчийн асуултад хариулахдаа Хүнс хөдөө аж ахуйн газраас “******* ХХК”-ийн данс руу нийт 53.787.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн гүйлгээг мэдэж байгаа. Би 1 дүгээр гарын үсэг зурдаг. Ш.Н, Я.Э нараас бэлнээр болон дансаар мөнгө авсан зүйл байхгүй. Яллах дүгнэлт үйлдээд байгаа 40.500.000 төгрөгийг завшсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Э.А сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Тухайн үед эхнэрийн карт надад байсан. Чи эхнэрийнхээ картыг өгч бай дансаар мөнгө авах гэсэн юм гэж хэлээд 2, 3 хоногийн дараа авч ирж өгсөн гэдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...2017 онд Хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан. 1 дүгээр гарын үсгийг урьдчилсан байдлаар зурж байгаагүй. Царцаа устгалтын ажил Тонхил сумд зохион байгуулагдахад тухайн ажлын гэрээг байгуулаад эхлүүлдэг өдөр очсон. Хөдөө аж ахуйн яамнаас царцаа устгалын ажилтай холбоотой 119 сая төгрөг шилжиж орж ирсэн. Үүнийг 29000 га газар хуваагаад Тонхил сумд 63 орчим сая төгрөг өгсөн байдаг. ...Хурлын үйл явц хэлэлцүүлэгтэй холбоотой хэдэн тоо бодсон юм. Прокуророос асуухад хавтас хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөд Ш.Э.Агийн өмгөөлөгч нь худал мэдүүлэг өгчихлөө, ар гэр рүү залгасан, үргэлжлүүлээд хорино гэж байна гээд өмгөөлөгчдөө хэлсэн байх юм. Манай өмгөөлөгч ч гэсэн хүсэлт гаргасан. Тэгэхэд хангахаас татгалзсан. Ямар учиртай юм бол. Б.Б энд ажлаа хийж байсан. Өдөр бүр “*******” ХХК-иас хэдэн литрийг авч байгааг мэдэхгүй. Ш.Э.А мэдэж байгаа. Ажлаа хийж байсныг нотлох баримтууд байгаа. Ажлаа хийж байсан эсэхийг мөрдөн байцаагч шалгах боломжтой байсан. Ш.Н өнжиж хоноод машины банк 2-3 пошигоор авдаг байсан гээд тооцоод үзэхээр сард 18, 19 сая төгрөг болж байна. Усны машин гээд УАЗ-69 машин тусдаа ирж авсан гэж байна. Ингээд бодохоор 20 сая төгрөг гараад явах юм байна. Ц.М хохирогч 1 га зардлыг 4000 орчим төгрөгөөр тооцсон гэж байна. 16.800 га газрыг 4000 төгрөгөөр бодохоор 60 сая төгрөг гарч байна гэх мэт тооцоонууд нарийн бодвол гарах юм байна. Миний хэлэх гэж байсан байр суурийг өмгөөлөгч нар хэлсэн. Иймээс өөрийгөө цагаатгуулах хүсэлтэй байна гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ц.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь бэлчээрийн ургамал хамгааллын ажлыг Ургамал хамгааллын тухай хуулийн дагуу зохион байгуулдаг. Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээ гэж өндөр уулын бүс нутагт тархаж хөнөөл учруулдаг царцаа болон бусад шавжийн хөнөөлөөс бэлчээрийн ургамлыг хамгаалах, тал хээрийн нөхцөлд тархан хөнөөл учруулдаг үлийн цагаан оготноос хамгаалах ажлыг ойлгож байгаа. Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээ нь эхлээд Ургамал хамгааллын тухай хуулийн дагуу ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн хаана ямар аймгийн ямар нэртэй газар хэр хэмжээний царцаа тарсан тухай жил болгон судалгаа хийдэг. Судалгаа хийсний дараа 1 м.кв байх царцааны тоо толгой хэвийн хэмжээнээс ихэссэн буюу бэлчээрийн ургамалд хор хөнөөл учруулахаар байна гэдэг дүгнэлтийг хийдэг. Ингэсний дагуу тухайн эрдэм шинжилгээний дүнд үндэслээд хэрэв сайдын багцад хөрөнгө хуваарилагдсан бол дүгнэлт гарсан аймгуудад зохион байгуулахад аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахад сайдын тушаал, төрийн нарийн бичгийн тушаал зэрэг бүх юм гардаг. Энэ дагуу Говь-Алтай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулсан. Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж гүйцэтгэгч болж орж байгаа. Тухайн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтээр царцааны давтамж ихтэй бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж байгаа газар, сумд царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулдаг. Энэ ажлыг зохион байгуулахад шаардагдах бодис болон бусад үйл ажиллагааны зардлыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хуваарилж өгсөн. Энэ дагуу Хүнс хөдөө аж ахуй газар нь сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж ажиллах ёстой. Ингээд ажлууд хийгдээд дууссаны дараа сумын Засаг даргын Тамгын газартай хийсэн гэрээнд сумын байгаль орчны байцаагч хөндлөнгийн хяналт тавиад гүйцэтгэлийн үр дүнгийн тодорхойлолт гаргаж өгдөг. Улмаар аймгийн ургамал хамгааллын байцаагч хяналт тавиад энэ ажил аймгийн хэмжээнд хэр хийгдсэн талаар тайлан гаргадаг. Эдгээр тайлан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ирсний дараагаар тухайн Хөдөө аж ахуйн газартай байгуулсан гэрээг дүгнээд үлдэгдэл санхүүжилтийг олгодог. Энэ зарчмаар ажил хийгээд бичиг баримтууд бүрэн байсан учир үлдэгдэл санхүүжилтийг олгосон. Дараа нь цагдаагийн газраас шалгаж үзээд тодорхой хэмжээний хохирол учирсан байгааг тогтоогоод явж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам хохирлыг тогтооход ямар нэгэн байдлаар оролцоогүй. Иймээс хууль хяналтын байгууллагын тогтоосон хохирлыг нэхэмжилж оролцож байгаа. ...Царцаа устгалтай холбоотой 1 га-д зарцуулагдах мөнгөн хэмжээгээр тодорхойлогдсон ямар нэгэн норм нормативыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас батлахгүй. Царцаатай химийн аргаар тэмцэх ажилд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн километр тутамд зарцуулагдах шатахууны зардал, тухайн шингэн ургамал хамгааллын бодисыг ямар хэлбэрээр ашиглаж байгаа юм гэдгээс хамаараад цацагч төхөөрөмжийг суурилуулаад явж байгаа шатахууны зардлын нормоор тооцно. Царцаа устгахад трактор дээр шүршигч суулгаж байгаад трактор явах боломжтой газруудад цацаж байгаа. Трактор явах боломжгүй газар үүрдэг шүршигчийг аваад цаг хугацаа хэмнэх зорилгоор мотоцикл бусад тээврийн хэрэгслээр цацаж байгаа. Тонхил сумд ямар техник ашигласан талаар санахгүй байна. Энэ ажил нь 21 аймагт явагдахгүй байгаа. Царцаа тархдаг тархалтын бүсүүд байгаа. Ихэнхдээ өндөр уулын бүс нутагт илүү тархаад байгаа. Тэмцэх ажлын 1 га-н зардлыг тухайн үеийн шатахууны үнэ зарцуулалтыг үндэслээд 4,000 төгрөгөөр тооцож хуваарь хийж байсан гэв.
Гэрч Ш.Н улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад хариулж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “*******” ХХК-ийн захирлаар ажилладаг. “*******” ХХК нь царцаа устгалын ажилд аймгийн хөдөө аж ахуйн газартай 2017 онд гэрээ байгуулж ажилласан. Царцаа устгалын ажлыг 8 сараас эхэлж гүйцэтгэхээр гэрээ хийгээд тодорхой хэдэн литр гэж заагдаагүй байсан. Нийтдээ 53,787,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн байдаг. Үүнээс 13,287,000 төгрөгт шатахуун авсан бусад мөнгийг хөдөө аж ахуйн даргад бэлнээр буюу дансаар олгосон явдал байгаа. Гэрийнх нь гадаа авч очиж өгсөн. Оюутнууд явж байсан. Манай эхнэр нялх хүүхэдтэй байсан. Би тендерт суулгах гээд ирсэн. 08 дугаар сарын 20-д гарсан байсан. Гэрийнх нь ард талд орой 5, 6 цагийн үед авч очиж өгсөн байдаг. Тэнд явсан зорчигч нар мөн байсан. Хүний мөнгө авч явсан учир би өөрөө өгсөн байгаа. Эхнэр бид хоёр хоёулаа явж байсан. Машинд зорчигч нар сууж байсан. Машины цонхоор дамжуулаад өгсөн. Гялгар ууттай байсан байх, гаднаас харахад боодолтой байсан. ...Намайг Солонгост байхад манай эхнэр 2 дугаар гарын үсгээр гүйлгээ хийдэг. Хаан банкаар 16 сая төгрөгийг хэн гэдэг хүнд өгсөн талаар мэдэхгүй. Б.Б дарга өөрөө шилжүүл гэж хэлсэн. Д.Э билүү Алтанчимэг гэдэг хүн рүү хийсэн. ... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Солонгост байсан. 12 дугаар сард орж ирсэн мөнгө байгаа. Тооцоо хийж дууссаны дараа 2,500,000 төгрөгийг өөрийнхөө биеэр ирж бэлэн аваад үлдэгдэл 59,000 төгрөгтөө бензин шатахуун аваад явсан байдаг. Хүнс хөдөө аж ахуйн газраас орж ирсэн 53,787,000 төгрөгөөс Б.Б мөнгө нэхэхээр авсан түлшнээс илүү гарсан албаны мөнгийг буцааж өгөхөөс өөр арга байхгүй. Хүний юм авсан учир эргүүлж өгье гэсэн бодолтой байсан. Нийт орж ирсэн мөнгө нь 53 сая төгрөг. Манайхаас 13,287,000 төгрөгийн шатахуун худалдаж авсан. Одоо бид нарын хооронд тооцоо байхгүй. ...Би 2 жилийн хугацаанд 10 удаа дуудагдаж байна. Ирэх бүрдээ зардал мөнгө гарч өөрийн унаагаар ирж байна. Өнөөдөр хүний машинд ирсэн. 40 литр шатахуун хийгээд явж байна. Тодорхой хэмжээний зардал гараад байх юм. Өөрөөсөө шатахуунаа хийдэг учир болох юм уу мэдэхгүй байна. Өмнө дуудсан өнөөдрийн энэ хурлын мөнгө байна. Жолоочдоо түлш хийгээд явж байгаа. Би ойлгохдоо өөрөө баримт үйлдээд ирэхээр болохгүй юм байна гэж бодсон. Баримт бүрдээгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Я.Э улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад хариулж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Орж ирсэн мөнгөнөөс 22 сая төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн. Аймаг дээр эдний хашааны ард талын жижиг хаалган дээр авч ирж өгч байсан. Хотод манай ээжийн бие муу гээд би хот явах гэж байсан. ...Б.Б энэ данс руу хий гэхээр нь 2017 оны 10 дугаар сард 20 сая төгрөгийг Д.Э гэдэг хүний данс руу хийсэн. ...12 дугаар сарын 27-нд 4 сая төгрөг ороод шатахуун тосны тооцоог хийгээд илүү орсон 2,500,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн 50,000 төгрөгт шатахуун авсан байдаг. Би энэ хүнийг цаанаа хүмүүст цалин мөнгө өгдөг байх гэж бодсон. Шилжүүлчих манайх танайд өр зээлгүй гарна гэж хэлсэн гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мгийн мэдүүлэг 3хх6-8-рт, гэрч Ш.Нын мэдүүлэг 1хх-145-рт, 1хх-154-155-рт, гэрч Я.Эгийн мэдүүлэг 1хх-142-рт, 157-рт дахин гэрчээр өгсөн мэдүүлэг, 2хх-174-рт гэрчээр дахин өгсөн мэдүүлэг, 3хх-164-166-рт мөн гэрч Я.Эгаас дахин авсан мэдүүлэг, гэрч Д.Эийн мэдүүлэг 2хх-119-120-рт, 2хх-152-рт дахин мэдүүлэг, Д.Эээс дахин авсан мэдүүлэг 2хх-180-рт, гэрч Галсангийн мэдүүлэг 1хх-139-рт, Хүнс хөдөө аж ахуйн газрын нягтлан ажилтай хүн байгаа. Дахин гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг хх-151-152-рт, 3хх-118-120-рт, 3хх-122-125-рт дахин мэдүүлэг нь авагдсан байгаа. Гэрч Пүрэвдоржийн мэдүүлэг 3хх-10-рт, дахин өгсөн мэдүүлэг 3хх-129-133-рт, гэрч Ш.Э.Агийн мэдүүлэг 2хх-155-рт, гэрч Ш.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 3хх-156-160-рт, Ш.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа явагдсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн газрын Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/31 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт 1хх-51-52-рт авагдсан байна. Говь-Алтай аймагт 29000 га газрын санхүүжилт нь 119,460,000 төгрөг гэсэн тушаал, тушаалын хавсралт авагдсан байна. Царцаатай тэмцэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын гэрээ 1хх-54-55-рт, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/238 дугаартай ажлын хэсэг томилох тухай захирамж 1хх-58-рт, Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2017 оны санхүүгийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга 4хх-68-70-рт, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа 1хх-43-48-рт, 4хх-228-231-рт дансны хуулга авагдсан байна. Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б, “*******” ХХК-ийн захирал Ш.Н нарын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Тонхил сумд хийгдэх царцаа устгалын ажилд бензин, шатахуун нийлүүлэх гэрээ 1хх-38-40-рт, 4хх-72-74-рт гэрээний хавсралт хэрэгт авагдаагүй байна. Царцаа устгалын шатахуун олголтын бүртгэлийн хуудас 1хх-95-96-рт, бензин нийлүүлсэн баримтууд болох хэдэн сарын хэдний өдөр хэдэн литр түлш авсан нь авагдсан байна. “*******” ХХК-ийн захирал Ш.Н, Болд, Э.А гэсэн хүмүүсийн гарын үсэгтэй баримт байна. Төлбөрийн хүсэлт 1хх-30, 32, 34-рт эхний төлбөрийн хүсэлт нь 29,728,000 төгрөг, дараагийнх нь 20,000,000 төгрөгийн төлбөрийн хүсэлт байна. Энэ дээр дарга Б.Б, нягтлан Галсан нар гарын үсэг зурсан. Хх-34-рт 4,059,000 төгрөгийн төлбөрийн хүсэлт авагдсан байна. Нэхэмжлэлийг нь ард нь хавсаргасан байна. Хоосон падаан дээр бичсэн гээд байгаа падаанууд нь авагдсан байна. “*******” ХХК-ийн эзэмшдэг Хаан банкны дансны 5324001342 тоот дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-104-рт, 4хх-58-59-рт, 1хх-104-рт “*******” ХХК-д орлогоор 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 29,728,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, зарлага нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг 5333028386 гээд Д.Э гэдэг хүний данс руу хийсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4,059,000 төгрөг орж ирсэн дансны хуулгууд авагдсан байна. 4хх-58-59-рт төлбөрийн хүсэлтүүд байна. Гэрч Д.Эийн Хаан банкны 5333028386 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 593 дугаартай албан бичиг 4хх-121-рт, хх-187-рт Д.Эийн дансны хуулга, 4хх-56-57-рт Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын сүүлийн хагас жилийн санхүүгийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, зарлагын баримт, дансны хуулга авагдсан байна. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1хх197-211-рт царцаа устгалын ажил хийсэн газрын зургийг авч гэрэл зургаар авч хавсаргасан. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1478 дугаартай албан бичиг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн дарга Б.Б нь нийтийн албан тушаалтан болохыг тодорхойлсон тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолтууд 5хх-70, 72-78-рт авагдсан. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 4хх-15-24-рт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт 4хх-33-34-рт 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй үнэлгээний дүгнэлт гаргасан. Дүгнэлт болон дүгнэлтийн хавсралтууд авагдсан байна. Нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримтууд болох гэрч Ш.Э.Агийн мэдүүлэг 2хх-55-рт өмнө нь шинжлэн судлуулсан учраас дурдаад явъя. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 036 дугаартай Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албан хяналт шалгалтын танилцуулга 2хх-159-163-рт, Ш.Э.Агийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг 2хх-222-223-рт, эндээс Ш.Э.Агийн эхнэрийн дансаар Б.Б 16,000,000 төгрөгийг аваад виза картыг нь авч өөрөө гаргаж авсан болох нь тогтоогдож байна. Гэрч Ш.Нын гадаад паспортын хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэл 4хх-40-44-рт, гэрлэлтийн лавлагаа нь хх-226-229-рт, нэгжлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл 2хх-131-141-рт, мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 40 дугаартай хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, өмгөөлөгч байлцуулаад эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн баримтууд авагдсан, нэгжлэг хийсэн тэмдэглэл 2хх-139-141-рт зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаярын хүсэлтээр: Улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай зарим баримтууд давхцаж байгаа. Улсын яллагч өөрт ашигтай хэсгийг уншиж танилцуулсан тул нэг бүрчлэн танилцуулъя. 1хх-6-рт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой илтгэх хуудас байгаа. Урьдчилсан байдлаар Б.Б гэдэг хүнийг мөнгө завшсан гэдэг байдлаар тогтоосон. Ийм илтгэх хуудас байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн этгээдийг хөдөлбөргүйгээр урьдчилан гэм буруутай эсэхийг тогтоохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж цуглуулсан мэдүүлэг байгаа. Хх-6-рт Тонхил сумд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станц буюу “*******” ХХК-ийн аудитын тайлан. Энэ дээр зөрчилгүй санал дүгнэлт авсан. 2017 оны санхүүгийн баримтад 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 88 дугаартай дүгнэлт гаргаж ямар нэгэн зөрчил дутагдалгүй гэсэн байна. Үндэслэл дээрээ тодорхой асуудлуудыг буюу орлого, зарлагыг тодорхой тусгасан. Төлбөрийн хүсэлтийг улсын яллагч шинжлэн судалсан. Хоосон гэж яригдаад байгаа зарлагын баримт дээр компанийн тамга тэмдэг дарагдсан, бөглөгдсөн баримт аудитын тайланд хавсаргагдсан. Мөн дараагийн баримт 20,000,000 төгрөгийн баримт дээр тамга тэмдэг дарагдсан. 4,059,000 төгрөгийг Хөдөө аж ахуйн газраас хүсэлт гаргасны дагуу шийдэгдсэн. Энэ гурван баримт аудитын тайланд тусгагдсан байна. Энэ дээр 130,000 төгрөгийн шатахууны зөрүүтэй байдал гарсан гэсэн гэж дурдагдсан байна. Хх-141-рт “*******” ХХК-тай холбоотой гэрчээр мэдүүлэг өгсөн Я.Эгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буюу илтгэх хуудас гаргаснаас 7 хоногийн дараа анх Я.Э гэдэг хүнээс мэдүүлэг авсан гээд мэдүүлгийг уншиж шинжлэн судлав. Эндээс нөхөр нь Б.Б гэдэг хүнд мөнгө өгч байсан талаар хэлж байсан гэдэг байдлаар мэдүүлэг өгч байсан байна. Мөн 6 дугаар сарын 6-ны өдөр “*******” ХХК-ийн захирал Ш.Н гэдэг хүнээс мэдүүлэг авсан хх-144-рт, хх-153-рт гэрч Ш.Н 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хоёр дахь мэдүүлгээ өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Я.Эгаас хоёр дахь удаагаа авсан хх-156-157-рт, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ш.Нын 3 дахь удаагаа өгсөн мэдүүлэг 2хх-172-рт, гэрч Я.Эгийн дахин өгсөн мэдүүлэг 2хх-173-174-рт, Гэрч Ш.Э.Агийн сэжигтнээр цагдан хорих байранд өгсөн мэдүүлэг 2хх-222-рт, гэрч Ч-н мэдүүлэг, Ч-ын мэдүүлэг дээр шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаар тодруулсан мэдүүлэг байгаа. 5хх-63-рт Баянхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, 2хх-79-рт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэсэн байна. 6хх-т Б.Бийн утасны жагсаалт авагдсан, хуудас нь дугаарлагдаагүй байсан. 12 дугаар сарын 06-ны өдөр гэрч Ш.Н гэдэг хүн рүү утсаар холбогдож яриа байна гэдэг байдлаар Ш.Н нь мэдүүлсэн байдаг. Б.Бийн 99555012 утасны дугаарын 12 дугаар сарын 06-ны өдрийн биллийг шүүж үзэхэд Ш.Н гэдэг хүнтэй утсаар ярьсан холбогдсон зүйл байдаггүй. Мөн хоёр дугаар хавтаст хэрэг дээр билл авагдсан байдаг. Гарын хэвийн шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан. Шинээр гаргаж өгсөн нотлох Ш.Э.Агийн тайлбар байгаа гээд тайлбарыг уншиж шинжлэн 12 судлав. 2015 оны царцаатай тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулсан ажлыг гэрээг мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн царцаа устгалын ажилд дээд яамнаас батлагдан ирсэн гэрээний дагуу гэрээг байгуулдаг. 2017 оны гэрээ ч гэсэн тухайн гэрээний адил гэрээ байгуулагдсан. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж гүйцэтгэгчээр Хөдөө аж ахуйн газар уг гэрээг байгуулалцсан. Шат шатны ажил зохион байгуулах гэрээг сумын Засаг дарга нар ажлын комисс байгуулан явдаг бөгөөд тухайн ажлын тайланд нийт зарцуулсан түлш, бензин, зарлагын баримт, холбогдох баримтыг архивд шилжүүлдэг байгаа. 2017 онд мөн энэ жишгийн дагуу холбогдох баримт гэрээ хэлэлцэл, шатахуун, цалин, ажлын хөлс олгосон баримтыг хавсаргасан. Баримтад аудитын хяналт шалгалт хийгддэг байсан гэдгийг тус тус шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 09-өөс 08 дугаар сарын 09-ний хооронд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт царцаатай химийн аргаар тэмцэх ажлын хүрээнд тус сумын “*******” ХХК-ийн захирал Ш.Нтай гэрээ байгуулан ажилласан байна. Улмаар уг ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус “*******” ХХК-ийн дансанд шилжиж орж ирсэн 29,728,000 төгрөгөөс 2017 оны 08 дугаар сарын сүүлээр 22,000,000 төгрөгийг иргэн Я.Э, Ш.Н нараас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 1-32 тоот хашааны гадна бэлнээр авсан, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус компанийн данс руу Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Я.Эгаар Д.Эийн данс руу 16,000,000 төгрөгийг шилжүүлж уг данснаас нийт 6 удаагийн гүйлгээгээр 16,000,000 төгрөгийг авсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус компанийн дансанд Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг Я.Эгаас Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн иргэн Я.Эгийн гэрийн гадна очиж авсан байна.
Өөрөөр хэлбэл Хүнс хөдөө аж ахуйн газраас “*******” ХХК компанийн дансанд бензин, шатахууны үнэ нэрээр нийт 53,787,000 төгрөг шилжүүлснээс уг компани 13,287,000 төгрөгийн шатахууныг уг ажлын хүрээнд нийлүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь бодитойгоор зарцуулагдаагүй 40,500,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өөртөө шилжүүлэн авч Хүнс хөдөө аж ахуйн яаманд 40,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй “...Яллах дүгнэлт дээр гарч байгаа зүйлийг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм гэмт хэрэг үйлдээгүй. Ш.Н, Я.Э нараас бэлнээр болон дансаар мөнгө авсан зүйл байхгүй. Яллах дүгнэлт үйлдээд байгаа 40,500,000 төгрөгийг завшсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй...” хэмээн мэтгэлцэж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт байрлах Ш.Нын “*******” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Тонхил сумд хийгдэх царцаа устгалын ажилд бензин, шатахуун нийлүүлэх гэрээ” байгуулан тус компанийн дансанд Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас нийт 53,787,000 төгрөг шилжүүлснээс “*******” ХХК нь 13,287,000 төгрөгөөр бензин шатахуун авч, илүү гарсан 40,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б нь бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэдэг нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
Гэрч Ш.Нын “...Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулсан. Манай компани шатах, тослох материал худалдан борлуулдаг компани байгаа юм. Манай компани Хаан банканд 5324001342 дугаарын данс эзэмшдэг ...Б.Б дарга Тонхил суманд надтай уулзаад “Царцаа устгалын ажилд бензин түлш нийлүүлэх боломж байна уу” гэж асуухаар нь би “боломжтой” гэж хэлж байсан. Тухайн үед А-80 маркийн бензин 1 литр нь 1650 төгрөг, дизель түлш 1 литр нь 1850 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан ба тухайн үнээр нь надаас худалдаж авах гэрээ хийж би нийлүүлэлтийг хийж байсан. Хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай “Хөх-Ам булаг” ХХК-ийн 5324001342 дугаарын данс руу Хүнс хөдөө аж ахуйн газраас 29,728,000 төгрөг шилжиж орж ирсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг түлшний мөнгө гэж шилжиж орж ирсэн. ...Манай компани царцаа устгалтын ажилд нийт 13,287,000 төгрөгийн бензин түлш, тосол, масло нийлүүлсэн ба зөрүү 40,500,000 төгрөг гарсан. Тухайн үед цаг хугацааг нь сайн санахгүй байна эхний мөнгө шилжсэний дараа Б.Б надтай утсаар ярьж “22,000,000 төгрөгийг танаас бэлнээр авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн төв орж Баян-Эрдэнийн ажлын өрөөнд нь 22,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Дараа нь дахиад 20,000,000 төгрөг шилжиж орж ирсний дараа “16,000,000 төгрөгийг 5333028386 данс руу шилжүүл” гэж Б.Б хэлэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу 4,059,000 төгрөг шилжиж орж ирсэн байх ба би тухайн үед Монгол Улсад байгаагүй БНСУ-д байсан юм. Манай эхнэрээс үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Б.Б өөрөө ирээд аваад явсан байсан. Ингээд нийт 40,500,000 төгрөгийг Б.Бд өгсөн байдаг юм ...Түлш нийлүүлсэн тооцоогоо хийж зөрүү мөнгөө авъя гэж хэлээд надаас зөрүү 40,500,000 төгрөгийг авсан. Тухайн дансны эзэмшигч нь Д.Э гэж хүн байсан ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр шилжүүлсэн байдаг. ...Уг хэрэг цагдаагийн газар анх шалгагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зөрүү мөнгөний талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй. Надад илүү мөнгө өгсөн зүйл байхгүй. Б.Б надаас тамгатай падаан өгөөрэй гэж хэлсэн. Түүнд хоосон тамга дарагдсан 3 ширхэг падаан өгсөн. 2 ширхэг бичгийн цаасан дээр компанийнхаа тамгыг дараад өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Эгийн “...Манай нөхөр Ш.Н Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулан захирлаар нь ажилладаг юм. Тус компани нь шатах, тослох материал худалдан борлуулдаг компани байгаа юм... Б.Б дарга манай нөхөртэй Тонхил суманд уулзаад царцаа устгалтын ажилд бензин түлш нийлүүлэхээр эхлээд мөнгийг нь өгөлгүйгээр бензин авсан гэж манай нөхөр надад хэлж байсан. Нийт хэчнээн хэмжээний хэдэн төгрөгийг шатахуун авсан талаар нарийн ширийн зүйлийг би мэдэхгүй байна. Хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай “Хөх-Ам булаг” ХХК-ийн 5324001342 дугаарын данс руу Хүнс хөдөө аж ахуйн газраас 29,728,000 төгрөг шилжиж орж ирсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг түлшний мөнгө гэж шилжиж орж ирсэн гэдгийг би мэдэж байсан. Манай нөхөр Ш.Н Б.Бд 22,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан ба манай нөхөр Ш.Н 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНСУ явсан. Манай нөхөр надтай утсаар яриад “Б.Б дарга шатахуун нийлүүлсний зөрүү мөнгөө авна гэж байна 16,000,000 төгрөгийг 5333028386 данс руу шилжүүл” гэж хэлэхээр нь би уг мөнгийг компанийнхаа данснаас шилжүүлсэн байдаг юм. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу 4,059,000 төгрөг шилжиж орж ирсэн байх ба түлш нийлүүлсэн тооцоогоо хийж Б.Б надтай утсаар яриад үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Б.Б өөрөө манай гэрийн гадна ирж надаас аваад явж байсан. Ингээд нийт 40,500,000 төгрөгийг Б.Бд өгсөн байдаг юм. Б.Бд бэлнээр 24,500,000 төгрөг өгснийг би болон манай нөхөр мэдэж байгаа. Б.Б өөрөө мэдэж байгаа. Б.Б надаас мөнгө авах үедээ ганцаараа явж байсан... Б.Б нь түлш нийлүүлсний зөрүү мөнгө гэж 40,500,000 төгрөгийг авсан. Тухайн дансны эзэмшигч нь Д.Э гэж хүн байсан ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр компанийн 5324001342 данснаас шилжүүлсэн. Энэ үед манай нөхөр 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНСУ руу яваад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монголд ирсэн ба тухайн үед манай нөхөр байгаагүй. Б.Б нь манай компанид илүү мөнгө өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1ХХ142, 2ХХ174/,
Гэрч Д.Эийн “...Уг мөнгө Нараа гэх хүнээс орсон ба ямар учиртай мөнгө болох талаар би мэдэхгүй байна. Энэ талаар манай нөхөр Э.А мэдэж байгаа. Тухайн үед миний Хаан банкны карт манай нөхөр Э.Ад байсан...” гэх мэдүүлэг /2ХХ152/,
Гэрч Т.Гийн “...Би Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт нягтлан бодогчоор 2008 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай газарт 2017 оны 06 сарын 28-ны өдөр Царцаатай тэмцэх ажлын урьдчилгаа 100,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр үлдэгдэл 19,460,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд яамнаас манай Хүнс хөдөө аж ахуйн газарт нийт 119,460,000 төгрөг шилжигдэж орж ирсэн. Үүнээс царцаа устгалын ажилд шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан “*******” ХХК-ийн данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 29,728,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг нийт 53,787,000 төгрөгийг шилжүүлсэн... Харин 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс руу нь 6,600,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 789,600 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,910,400 төгрөг нийт 15,900,000 төгрөгийг Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс руу нь шилжүүлсэн. Тэгэхээр яамнаас шилжүүлсэн нийт санхүүжилтээс Царцаатай тэмцэх ажлын хүрээнд Тонхил суманд 63,086,400 төгрөгийг манай газраар дамжигдаж шилжүүлсэн байна. ...*******” ХХК-ийн тамга, тэмдэгтэй 3 ширхэг зарлагын баримтыг Б.Б дарга өөрөө гаргаж өгсөн... Намайг өрөөндөө сууж байсан чинь “*******” ХХК-ийн тамга, тэмдэг дарагдсан ямар нэгэн гарын үсэг зурагдаагүй хоосон падааныг өгөөд гүйлгээ хийчих гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь хоосон байна шүү дээ, хоосон падаанаар яаж гүйлгээ хийх юм бэ, баримт өгөөд байгаа хүнээр нь бичүүлээч, би шилжүүлэг хийж чадахгүй гэж хэлсэн... удаагүй байх хоосон падаан дээрээ гарын үсэг зурчихсан, үнийн дүнг нь биччихсэн орж ирсэн ба үнийн дүн дээр 29,728,000 төгрөг гээд бичигдсэн. Доод талд нь гарын үсэг зурчихсан байсан.” гэх мэдүүлэг /1ХХ139, 3ХХ122-127/,
Гэрч Ш.Э.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын жолоочоор 2010 оноос хойш ажиллаж байна... Миний унаж явсан машин өдөрт 3 удаа бензин авдаг байсан, нэг дүүргэлтээр 70 орчим литр бензин авдаг ордог... Бензин хийхдээ ямар нэгэн баримт өгдөггүй, дугаар бичиж аваад гарын үсэг зуруулдаг байсан юм... ******* ХХК-ны захирал Ш.Н гэх хүнтэй би болон ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Э.Агийн сэжигтнээр өгсөн “...Өмнө өгсөн мэдүүлгүүд худал ярьсан нь миний буруу... 2017 оны 10 дугаар сард Б.Б эхнэрийнхээ дансны дугаарыг өгчих гээд надаас бичиж авч байсан яах гэж байсан талаар нь би мэдэхгүй байна. Тэгээд надаас манай эхнэр Д.Эийн Хаан банкны виза картыг аваад 3-4 хоноод надад буцааж өгсөн... Б.Б эхнэрийн картнаас өөрөө мөнгө авсан. Би аваагүй... Намайг дуудаж мэдүүлэг авах үед л би Ш.Н гэж хүнээс манай эхнэрийн данс руу 16.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг мэдэж Б.Б энэ мөнгийг авсан гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг./2ХХ222-224/
“*******” ХХК -ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5324001342 тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ104, 4ХХ58-59/,
Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б, “*******” ХХК-ийн захирал Ш.Н нарын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Тонхил суманд хийгдэх царцаа устгалын ажилд бензин шатахуун нийлүүлэх гэрээ” /1ХХ38-40, 4ХХ72-74/,
Гэрч Ш.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд гэрч Д.Эийн Хаан банкин дахь эзэмшлийн 5333028386 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /3ХХ156-160/,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаал, тушаалын 1 дүгээр хавсралт /1ХХ51-52/,
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1478 дугаартай “...Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б нь ...нийтийн албан тушаалтан мөн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг, албан тушаалын тодорхойлолт,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1478 дугаартай албан тоот /5ХХ70/,
“... санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд нийт авсан шатахуунаа ажилласан өдөртөө тэнцүү хувааж зарцуулснаар жагсаалт үйлдсэн, жолоочийн тооцооны хуудас хөтлөөгүй байна. Мөн өдөр бүр сумын төвөөс шатахуун авснаар баримт бүрдүүлсэн бодит байдал нийцэхгүй байхаар байна...” гэх Говь Алтай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Бн хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Б.Бд Ш.Н, Я.Э нар мөнгө өгсөн гэдэг боловч эх сурвалжийг нь шалгаагүй тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан мөн ....гэрч нар удаа дараа олон янзаар мэдүүлэг өгсөн, анх 22 сая төгрөгийг Б.Бийн гэрийн гадаа авчирч өгөхөд машинд байсан бусад хүмүүсээс мэдүүлэг аваагүй, тэр өдөр Я.Э Улаанбаатар хот явсан гэх баримт байгаа эсэхийг шалгаагүй, “******* “ХХК-ийн ашиг орлого тухайн жилд өссөн, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг шалгаагүй...” гэж гэм буруугийн дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ш.Н, Я.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа өгсөн мэдүүлгээс зөрөөгүй бөгөөд анх 22,000,000 төгрөгийг шүүгдэгчийн гэрийн гадаа авчирч өгөхөд Ш.Нын машинд дайгдаж явсан хүмүүсээс мэдүүлэг авч улмаар гэрч Я.Эг Улаанбаатар явсан эсэхийг заавал тогтоосон баримтыг хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж шүүх үзлээ. Мөн Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын данснаас “*******” ХХК-ийн дансанд нийт 53,787,000 төгрөг шилжиж орж тухайн оны татварын тайланд энэ талаар тусгасныг ашиг орлого өссөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь гэрч нар уг мөнгийг өөртөө завшсан гэх үндэслэл биш юм. Гэрч Ш.Н, Я.Э нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд түүхий эд ноос ноолуур авдаг талаар удаа дараа мэдүүлсэн, үүнийг гэрчилсэн гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд Ш.Н, Я.Э нар нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хэрэгт байгаа царцаа устгалын шатахуун олголтын бүртгэлийг тухайн ажил хийгдэх хугацаанд бүрдүүлээгүй, сүүлд нөхөж хийсэн нь бодит байдалд нийцээгүй болох нь гэрч Т.Ггийн мэдүүлэг, гэрч Ш.Нын мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Баттөрийн хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Иймд өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Б.Б нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байжээ.
Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.
Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан.
Мөн Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцэд зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалтнаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан” тул Б.Бийн хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Бийн дээрх албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бэс өөртөө давуу байдал бий болгож авсан 40,500,000 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуйн яаманд олгуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргасантай холбоотойгоор гарсан 200,000 төгрөгийг “Ашид Билгүүн” ХХК-нд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд яллах талын хүсэлтээр оролцсон гэрч Ш.Н, Я.Э нар нь гэрчээр дуудагдсан зардлаа бүрдүүлээгүй тул нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Харин шүүгдэгчийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 4 ширхэгийг хэрэг хавсаргаж, тэмдэглэлийн дэвтэр болон “/*******” ХХК-ний 136 ширхэг шатахууны талоныг шүүгдэгч Б.Бд буцаан олгож, Хөх ам булгийн зарлагын баримт 3 ширхэг, “МТ” групп гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг зарлагын баримт, Говь-Алтай аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын санхүүгийн тэмдэгтэй зарлагын баримт 8 ширхэг, орлогын баримт 8 ширхэг, нийт 18 хоосон баримт, 4 ширхэг зарлагын баримт, 1 ширхэг зарлагын баримт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Бн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Баян-Эрдэний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг 15 нэгжээр тооцон оногдуулсан торгох ялаас хасаж тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Б.Бээс 40,500,000 төгрөгийг гаргуулж Хүнс Хөдөө Аж Ахуйн яаманд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 200,000 төгрөгийг гаргаж “Ашид Билгүүн” ХХК-нд тус тус олгож, хэрэгт битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 4 ширхэгийг хэрэг хавсаргаж, тэмдэглэлийн дэвтэр болон “/*******” ХХК-ний 136 ширхэг шатахууны талоныг шүүгдэгч Б.Бд буцаан олгож, Хөх ам булгийн зарлагын баримт 3 ширхэг, “МТ” групп гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг зарлагын баримт, Говь-Алтай аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын санхүүгийн тэмдэгтэй зарлагын баримт 8 ширхэг, орлогын баримт 8 ширхэг, нийт 18 хоосон баримт, 4 ширхэг зарлагын баримт, 1 ширхэг зарлагын баримт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА