| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
| Хэргийн индекс | 184/2019/02147/И |
| Дугаар | 001/ХТ2021/01309 |
| Огноо | 2021-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/01309
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03059 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаар магадлалтай,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
440,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гүндсамбуу, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Жанчивдорж, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай эзэмшлийн Төв аймаг, Зуун мод сумын 1 дүгээр баг, Номт хаягт байрлах газар эзэмших эрхийн 00309356 дугаартай 523,8 м.кв газар, 1296 м.кв талбайтай дуусаагүй барилгын суурь, зоорийн давхар зэргийг Баян-Ананд ХХК болон Алтандавхрага ХХК-ийн захирал Т.Оюунчимэг нь 330,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьсны дагуу 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дуусаагүй барилга худалдах, худалдан авах гэрээ"-г *******, Баян-Ананд" ХХК нарын хооронд байгуулсан. Баян-Ананд ХХК нь гэрээний дагуу *******-д 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 330,000,000 төгрөгийг барагдуулах байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Т.Оюунчимэг өмнөх гэрээг дахин нэмэлт нөхцөлөөр байгуулах санал гаргасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дуусаагүй барилга худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г ******* болон Т.Оюунчимэг нарын хооронд дахин байгуулсан. Гэрээний дагуу *******-д 280,000,000 төгрөг, 40 м.кв 2 өрөө орон сууц зэргийг олгохоор тохиролцсон.
2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнүүдийн дагуу Төв аймаг, Зуун мод сум, 1 дүгээр баг, Номт багийн нутаг, Хүмүүн цогцолборын А байрны урд байрлах Ү-1427002838 улсын бүртгэлийн дугаартай, 1296 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн гэрчилгээний 000506939 дугаартай орон сууцны зориулалттай 523.8 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө Т.Оюунчимэгт шилжигдсэн.
*******-д 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 247,500,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Т.Оюунчимэг үүргээ биелүүлэлгүйгээр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуйн яам-ны мах, махан бүтээгдэхүүний зоорь барих 3,2 тэрбум төгрөгийн төсөлд хамрагдан Капитал банк-ны барьцаанд тавьсан байсан. ******* нь Төв аймгийн цагдаагийн газарт Т.Оюунчимэгт холбогдуулан өргөдөл, гомдол гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдсан боловч Т.Оюунчимэг 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан тул Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дуусаагүй барилга худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу Т.Оюунчимэгт шилжигдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгө Капитал банк-ны барьцаанаас суллагдсан, талийгаач Т.Оюунчимэгийн эд хөрөнгийг түүний хүү ******* нь өвлөн авсан байна.
Иймд *******аас 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дуусаагүй барилга худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 260,00,000 төгрөг, алданги 130,000,000 төгрөг, 2 өрөө орон сууцны үнэ болох 50,000,000 төгрөг нийт 440,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь миний ээжийг амьд сэрүүн байхад нь гэрээгээ иргэний гэрээ гэж үзээгүй харин гэрээгээр халхавчилж залилсан гэж үзэн удаа дараа өргөдөл гомдол гаргасан. Гэтэл ээжийг нас барсны дараа хийсэн гэрээгээ гэнэт иргэний хүчин төгөлдөр гэрээ гэж үзэн өв залгамжлагч надаас өндөр хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. ******* нь анхнаасаа алдаатай суурь зарахдаа ээжид мэдэгдэлгүй зарсан байдаг. Ээж барилгаа эхлүүлэх үед инженер нь худалдаж авсан суурь алдаатай байна гэдгийг нь мэдээд ажлаа зогсоосон. Ингээд ээж өөрийнхөө зардлаар суурийг нь буулгаж стандартын дагуу цементээр ул бетон цутган дахин суурь тавьж, зоорийн давхар, 1-2 давхраа барьсан. Ээж үүндээ нийтдээ 558,458,676 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай шинжээчийн дүгнэлт гарч эрүүгийн хэрэгт нь хавсаргагдсан байдаг. Гэтэл Д.Гүндсамбуу нь үндэслэлгүйгээр гомдол гарган битүүмжлүүлж барилгыг зогсоож үргэлжлүүлэн бариулах боломж олгоогүй олон сар жилээр хохироосон. Зарсан гэх 525 м.кв газрынх нь тал нь *******-ийн газар биш С.Энхбаяр гэдэг хүний эзэмшлийн газар байсныг ээжид зарахдаа манай газар гэж худлаа хэлж зарсан. Миний ээж амьд сэрүүн байхдаа *******-д 50,000,000 гаруй төгрөг хэд хэдэн удаа тастаж төлсөн талаар эрүүгийн хэрэгт хэн хэн нь хүлээж мэдүүлсэн гэдэг. Д.Гүндсамбуу нь миний ээжийг залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байсан учир энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй бөгөөд энэ төлбөр нь төлөгдөж дууссан юм.
Иймд *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03059 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 260,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 180,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,400,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03059 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 140,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 1,457,950 гэснийг 1,657,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03059 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* болон Баян-Ананд ХХК нар нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дуусаагүй барилга худалдах худалдан авах гэрээнд Баян-Ананд ХХК-ийг төлөөлж Т.Оюунчимэг гарын үсэг зурсан байх боловч тухайн үед Баян-Ананд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Үang овогтой Xuezhi гэх хүн бүртгэлтэй байсан нь Улсын бүртгэлийн лавлагаанаас /1хх-138/ тодорхой харагддаг болно. Шүүхийн магадлалд үндэслэл болгосон Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 1020 дугаар албан бичигт /1хх-150/ ...улсын бүртгэлийн Ү-142700838 дугаарт бүртгэлтэй ... 1296 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай барилга нь анх иргэн Т.Оюунчимэгийн өмчлөлд бүртгэгдэж, 2019 оны 05 дугаар сарын 16-нд ... өв залгамжлах эрхийн бичгээр *******ын өмчлөлд ... шилжсэн байна гэх байдлаар ******* болон Т.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан гэрээний зүйлээс өөр хэмжээ бүхий 1296 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар дурджээ. Өөрөөр хэлбэл тус 1296 м.кв хэмжээ бүхий 2 давхар барилгын анхны өмчлөгчөөр Т.Оюунчимэг бүртгэгдсэн болохыг тогтоосон байтал шүүх уг албан бичгээр нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан 432 м.кв хэмжээ бүхий барилгын суурийг шилжүүлж үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн шүүхийн дүгнэлтэд дурдсан өв залгамжлалын эрхийн бичгээр *******ын өмчлөлд шилжсэн гэх боловч өв залгамжлалын эрхийн бичиг хэрэгт авагдаагүй, нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. ******* нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр тохиролцсон 432 м.кв орон сууцны дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгүүлсэн зүйлгүй бөгөөд улмаар уг гэрээгээр тохиролцсон зүйлийн өмчлөх эрхийг Т.Оюунчимэгт шилжүүлэн өгөх боломжгүй байна. Тухайн үед гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу 432 м.кв орон сууцны дуусаагүй барилгын /суурийн/ эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл огт хийгдээгүй, тус эд хөрөнгийг өмчлөгч этгээд байхгүй. Магадлалд дурдсан өмчлөх эрхийг шилжүүлсэн талаарх холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн бодит үйл баримтыг харгалзан үзэлгүй ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дүгнэн хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан нь огт үндэслэлгүй байна. Ийнхүү Т.Оюунчимэг нь *******-аас 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу зөвхөн 523.8 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Хэрэгт авагдсан нотлох баримт болох хөрөнгийн үнэлгээнээс үзэхэд уг газрын үнэлгээ 40,823,663 төгрөг байна. Шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгчээс Т.Оюунчимэгт гэрээгээр тохирсон дуусаагүй барилга шилжүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд уг эд хөрөнгийн доголдолтой /1хх-219-226/ холбоотой шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзвэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж заасны дагуу ******* нь хохирлоо шаардаж, гаргуулах эрхтэй байна.
Гэрээний тал болох Т.Оюунчимэгийн эрх, үүрэг, эд хөрөнгийг хариуцагч ******* нь өвлөн авсан бөгөөд 2014 онд талууд гэрээ байгуулах үедээ хэрхэн хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний үнийг хэрхэн тогтоосон талаар мэдэх боломжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 432м.кв талбай бүхий дуусаагүй барилгын үнэлгээ Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Ашид билгүүн ХХК-аас хийсэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээгээр /2хх-14/ 26,825,218 төгрөгийн өртөгтэй гэх хариу гарчээ. *******-иас ирүүлсэн суурь болон подвалийн ажлыг хийхэд зарцуулсан нийт үнийн дүнг 185,893,000 төгрөгөөр тооцож ирүүлсэн бөгөөд анхнаасаа тус гэрээ нь гэрээний гол нөхцлийг зөрчсөн, зах зээлийн дундаж үнээс хэт өндөр байсан байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд гэрээгээр тохиролцсон дуусаагүй барилгын үнэлгээ барилгын бодит өртөг бүхий үнэлгээнээс илт өндөр тогтоогдсон болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хариуцагч *******аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03059 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч ******* нь 2014.8.15-ны өдөр Баян-Ананд ХХК-ийн захирал Т.Оюунчимэгтэй байгуулсан Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу 260,000,000 төгрөг, алданги 130,000,000 төгрөг, 2 өрөө орон сууцны үнэ болох 50,000,000 нийт 440,000,000 төгрөгийг Т.Оюунчимэгийн хүү өв залгамжлагч *******аас гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч ******* нь ...нэхэмжлэгч нь барилга барих зөвшөөрөлгүй..., ...зарсан суурь нь шаардлага хангаагүй, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт өвлөгч нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч нь *******, Т.Оюунчимэг нарын хооронд 2014.8 сард байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг өвлөгч *******аас шаардсан нь хууль зөрчөөгүй, энэ үйл баримтын тухайд зохигч маргаагүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах- худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй.
Харин гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т ...анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасныг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 40,000,000 төгрөг байхаар багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасантай нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргаж буй асуудлаар 2015 оноос Т.Оюунчимэгт холбогдуулан залилан мэхэлсэн гэж Цагдаагийн газарт хандаж, эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад Т.Оюунчимэг нь 2019 онд нас барсан зэргээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.
Шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН