Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0774

 

 

 

 

 

 

 

 

   “СХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Я.Б, гуравдагч этгээд СЯ  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гуравдагч этгээд “Д” СӨХ

Нэхэмжлэгч: “СХ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: СЯ

Гуравдагч этгээд: “Д” Сууц өмчлөгчдийн холбоо

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 513 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Я.Б,

Гуравдагч этгээд СЯ  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2022/0466

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “СХ” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Я.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарны 09-ний өдрийн А/1183 дугаар захирамжаар “СХ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0309 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1183 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т заасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоол гарснаас хойш 6 сарын хугацааг тооцож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамж гарсан. Энэхүү Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 дахь заалт, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.17 дахь заалт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.1.2, 8.1.3, 8.1.4 дэх заалтыг үндэслэн гарсан захиргааны акт бөгөөд “СХ” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр мөн.

 

3.2. “СХ” ХХК-ийн барьж буй барилга нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар олгосон Монгол Улсын СЯ  захиалгаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Үндэсний номын сангийн барилгын газрын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар “СХ” ХХК-ийн барилга нь зэргэлдээ орших нийтийн номын сангийн барилгын үзэгдэх орчинг хааснаас үүдэн номын сангаар үйлчлүүлэх оюутан, сурагч, тухайн орчинд амьдарч байгаа нийт оршин суугчдын нийтийн эрх ашигт нөлөөлөхөөр байна. Хүн амын нягтаршил, орчны даац, автомашины хөдөлгөөн, зогсоол, бохирын шугамтай ойр барьсан зэргээс шалтгаалж нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

3.3. “СХ” ХХК-ийн барилга нь Монгол Улсад мөрдөгдөж буй MNS ISO 11799:2019, MNS 5742:2019 стандарт, БНбД 31-01-10 Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт, БНбД 30-01-04 Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм, БНбД 21-05-10 Авто зогсоол, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж норм ба дүрмийг тус тус зөрчсөн. Номын сангийн барилгаас зохих зайг аваагүй, хэт ойр, нарны тусгалын стандартыг хангуулаагүй баригдаж буй барилга болохыг анхаарах нь зүйтэй.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0513 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд СЯ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “СХ” ХХК нь эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг, төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын тухай хууль болон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн болох үйл баримтыг бүрэн гүйцэд нягтлан, тогтоолгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тухайн барилгын ажил нь “Үндэсний номын сангийн барилгад “СХ” ХХК-ийн 16 давхар орон сууцны барилга баригдсан тохиолдолд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд их байна. Номын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын Үндэсний номын сан нь монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллага байна”, 7 дугаар зүйлийн 7.5-д “Үндэсний номын сангийн сан хөмрөг төрийн хамгаалалтад байна” гэж тус тус заасан.

 

4.2. ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар Үндэсний номын санд Сүхбаатар дүүргийн *** дугаар хороонд газар олгосон ба энэхүү газар дээр 9948,2 кв.м талбай бүхий А, Б, В блок /З блок/ зоорины болон 11 давхар бүхий Үндэсний номын сангийн барилга баригдан, ашиглалтад оруулахад дараах хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байна. Үүнд: Галын аюулгүй байдал, гамшиг ослын үед авах арга хэмжээний норм, дүрэм болон холбогдох стандартыг хангах шаардлага тулгарсан, Сүхбаатар дүүргийн төр захиргааны байр авто зогсоол багатай, дүүргийг чиглэсэн иргэд ихтэй байдаг. Номын сангийн барилга бүрэн хэмжээгээр ашиглалтад орсны дараа Монгол Улсын Үндэсний номын сангаар үйлчлүүлэх иргэдийн машин тавих зогсоол, гадна тохижилт ногоон байгууламж хийх, урд талд баригдаж буй 16 давхар барилга баригдсан тохиолдолд үзэгдэх орчингүй, байгалийн гэрэл, дулаан хаах эрсдэл бий болно. Номын сангийн сан хөмрөгүүдийг нүүлгэх, тавилга, техник, тоног төхөөрөмжийг зөөж тээвэрлэхэд хүндрэл үүсэж болзошгүй. Соёл, урлаг, боловсролын салбарын Үндэсний байгууллага болох Үндэсний номын сангийн орчны тохижилт, ногоон байгууламж, ажиллагсдын болон уншигч, хэрэглэгчдийн ая тухыг хангах, олон улсын номын сангуудын жишиг, хөгжлийн түвшинд хүрэх боломжийг бүрдүүлэх шаардлагад хүндрэл учирч байна.

 

4.3. Номын сангийн барилга нь Монгол Улсад мөрдөгдөж буй MNS ISO11799:2019 “Мэдээлэл ба баримтжуулалт. Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавих шаардлага” стандартад зааснаар эрсдэлийн тооцоог оролцуулсан ерөнхий үнэлгээ нь болзошгүй аюул, заналыг урьдаас тооцсон байна гэж заасан. Үүнд: Архив, номын сангийн өв сан бүхий байшин барих газар нь дараах эрсдэлийг харгалзан үзсэн байна. Байшин барилгыг дараах аюул заналыг тооцож, аюул сааруулах, саармагжуулах замаар доторх өв санг хамгаалахаар зохион байгуулсан байна. Байгаль цаг уурын гадаад орчны хэлбэлзлийн хөнөөлт үр нөлөөг аль болох багасгахын тулд барих байшингийн ерөнхий зүг чиг, хөрсний гулсалт болдог эсэх, барилга барих газар болон байшин барилгын цаг уурын ерөнхий байдалд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн шаардлагууд тавигддаг. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө”.

 

4.4. Үндэсний номын сан болон “СХ” ХХК-ийн 16 давхар орон сууцны барилгын хоорондын зай зөвхөн автомашины замаар тусгаарлагдаж байгаа нь барилга хоорондын зайн норм, стандартыг зөрчиж байгаа юм. Мөн Номын сангийн барилга нь Монгол Улсад мөрдөгдөж буй MNS5742:2019 “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” стандартын 4 дүгээр зүйлийн 4.4.2-т “Уншлагын танхимд байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг хосолсон байна” гэсэн байдаг. Үндэсний номын сан нь 11 давхар бүхий шилэн фасадтай барилга бөгөөд зохих стандартын дагуу нарны тусгалаар барилгын тодорхой дулаан болон байгалийн гэрлийг шийдэхээр баригдсан боловч чанх урд талд нь “СХ” ХХК- ийн 16 давхар барилга баригдаж байгаа нь номын сангийн нарны тусгалыг шууд хаах бөгөөд барилга стандарт нормын дагуу байгалийн гэрэл, үзэгдэх орчин, дулаан халах боломжгүй болох нөхцөл үүсэж байна.

 

4.5. Нийслэлийн Засаг даргын захирамжийн агуулгад “мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилсөн” мөн “нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн байх тул” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Нийслэлийн Засаг даргын “СХ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр юм. Үндэсний номын сангийн барилгад болон нийтийн эрх ашигт “СХ” ХХК-ийн 16 давхар орон сууцны барилга баригдсан тохиолдолд сөргөөр нөлөөлөх тул хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, үндэслэлтэй шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байсан.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0513 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж егнө үү“ гэжээ.

 

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Д” СӨХ дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

5.1. “...Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй тухайд: Маргааны хувьд гуравдагч этгээд “Д” СӨХ-ны орон сууц, Үндэсний номын сан барилга болон “СХ” ХХК нарын барьж буй барилга нь хоорондоо хэт ойрхон, барилгын норм дүрэм алдагдсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрдөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон уг хэсэгт барилга төлөвлөх боломжгүй байсан, барилгын үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн, Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын тэнхлэг өөрчлөх зөвшөөрөл аваагүй/ бохирын шугам эвдсэн, Ус сувгийн удирдах газраас зөвшөөрөл аваагүй зөөсөн/ мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хууль зөрчсөн нийтийн эрх, ашиг буюу Сүхбаатар дүүргийн *** дугаар  хорооны оршин суугчдын /нэхэмжлэгчийн зөөж, эвдсэн бохирын шугам нь Сүхбаатар дүүргийн *** дугаар  хорооны 7, 8, 9, 10 байрнууд болон Сүхбаатар дүүргийн бохирын шугам юм/ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж маргасан.

 

5.2. Анхан шатны шүүхээс “СХ” ХХК-ийг Нийслэлийн Засаг даргын 2004, 2010, 2015, 2018, 2020 оны захирамжуудаар газар эзэмшихтэй болсон талаар дүгнэж, 2012 онд үйлчилгээ, орон сууцны цогцолборын эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг батлуулж хуулийн дагуу барилга барих эрх үүссэн гэж дүгнэсэн байна. Хэрэгт нэхэмжлэгчийн нэр дээр 5 захирамж, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг авагдсан. Эдгээр кадастрын зургийн нэгж талбарын дугаар зөрүүтэй, нэхэмжлэгчийн анх хүсэлт гаргасан газрын байршил, одоо олгогдсон газрын байршил зөрүүтэй, хугацаа сунгахад газрын байршил солигдсон, кадастрын мэдээллийн санд Б.О гэх хүний нэр өмчлөл дээр байсан бүртгэлтэй байсан газар сүүлд нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн, усан сангийн хамгаалалтын бүсэд барилга баригдсан зэрэг зөрчилтэй, тодорхойгүй асуудлууд байдаг. Уг нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоотой баримтуудыг цуглуулах хүсэлтийг гуравдагч этгээдээс удаа гаргасан ч зөвхөн маргаан бүхий актын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан атал түүхээс тус зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоотой дүгнэлт хийсэн байна.

 

5.3. “СХ” ХХК-ийн барьж байгаа барилгын хажууд баригдсан бохирын шугамын хамгаалалтын бүсийн хэмжээ тус компанийн барилгын сууриас 2 метр зайтай байгаа нь тус компанийн буруутай үйлдэх, үйл ажиллагаанаас болоогүй, эрх бүхий байгууллагаас уг бохирын шугамыг шилжүүлэн зөөхийг зөвшөөрсөн, энэ нь техникийн хувьд боломжтой болох нь нотлогдлоо гэж маш ноцтой, баримт болон бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. Ийнхүү дүгнэхдээ, Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/724 дүгээр албан бичиг, Ус сувгийн удирдах газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2/1082 дугаар албан бичгүүд болон Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 365/2022 дугаар магадлалын дүгнэлтүүдийг үндэслэн “эрх бүхий байгууллагаас уг бохирын шугамыг шилжүүлэн зөөхийг зөвшөөрсөн, энэ нь техникийн хувьд боломжтой болох нь нотлогдлоо” гэжээ.

 

5.4. Гэтэл Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны 3/724 дүгээр албан бичиг, Ус сувгийн удирдах газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2/1082 дугаар албан бичгүүд дээр зөвшөөрөл олгосон нэг ч үг үсэг байхгүй, зөвхөн хуулийн дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрлөө ав гэсэн байдаг. Түүнчлэн уг бохирын шугамыг зөөхдөө зөвшөөрөл аваагүй болохыг Ус сувгийн удирдах газраас шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 7/647 дугаар албан бичгээр ирүүлсэн байхад шүүх уг баримтыг огт үнэлээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Энэ нь техникийн хувьд  боломжтой болох нь нотлогдлоо гэдэг нь ямар утгатай, ямар хуулийн дагуу, ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримт гэдэг нь тодорхойгүй ийм дүгнэлтийг анхан шатны шүүх хийж болохгүй. Түүнчлэн шүүхээс шийдвэрийн З дугаар зүйлийн 3.28 дэх талд “дээрхийг нэгтгэн дүгнэвэл, зөрчил нь нэхэмжлэгчийн буруу биш, нэхэмжлэгчийн буруугаас гуравдагч этгээд нарын эрх зөрчигдөөгүй харин Нийслэлийн Засаг дарга, түүний агентлагийн буруутай үйл ажиллагаанаас болсон” гэж дүгнэснээрээ өмнө хийсэн бүх дүгнэлтээ үгүйсгэсэн.

 

5.5. Давж заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэл арилаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0522 дугаар магадлалд ““СХ” ХХК нь өөрийн захиалан бариулж буй барилгын тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барихтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж, зөвшөөрөл авсан эсэх, маргаан бүхий газарт баригдаж буй 16 давхар орон сууцны барилга болон гуравдагч этгээд СЯ захиалгаар баригдаж буй Үндэсний төв номын сангийн барилга, “Д” СӨХ-ийн оршин суугчдын амьдарч буй барилга хоорондын зай бодитоор хэдэн метр болон энэ нь тус улсад мөрдөгдөж буй Барилгын норм ба дүрэм, бусад холбогдох стандарт, нормд нийцэж буй эсэх”-ийг тодруулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Дээрх асуудлыг тодруулахаар анхан шатны шүүхээс шинжээч томилсон бөгөөд тус өдрийн хуралдаанаар мөн Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын тэнхлэг өөрчлөх зөвшөөрөл авсан эсэхийг тодруулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн атлаа, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар захирамждаа оруулаагүй, тус захирамжид хэлэлцээгүй асуудлыг даргалагч шүүгч дангаар нэмэлтээр оруулсан байсныг бүрэлдэхүүний шүүгч нарт гомдол гарган, дахин тус асуудлаар хуралдаан болсон.

 

5.6. Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын тэнхлэг өөрчлөх зөвшөөрөл авсан эсэхийг тодруулах хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэсэн гэж даргалагч шүүх хуралдаан дээр тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааны тэмдэглэлээр хүсэлт шийдвэрлэх талаар ямар ч зохицуулалт байхгүй, ийнхүү Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын тэнхлэг өөрчлөх зөвшөөрөл авсан эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч өгнө үү. Мөн шинжээчийн дүгнэлтийг огт үндэслээгүй байна. Энэ талаарх хүсэлт гаргасан болон шүүхийн шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны бичлэгүүдээр бүрэн нотлогдох юм.

 

5.7. Эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тухайд Анхан шатны шүүхээс “...барилгыг барьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байгаа тул энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаар хангагдах эрхтэй” гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “СХ” ХХК-ийн хөрөнгө оруулагч “ХК” ХХК нь тус маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаасаа татгалзаж, оронд нь захиалагч нар гэх хүмүүсийг оруулсан. “ХК” ХХК-ийн шүүхэд өгсөн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ХОГ-20/001 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “ХК” ХХК нь 100% хөрөнгө оруулалт хийж барилга барихаар тохиролцсон байдаг. Үүнээс үзвэл захиалагч иргэдийн эрхийг хариуцагч огт хөндөөгүй, хэрэв үнэхээр захиалагч нар гэж байгаа бол тэр нь “ХК” ХХК-тай л тохиролцсон байтал, бодитоор амь, нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл үүссэн “Д” СӨХ-ны оршин суугчдын эрхийг бус захиалгын гэрээний дагуу ирээдүйд мөнгөөр хохирч магадгүй гэж хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг мөнгөтэй дүйцүүлэн, мөнгөн хохирол бол илүү гэж шийдсэнд туйлын гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Шүүх талуудын гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “СХ” ХХК-аас хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “СХ” ХХК-д анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 234 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байрны зүүн урд байрлах 0,5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр, нийслэлийн Засаг даргын 2010 оны 481 дугаар захирамжаар 3254 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, мөн даргын 2015 оны А/938 дугаар захирамжаар 2 жилийн хугацаагаар, 2018 оны А/52 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар тус тус тухайн газрын эзэмших эрхийг тус тус сунгасан,

“СХ” ХХК нь дээрх газар дээрээ үйлчилгээ, орон сууцны цогцолборын эскиз зураг, Ерөнхий төлөвлөгөөгөө 2012 онд батлуулсан,

Нийслэлийн хот байгуулалт, газрын бодлогыг хэрэгжүүлэх газар, Газар зохион байгуулалт, барилгажилт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, дүгнэлт гаргах Мэргэжлийн комиссын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчлөн, СХ ХХК-д орон сууц, контор, үйлчилгээний барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 10 дугаар байрны зүүн хойд талд байршуулан 0,1 га газрыг 5 хүртэлх жилийн хугацаанд барилга барих зөвшөөрлийг олгосон,

Орон сууц, контор, үйлчилгээний барилга барих зөвшөөрөл болон Архитектур төлөвлөлтийн даалгавар 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон, Барилгын ажлын зөвшөөрөл нь 2015, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгогдож, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сунгагдсан,

Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авч, Техникийн нөхцөлийн сунгалт нь 2020 онд хийгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

2.3. Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/441 дүгээр захирамжаар “...Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 3254 м.кв газрыг эзэмшигч “СХ” ХХК нь мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

 

2.4. Анхан шатны шүүх “...“СХ” ХХК-д дүүргийн Засаг даргын захирамжаар 2004 онд газар эзэмших эрх түрүүлж үүсэж, “Д” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын орон сууцны барилгыг барьсан “МӨ” ХХК-д 2008 онд, Улсын төв номын санд Нийслэлийн Засаг даргын 2010 онд үүссэн ... байх тул эхэлж барилга барих хууль ёсны эрх, ашиг сонирхол үүссэн “СХ” ХХК-ийн барилгын төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дараагийн газар эзэмшигчийн эрхийг үүсгэх, барилгын зориулалт, хэмжээ зэргийг тогтоох үүрэг нь Нийслэлийн Засаг даргад байсан, ... номын сангийн шинэ барилгын ...үзэгдэх орчин, байгалийн гэрлийг хааж, орчны оршин суугчид болон номын сангаар үйлчлүүлэгчдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа бол энэ нь Нийслэлийн Засаг дарга, түүний газрын алба болон хот төлөвлөлтийн албаны буруутай, алдаатай үйл ажиллагаа..., ...“Д” сууц өмчлөгчдийн холбооны 12А байр нь ... бусдын газар руу орж баригдсанаар барилга хоорондын норм дүрэм зөрчигдсөн буюу уг барилгыг барьсан “МӨ” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн байгаа учраас “СХ” ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй” зэргээр дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

2.5. Учир нь аливаа хүн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгож, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа энэ хуулийг үндэслээгүй атлаа нэхэмжлэгч компанийг мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

2.6. Анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд “...хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “СХ” ХХК-ийг барилгын байршил өөрчилсөн, норм дүрэм зөрчигдсөн гэх үндэслэлийг гаргасан атлаа түүний газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрхийг дуусгавар болгож байгаа нь захиргааны акт зорилгодоо нийцээгүй буюу хууль зүйн зөрчилтэй захиргааны акт болно” гэж үндэслэлтэй зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл барилгын норм, дүрэм зөрчсөн гэх үндэслэл нь газар эзэмших эрхийг дуусгавар болгох болон хүчингүй болгох үндэслэл биш юм.

 

2.7. Түүнчлэн “СХ” ХХК-д олгосон тус газрын эзэмших эрхийг өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1183 дугаар захирамжаар хүчингүй болгож байсан бөгөөд нэхэмжлэгчээс уг акттай маргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын А/1183 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дүгээр магадлалаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийг “...“СХ” ХХК нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу бус тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барих болсон үндэслэл нь Сүхбаатар дүүргийн Тамгын газрын барилгыг барихдаа гүйцэтгэгч компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирын Ф200 мм-ийн трассыг “СХ” ХХК-ийн газарт шилжүүлэн хотын мэдээллийн санд бүртгүүлсэнтэй холбоотой тодруулах, нэхэмжлэгч компани “0” тэнхлэгийг өөрчлөлгүй барилга барьсан тохиолдолд гуравдагч этгээдийн буюу ...бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх ашиг сонирхол зөрчигдөх, эсхүл зөрчигдөхгүй байсан эсэхийг зайлшгүй тодруулах, нэхэмжлэгчийн баригдаж буй барилгын улмаас бусдын ямар газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хөндөгдөж буй болохыг хариуцагч шалган тогтоож, дүгнэлт өгч дахин шинэ акт гаргах нь зүйтэй...” талаар дүгнэсэн байна.

 

2.8. Гэвч хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт буюу маргаан бүхий актыг гаргахдаа дээрх шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байх бөгөөд харин уг ажиллагааг шүүхээс маргаан бүхий газарт баригдаж буй 16 давхар орон сууцны барилга болон гуравдагч этгээд СЯ  захиалгаар баригдаж буй Үндэсний төв номын сангийн барилга, “Д” СӨХ-ийн оршин суугчдын амьдарч буй барилга хоорондын зай бодитоор хэдэн метр болох, энэ нь тус улсад мөрдөж буй Барилгын норм ба дүрэм, бусад холбогдох стандарт, нормд нийцэж буй эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, “СХ” ХХК нь өөрийн захиалан бариулж буй барилгаа батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барихтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан эсэх талаар эрх бүхий байгууллагаас тодруулах зэргээр холбогдох ажиллагааг хийж бодит нөхцөл байдлыг тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

2.9. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч компани барилгын сууриа шилжүүлэн барьсан нь Сүхбаатар дүүргийн Тамгын газрын барилгыг компани тус барилгын бохирын шугамыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшил газар руу оруулан тавьсны улмаас нэхэмжлэгч нь барилгын зургийг өөрчлөх талаар зохих байгууллагад мэдэгдэн, улмаар барилгын суурийг шилжүүлсэн нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/724 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 365/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилсөн” гэж үзэх үндэслэлгүй.

 

2.10. Хариуцагч нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “СХ” ХХК-д анх маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олгосон, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс газрын төлбөр, сонгон шалгаруулалтын төлбөрийг тухай бүр төлж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, барилгын ажил эхлүүлэх зэргээр тодорхой хөрөнгө зарцуулсан байхад хариуцагч эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу эзэмшүүлсэн газрыг нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй байна.

 

2.11. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан “...“СХ” ХХК-ийн барьж буй барилга нь ...зэргэлдээ орших нийтийн номын сангийн барилгын үзэгдэх орчинг хааснаас үүдэн номын сангаар үйлчлүүлэх оюутан, сурагч, тухайн орчинд амьдарч байгаа нийт оршин суугчдын нийтийн эрх ашигт нөлөөлөхөөр байна. Хүн амын нягтаршил, орчны даац, автомашины хөдөлгөөн, зогсоол, бохирын шугамтай ойр барьсан зэргээс шалтгаалж нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа, ...мөн Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, барилгын зураг төсөл төлөвлөлт, норм ба дүрмийг тус тус зөрчсөн” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал нь газар эзэмших эрхийг орон сууцны барилга барих зориулалтаар анх эзэмшсэн “СХ” ХХК-ийг буруутгах үндэслэл болохгүй төдийгүй нэхэмжлэгч компанийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг нь цаг хугацааны хувьд Үндэсний номын сангийн барилгын зураг төслөөс өмнө батлагдсан байхад түүнээс хойш баригдсан барилгад нийцүүлэх шаардлага тавих нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

2.12. Үүнтэй холбоотойгоор гуравдагч этгээд СЯ  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“СХ” ХХК-ийн 16 давхар орон сууцны барилга баригдсан тохиолдолд Үндэсний номын сангийн барилгад сөргөөр нөлөөлнө, ... Үндэсний номын сангийн барилгын хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй норм, стандартыг хангах шаардлага тулгарна, үзэгдэх орчин, байгалийн гэрэл, дулаан хаах эрсдэл бий болно, ...Олон улсын номын сангуудын жишиг, хөгжлийн түвшинд хүрэх нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагад хүндрэл тулгарч байна” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

2.13. Энэ талаар анхан шатны шүүхээс “...“СХ” ХХК нь 2012 онд буюу Улсын үндэсний номын сангийн барилгын ажлыг төлөвлөхөөс өмнө уг газартаа орон сууцны барилга барихаар Нийслэлийн Засаг даргад мэдүүлж барилгын зөвшөөрөл авсан, барилгаа төлөвлөснөөр түрүүлж ашиг сонирхол нь үүссэн, ...Үндэсний номын сангийн барилга барих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас өгөхдөө.. автомашины зогсоол болон гаднах ногоон байгууламж нь ертөнцийн зүгээр буюу АНУ-ын элчин сайдын яамны талдаа төлөвлөгдсөн болох нь ...” гэх агуулга бүхий дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2.14. Шүүх Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх тул гуравдагч этгээд “Д” СӨХ-ны “...нэхэмжлэгчийн газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн нэгж талбарын дугаар зөрүүтэй, анх хүсэлт гаргасан газрын байршил, одоо олгогдсон газрын байршил зөрүүтэй, хугацаа сунгахад газрын байршил солигдсон, кадастрын мэдээллийн санд Б.О гэх хүний нэр өмчлөл дээр байсан бүртгэлтэй байсан газар сүүлд нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн, усан сангийн хамгаалалтын бүсэд барилга баригдсан зэрэг зөрчилтэй...” гэх гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь маргаан бүхий актад уг гомдолд дурдсан үндэслэлийг дурдаагүй байна. Түүнчлэн маргаан бүхий захирамжаар “СХ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх тул гуравдагч этгээд “Д” СӨХ-ны “...“СХ” ХХК-ийн хөрөнгө оруулагч “ХК” ХХК нь 100% хөрөнгө оруулалт хийж барилга барихаар тохиролцсон байсан, захиалагч иргэдийн эрхийг хариуцагч огт хөндөөгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.15. Хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 365/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр “СХ” ХХК-ийн “Үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын гадна ариутгах татуургын шугам шилжүүлэх ажлын зураг төслийг баталсан байх бөгөөд энэхүү нэгтгэлийн “Техникийн нөхцөл олгогдсон байдал” хэсэгт Ус сувгийн удирдах газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2/1082 дугаартай албан бичгийг дурдаж, холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж зөвшилцсөн талаар тэмдэглэсэн байх тул “...уг бохирын шугамыг зөөхдөө зөвшөөрөл аваагүй болохыг Ус сувгийн удирдах газраас шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 7/647 дугаар албан бичгээр ирүүлсэн байхад шүүх уг баримтыг огт үнэлээгүй” талаарх гуравдагч этгээд “Д” СӨХ-ны гомдол үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд СЯ, “Д” СӨХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Я.Б, гуравдагч этгээд СЯ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гуравдагч этгээд “Д” СӨХ-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар гуравдагч этгээд “Д” СӨХ-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд СЯ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА