Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2019/00023/И |
Дугаар | 138/ШШ2019/00134 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2019/00134
2019 02 19 138/ШШ2019/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг, Баялагийн 3-08 тоотод оршин суух, ЖЕ88121267 регистрийн дугаартай, Хамниган овогт Баатарын Энхбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 2-27 тоотод оршин суух, ЖЮ854121010 регистрийн дугаартай, Зэлмэн овогт Энхтуяагийн Ренчинсамбууд холбогдох,
Хүүхдийн болон нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Ренчинсамбуутай 2011 онд танилцаж 2012 оноос хамтран амьдарсан. 2012 оны 8 сарын 24-ний өдөр охин Батдуламыг төрүүлсэн. Бид хуримаа хийсэн боловч хүүхэд маань өвчтэй байсан учир батлуулж чадаагүй. 2013 онд бид таарч тохирохгүй байсан учраас тусдаа амьдрах болсон. Миний охин Батдулам 3 сартайгаасаа эхлэн тархиндаа саажилттай гэсэн оноштой, байнгын асаргаанд байх болсон. Хүнтэй ярьж чадахгүй, хоол ундаа өөрөө идэж чадахгүй, унаж татдаг, байнгын хэвтэрт байдаг. Өөрийн мэдэлгүй өтгөн шингэнээ гаргадаг учраас өдөрт 5-6 памперс хэрэглэдэг. Өдөр болгон татаж унадаг учраас тайвшруулах эм ууж үргэлж унтаа байдалд байдаг. 1 ширхэг эм нь 5000 төгрөгийн үнэтэй. Аргагүйн эрхэнд би ажил хийх болсон. Тиймээс миний ээж хүүхдийг минь асардаг. Гэхдээ настай хүн учир харахад хүндрэлтэй байгаа. Ийм асаргааны хүүхдийг харах хүн олддоггүй, олдсон ч өндөр хөлсөөр харна гэдэг. Ренчинсамбуу ийм хүүхэдтэйгээ мэддэг боловч тусалж дэмжихээ больсон. Анх охиндоо сар бүр 100000 төгрөг өгч байна гээд алдаг оног өгч байсан боловч сүүлийн үед өгөхөө больсон. Ренчинсамбууг ээж нь ажилгүй гэж байна. Том тэрэг барьдаг тул мөнгө олдог. Иймд Э.Ренчинсамбуугаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, мөн байнгын өвчтэй асрамжинд байдаг охин Р.Батдуламд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хүүхдийн асаргаа сувилгаатай холбоотойгоор нэмэгдэл зардал 150000 төгрөгийг сар бүр гаргуулж өгнө үү. Халамжын мөнгө гэж сар бүр улсаас 225000 төгрөг авдаг боловч охины асаргаа, эмчилгээний зардалд хүрдэггүй гэв.
Хариуцагч Э.Ренчинсамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Энхбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Энхбаттай 2011 онд танилцаж 2012 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2012 оны 8 сарын 24-ний өдөр охин Р.Батдулам төрсөн. Охин минь миний нэрээр овоглодог. Би мэргэжилгүй учир хөдөө гадаа янз бүрийн ажил хийж амьдарч ирсэн. Бидний хооронд янз бүрийн шалтгаанаас болж хэрүүл маргаан гардаг байсан учраас таарч тохирохгүй тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш охиндоо сар бүр 100000 төгрөг шилжүүлдэг байсан. Би Б.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хүүхдийн асаргаа сувилгаатай холбоотойгоор нэмэгдэл зардал 150000 төгрөгийг сар бүр гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай охин Р.Батдулам аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс сар бүр 220000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Уг тэтгэмж нь миний охины эмчилгээний зардалд очих ёстой мөнгө юм. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хүүхдийн асаргаа сувилгаатай холбоотойгоор нэмэгдэл зардал 150000 төгрөгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ренчинсамбуу бол миний хүү юм. Би нэхэмжлэгчтэй сайдаж мууддаггүй. Би өвчтэй ач охиноо эдгэрч хөл дээрээ босоосой гэж хүсдэг. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэмэлт тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би группийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг. Миний хүү Ренчинсамбуу одоогоор ажилгүй байгаа гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхбат нь хариуцагч Э.Ренчинсамбуугаас хүүхдийн болон нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Б.Энхбат, Э.Ренчинсамбуу нар нь гэр бүл болсноо хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамт амьдарч байх хугацаандаа 2012 оны 8 сарын 24-ний өдөр охин Р.Батдуламыг төрүүлж, улмаар Р.Батдуламыг эцэг Э.Ренчинсамбуугаар овоглосон болох нь тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Иймд охин Р.Батдуламыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар эцэг Э.Ренчинсамбууд үүсч байх тул хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Батдулам нь тархины саажилтын улмаас байнгын хэвтэрт, асаргаанд байдаг болох нь өрхийн болон эмчийн тодорхойлолт, картын хуулбар, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс олгодог халамжын тэтгэврийн дэвтрийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй хүний 1424 дугаартай үнэмлэхийн хуулбар, хүүхдийн одоогийн нөхцөл байдлыг харуулсан фото зураг зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Батдуламд эцэг Э.Ренчинсамбуугаас нэмэлт тэтгэлэг болох 150000 төгрөгийг сар бүр гаргуулах шаардлагатай гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Батдуламыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Ренчинсамбуугаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбатад олгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Батдуламд нэмэлт тэтгэлэг буюу 150000 төгрөгийг эцэг Э.Ренчинсамбуугаас сар тутам гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбатад олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагч Э.Ренчинсамбуугаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Ренчинсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбатад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ренчинсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид 3156 төгрөг нөхөн төлүүлж төсвийн орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ