Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2019/00134

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

      Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг Б.Эын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Э.Рд холбогдох,

    Хүүхдийн болон нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Ртай 2011 онд танилцаж 2012 оноос хамтран амьдарсан. 2012 оны 8 сарын 24-ний өдөр охин Батдуламыг төрүүлсэн. Бид хуримаа хийсэн боловч хүүхэд маань өвчтэй байсан учир батлуулж чадаагүй. 2013 онд бид таарч тохирохгүй байсан учраас тусдаа амьдрах болсон. Миний охин Батдулам 3 сартайгаасаа эхлэн тархиндаа саажилттай гэсэн оноштой, байнгын асаргаанд байх болсон. Хүнтэй ярьж чадахгүй, хоол ундаа өөрөө идэж чадахгүй, унаж татдаг, байнгын хэвтэрт байдаг. Өөрийн мэдэлгүй өтгөн шингэнээ гаргадаг учраас өдөрт 5-6 памперс хэрэглэдэг. Өдөр болгон татаж унадаг учраас тайвшруулах эм ууж үргэлж унтаа байдалд байдаг. 1 ширхэг эм нь 5000 төгрөгийн үнэтэй. Аргагүйн эрхэнд би ажил хийх болсон. Тиймээс миний ээж хүүхдийг минь асардаг. Гэхдээ настай хүн учир харахад хүндрэлтэй байгаа. Ийм асаргааны хүүхдийг харах хүн олддоггүй, олдсон ч өндөр хөлсөөр харна гэдэг. Р ийм хүүхэдтэйгээ мэддэг боловч тусалж дэмжихээ больсон. Анх охиндоо сар бүр 100000 төгрөг өгч байна гээд алдаг оног өгч байсан боловч сүүлийн үед өгөхөө больсон. Рг ээж нь ажилгүй гэж байна. Том тэрэг барьдаг тул мөнгө олдог. Иймд Э.Ргаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, мөн байнгын өвчтэй асрамжинд байдаг охин Р.Бмд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хүүхдийн асаргаа сувилгаатай холбоотойгоор нэмэгдэл зардал 150000 төгрөгийг сар бүр гаргуулж өгнө үү. Халамжын мөнгө гэж сар бүр улсаас 225000 төгрөг авдаг боловч охины асаргаа, эмчилгээний зардалд хүрдэггүй гэв.

      Хариуцагч Э.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Этай 2011 онд танилцаж 2012 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2012 оны 8 сарын 24-ний өдөр охин Р.Бм төрсөн. Охин минь миний нэрээр овоглодог. Би мэргэжилгүй учир хөдөө гадаа янз бүрийн ажил хийж амьдарч ирсэн. Бидний хооронд янз бүрийн шалтгаанаас болж хэрүүл маргаан гардаг байсан учраас таарч тохирохгүй тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш охиндоо сар бүр 100000 төгрөг шилжүүлдэг байсан. Би Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хүүхдийн асаргаа сувилгаатай холбоотойгоор нэмэгдэл зардал 150000 төгрөгийг сар бүр гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай охин Р.Бм аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс сар бүр 220000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Уг тэтгэмж нь миний охины эмчилгээний зардалд очих ёстой мөнгө юм. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хүүхдийн асаргаа сувилгаатай холбоотойгоор нэмэгдэл зардал 150000 төгрөгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р бол миний хүү юм. Би нэхэмжлэгчтэй сайдаж мууддаггүй. Би өвчтэй ач охиноо эдгэрч хөл дээрээ босоосой гэж хүсдэг. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэмэлт тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би группийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг. Миний хүү Р одоогоор ажилгүй байгаа гэв.

     Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Э.Ргаас хүүхдийн болон нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

     Б.Э, Э.Р нар нь гэр бүл болсноо хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамт амьдарч байх хугацаандаа 2012 оны 8 сарын 24-ний өдөр охин Р.Бмыг төрүүлж, улмаар Р.Бмыг эцэг Э.Ргаар овоглосон болох нь тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

     Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

      Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д  “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,   38 дугаар зүйлийн 38.1-д  “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ. Иймд охин Р.Бмыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар эцэг Э.Рд үүсч байх тул хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

     Мөн 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Бм нь тархины саажилтын улмаас байнгын хэвтэрт, асаргаанд байдаг болох нь өрхийн болон эмчийн тодорхойлолт, картын хуулбар, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс олгодог халамжын тэтгэврийн дэвтрийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй хүний 1424 дугаартай үнэмлэхийн хуулбар, хүүхдийн одоогийн нөхцөл байдлыг харуулсан фото зураг зэргээр тогтоогдож байна.   

       Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Бмд эцэг Э.Ргаас нэмэлт тэтгэлэг болох 150000 төгрөгийг сар бүр гаргуулах шаардлагатай гэж шүүх үзлээ.

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон      ТОГТООХ нь:

       1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Бмыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Ргаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгосугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 8 сарын 24-ний өдөр төрсөн охин Р.Бмд нэмэлт тэтгэлэг буюу 150000 төгрөгийг эцэг Э.Ргаас сар тутам гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгосугай.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагч Э.Ргаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Ргаас улсын тэмдэгтийн хураамжид  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгосугай.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ргаас улсын тэмдэгтийн хураамжид  3156 төгрөг нөхөн төлүүлж төсвийн орлого болгосугай.

     6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

     8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ