Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0949/Э |
Дугаар | 2022/ШЦТ/975 |
Огноо | 2022-12-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/975
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Шүүгдэгч Б.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 2211 01627 1928 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.С, 1984 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, халх, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа, Монгол гэрийн тавилгын цехэд ажилладаг, ам бүл 3, аав ээжийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 9 дүгээр гудамжны гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:...
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке бааранд үйлчлүүлэх үедээ хамтран амьдрагч, хохирогч Б.Мг хардан түүний нүүрэн тус газарт цохиж улмаар түүний биед баруун нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Сгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Сгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тухайн үед М нь зүс таних Энхүүштэй хамт миний хойно хөтлөлцөж яваад байсан ба, би эргээд харахад М газар уначихаад тэврэлдээд байхаар нь би Мг хардсандаа Энхүүштэй маргалдаж муудалцаад тэгээд Мд ууралсандаа нүүр лүү нь гараараа цохичихсон..” гэсэн мэдүүлэг /хх-55-56/,
Хохирогч Б.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн : “..20 цаг өнгөрч байхад 32-ын тойргийн тэнд байдаг ажлаасаа тараад хамтран амьдрагч болох Б.Стэй утсаар холбогдож уулзахаар болоод би таксидаад “Нарантуул-2” захын тэнд очиж уулзаад Б.Сгийн хамт байсан гэх найзуудынх нь гэрт очиход 4-5 эрэгтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан...караоке бааранд ороод...Б.Сгийн найзууд бүжиглэж байхаар нь хамт бүжиглэж байгаад нэг хартал Б.С ширээн дээрээ ганцаараа сууж байхаар нь би очоод Б.Сгийн урд талаас нь хараад суутал Б.С миний нүүр хэсэг рүү гараараа хүчтэй цохьчихсон. Тухайн үед би ухаан балартаад цохиулснаас хойш юу болсон талаар санахгүй байна, маргааш нь ..Д гэдэг хүний гэрт сэрэхэд, миний баруун нүд хавдаад хөхөрчихсөн байсан учраас Цагдаагийн байгууллагад хандах болсон...дээрх гэмтлүүдийг Б.С нь миний биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-6-8/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12467 дугаартай дүгнэлтэд: “..Б.Мгийн биед баруун нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-20-21/, шүүгдэгч Б.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Мд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Мгийн нүүрэн хэсэгт гараараа цохиж, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Сд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Сг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР