Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2019/00125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 02 15 138/ШШ2019/00125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах, 3369811 регистрийн дугаартай, ЖБЧЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Булган сумын 3-р багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, ЖЭ83040613 регистрийн дугаартай, Авга овогт Халзангийн Ганбаатарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 6874200 /зургаан сая найман зуун далан дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Х.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ЖБЧЭ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ганбаатар нь 2015 оны 5 сард манай байгууллагын барьцаалан зээлдэх газраас сарын 8 хувийн хүүтэй 2 сая төгрөг зээлж авсан. Манай ажилтан Г.Цэрэнчимэдээр дамжуулан ямар ч барьцаагүйгээр зээлийн гэрээ байгуулан удаа дараа мөнгө шилжүүлэн авч байсан бөгөөд нийт 5 сая төгрөг зээлдсэн байна. Манай байгууллагын ажилтан нар нь байгууллагын мөнгийг завшиж, үрэгдүүлсэн хэргээр Цагдаагийн газарт эрүү үүсгэгдэн шалгагдаж зарим нэг нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдсон. Ажилтан Г.Цэрэнчимэдийн бусдад зээлдүүлсэн мөнгийг түүний эрүүгийн хэргийн хохирлоос хассан ба Х.Ганбаатар нь Э.Сувдаа нарт холбогдох хэргийг шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгч энэ мөнгийг өөрөө зээлдэн авсан болохоо мэдүүлсэн. Иймд Х.Ганбаатарын авсан мөнгө нь Цэрэнчимэдийн хохирлоос хасагдсан. Цагдаагийн байгууллага болон шүүхээс барьцаалан зээлдэх газартай гэрээ байгуулан мөнгө аваад өгөхгүй байгаа иргэдийн хувьд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул иргэний журмаар шүүхэд хандан гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нь зүйтэй гэсэн. Х.Ганбаатар нь ...гэрчийн мэдүүлэг өгөхдөө манай байгууллагаас мөнгө зээлдэн авсан, төлөх төлбөрийг би хариуцна гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр түүний үлдэгдэл тооцоо 6874200 төгрөг болсон тул уг мөнгийг Х.Ганбаатараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Ганбаатараас нэхэмжилсэн 6874200 төгрөгнөөс 2017 онд 800000 төгрөгийг Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Нэргүй нь хүлээлгэн өгсөн тул уг мөнгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж, нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Х.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 сард Цэрэнчимэдийн ах Аранзалдаваатай холбогдон адуу зарж байгаа, адуугаа борлуулчихаад удахгүй өгөх тул дүү Цэрэнчимэдээс 2 сая төгрөг зээлж өгөөч гэж гуйсан. Аранзалдаваа нь надад 500000 төгрөг нэмээд аваад өгчих гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед Цэрэнчимэд нь 1 бил үү 2 сарын хүү суутгасан гээд миний дансанд 1900000 төгрөг хийсэн байсан. Үүнээс 200000 төгрөгийг Цэрэнчимэдийн ах Аранзалдаваад өгсөн. Би мөнгийг нь удаахгүй, 7-10 хоногт өгнө гэсэн боловч машин маань замдаа саатаж хугацаа алдсан нь үнэн. Дараа нь өөрийн эхнэр Цэцэгсайханыг явуулж 1 сая төгрөг зээл авсан. Би Цэрэнчимэдэд нийт 3 сая төгрөг төлөх ёстой. Би 2016 онд Цэрэнчимэдийн эгчийн дансанд 1 сая төгрөг хийж, Цэрэнчимэдэд өөрт нь 800000 төгрөг бэлэн өгсөн. Мөн Нэргүй байцаагчаар дамжуулж 800000 төгрөг төлсөн. Үлдсэн 200000 төгрөгөнд хувцас бараа өгсөн. Одоо 200000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...Мөнгө зээлэхдээ гарын үсэг зурж гэрээ байгуулсан зүйл байхгүй, өөр ямар нэгэн мөнгө зээлж аваагүй. ...Тухайн үед Цэрэнчимэд над руу яриад цагдаа дээр байцаалт өгчих, би 5 сая гаруй төгрөг таныг зээлсэн гэж хэлсэн, надад их хэмжээний мөнгөний өр үүссэн гээд гуйгаад байсан. Тэгээд би цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн юм... гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ЖБЧЭ ХХК нь хариуцагч Х.Ганбаатараас зээлийн гэрээний үүрэгт 6874200 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 800000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан шаардлагаа 6074200 төгрөг болгосон.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Х.Ганбаатар нь Кибер барьцаат зээлийн газрын ажилтан Г.Цэрэнчимэдээр дамжуулан мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг, тус компани мөрдөн байцаалтын шатанд санхүүгийн анхан шатны бүх баримтаа өгсөн, дээрх баримтуудыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтээр Х.Ганбаатар 6874200 төгрөг төлөөгүй нь нотлогддог, мөрдөн байцаалтанд гэрчээр асуугдахдаа уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг, ...Х.Ганбаатар Цэрэнчимэдийн эгчийн дансанд 1000000 төгрөг шилжүүлсэн, Г.Цэрэнчимэдэд 800000 төгрөг, 200000 төгрөгийн бараа материал өгсөн гэх үйл баримтаа нотолж чадаагүй... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Г.Цэрэнчимэдээр дамжуулан 2000000 төгрөг, эхнэрээ явуулж 1000000 төгрөг, нийт 3000000 төгрөг зээлж авсан, тус байгууллагатай ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй, 2016 онд Г.Цэрэнчимэдийн эгчийн данс уруу 1000000 төгрөг, өөрт нь 800000 төгрөг бэлнээр, 200000 төгрөгөнд бараа өгсөн, Нэргүй байцаагчид 800000 төгрөг төлсөн, одоо 200000 төгрөг төлөөгүй байгаа ... гэж маргадаг.

Нэхэмжлэгч ЖБЧЭ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нь хариуцагч Х.Ганбаатар тус компанийн Кибер барьцаалан зээлдэх газраас 7 удаагийн үйлдлээр 5635000 төгрөг зээлсэн болох нь тус компанийн ажилтнуудын хууль бус үйлдлийг эрүүгийн журмаар шалгах явцад гарсан 2017 оны 1 сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 4 сарын 25-ны өдрийн 79 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарладаг.

2017 оны 1 сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтын 41-47 дугаар хүснэгтэнд Д.Зууннаст, П.Энхмаа, Г.Ганжигүүр, Б.Долгорханд, Э.Болдбаяр, Т.Ганцолмон нарын зээлсэн мөнгийг Х.Ганбаатар хариуцахаар бичсэнийг хариуцагч эс зөвшөөрч дээрх хүмүүсийн нэр дээр зээл авч байгаагүй гэж маргадаг.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Х.Ганбаатар нь ямар үндэслэлээр, ямар баримтыг үндэслэн дээрх нэр бүхий хүмүүсийн авсан гэх зээлийг төлөх үүрэг хүлээсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Зууннаст, П.Энхмаа, Г.Ганжигүүр, Б.Долгорханд, Э.Болдбаяр, Т.Ганцолмон нарын нарын зээлсэн мөнгийг Х.Ганбаатар хариуцан төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь ЖБЧЭ ХХК болон хариуцагч Х.Ганбаатар нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээтэй холбогдуулан гараагүй, харин хариуцагч Х.Ганбаатарт зээл олгосон тус барьцаалан зээлдэх газрын ажилтан Г.Цэрэнчимэдийн хууль бус үйлдлийг тогтоох зорилгоор гарсан байна. Иймд шинжээчийн дүгнэлтүүд болон Х.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээр хариуцагч Х.Ганбаатарыг тус компанийн Кибер барьцаалан зээлдэх газраас 7 удаагийн үйлдлээр 5635000 төгрөг зээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал нь шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа санхүүгийн анхан шатны баримтуудаа өгсөн, 1 жилийн хугацаа өнгөрсөн учир эх баримтуудаа устгасан гэсэн шалтгаанаар хариуцагч Х.Ганбаатартай байгуулсан зээлийн гэрээний хувийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд харин хариуцагч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэнд тооцдог бөгөөд талуудын хооронд хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулагдсан нь нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү 3439200 төгрөг авах эрхээ алджээ.

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д ...барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Х.Ганбаатар нь тус компанийн Кибер барьцаалан зээлдэх газраас 3000000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч, 2800000 төгрөгийг төлсөн, үлдэх 200000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг. Х.Ганбаатар 2800000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар /800000 төгрөг төлсөн талаар/, гэрч Г.Цэрэнчимэдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, 2017 оны 4 сарын 25-ны өдрийн 79 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар батлагдаж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Х.Ганбаатараас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 200000 /хоёр зуун мянган/ төгрөг гаргуулж ЖБЧЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6674200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124937 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 6650 төгрөг гаргуулан ЖБЧЭ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Ганбаатараас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖБЧЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6674200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124937 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 6650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖБЧЭХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ