Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 68

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

               Нэхэмжлэгч: “ХБ ” ХХК

                                                        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 2-р баг

  Хан-Уул ....................... оршин суух

                                                                                       Тайж овогт  Ш.О  

                                                                            /РД:................../

    Хариуцагч: Өмнөговь  аймаг Даланзадгад сум, 2-р баг

     Хан-Уул .............................. оршин суух

                                                                     Тайж овогт Д.Б  

                                                                            /РД:........................./

          Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 31 899 360 төгрөг 72 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч , Б.О , Д.Н , хариуцагч Ш.О , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.О , хамтран зээлдэгч Д.Б  нар нь “ХБ ” ХХК-ийн Өмнөговь салбар Говь Гурвансайхан тооцооны төвөөс 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201542356396 тоот зээлийн, БГ/201542356396 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, сар бүр зээл, хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр орон сууц /амины сууц/ барих зориулалтаар авсан. Зээлдэгч Ш.О , Д.Б  нар нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр БГ/201642606874 тоог барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр БГ/201642635042 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаа хөрөнгөд нэмэлт өөрчлөлт оруулсан.

        Зээлдэгч нь зээлийн барьцаанд:

        1.Иргэн Ш.О ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1105000099 дугаар бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, Их уул 5-р гудамж, 9 тоот хаягт байршилтай 624 м.кв талбай бүхий өмчлөх газар, тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-1105004759 дугаар бүртгэлтэй 184 м.кв талбай бүхий газар зэргийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ/201542356396 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна.

        -Үндсэн зээлд- 1 692 606 төгрөг 38 мөнгө

        -Зээлийн хүүгийн төлбөрт – 8 526 987 төгрөг 64 мөнгө

        -Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт -3912 төгрөг 19 мөнгө

         Нийт 10 219 594 төгрөг 02 мөнгө төлсөн байна.

Зээлдэгч Ш.О , Д.Б  нар нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрүүлж 696 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт зээлээ төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна.

Иймд банк шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

Зээлдэгч Ш.О , Д.Б  нартай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201542356396 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах:

а.Үндсэн зээлийн үлдэгдэл   22 630 579 төгрөг 67 мөнгө

б.Зээлийн хүүгийн төлбөр 8 757 188 төгрөг 42 мөнгө

в.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 492 092 төгрөг 63 мөнгө

Нийт зээл төлбөрт 31 879 860 төгрөг 72 мөнгө гаргуулах

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:

а.Улсын тэмдэгтийн хураамжийн 317 447 төгрөг

б.Нотариат үйлчилгээний хураамж 19 500 төгрөг тус тус нийт 31 899 360 төгрөг 72 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

         Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах

  Зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 6-р баг Их уул 5-р гудамжны 9, 9Б тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-1105003521 дугаартай, 71,6 м.кв талбай бүхий хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-1105004759 дугаартай 184 м.кв өмчлөх газрын хамт, мөн Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 6-р баг Их уул 5-р гудамжны 9 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-11005003297 дугаартай, 65 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга, Улсын бүртгэлийн Г-1105000099 дугаартай 624 м.кв өмчлөх газар зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

   Нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , Д.Ч , Б.О  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Хариуцагч Ш.О , Д.Б  хоёр нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 25 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 24.6 хувийн хүүтэй сарын 1,8 хувийн хүүтэй 84 сар буюу 7 жилийн хугацаатай банкнаас зээлж авсан. Зээлийг хэвийн төлж яваад 2017 оны 01 дүгээр сараас хойш төлөлт хийхээ байсан. Өөрөөр хэлбэл 2 жил гаруй хугацаанд зээлийн төлөлт хийгдээгүй. Зээл төлөх талаар мэдэгдэл өгсөн. Ингээд зээлээ төлөхгүй байгаа учраас банк шүүхэд хандсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол энэ 7 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 22 630 579 төгрөг 67 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 8 757 188 төгрөг 42 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 492 092 төгрөг 63 мөнгө нийтдээ 31 879 860 төгрөг 72 мөнгө нэхэмжилж байгаа. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамж 317 445 төгрөг, дээр нь нотариатын үйлчилгээний хураамж 19 500 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаалсан байгаа үл хөдлөх хөрөнгө газар зэргийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээр нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах эрхтэй. Зээлдэгч нар нь 10 219 594 төгрөг 02 мөнгийг төлсөн. 704 хоног хугацаа хэтэрсэн. Банкны хувьд 4-5 сарын хугацааны хүүг бид нэхэмжлэхгүй байгаа гэжээ.

 Хариуцагч Ш.О , Д.Б  нар шүүхэд гаргасан хариу тайлбарууддаа: Ш.О  миний бие 1-16 насны 4 хүүхэд нөхрийн хамт ам бүл 6. Их-уулын 5-9а тоотод оршин суудаг. Миний бие “ХБ ” ХХК-аас амины орон сууц барих зориулалтаар 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 25 000 000 төгрөгийг 21,6 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай авсан. 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үндсэн зээлд 1 692 606 төгрөг 38 мөнгө, хүүнд 8 526 987 төгрөг 64 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 3912 төгрөг 19 мөнгө тус тус төлсөн бөгөөд нийт 10 219 594 төгрөг 02 мөнгө тус тус төлсөн болно. Энэ дүнгээс харахад үндсэн зээлээс хасагдах мөнгөн дүн маш бага бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8 526 987 төгрөг 64 мөнгө төлсөн байгаа нь эхний 3 жилд үндсэн мөнгөнөөс бараг хасагддаггүй буюу хүүгийн төлбөрийг эхэлж авдаг гэдэг нь харагдаж байна. Хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү гэдэг зарчим нь иргэнийг хохироож үндсэн зээлээс маш бага хасаж байгаад гомдолтой байна. Иргэн  хүний хувьд банкны тогтолцоог буруу байна гэж үздэг. 1 жил 6 сар буюу 18 сард 10 219 594 төгрөг 02 мөнгийг хувааж үзэхэд дунджаар сард 567 755 төгрөг 22 мөнгө байгаа нь үндсэн зээл, хүү хоёрыг харьцуулахад 5 дахин зөрүүтэй харагдаж байна. Мөн энэ нэхэмжлэл дээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэж бичсэн байгаа нь алдаатай байна. Би 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 759 000 төгрөг төлсөн байгаа хугацаа хэтэрсэн хоног 696 хоног биш 668 хоног байх ёстой байна. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Г , Д.Ч  нар манайд ирж манай банкинд хамааралгүй одоо танайх шүүхийн хамааралтай шүү гэж мэдэгдэх хуудас өгсөн боловч одоог болтол шүүхэд хүргүүлээгүй байсан байна. Эндээс дүгнэлт хийхэд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжсэн байсан бол 5 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү төлбөр нэмэгдэхгүй байх байсан. Тус банкны эдийн засагч Н  ахлах О  нартай удаа дараа очиж уулзсан боловч тэдний харьцааны соёл, дарамтнаас болж дахин уулзаж ярилцахаас эмээж явсаар өдийг хүрсэн. О  нь манай аав, ээж, ах дүү, төрөл саданг хүртэл дарамталж, элдэв бусаар доромжилж байсан. Амьдрал тусдаа айл гэрийг нэг хүний буюу надтай холбож авч үздэг. О тэй уулзаж, ярилцах боломж үнэндээ байдаггүй хэл ам дарамтнаас нь айж явдаг. 2018 оны 05 сараас хойш танайхыг зарлаа, дотоод сүлжээгээр зар өгнө тавина гэж удаа дараа О  дарамталж байсан. Бид хоёр өөрсдөө ч айгаад байшингаа зараад өрөө төлье гэж их зар тавьсан боловч авах хүн олдоогүй. Бид хоёр байшин дэлгүүрээ зараад бага насны 4 хүүхэдтэй хаана очиж яаж амьдрахаа мэдэхгүй үргэлж түгшсээр өдийг хүрсэн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бага хүүгээ төрүүлсэн. Жирэмсэн байх болон хүүхдээ төрүүлснээс хойш ажлаа хийх хугацаа нилээд алдсан. Мөн зээл төлөх явцад үнэ ханшийн зөрүү маш их нөлөөлсөн. Махны үнэ огцом унасан, хүмүүсийн худалдан авах чадвар муудсан зэрэг олон шалтгаанаас болж уг зээлийг төлж чадахгүй өдий хүрлээ. Цаашид миний хувьд үндсэн зээл болох 22 630 579 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Харин нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 492 092 төгрөг 63 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 8 757 188 төгрөг 42 мөнгө төлөх ямар ч боломжгүй, төлж чадахгүй. Иргэн хүний хувьд улсыг хохиролгүй болгох нь бидний үүрэг. Үндсэн зээлээ төлөх нь үнэн гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гарахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан байдаг. 65.1.5-д нэхэмжлэгчийн төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Хэргийн хүрээнд бол тухайн “ХБ ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдүүд нэхэмжлэл гаргаагүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Өөрөөр хэлбэл “ХБ ” ХХК-ийн захирал бол Жон гэдэг хүн байдаг. Энэ хүнээс итгэмжлэл олгохдоо ямар этгээдэд итгэмжлэл олгосон эсэх нь тодорхойгүй. Өмнөговь аймгийн “ХБ ” ХХК-ийн эрхлэгч Н.Э ад Э.Х  гэж хүн итгэмжлэл олгосон байдаг. Үүний дагуу Н.Э  нь өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүст итгэмжлэл олгосон байдаг. Э.Х  гэж хүн нь хуулийн этгээдийн гэрчилгээн дээр нэр дурдагдсан эрх бүхий этгээдээс итгэмжлэл аваагүй байгаа учраас Н.Э  нь эдгээр хүмүүсийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн болох нь хангалттай нотлогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш үүргээ гүйцэтгээгүй учраас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэл гаргаж байна гэж ярьдаг. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт хүү 6 897 403 төгрөг байдаг. Нийт өгсөн мөнгөнөөс энэ төлбөрийг хасах юм бол 3 322 191 төгрөг,  үндсэн зээлийн төлбөрт  1 692 606 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч энэнээс илүү хэмжээний зээл төлсөн байгааг шүүх анхааран үзвэл зохилтой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн хүүгийн хэмжээ хэт их байх юм бол багасгах эрхийг шүүхэд олгосон байдаг. Ерөнхийдөө нэхэмжилж байгаа үнийн дүн болон баримтуудаас харахад зээлийн хүүгийн хэмжээ илт их байгаа ураас энэ хуулийн заалтыг хэрэглэхийг хүсэж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу өгсөн мөнгөнөөс энэ хасах юм бол энэнээс илүү хэмжээний мөнгийг төлсөн байгааг шүүх анхааран үзэх нь зохилтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь Ш.О , Д.Б  нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 31 899 360 төгрөг 72 мөнгө гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаарджээ.

Хариуцагч нар нь үндсэн зээл 22 630 579 төгрөгийг төлнө, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргадаг.

Талууд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201542356396 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр БГ/201542356396 дугаартай барьцааны гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 84 сар буюу 7 жилийн хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИХ-уулын 5-9 тоотод байршилтай 65 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай барилга, 624 м.кв талбай бүхий газар, 71.6 м.кв талбайтай хувийн сууц, 184 м.кв талбайтай газар, Өмнөговь аймаг Даланзадгад сумын Баруун сайханы 21-14 тоотод байршилтай 130 м.кв талбай бүхий хувийн сууц, 750 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалжээ.

Зээлдэгч Ш.О , Д.Б  нар нь үндсэн зээлд 2 369 420 төгрөг 33 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 7 848 358 төгрөг 15 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн тө лбөрт 1815 төгрөг 54 мөнгө нийт 10 219 594 төгрөг 02 мөнгө төлсөн байна.

        Нэхэмжлэгч нар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 704 хоног хугацаа хэтрүүлжээ.

        Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт: “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

       Зээлийн гэрээний 6.1.1-д “Зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” тохиолдолд банк санаачилгаараа зээлийн гэрээг цуцлах эрхтэй байхаар тохиролцжээ.

      Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх ба “ХБ ” ХХК нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь нэхэмжлэгчийн “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлээ 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна” гэсэн тайлбар, хариуцагч нарын “2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Г , Д.Ч  нар манайд ирж манай банкинд хамааралгүй одоо танайх шүүхийн хамааралтай шүү гэж мэдэгдэх хуудас өгсөн...” гэсэн тайлбар, банкны мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. Ш.О  Д.Б  нар нь банкнаас тогтоосон нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээл буцаан төлөх хуваарь, Ш.О , Д.Б  нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэмэлт хугацаанд үр дүн гараагүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Мөн хуулийн 452 дугаар зүйдийн 452.2 дахь хэсэгт: ...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү,  төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ. “ХБ ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар үндсэн зээл 22 450 462 төгрөг, зээлийн хүү 8 757 188 төгрөг 42 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 492 092 төгрөг 63 мөнгөнийт 31 701 543 төгрөгний гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь 2015 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн ЗГ201542356396 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, талуудын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь, Ш.О , Д.Б  нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт 31 701 543 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна.  

         Талууд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр БГ/201542356396 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Ш.О ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ.  

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИХ-уулын 5-9 тоотод байршилтай 65 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай барилга, 624 м.кв талбай бүхий газар, 71.6 м.кв талбайтай хувийн сууц, 184 м.кв талбайтай газар, Өмнөговь аймаг Даланзадгад сумын Баруун сайхны 21-14 тоотод байрлах 130 м.кв талбай бүхий хувийн сууц, 750 м.кв талбай бүхий газар зэрэг  барьцааны зүйл нь Ш.О ийн өмчлөлийнх болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт: ...Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ... барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биедүүлээгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар: “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.  

Үүрэг гүйцэтгэгч Ш.О , Д.Б  нар нь банкны зээлийг бүхэлд нь төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн болох нь гэрээгээр нотлогдож байх ба тэдний тус тус хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул тэнцүү байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн Ш.О ээс 15 850 772 төгрөг, Д.Б эс 15 850 772 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэв. 

         Үүрэг гүйцэтгүүлэгч нотариатын үйлчилгээний төлбөрт 19500 төгрөгний зардал гаргаснаа зээлийн гэрээний үүрэг мэтээр тайлбарлан шаардаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй 19500 төгрөгний баримт нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг зөрчсөн байх тул хангах үндэслэлгүй байна.

“ХБ ” ХХК-ны гүйцэтгэх захирлаар Bell овогтой John Charle-г томилсоныг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  бүртгэсэн байх ба тэрээр хууль эрх зүйн газрын захирал Э.Х т итгэмжлэл олгох үед хугацаа нь дуусаагүй байсан болох нь “ХБ ” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл зэргээр нотлогдож байна.

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл нь англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэгджээ. Хөрвүүлсэн итгэмжлэл нь хуулбар хувь байх бөгөөд хуульд зааснаар бичгийн баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн байх тул  шүүх үнэлж Э.Х ыг  төлөөлөх эрхтэй гэж үзлээ. Түүнчлэн Э.Х  нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.Э ад, Н.Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Ч т, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.О д, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Н д тус тус 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл нь хүчинтэй байх тул эдгээр төлөөлөгчид “ХБ ” ХХК-ыг төлөөлөх эрхтэй байна.

Хариуцагч тал зээлийн гэрээний хүү хэт өндөр байгаа учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хасаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргадаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэжээ.

Хүүгийн хэмжээг талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож тогтоосон байх ба зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “ХБ ” ХХК болон Ш.О , Д.Б  нарын хооронд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ш.О ээс 15 850 772 төгрөг, Д.Б эс 15 850 772 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 197 817 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О  15 850 772 төгрөг, Д.Б  15 850 772 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ш.О ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИХ-уулын 5-9 тоотод байршилтай 65 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай барилга, 624 м.кв талбай бүхий газар, 71.6 м.кв талбайтай хувийн сууц, 184 м.кв талбайтай газар, Өмнөговь аймаг Даланзадгад сумын Баруун сайхны 21-14 тоотод байрлах 130 м.кв талбай бүхий хувийн сууц, 750 м.кв талбай бүхий газар зэрэг барьцааны зүйлийн үнээс хангуулахаар тогтсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 446.7 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ш.О ээс 151 229 төгрөг, Д.Б эс 151 229 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг өөрсдөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.УРАНЧИМЭГ