Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0772

 

 

 

 

 

“АСН” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , С.Я

Нэхэмжлэгч: “АСН” ХХК

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 611 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Н.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Г.М, С.Я, өмгөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0708/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “АСН” ХХК нь хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.2.3, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан “АСН” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, С.Я нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Шүүхийн шийдвэрийн 4-т “Тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд: Анх “АСН” ХХК-д дамжуулан хүргэх радио релейны зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай олгож, мөн өдрөөс дахин 3 жилийн хугацаатайгаар, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгасан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/300 дугаар тушаалаар батлагдсан “Улаанбаатар хотын хэмжээнд дамжуулан хүргэх үйлчилгээний радио давтамжийн ашиглалт, тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагад хяналт, хэмжилт шалгалт хийх” ажлын хүрээнд “АСН” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар “АСН” ХХК нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй, радио нэвтрүүлэх байгууламжаа журмын дагуу зохион байгуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй” гэж заасан. Тодруулбал, “АСН” ХХК нь тусгай зөвшөөрөл авсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй байхыг ойлгохоор байна.

 

3.2. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын сунгалт хийх хугацаа нь цар тахлын нөхцөл байдал бүрэн намжиж, эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн түвшин сэргээгүй үе буюу 2021 оны төгсгөл таарсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр тодорхой тайлбарласанчлан, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сунгалтын хүсэлтийг шийдвэрлэхдээ тус хороо нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан, тусгай зөвшөөрөл эзэмшигчид эерэг нөлөөлөл бүхий шийдвэрийг гаргаж, сунгалтын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ тус компанитай байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний 4.5-д “Үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон зурваст шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэх тохиолдолд энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвасыг эргүүлэн авах эрхийг Зохицуулах хороо эдэлнэ” гэх заалтыг тодорхой заасан. Гэтэл шүүхээс “...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны итгэл хамгаалагдана” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

3.3. Шүүхийн шийдвэрийн 5-д “Радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх үндэслэлийн тухайд: Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар тушаалын хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан. Нэхэмжлэгчийн ашиглаж буй давтамж 3700-3800 МГц радио давтамж буюу хавсралтад 3600-4200 МГц радио давтамжийг дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээ болон хиймэл дагуулын хөдөлгөөнт бүс үйлчилгээнд ашиглах бөгөөд сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж, дээрх тушаалын 2-т “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд заасан хүчин төгөлдөр эзэмшиж байгаа радио давтамж, радио давтамжийн зурвасын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлсүгэй” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч “АСН” ХХК-д радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа дурдсан нөхцөл байдал 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүрдсэн, нөгөө талаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах үед /2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр/ үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт хэзээ батлагдах нь тодорхойгүй байсан тул хуульд зааснаар 3 жилийн хугацааraap сунгасан. Мөн сайдын тушаалд зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэх талаар тусгасан болохоос үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсон давтамжийг олгосон шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэсэн агуулгаар ороогүй байна.

 

3.4. Маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 92 дугаар тогтоол нь сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлж байгаа хэлбэр биш бөгөөд өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтын журмын дагуу, маргаан бүхий зурвас дээр сонгон шалгаруулалт зарлаагүй. Нэхэмжлэгчээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үндэслэн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг, радио давтамжийн зурвасыг хураан авсан тохиолдолд нөхөн олговор олгох шаардлагатай гэж тайлбарлажээ. Хэрэгт авагдсан баримтууд болох нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23/02 дугаар хариу тайлбар, баримтаас үзвэл, хэн, хэзээ баталсан нь тодорхойгүй “АСН” ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь өөрийн биш болох нь тогтоогдож байгаа, санхүүгийн хувьд ямар хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй нөхцөлд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй.

 

3.5. Түүнчлэн тус хороо нь нэхэмжлэгч талд “радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д тусгагдсан радио давтамжийн зурвасаас ашиглах боломжтой болохыг санал болгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээн аваагүй, 2022 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтаар 3700-3800 МГц зурваст хэрэглээ илрээгүй, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа бөгөөд зөвхөн 5G технологид хуваарилагдсан асар үнэ цэнтэй радио давтамжийн зурвасыг шүүх дээр гацааж Монгол улсад 5G технологийг нэвтрүүлэхгүй байх үндсэн зорилго нь гэж үзэж байна. Тус хороо нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Радио давтамжийг үр ашигтай хуваарилахын тулд ашиглалтгүй байгаа радио давтамжийг чөлөөлөх, Монгол улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тусгагдсан зориулалтын дагуу радио давтамжийг ашиглах зорилгыг хэрэгжүүлсэн болно.

 

3.6. Дэлхий дээр 5G технологийн стандарт батлагдсанаас хойш даруй 8 жил өнгөрсөн бөгөөд 100 гаруй улсын 500 гаруй оператор 5G сүлжээг нэвтрүүлж 1.2 тэрбум хэрэглэгч 56 технологийн хэрэглэгч болоод байна. Харин Монгол Улс нь энэхүү маргаан бүхий 56 технологид олон улсын цахилгаан холбооны байгууллагаас батлагдаж Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон радио давтамжийн 3700-3800 МГц-ийн зурвасаас болж 50 технологийг Монгол Улсад нэвтрүүлж чадахгүй нөхцөлд хүрээд байна. Асар хурдацтай буюу жил бүр 45%-иар өсөн нэмэгдэж байгаа дата, интернэтийн хэрэглээний улмаас 4G сүлжээ нэгэнт ачааллаа дийлэхээ больсон бөгөөд 5G технологийг маш яаралтай Монгол Улсад нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. 4G технологи нь хэрэглэгчдэд интернэтийг танилцуулсан бол 56 технологи нь нийгэмд эрс өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах шинэ технологи юм.

 

3.7. Энэ нь Монгол Улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, улс орны ирээдүйн хөгжил, цаашлаад үйлдвэрлэл, техник технологийн дэвшлийг гаргахад чухал ач холбогдолтой юм. Тиймээс нэгэнт дэлхийн радио холбооны дүрэмд тодорхойлогдож дэлхийн нийт 175 улсын Засгийн газар хоорондын гэрээгээр батлагдан Монгол улсын Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд батлагдсан, сонгон шалгаруулалтаар хуваарилагдах нь тодорхой радио давтамжийн зурвасыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр биш бөгөөд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхээргүй юм.

 

3.8. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлж ажилласан тухай тайлан” гэж дурдсан байх бөгөөд энэ нь шүүх маргааны үйл баримтад хамааралгүй үндэслэсэн гэж үзэхээр байна. Маргаан бүхий захиргааны актад хамаарах харилцаа нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль болон холбогдох захиргааны хэм хэмжээний актуудын хүрээнд зохицуулагдах бөгөөд шүүх хуралдааны үеэр хэргийн оролцогч нарын нараас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг огт үндэслээгүй болно.

 

Иймд нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0611 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “АСН” ХХК-аас хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

 

2.2. Маргаан бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар тогтоолоор “АСН” ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 3700-3800 МГц радио давтамжийн зурвас ашиглах ***********  дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

2.3. Анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар “...хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/267 дугаар тушаалаар дээрх хууль журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, “АСН” ХХК-ийн 3700-3800 МГц радио давтамжийг ашиглах ***********  дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгасан атлаа 2022 оны 11 дүгээр сарын 08-18-ны өдрүүдэд явуулсан хяналт шалгалтын дүнд тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна, ... тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсны дараа сонгон шалгаруулалтын журмаар дахин хуваарилах байтал ...нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар тушаалын 2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр байна...” гэж дүгнээд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

 

2.4. Хавтаст хэрэгт авагдсан Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд ашигласан нэр томьёоны тайлбарын 2 дугаар хэсэг буюу Радио давтамжийн менежменттэй холбоотой тухайлсан нэр томьёо хэсгийн 2.1-д “Радио давтамжийн зурвасын хуваарилалт гэж тусгайлан заасан нөхцөлийн дагуу нэг буюу түүнээс олон терристриал эсвэл сансрын радио холбооны үйлчилгээнд эсвэл радио астрономын үйлчилгээний ашиглалтанд зориулж өгөгдсөн радио давтамжийн зурвасыг Радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд оруулахыг хэлнэ. Энэ нэр томьёо харгалзах радио давтамжийн зурваст мөн хэрэглэгдэнэ” гэж заасан бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд зааснаар 3600-4000 МГц давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээнд ашиглахаар зохицуулсан байна.

 

2.5. Дээрх Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт нь нэхэмжлэгч “АСН” ХХК-д анх 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгож, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сунгасан радио релейний станц ашиглах тусгай зөвшөөрлийн зориулалтад хамааралгүй байх тул үүнтэй холбогдуулан тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар тушаалаар Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг баталснаар нэхэмжлэгчийн *********** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээг ашиглах эрх нээгдсэн гэж үзэх бөгөөд харин талуудын хооронд байгуулсан *********** тоот Радио давтамж ашиглах Зөвшөөрлийн гэрээний 4.5-д “Үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон зурваст шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэх тохиолдолд энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвасыг эргүүлэн авах эрхийг Зохицуулах хороо эдэлнэ” гэж заажээ.

 

2.6. Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 51.1.8-д “Хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.2.6-д “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д заасан үндэслэл болон дараах үндэслэлээр хүчингүй болгоно”, 18.1.4-т “Энэ хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэд технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан” гэж,

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 15.1.3-д “Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй” гэж тус тус заасан.

 

2.7. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих эрхтэй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна.

 

2.8. Хариуцагч захиргааны байгууллагаас 2019 онд нэхэмжлэгч компанид олгосон радио релейний станц ашиглах тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 онд сунгахдаа тухайн үед үүссэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж бизнесийн таатай орчныг бүрдүүлж, дэмжих зорилгоор Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүйгээр шууд сунгасныг буруутгах боломжгүй.

 

2.9. Харин ийнхүү сунгасны дараа Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/300 дугаартай тушаалаар баталсан удирдамжийн дагуу “АСН” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл хяналт, шалгалтыг хийж, улмаар захиргааны байгууллагаас ...тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулсантай холбоотой баримтыг ирүүлэхийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас хойш 1 жил 6 сарын дараа Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй” бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасныг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан байхад анхан шатны шүүх “...хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад нэхэмжлэгч “АСН” ХХК-ийг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй гэж буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.10. Учир нь хариуцагч “АСН” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгагдсанаас хойш 1 жилийн дараа Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд дамжуулан хүргэх үйлчилгээний радио давтамжийн ашиглалтыг тодорхойлох, тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагад хяналт шалгалт, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хяналт шалгалтыг хийхэд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдсон, харин маргаан бүхий актыг тус хяналт шалгалтаас 6 сарын дараа гаргасан байгаа тухайн тохиолдолд нэхэмжлэгчид хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй.

 

2.11. Түүнчлэн хяналт шалгалтын явцад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/1747 дугаартай албан бичгээр ...тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох нотлох баримтыг ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгчээс ...ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа хязгаарлагдсан талаар тайлбарлаж, үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмж түрээслэн, релейний үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг ханган ажиллаж байгаа гэх хариу өгч, үйл ажиллагаа явуулсантай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, суурилуулсан гэх тоног төхөөрөмжөө тухайн үйл ажиллагаандаа ашиглаж, хэрэглэж байгаагаа хангалттай нотлоогүй байна. Мөн хэрэгт авагдсан “О” ХХК, “АСН” ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан “Тоног төхөөрөмж түрээслэх, релейний үйлчилгээ ашиглах гэрээ”-ний зорилгоос харахад нэхэмжлэгчийн ***********  дугаартай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны хүрээнд хамаарах гэрээ гэж үзэх боломжгүй байна.

 

2.12. Харин маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэлийн үндэслэлд анхан шатны шүүхээс нэгэнт үндэслэл бүхий дүгнэсэн байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

2.13. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

2.14. Анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан боловч тамга тэмдэг дарагдаагүй болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 611 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5дүгээр зүйлийн 51.1.8, 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АСН” ХХК-ийн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, С.Я нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА