Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/978

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Нэргүй,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Б.Н /өөрийгөө өмгөөлж/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 2211014561752 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, Б.Н, 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, Баянгол дүүргийн 5 дугаар хороо Эрэл....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны гадна иргэн О.Зг нулиман, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь шүүгдэгч Б.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрийн буруутай үйлдийг хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хэргийг түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг /хх-66/,

          Хохирогч О.Згаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө манай ээж болох Э Австрали явах гээд 06 цаг гээд гэрээсээ гарсан юм. Гэтэл байрны үүдэнд урт үстэй залуу нь найз охинтойгоо хардалтаас болоод маргалдаад байх шиг байсан. Тэр үед би машинаа холдуулж нэгдүгээр орцны цаад талд аваачиж тавьчихаад, буцаад дүү болох Болорхүслэн хүүхэдтэйгээ гарч ирж байсан учир айчих байх гэж бодоод тэр орцны үүдэн дээр явж очсон. Тэгээд кодоо хийх гээд зогсож байтал шууд миний нүүр лүү урт устай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, биеэ авч явах чадваргүй шахам залуу над руу ямар нэгэн шалтгаангүйгээр нулимсан. Тэгэхээр нь би хар хувцастай найзад нь хандаж миний дүү найзыгаа аваад жаахан зайтай зогсчих, дотроос нялх хүүхэд гарч ирэх гэж байна гэж хэлсэн. Тухайн үед тэр урт үстэй гэх залуу нь орцны хаалга нүдээд, өшиглөж балбаад, орилж хашгираад байхаар, холдуулчих гэдэг шаардлагыг л тавьсан юм. Би бодохдоо тэр охинтой маргалдсан уурандаа над руу агсарч ямар нэгэн шалтгаангүйгээр миний гар луу хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөхөөр нь чи яагаад байгаа юм? гээд, чи цаашаа байж байлдаа гээд уурласан, би У гишүүний дүү та нар намайг яаж ч чадахгүй, бүгдийг чинь ална шүү гээд орилоод байсан. Тэгээд манай нөхөр бас машинаа цаад талд нь тавьчихсан байж байгаад ирээд холдуулах гэтэл намайг юу юугуй зүүн талын толгойн хажуу хэсэг рүү гараараа атгаж байгаад цохиод авсан. Тэгэхээр нь манай нөхөр чи одоо яагаад байгаа юм гэж хэлээд тэвэрч аваад, надад хандаж цагдаа дууд гэж хэлсэн. Гэтэл хамт байсан найз нь гүйгээд зугатаагаад яваад өгсөн юм. Манай нөхөр тэвэрчихсэн байх үед нөгөө урт үстэй залуу мөн л эсэргүүцэх үйлдэл үзүүлж гар хөлөө савчуулаад байсан. Би нөхөртөө хандаж наадахаа тавьчихаа, аягүй бол бэртээд гэмтчихнэ гэж хэлээд тавиулсан юм. Тавих үед найз нь зугатаасан чиглэлрүү араас нь гүйсэн. Манай нөхөр араас нь гүйхээр нь наад хоёроо хаячихаа энд хоёр эмэгтэй нь байна гэж хэлсэн юм. Тухайн үед үүдэнд нөгөө урт үстэй залуутай маргалдаад байж байсан, хоёр охин орцноос гараад ирсэн. Тэр хоёрт хандаж намайг зодчихоод зугтаачихлаа гэж хэлсэн юм. Намайг цохисон залуу нь эхлээд гарлуу хөлөөрөө өшиглсөн гуталгүй байсан учир сүртэй гэмтэл учирхаар зүйл болоогүй. Харин баруун гараараа цохисон санагдаж байна. Нүүр рүү цохих гээд дайрах үед нь би бултаад миний толгойн зүүн талын шанааны орчимд гараараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэр цохилтоос болоод ч юм уу, даралт ихсээд нүд бүрэлзээд байдаг болчихсон. Хэрэв энэ цохиолтоос болоод надад гэмтэл үүссэн байх юм бол би эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ..Нүүрэндээ ил харагдах шарх, сорив байгаагүй. Тухайн үедээ дээгүүрээ нүцгэн, гуталгүй, өмдтэй л явж байсан. Тэгээд намайг гарч ирэхэд гар хөлөөрөө цементэн гражруу цохиж бариад орилоод л яваад байсан..., ...миний нүүрлүү нулимж, хөлөөрөө өшиглөж гараараа цохьсон үйлдэлд гомдолтой байна. Сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Тэр асуудлаас болж улаимжлалт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр үед надаас 250.000 төгрөг гарсан энэ зардлаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, /хх-27-30/

              Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах 3 дугаар байрнаас хадам эмээгийнхээ гэрээс эхнэр Згийн хамт гэрлүүгээ харихаар гарч явах үед, хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй гадаа маргалдаж дээгүүрээ нүцгэн залуу байсан гэх залуу нь орилж хашгираад дайраад байхаар нь найз нь гэх хар өнгийн куртиктэй залуу болиулах гээд салгасан байдалтай байсан. Тэгээд цементэн гражруу очоод гар хөлөөрөө өшиглөсөн цохьсон байдалтай байсан. Хажуугаар нь өнгөрч явсан залуучуудтай хүртэл маргалдаад л өнгөрч байсан. Манай эхнэр өөрийнхөө машиныг орцны үүдэн дээрээс холдуулаад, миний машины ойролцоо зогсоол дээр тавьсан байдаг. Машинаа тавьчихаад араас жаахан хүүхэд гарч ирж байгаа гээд надаас түрүүлээд орцруу явсан. Би араас нь очих үед манай эхнэр надад хандаж энэ урт устай цээж нүцгэн залуу намайг нулимаад өшиглөлөө..." гэж хэлсэн. Тэр үед нөгөө маргалдаад зогсож байсан хоёр охин байхгүй байсан ба нөгөө залуу чинь орцны хаалга үүд нүдэж балбаад зогсоод байхаар нь миний дүү нар цаашаа явчихаа гэж хэлээд тэр хоёр залууг цааш нь түлхсэн. Гэтэл хар хувцастай залуу нь цааш нь аваад явах гэтэл нөгөө нүцгэн байсан гэх залуу нь явахгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн, гэтэл манай эхнэр за эгчийн дүү нар явчихаа эгч нь төрийн албан хаагч хун шүү гээд үнэмлэхээ үзүүлсэн. Тэр үед зодолдчих уу хөөе? муу гөлөгнүүдээ би У гишүүний дүү байна гээд орилоод байсан.. ба тэр үед нөгөө найз гэх залуу нь цааш нь аваад явах шиг болсон. Бид хоёр орцны код хийх гээд зогсож байтал араас "пид пад" гээд чимээ гарсан бөгөөд шууд ирсэнээ манай эхнэрийн толгойн зүүн шанаа орчимд нь нөгөө цээж нүцгэн, урт устэй залуу учир зүггүй гүйж ирээд шууд гараараа цохиод авсан. Тэгэхээр нь яаж байна гэж хэлээд зууралдаад орцноос холдсон. Тэр зууралдаж байх хооронд дахиад 2-3 шанаа орчимд нь удаа дараа цохьсон. Тэгэхээр нь " чи яаж байнаа" гээд тэр залууг нь тэврээд авсан юм. Гэтэл нөгөө урт үстэй залуутай хамт явж байсан гэх залуу цаашаа зугатаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-21/

 

           Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүсэн: ..2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз залуу болох Нтай Хүүхдийн 100 д байрлах 2и гэх нэршилтэй баранд Э гэх манай найз бид гурав уулзалдсан. Тэгээд тэнд бид гурав бүжиглэж байсан бөгөөд Н болон Э гэх манай найз нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Тэндээс 03 цагаас 04 цагийн хооронд гараад Тэнгис кино театрын баруун талд байлах 3 дугаар байрны үүдэнд өөрийн найз охин Этэй ирсэн юм. Гэтэл манай найз залуу өөрийн найз болох Бын хамтаар бид хоёрын араас хүрээд ирсэн. Тэгээд орцны үүдэн дээр манай найз залуу намайг оруулахгүй гээд хажууд зогсож байсан. Би өөрийн найзтайгаа хамт гэрийнх нь орцруу явж орсон бөгөөд хаалга нь хаагдсаны дараа бид хоёр 7-8 дугаар давхарт гадаа сууж байсан. Гэтэл Н гадаа орилоод байгаа чимээ сонсогдоод байсан. Орилоод байхаар нь Э надад хандаж хоёулаа гарах уу? гарах юм биш үү? гээд бид хоёр гарсан бөгөөд гарах үед Н найзын хамтаар зугтаж байсан. Тэр хоёрын араас нөгөө ах бас гүйж байгаад, гүйцэж чадалгүй буцаад хурээд ирсэн. Гэтэл бид хоёрыг гараад ирсэн чинь нэг эгч манай найз бид хоёрыг бариад авсан юм. Тэгэхээр нь юу болсон юм бэ эгчээ? гэтэл, "намайг цохьчихлоо, гээд гараа бариад тоостой юм үзүүлээд байсан" гэж хэлсэн юм. Тухайн эмэгтэйн биед ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Гаднаас нь харах үед тэр эгчийн /зуун баруун талын гар/ аль байсан эсэхийг нь санахгүй байна ямарч байсан тоос шороо болчихсон байдалтай л харагдаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-36/

 

 Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орой яг хэдэн цагт байсан эсэхийг санахгүй байна. Бид гурав хамтдаа хүүхдийн 100-д байрлах Zu гэх нэршилтэй баранд орж бүжигласэн юм. Тэгээд байж байгаад Н болон Н хоёр яг юунаас болж маргалдсан гэдгийг санахгүй байна. Маргалдаад байхаар нь би Ныг аваад өөрийн гэрлүү буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 67 тоот гэрлүүгээ аваад хурээд ирсэн юм. Гэтэл бид хоёрын араас Н дагаад таксидаад хүрээд ирсэн юм. Манай гэрийн гадаа ирэх үед үүр цайчихсан байсан тэгэхээр 05 цагаас 06 цагийн орчимд байсан гэж бодож байна. Н ирсэний дараа манай найз болох Энх-Н нар нь орцны гадна хардалтын улмаас дахин маргалдсан. Маргалдаж байхад нөгөө ах эгч хоёр орцноос гарч ирсэн бөгөөд би Ныг аваад орцруу орсон. Орцонд 10 орчим минут суусан бөгөөд, орцны гадаа чанга дуугаар орилж хашгираад байхаар нь гарсан чинь Нурка цаашаа зугатаагаад яваад өгсөн. Гэтэл бид хоёрыг гараад ирсэн чинь нэг эгч бид хоёрыг бариад авсан юм. Тэгэхээр нь юу болсон юм бэ эгчээ? гэтэл "намайг цохьчихоод зугатаачихлаа, найзыгаа олоод ир" гэж хэлсэн юм. Тухайн эмэгтэйн биед ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Нүүрлүү цохичихлоо гээд хацраа бариад, заагаад байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг, /хх-37х/

 

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн орчимд гэрлүүгээ харих гээд нөхөр болон хүүгийн хамт гарцгаасан. Эмээгийн гэрээс гарах үед орцон дотор хоёр эмэгтэй хүн зогсчихсон байсан бөгөөд, гадаа зодоон болоод байгаа юм уу гээд асуутал үгүй ээ хардалт болоод байгаа юм гэсэн. Тухайн үед гадаа маш чангаар орилж хашгирч байсан нь сонсогдоод орцны хаалга нүдээд байсан. Би өөрөө нялх хүүхэдтэй явж байсан учир айлгаж ичээхгүй гэж бодоод аль болох эвтэйхэн хажуугаар нь гарахыг бодсон. Орцны хаалгаар гарахад урт үстэй залуу нь дээгүүрээ нүцгэн, орилж хашгираад байсан. Тэгэхээр нь бид хоёр хүүхдээ аваад бушуухан шиг зөрж өнгөрөөд яваад өгсөн. Гэтэл бид 3 очсоны дараа буюу ойролцоогоор 10 минутын дараа манай нөхөр лүү залгаад Та гурвыг хойноос гарч ирнэ гээд хаалга барьж байгаад хүнд цохиулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-38/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмч Б.Д 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11889 дугаартай дүгнэлтэд: “..О.Згийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндтйг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-20/, шүүгдэгч Б.Ны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч О.Зд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь О.Згийн нүүрэн тус газарт гараараа цохиж үүний улмаас зүүн түүний биед хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй, энэ нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

                                      

Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.З эмчилгээний зардалд 250.000 төгрөг зарцуулсан бөгөөд шүүгдэгч Б.Н нь дээрх хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Хохирогч О.З нь гомдол санал, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Нд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР