Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 127/ШШ2021/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2021/0025/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ХЭАОНӨГ, ТҮХ-нд холбогдох

            Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарласан ХЭАОНӨГ/202112018 дугаартай “Хот тохижилтын техник тоног төхөөрөмж” /Бор-Өндөр/ нийлүүлэх тендер хууль бус байсан болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Г.Э /цахимаар/, хариуцагч Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Г.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь 2021 оны 06 дугаар сарын 17-нд Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан “Хот тохижилтын техник тоног төхөөрөмж” /Бор-Өндөр/ ХЭОНӨГ /202112018/ урилгын дугаартай тендер шалгаруулалтад оролцсон.

            Тендерийн сонгон шалгаруулалтад манай компанитай хамт оролцсон “В” ХХК-ийг тендерийн баримт бичгийн нөхцөл шаардлага хангаагүй байхад хууль бусаар шалгаруулсан гэж үзэж байна.

            “В” ХХК нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.2 (а)–“Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн дүнгийн 20 хувиас багагүй байна” гэсэнд хүрээгүй, ТОӨЗ 18.2 (б)-“Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй дүн бүхий ижил төстэй барааг нийлүүлсэн байх /түүнийг нотлох гэрээ, акт, захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх/ гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй болно. Гуравдагч этгээд “В” ХХК нь tender.gov.mn-д 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр бүртгүүлсэн байх тул 2019 онд хийж гүйцэтгэсэн ажилгүй, 2020 онд 20 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн байсан.

            2019 онд хувийн компанитай 75 сая төгрөгөөр ковш худалдан авах гэрээ байгуулсан байсан, үүнийг ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Уг мөнгө нь “В” компанийн дансанд орсон баримт байхгүй байгаа. Иймд тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн.

            Манай компани анх тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, гэвч тендерт шалгарсан “В” компани хот тохижилтын техник тоног төхөөрөмжийг Бор-өндөр суманд нийлүүлж хүлээлгэж өгсөн байгаа тул тухайн тендер хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/95 тоот захирамжаар томилогдсон Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Бор-Өндөр суманд Хот тохижилтын техник, тоног төхөөрөмж авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, 07 дугаар сарын 19-ний өдөр үнэлэх ажлыг зохион байгуулж, шийдвэрээ гарган захиалагчид зөвлөмжийг хүргүүлж, улмаар захиалагчаас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9/1349 тоот албан бичгээр тус тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн.

Уг мэдэгдэлд “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт 3 зүйл шаардлагад нийцэхгүй байсан тул тендерт шалгараагүй болно. Үүнд:

1.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт ирүүлээгүй

2.Түргэн хөврөх чадавхитай хөрөнгийн нотлох баримт ирүүлээгүй

3.Нийлүүлэхээр санал болгосон хогны автомашины техникийн үзүүлэлт шаардлагад нийцээгүй зэрэг болно.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд тус тендерт оролцож шалгарсан компанийн ирүүлсэн материалыг шаардлагад нийцээгүй гэж дараах үндэслэлээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

1. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн дүнгийн 20 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй тухайд:

            “В” ХХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нь 92,1 сая төгрөг, 2020 оны борлуулалтын орлого нь 116,1 сая төгрөг бөгөөд 2 жилийн дундаж нь 104, 1 сая төгрөг байна. Тус тендерийн төсөвт өртөг нь 150,0 сая төгрөг ба 20 хувь нь 30,0 сая төгрөгөөс багагүй байх шаардлагыг  104,1 сая төгрөгөөр шаардлагад нийцэж байна.

2. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа санал болгож буй үнийн 20 хувиас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй бараа нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй тухайд:

“В” ХХК нь 2019 онд  “Рок пэйнт групп” ХХК-ийн захиалгаар 75,5 сая төгрөгрөөр эксковатор нийлүүлсэн гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд санал болгосон үнэ буюу 143,8 сая төгрөгийн 20 хувь болох 28,8 сая төгрөгөөс багагүй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг 75,5 сая төгрөгөөр эксковатор нийлүүлсэн нь бүрэн хангаж байна.

Мөн Орон нутгийн өмчийн газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй, Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг зохион байгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газарт зөвлөмж хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн, уг тайлбартаа санал нэг байна.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “В” ХХК-ийг tender.gov.mn-д бүртгүүлсэн байдлаар нь “туршлагагүй” гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Зөвхөн тендерт оролцдог компанийг тендерт оролцуулж шалгаруулна гэхгүй. Гуравдагч этгээд нь 2019 онд “Рокпэйнт групп” ХХК-ийн захиалгын дагуу 75 сая төгрөгийн эксковатор нийлүүлсэн тухай гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байсан тул Үнэлгээний хороо туршлагын шаардлагыг хангасан гэж үзсэн.

Тендерт шалгарсан “В” ХХК нь гэрээний дагуу авто ачигч болон өөрөө буулгагч автомашин хоёрыг Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн” гэв.

Гуравдагч этгээд “В” ХХК-ийн захирал Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХЭАОНӨГ/202112018 дугаартай тендерийн ТШӨХ-д заасан, сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 20%-с багагүй гэж заасныг манай компани бүрэн хангаж байгаа байгаа болно. Манай компанийн сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 104,000,000 төгрөг болж байгаа нь шаардлагын 20% гэснийг бүрэн хангаж байна. Үүнийг сүүлийн 2 жилийн хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан тайлангаар нотлогдоно.

1. Сүүлийн 2 жилийн аль нэгэнд санал болгож байгаа үнийн дүнгийн 20%-аас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй бараа нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлд дурьдсан байна. Манай компани нь 2019 онд “Рокпэйнтгрупп” ХХК захиалгаар 75 500 000 төгрөгний өртөгтэй экскаватор нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд  үүргээ биелүүлж хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбарыг тендерийн материалд явуулсан болно. Иймд сүүлийн хоёр жилийн аль нэг жилийн ижил төстэй ажил нь санал болгож буй үнийн дүнгийн 20%-аас багагүй гэсэн  нөхцлийг бүрэн хангаж байна.

2. “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй  худал, компанийн нэр төрд халдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Г.Э нь, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр шалгаруулсан /Бор-Өндөр/ ХЭАОНӨГ/202112018 дугаартай, хот тохижилтын техник тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан ба уг тендерт шалгарсан, гуравдагч этгээд “В” ХХК нь хот тохижилтын машин техникүүдийг захиалагчид хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тухайн тендер шалгаруулалт нь хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн болно.

Шүүх хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарласан /Бор-Өндөр/ ХЭАОНӨГ/202112018 дугаартай, хот тохижилтын техник тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцохоор материалаа хүргүүлсэн ба тус компани нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4 /а/, 18.2 /г/, 12.1 /ё/-д заасан шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “Б” ХХК-ийн тендерээс захиалагч татгалзсан байна[1].

Нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй, харин тухайн тендерт оролцсон гуравдагч этгээд “В” ХХК-ийн тендерийн баримт бичиг нөхцөл шаардлага хангаагүй байхад үнэлж, шалгаруулсан нь хууль бус гэж нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 9/1349 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн тендер нь хянан үзэх үе шатнаас хасагдаж, уг тендерт үнэлгээ хийгдээгүй байна.

Иймд, тендерийн үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үзсэн компани болох гуравдагч этгээд “В” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, шалгаруулсан нь хууль бус байсан тухай нэхэмжлэгч маргах үндэслэлгүй, тендер хууль бус байсныг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй байна. 

Мөн, тендерт шалгарсан гуравдагч этгээд “В” ХХК нь гэрээний дагуу хот тохижилтын машин механизмыг Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 2021оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч[2], худалдан авах ажиллагаа хэрэгжсэн болохыг дурдах нь зүйтэй.

 2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа, гуравдагч этгээд “В” ХХК нь тендерийн баримт бичигт, аудит хийгдсэн орлогын дэлгэрэнгүй тайлан, “Рокпэйнтгрупп” ХХК-тай байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт[3] зэрэг баримтуудыг ирүүлсэн тул Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.2 (a), 18.2 (б)-д заасан шаардлагыг хангасан гэх тайлбарыг гаргасан ба уг тайлбарыг шүүх хууль зүйн үндэслэлтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан,  ХЭАОНӨГ/202112018 дугаартай “Хот тохижилтын техник тоног төхөөрөмж” /Бор-өндөр/ нийлүүлэх тендер шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч гардан авна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАЛЖМАА

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[1] Хавтаст хэргийн 67-75 дугаар хуудас

[1] Хавтаст хэргийн 25-31 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 67-75 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 25-31 дүгээр хуудас