Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 149/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Хохирогч Б.Дангаасүрэн

Шүүгдэгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Чинбатад нарт холбогдох эрүүгийн 2232002130162 тоот 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1973 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 49 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон Хараагийн 5-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Сангиданзаны Чинбат/рд:ИЮ73110816/

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч С.Чинбат нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Суваргатай уул” гэх газарт тоёота приүс-20 загварын 15-87 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ... б/Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9. “Хүн тээвэрлэх”... 3/өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган, Б.Дангаасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч С.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг дахин өгөхгүй. ...гэх мэдүүлэг.

 

Хохирогч Б.Дангаасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Чинбат миний эмчилгээний бүх зардлыг гаргасан. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  2232002130162 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч Б.Дангаасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12-17 цагийн хооронд манай найз Баярсайхан, Ерлик хоёр манай гэрийн пийшинг янзалж өгсөн юм. Тэгээд бид гурав пийшин янзалж дуусаад 0.75 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд Чинбатыг ажлаасаа ирчихсэн гэхээр нь найз Чинбатыг дуудсан юм. Тэгсэн Чинбат ирээд манай хүүхдийн машиныг бариад бид гурвыг суулгаад дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил Хараа архийг аваад Суваргатай уул руу гараад ууя гэж бодоод явж байтал нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. Миний өвчүүний яс хугарсан байна гэсэн. Намайг эмч хэвтрийн дэглэм сахь гэсэн. Тээврийн хэрэгслийг Чинбат барьж явсан. Би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. ...Надад хэн нэгэн хүнд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 16, 27 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч М.Алтан-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг хугацаат цэргийн алба хаагаад халагдаад ирэхэд манай аав Мягмардорж надад бэлэглэсэн юм. ...Би тээврийн хэрэгслээ 9000000 төгрөгөөр үнэлж байна.Үнийг яг сайн хэлж мэдэхгүй байна. ...Манай хойд аав Б.Дангаасүрэн болон С.Чинбат ах хоёр надад миний машины оронд цагаан өнгийн Т-приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад өгсөн. Тийм учраас одоо надад гаргах ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/

-Насанд хүрээгүй гэрч Э.Энх-Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би орой 19 цагийн үед гэрээсээ морьтой гараад Түнхэл тосгоны төвд байрлах Мийгаа эгчийн биллиардад ороод өөрийн найз Х.Сугартай таараад би орой Зүүнхараа явна. Хамт усанд орох уу гэж асуухаар нь тэгье гэж хэлээд халуун усанд орохоор гараад жижиг Тодоо эгчийн дэлгүүр рүү Х.Сугар ороод юм авчаад гарч ирээд шууд халуун ус руу өгсөөд явж байсан чинь 21 цагийн орчимд суваргаас нэг машин голын эрэг рүү унаж байхыг хараад Түнхэл 5 дугаар багийн хэсгийн цагдаагийн 95399416 дугаар руу өөрийн 89822272 дугаарын утсаар залгаж дуудлага өгчхөөд халуун ус руу орсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Т.Ариунтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цаг 40 минутын орчимд намайг Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвд 24 цагаар жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд манай Түнхэлийн цагдаа Сүхбат орж ирээд суваргатай уулнаас доошоо машин онхолдсон байна, хүмүүс бэртэж гэмтсэн байж болзошгүй, биеийн байдал нь муу байна гэсэн. Яаралтай ирээрэй гээд явсан. Тэгээд би жолооч Пүрэвсүрэнгийн хамт тухайн осол гарсан газар очиход гурван хүнийг нь гаргачихсан, Дангаасүрэнг машинаас нь яг гаргаж байсан. Баярсайхан гэдэг нь толгойны баруун хэсгээс цус гарсан, ил шархтай, цээж нь өвдсөн гэсэн зовуурьтай байсан. Ерлик гэдэг нь биеийн байдал нь хэвийн байсан. Чинбат нь шоронд орчихсон байдалтай, айсан, сандарсан байдалтай байсан. Дангаасүрэн нь болохоор ил шархтай, өвчүүний тус газарт, явж хөдлөхөд өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Тэгээд би дөрвүүлэнг нь машиндаа суулгаад эмнэлэг рүү яаралтай авч ирсэн. Чинбат жолоодсон байдалтай, би найзуудаа баллачихлаа, хүнд байдалд оруулчихлаа, алахаар шахлаа гэчихсэн шоконд орсон байдалтай байсан. Намайг эмнэлэг дээр авчраад үзлэг хийхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдалтай байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Алтантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Дангаасүрэн миний төрсөн ах байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө манай нөхөр Энхболд, Дангаасүрэн ахын гэрт нь тавилга ирээд тэрийг нь угсарч өгөхөөр яваад өдөр 15 цагийн үед ирэхдээ Дангаасүрэн ахын хар өнгийн приус-41 маркийн автомашиныг нь унаад ирсэн. Тэгсэн орой 21 цаг 50 минутын орчимд нэг хүүхэд манай дэлгүүрийг хаахын өмнө нь орж ирээд ундаа аваад гарсан. Тэгэхдээ нүдэн дээр нэг машин суваргатай уулны уруу нисээд уначихлаа гэхээр нь би Зүүнхараагаас ирж байгаа машин зам мэдэхгүй уначихсан юм болов уу гэж бодсон. Тэгсэн удалгүй Бэгзээ гэдэг хүн над руу утасдаад танай ах Дангаа зүгээр үү, энэ суваргын уруу нэг машин уначихсан юм шиг байна, хүүхдүүд тэгж яриад байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн нөхөр Энхболдын хамт очиж үзтэл эмнэлгийн машин түрүүлж очоод манай ахыг хамт явж байсан хүмүүстэй нь аваад эмнэлэг явчихсан байсан. Тэгээд эмнэлэг дээр иртэл Дангаасүрэн ах цээжин дээр амьсгалж болохгүй байна, би зүгээр зүгээр гэчихсэн тонгойгоод явж чадахгүй байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч А.Ерлик мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12-17 цагийн хооронд өөрийн найз Дангаасүрэнгийн гэрт найз Баярсайханы хамт гэрийнх нь пийшинг янзалж өгсөн юм. Тэгээд бид гурав пийшин янзалж дуусаад 0.75 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд би цаашаа юу болсноо сайн санахгүй мэдэхгүй байна. Би архи их уугаад тасарчихсан байна. Нэг мэдсэн чинь би найзуудтайгаа осолд орчихсон, цагдаа нар ирчихсэн, манай найз Дангаасүрэнг машинаас нь гаргах гээд оролдоод байсан. Харин манай найз Чинбат уйлчихсан, би найзынхаа машиныг эвдээд, байхгүй болгоод хаячихлаа ш дээ гээд байсан. Тэгээд бид нарыг эмнэлгийн машин ирээд аваад явсан. Би Чинбатыг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж бодож байна. Яагаад гэвэл Чинбат осол болох үед тэгээд уйлаад байсан юм. Би осол болох үед машины хаана сууж явж байснаа санахгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч С.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед тасарчихсан байсан болохоор хэн тээврийн хэрэгсэл жолоодон явж байсныг сайн мэдэхгүй байна. Чинбатыг барьж явсан гэж манай найзууд хэлж байна лээ. ...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Чинбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хийсэн хэрэгтэй гэмшиж байна, надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...Би өөрийн буруугаас болж зам тээврийн осол гаргасан тул өөрийн 73-34 УНГ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Алтан-Одод  өгч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан.Алтан-Од нь одоо Дангаасүрэн болон ээжтэйгээ цуг нэг гэрт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарн 30-ны өдөр буюу зам тээврийн осол болсон өдөр Алтан-Од нь самарт явчихсан байсан тул машиныг нь Дангаасүрэн хэрэглэж байсан юм билээ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 105 дугаар хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 3 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 5-10 дугаар хуудас/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас/Хх-ийн 63 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №178 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Б.Дангаасүрэнгийн биед өвчүүний хугарал, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдсон

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 71-72 дугаар хуудас/,

АСБЦД ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №001/51 дугаартай дүгнэлт:

1.Toyoto приус-20 маркийн 15-87УНИ тээврийн хэрэгслийн жолооч Сангиданзан овогтой Чинбат/ЙЮ73110816 Toyota prius-20 маркийн 15-87 УНИ тээврийн хэрэгслийн жолооч Сангиданзан овогтой Чинбат /ЙЮ73110816/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 12.3, 23.9 з заалтуудыг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ... б/Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9. Хүн тээвэрлэх... 3/өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав. ...гэх дүгнэлт/хх-ийн 37 дугаар хуудас/,

Арвижих –Эстимейт ХХК-ний үнэлгээний тайлан/Хх-ийн 90 дүгээр хуудас/  

Шүүгдэгч С.Чинбатын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт/Хх-ийн 129 дүгээр хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч С.Чинбатыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч С.Чинбат нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Сайрын хэсэг гэх газарт иргэн М.Алтан-Одын эзэмшлийн тоёото приус-20 маркийн 15-87УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ... б/Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9. Хүн тээвэрлэх... 3/өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр ...гэснийг зөрчиж иргэн Б.Дангаасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Дангаасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/Хх-ийн 16, 27 дугаар хуудас/,насанд хүрээгүй гэрч Э.Энх-Амарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/,гэрч Т.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/ гэрч Б.Алтантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч А.Ерликийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч С.Баярсайхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 31 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №178 дугаартай дүгнэлт/Хх-ийн 71-72 дугаар хуудас/, АСБЦД ХХК-ний шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №001/51 дугаартай дүгнэлт/Хх-ийн 37 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч С.Чинбат нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хуулийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч С.Чинбатын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, амь насыг нь хохироосон үйл нь шүүгдэгч нар нь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа  өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, бүрэн бүтэн байдал, цаг уур, зорчин яваа замын нөхцөлийг зөв тооцоолоогүй, жолооч өөрийн самбаачлах ур чадвар зэргийг үл тооцож замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болно.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

  Иймд шүүгдэгч С.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Дангаасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч С.Чинбатын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Дангаасүрэнгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж нэхэмжлээгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

   Гурав.Шүүгдэгч С.Чинбатад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Чинбат нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Шүүгдэгч С.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн  хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч С.Чинбатад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Чинбат нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд шүүгдэгч С.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохирсон торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна

 

            Шүүгдэгч С.Чинбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч С.Чинбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шарнууд овогт Сангиданзаны Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Б.Дангаасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чинбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чинбатад оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чинбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Чинбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч С.Чинбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Дангаасүрэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Чинбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ