Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 985

 

 

 

 

 

 

2019          10            1                                             2019/ДШМ/985

 

 

Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

яллагдагч Г.С-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

яллагдагч С.М, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

яллагдагч Б.П, түүний өмгөөлөгч Б.Адалбек,

яллагдагч Б.У, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

яллагдагч Т.Ж, түүний өмгөөлөгч Я.Батханд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг, Н.Сандагдорж, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарт холбогдох 1905 0096 70345 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ш овгийн Г-ын С, 1982 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ....................................... ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ................ гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

 

2. Г овгийн С-ийн М, 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ................................ ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, ам бүл 3, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ...................... дугаар гудамжны ... тоот хаягт бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............................../;

 

3. Х овгийн Б-ын П, 1986 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....................................... ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ......................... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

 

4. Б овгийн Б-ийн У, 1984 оны 7 дугаар сарын 19-ний Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................................. ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ........................ гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................................../;

 

5. Х овгийн Т-ын Ж, 1996 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ............................................ ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, ам бүл 5, эцэг, эх, дүү, охины хамт Дархан-Уул аймаг, Дархан ... дугаар баг, ...... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид 2019 оны 2 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан яллагдагч Г.С нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-ын 7.6 дугаар зүйлийн 7.6.6-д заасан “бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэл, сахилга хариуцлагад хяналт” тавих гэсэн болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтсийн ерөнхий жижүүрийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны зорилгод заасан “Холбогдох хууль, тогтоож, журам, зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, томилгоот бүрэлдэхүүнийг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, хяналт тавих, хоригдлын байршил, хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж хорих ангийн хэмжээнд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж хэвийн үйл ажиллагааг ханган хорих ангийн нөхцөл байдлын талаарх мэдээллээр ангийн дарга болон удирдах албан тушаалтныг тасралтгүй шуурхай хангахад оршино”, ажлын байрны үндсэн зорилтын 2-т заасан “хоригдлын дундаас гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, талсан зогсоох” гэсэн,

Хууль сахиулагч буюу ээлжийн даргын үүрэг гүйцэтгэж байсан яллагдагч С.М нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-ын 7.8 дугаар зүйлийн 7.8.1-д заасан “Ерөнхий жижүүрийн шууд удирдлагад ажиллан, цагийн хуваарьт үйл ажиллагаанд хяналт тавьж, томилгоот бүрэлдэхүүний ажлыг шалган зааварчилахаас гадна ерөнхий жижүүрийн эзгүйд түүнийг орлох”, 7.8.3 дахь хэсэгт заасан “Хорих өрөөнд үзлэг хийх гэсэн болон ажлын байрны зорилгын холбогдох хууль тогтоомж, журам, зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, томилгоот бүрэлдэхүүнийг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, хяналт тавих, хоригдлын байршил, хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж хорих ангийн хэмжээнд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж хэвийн үйл ажиллагаа ханган, удирдах албан тушаалтнуудыг нөхцөл байдлын мэдээгээр тасралтгүй шуурхай хангах”, Ажлын байрны үндсэн зорилгын 4-т заасан “хамгаалалтын ажилтнуудын үүрэг гүйцэтгэлийг тогтмол шалгаж, сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах” гэсэн,

Хууль сахиулагч буюу харуулын бага даргын үүрэг гүйцэтгэж байсан яллагдагч Б.П нь “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар” батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-ын 7.13 дугаар зүйлийн 7.13.1-д заасан “Хариуцсан хэсэгт журам сахиулж, цагийн хуваарьт үйл ажиллагааг мөрдүүлэх, 7.13.2 дахь хэсэгт заасан “анхаарал татсан хоригдлыг байнгын хяналтанд байлгах, тэдний хөдөлгөөнийг мэдэх” гэсэн болон “Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид харуулын бага даргын ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны зорилгод заасан “Хоногийн жижүүрлэлтийн хугацаанд хариуцсан хэсгийн хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн хяналтын ажилтан нарыг удирдан зохион байгуулж, ерөнхий жижүүр, ээлжийн дарга нарыг бодит мэдээллээр шуурхай хангах замаар харуул хамгаалалтын үйл ажиллагааг хэвийн ялуулахад туслах”, ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.3-т заасан “хоригдсон этгээд, хоригдолтой хууль тогтоомж, журмын хүрээнд харьцаж, тэдэнд хууль тогтоомжийг мөрдүүлэх, дэг журмыг сахиулж орголт, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” авах гэсэн,

Хууль сахиулагч буюу дүрс бичлэгийн хяналтын ажилтны үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Т.Ж нь “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар” батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-ын 7.16 дугаар зүйлийн 7.16.1 дэх хэсэгт заасан дүрс бичлэгийн хяналтаар илэрсэн зөрчлийг ерөнхий жижүүр, ээлжийн дарга болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ. 7.16.3-д заасан дүрс бичлэгийн хяналтаар илэрсэн хөдөлгөөн, албан хаагчдын үүрэг гүйцэтгэлийг бүртгэж, тэмдэглэл хөтлөх, 7.16.4-д заасан ерөнхий жижүүрт 30 минут тутам дүрс бичлэгийн хяналтын нөхцөл байдлыг илтгэх, 7.16.5-д заасан үүрэг гүйцэтгэх хугацааны дүрс бичлэг хийгдэж буй эсэхэд тогтмол хяналт тавих гэсэн болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжийн дүрс бичлэгийн хяналтын ажилтны ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын байрны үндсэн зорилтын 2-т заасан Телехяналт дохиоллын системээр хоригдол, хоригдогчдын хөдөлгөөнд тасралтгүй хяналт тавьж, шаардлагатай албан тушаалтныг мэдээллээр ханган, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн,

Хууль сахиулагч буюу В1 дүгээр жигүүрийн хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэгч байсан ахлах ахлагч Б.У нь “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар” батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-ын 7.13 дугаар зүйлийн 7.13.2-т заасан анхаарал татсан хоригдлыг байнгын хяналтанд байлгах, тэдний хөдөлгөөнийг мэдэж байх, 7.13.3 дахь хэсэгт заасан хариуцсан хэсгийн хоригдлыг бүртгэх, хяналт тавих, хуяглан хүргэх, 7.13.4 дэх хэсэгт заасан хариуцсан хэсгийг 20 минут тутам эргэж шалган нөхцөл байдлын мэдээг холбоочинд дамжуулах гэсэн болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжийн хамгаалалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны зорилгод заасан “Холбогдох хууль тогтоомж, журам, зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, харуул хамгаалалтын өдөр тутмын үүрэг гүйцэтгэж өөрийн хариуцсан объект, хоригдол, холбогдогчийн байршил хөдөлгөөн чиглэлд тогтмол хяналт тавьж гарч болзошгүй гэмт хэрэг халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэн таслан сэргийлэх таслан зогсоох, анги байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах гэснийг тус тус зөрчиж ажлын байрны тодорхойлолт журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тус хорих ангийн В1 жигүүрийн 2 тоот өрөөнд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан байсан иргэн Л.Бямбаагийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж дараах нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Яллагдагч нарт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоол гаргажээ. Дээрх тогтоолуудад яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч яллагдагч нар энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон баримтуудын жагсаалт болон баримт тус бүрт тусгагдсан мэдээллийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Яллагдагчаар татах тухай тогтоолд яллагдагч нарыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/203 тоот тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтсийн ерөнхий жижүүрийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны зорилгод заасан заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”, Хууль зүйн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/75 дугаар тушаалаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”, “Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн харуулын бага даргын ажлын байрны тодорхойлолт” зэргийг тус тус зөрчсөний улмаас Л.Бямбаагийн амь нас хохирсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Гэтэл уг тогтоолд яллагдагч нар дээрх журмуудыг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр хэрхэн яаж зөрчсөн талаарх ямар ч нотлох баримтууд болон баримтуудад агуулагдсан мэдээллийг дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл тогтоолд иргэн Л.Бямбаа нас барсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн боловч яллагдагч нарын ямар үйлдэл, эс үйлдэхүй нь уг иргэнийг нас барах шалтгаан болсон талаар огт дүгнэлт хийгээгүй.

Тогтоолд “Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн В1 жигүүр, В1-2 дугаар камерийн бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний томилгоо болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул” гэж бичсэн боловч уг дүрс бичлэгүүдэд яллагдагч нарын ямар буруутай үйлдэл байгаа эсэх талаар дүгнээгүй, “томилгоо” гэх баримтанд хэргийг  нотолж байгаа ямар мэдээлэл байгаа нь тодорхойгүй, “бусад бичгийн нотлох  баримтууд” гэдэгт ямар тодорхой баримтууд орж байгаа нь ойлгомжгүй болжээ.

Иймд прокурор “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрт тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэсэн заалтыг зөрчжээ.

Яллагдагч нар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоос өөрсдийг яллаж байгаа гэмт хэрэг нь хэрхэн нотлогдож байгаа талаар мэдэх ямар ч боломжгүй болсон байна.

Энэ нь яллагдагч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь яллагдагч нар ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх гэдэг нь уг гэмт хэрэг ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар мэдэх боломжтой байх ёстой юм.

Прокуророос яллагдагч нарыг “ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн атлаа яллагдагч нарын ажлын байрны тодорхойлолтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журмыг зөрчсөн” гэсэн заалтад хамаарна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Насанбат танаа” гэж гомдол гаргасан гэх бөгөөд уг гомдол нь хэрэгт байхгүй байх тул уг гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулах шаардлагатай байна.

Энэ нь оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал бий болсон эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.

Иймд яллагдагч Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Пүрэвдагва бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.С, С.М, Б.П, Т.Ж, Б.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан үндэслэл, журмын дагуу үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох хэсэгт Л.Бямбаа гэгч нь хэзээ, хаана, ямар байдлаар нас барсан, энэ нь ямар нотлох баримтуудаар нотлогдож байгааг жагсаан бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ямар ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас Л.Бямбаа амь насаа алдсан болох нь ямар нотлох баримтуудаар тогтоогдсон талаар тодорхой дурдсан байна.

Яллагдагч Т.Ж, Б.У, Г.С, С.М, Б.П нар нь дээрх журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь В1 жигүүр болон В1-2 дугаартай камерийн хяналтын камерийн бичлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хангалттай нотлогдож байгаа тул дээрх нотлох баримтыг үндэслэн яллагдагчаар татсан. Хяналтын камерийн бичлэгт авагдсан нотлох баримтын хэр хэмжээг яллагдагчаар татах тогтоолд тусгах боломжгүй юм.

“Томилгоо” гэх баримт нь Т.Ж, Б.У, Г.С, С.М, Б.П нар нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуулын бага дарга, В1 жигүүрийн хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн хяналтын ажилтнаар ажиллаж байсныг нотолсон. Мөн “бусад бичгийн нотлох баримтууд” гэдэг нь хэрэг бүртгэлтийн шатанд цугларсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд дурдаагүй бусад нотлох баримтуудыг заасан болно.

Г.С, С.М, Б.П, Т.Ж, Б.У нар нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэгт яллагдаж байгаа талаараа мэдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Яллагдагч Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа тэднийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн.

Ажлын байрны тодорхойлолт гэдэг нь тухайн байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, гүйцэтгэх үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичиг юм. Ажлын байрны тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгадаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, тасгийн албан хаагч нарын ажлын байрны тодорхойлолтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар баталсан байна.

Прокуророос 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 169 дугаартай мэдээлэл баримт бичиг гаргуулан авах зөвшөөрлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2а/802 тоот албан бичгээр дээрх албан хаагч нарын ажлын байрны тодорхойлолтыг хуулбарлан ирүүлснийг хэрэгт хавсаргасан байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгч нар нь ажлын байрны тодорхойлолттой танилцаад гарын үсэг зурсан байх ёстой, танилцуулаагүй ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбарлаж улмаар шүүхээс хэргийг буцаах заалт болгосон боловч ажлын байрны тодорхойлолтод албан хаагч нар гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагагүй. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээтэй адилтган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн байгууллагын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, даргын тушаалаар баталснаар алба хаагч нар тухайн тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх үндэслэл болно.

Хэрэгт хавсаргасан ажлын байрны тодорхойлолттой яллагдагч нар танилцаж гарын үсэг зураагүй, мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргээ мэдэж байсан болох нь яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаартай захирамжид яллагдагч нарын ажлын байрны тодорхойлолтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтыг зөрчсөн гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын нэр дээр гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдолд дурдагдсан зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/4752 тоот “гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр Баянгол дүүргийн прокурорын газарт ирүүлснийг тус прокурорын газар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрхэмбаяр нь гомдлыг хүлээн авч хянаад Г.С, С.М, Б.П, Т.Ж, Б.У нарт холбогдох эрүүгийн 1905 0097 60345 дугаартай хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 572 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн тул гомдолд дурдсан асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 785 дугаартай хариу мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Тус хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 572 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсний дараа өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан гомдол тус прокурорын газарт ирсэн тул уг гомдол, гомдолд өгсөн хариу хэрэгт хавсаргагдаагүй болно.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Д.Баттулга нараас хэрэгт хяналт тавьж буй прокурорт мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлт 4, мөрдөгч, прокурорын шийдвэрийн талаарх гомдол, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт 2, Улсын ерөнхий прокурорын газарт 2 удаа гаргасныг прокуророос хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж хүсэлт, гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатад гаргасан гомдолд дурдагдсан асуудал нь өмнө хэрэгт хяналт тавьж байсан прокурор болон дээд шатны прокурорт гаргаж шийдвэрлэсэн гомдолтой ижил утга бүхий гомдол байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл байхгүй байна.

Мөн түүнчлэн шүүгчийн захирамжийн тодорхойлох, захирамжлах хэсгүүдэд яллагдагч Г.С, С.М, Б.П, Т.Ж, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй гэжээ.

Гэвч мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.С, С.М, Б.П, Т.Ж, Б.У нарт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 89, 90, 91, 92, 93 дугаартай захирамжуудаар “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Яллагдагч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагч Т.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагч Г.Сын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Г.Сыг ямар ажил үүрэгтээ хайнга хандсан болохыг тогтоогоогүй. Сахилга хариуцлагад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэдэг. Яаж биелүүлээгүй юм бэ, хэрхэн аль заалтыг хангахгүй байгаа юм бэ гэдэг нь маш ойлгомжгүй байдлаар буюу ерөнхий байдалтайгаар бичигдсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч Цагдан хорих 461 дүгээр ангийн угтах хэсэг буюу яллагдагч нарыг цагдан хорьж буй объектоос 400-500 метрийн зайтай байсан. Гаднаас хоригдож буй хүмүүсийг хүлээж авах, мөн гаргах зэрэг бүх хүмүүс нэвтэрч буй хэсэгт байсан. Ийм байхад ажилдаа хайнга хандсан гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх зөв зүйтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.

 

Яллагдагч С.Мы өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Миний үйлчлүүлэгчийг хорих ангийн харуул хамгаалалтын журмын 7.8.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа. Гэтэл С.М нь тухайн үед ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн талаараа өөрөө хэлдэг. Энэ нь камерийн бичлэгээр давхар нотлогддог. С.М нь хорих өрөөнд байсан хоригдогчтой уулзаж ярилцсан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд энэ талаар асуугаагүй. Дүрэм, журмын талаар л асуусан байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Мөн хэргийн газарт шилний хагархай байсан. Тухайн хоригдогч хорих ангид ирж хоригдоход тэр гоо сайхны жижиг цүнхэнд нь шилтэй крем байсан байдаг. Жирийн хоригдогч нарт шилтэй үнэртүүлэгч хүртэл оруулдаггүй байтал яагаад шилтэй кремийг хураалгүй оруулсан юм бэ. Дутуу үзлэг нэгжлэг хийснээс болж хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бий болгосон байна. Дүрэм, журам ярихаасаа илүү хариуцлага алдаж дутуу үзлэг, нэгжлэг хийсэн хүмүүсээ татаж шалгах нь зүйтэй. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна гэв.

 

Яллагдагч Б.Пгийн өмгөөлөгч Б.Адалбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.Пг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Түүнийг гол буруутгаж буй акт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар баталсан “Ажлын байрны тодорхойлолт” болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам” зэрэг байгаа. Дээрх актанд харуулын бага дарга гэсэн албан тушаалтан байхгүй. Харуул хамгаалалтын дотоод журмын 7.13 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж Б.Пг буруутгасан. Уг заалтад харуул хамгаалалтын даалгавар гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Энэ үүрэг харуулын бага даргын үүрэг биш. Ийм байхад өмгөөлөгч аваагүй байдлыг далимдуулж  яллагдагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Харуулын бага даргыг ямар учраас уг хүмүүсийн дунд оруулж ирсэн бэ гэвэл, Хорих ангийн харуул хамгаалалтыг зохион байгуулахын тулд даргын тушаалаар нэмэгдлээр оруулж ирсэн албан тушаал байдаг. Харуул хамгаалалтын дотоод журамд “ажилтнуудад хориглох зүйл” гэсэн заалт бий. Харуул хамгаалалтын ажилтан хорих ангийн өрөөг онгойлгож болохгүй. Харуулын бага дарга ямар нэгэн байдлаар хаалга онгойлгох тохиолдолд нэмэгдлээр орж ирж даалгавар гүйцэтгэж буй харуулын хажууд байж үүрэг гүйцэтгэх хүн байдаг. Иймд яллагдагч Б.П нь хохироод явж байгаа юм. Хорих ангид хоригдож буй хүн болгоныг анхаарал татсан хоригдогч гэж авч үздэггүй юм. Ямар албан тушаалтан, ямар хүн анхаарал татсан хоригдогчийн тоонд орохгүй вэ гэдгийг хорих ангийн харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга жагсаалт гаргаж хорих ангийн хоногийн жижүүрт нь танилцуулдаг юм. Энэ дотор хохирогчийн нэр байгаагүй гэж үзэж байна. Яллагдагч Б.П ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 

Яллагдагч Б.Уранбайгалийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэдэг нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд бид үүнийг шаардсан. Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтыг яллагдагч нар үзэж, харж, танилцаж байснаа мэддэггүй. Жишээлбэл 2014 оны журам байдаг юм билээ. Түүнд хоригдогчийн 10-15 өрөөний дунд нэг хянагч байх ёстой гэсэн байдаг. Тэгтэл 27 өрөөний дунд У 24 цагийн хугацаагаар явж байсан. 24 цагийн хугацаагаар явж буй хүнд өдрийн 1 цагийн амралт байдаг. Энэ үед оронд нь хүн ирдэггүй. “П” хэлбэрийн хорих байрыг тойроход дунджаар 150 метр байдаг, ачаалал хэтэрхий хүнд байсан. Ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор шаардаж, Цагдан хорих 461 дүгээр ангиас иргэний хариуцагч томилуулах гэсэн гол шалтгаан нь эдгээр зүйлийг тодруулах санаа зорилготой юм. Үнэхээр ажлын байрны ачаалал хэтэрсэн байсан юм уу, ажлын байраа хаяж явах боломж байсан юм уу, үгүй юм уу гэдгийг мөрдөн байцаалтын шатанд буцааж тодруулах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна гэв.

 

Яллагдагч Т.Жын өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Яллагдагч Т.Жыг ажил үүргээ биелүүлээгүйн улмаас амиа хорлох нөхцөл байдлыг бий болгосон гэж үзсэн. Хэргийн материалаас харахаар яллагдагч Т.Ж нь камерийн хяналтаа бүрэн тавьдаг. 128 дэлгэцийг хянадаг. Түүнийгээ 8 хэсэгт хуваагаад 2 маустай ажилладаг. Ажлаа цаг тухай бүрт нь хийж байсан. Мэдээгээ цаг тухай бүрт нь өгөөд явсан. Цагдан хорих 461 дүгээр ангийн захирагч нь “бид камерийг сайжруулах талаар дээшээ төсвийн асуудлаар хандсан боловч болохгүй байгаа. Ийм асуудал байдаг, үүнийг хүлээн зөвшөөрнө” гэж мэдүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Цагдан хорих 461 дүгээр анги камераа сайжруулсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч ажиллаж байх үед маш хүндрэлтэй байсан. Миний үйлчлүүлэгч байгууллагын хариуцлагагүй байдлаас болж хохирсон. Ажлын байрны тодорхойлолтын талаар хэрэгт тодорхой байдаггүй. Яллагдагч Т.Ж 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажилд орсон. Та ийм ажил байдлын тодорхойлолттой гэж танилцуулсан асуудал байдаггүй. Прокурор “яллагдагч нар өөрсдөө юу хийхээ мэддэг” гэж байна. Гол нь хууль эрх зүйн акт ярьж байгаа тул үр дүнгийн гэрээнд заасан үүрэг нь юу вэ, ямар хэм хэмжээний актанд заасан үүргээ биелүүлээгүй вэ гэдгийг тогтоох ёстой гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сандагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талийгаачийн амь нас хохирсон асуудалд 5 яллагдагч шүүгдэж байна. Амь насаа хорлох ямар нөхцөл байдал байсныг тодруулах саналтай байна. Эдгээр хүмүүс ажлын хариуцлага алдаж амиа хорлох гэж байхад нь хараагүй байна. Хамгийн гол нь миний хань яагаад амиа хорлох болсон тэр нөхцөл байдлыг тодруулах хэрэгтэй байна. Тухай үед миний ханийг хууль бусаар хорьсон, өмгөөлөгч авах боломж олгоогүй, мөрдөн байцаах үйл ажиллагааг зөрчсөн, олон цагаар хоол ундгүй байцаалт явуулж хорьсон байдаг. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ходоодонд нь ямар ч хоолны үлдэгдэл байхгүй гэж гарсан. Ажлын байрнаас нь авч явахад нь “ус ууя” гэхэд нь ус уулгаагүй байдаг. Харгис хандсан харагдаж байна. Яагаад амь насаа хорлох болсон шалгаан нөхцөлийг тодруулж, тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг, Н.Сандагдорж нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Шүүгчийн захирамжид миний гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэх асуудал дурдагдсан байгаа. Уг хэргийг шалгахдаа 5 яллагдагч нарын үйлдэлд чиглүүлээд цаад Салхитын мөнгөний ордны хэргийг шалгахдаа хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, цагдан хорьсон, дарамт шахалт үзүүлсэн ажиллагааг огт шалгаагүй орхигдуулсан. Үүнийг шалгахыг хүсээгүй, хүчин мөхөстсөн байдаг. Улсын ерөнхий прокурорын орлогч хүртэл шалгуулах гэж яваад дийлээгүй. Амь нас хохирсон шалтгаан нөхцөл бол Салхитын мөнгөний ордны хэрэгтэй холбоотой уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөн байцаагч, хяналт тавьж буй прокурорын ажилтнуудын хариуцлагагүй буруутай үйл ажиллагаанаас болоод уг хүн хууль бусаар хоригдож амь насаа хохироочихсон. Уг хэрэгтэй зайлшгүй холбож нэгтгэж шалгах ёстой гэдэг байдлаар Нийслэлийн прокурорын газарт хандаж гомдол гаргасан. Харамсалтай нь миний гомдлыг хэрэгт хавсаргаагүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шалгаж байсан мөрдөгч, прокурорууд хариуцлагаас мултраад ажлын хариуцлага алдсан эдгээр 5 яллагдагч нар яагаад яллагдах гээд сууж байдаг юм бэ. Үүнд маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх тул миний гаргасан гомдол, хүсэлтэд дурдсан зүйлийг магадлалдаа дурдаж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх яллагдагч Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан гомдол хавтаст хэрэгт авагдаагүй,  хэргийн оролцогч нарт хяналтын камерийн бичлэгийг үзүүлээгүй тухай тайлбарлаж байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

                                                                                    

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.” гэж хуульчилсныг зөрчиж тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан байна гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх тул Г.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар татвал зохих хүн, хуулийн этгээдийг зөв тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах  шаардлагатай гэж үзэв.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлүүдээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх тул прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ /3хх 195-209/ авсан байх бөгөөд тухайн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсний дараа  2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан болохыг дурдах нь  /7хх 236-240/ зүйтэй.

           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.С, С.М, Б.П, Б.У, Т.Ж нарт урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ