Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/934

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

Хохирогч ***,

Иргэний нэхэмжлэгч ***,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005490539 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын Иргэн, 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “***” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын *** дугаар баг, *** гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод түр оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 11 минутын орчимд Баянгол дүүргийн *** дугаар хороо *** төвийн зүүн урд замд “Hyundai Aerocity” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius-10 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Prius-10 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...9 дүгээр сарын 10-ны өглөө 5 шар руу явсан. ***гийн уулзвар дээр ногоон гэрэл шар руу шилжсэн байдалтай байсан. Шар гэрлээр амжаад орчихлоо гэж бодсон. Камерын бичлэгээс харахад улаан гэрэл ассан байсныг анзаарахгүй явсан байсан. Хойноос урагшаа чиглэлтэй автомашин бүгд зогссон байсан. Нэгдүгээр эгнээгээс пруис машин ганцаараа гарч ирж мөргөлдсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8 цагт ***гийн уулзвараар ногоон гэрлээр гарч байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авхуулахад хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Үүний дараа эмчид үзүүлэхэд хагалгаа хийж болохгүй гэсэн. 45 хоног гэртээ эмчилгээ хийлгэсэн. Өвчин намдаах тариа хийлгэж, гараа сойлгосон. 45 хоног ажилгүй байсан хугацааныхаа мөнгийг нэхэмжилж байна. ...4,500,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгийг нэхэмжилж байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэхдээ: “...Эхнэрээ асарсан. Ажилгүй байсан үеийн цалин 3,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өдрийн 130,000 төгрөгийн цалин авдаг. Барилга дээр ажилдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэхдээ: “...Хийсэн үйлдэл нь буруу гэж үзэж байгаа. Хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа хохирол төлбөр нь баримтаар нотлогдвол 100 хувийн даатгалаас хохирол төлбөрийг гаргаж өгнө. Хэдэн төгрөгийн цалин авдаг талаар нотлогдохгүй, нийгмийн даатгал төлдөггүй. Хэдэн баримт бүрдүүлж даатгалын газар руу аваачиж өгөхөд шаардлага хангахгүй баримт байна гээд даатгалаас гаргаж өгөхгүй байгаа. Манай компаниас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр даатгалаас төлөгдсөн...” гэв.

Эрүүгийн 2203005490539 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 5-6, 7, 8, 9-13, 14-15 дахь тал),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэг эхлэхэд уг хяналтын камерын хэсэг нь Баянгол дүүргийн *** дугаар хороо *** төвийн зүүн урд замын уулзварыг харуулсан камерын хэсэг байх ба явах хөдөлгөөн эхэлж, хойноос урагш явах чиглэл, урдаас хойшоо явах чиглэлийн хөдөлгөөн зогсов. Бичлэгийн 2 минут 50 секундэд уг хөдөлгөөнүүд зогсож хойноос урагшаа чиглэх хөдөлгөөн эхэлж хойноос урагшаа явах урсгалын нэгдүгээр эгнээгээр дээрээ ачаатай ногоон өнгийн Тоёота Приус-10 маркийн машин зогсож байгаад хөдөлгөөнөө эхлүүлэн уулзварт ороход зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлийн нэгдүгээр эгнээгээр *** дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл чигээрээ яваад уг Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцны наана баруун урагш хараад зогсох ба баруун хойд талын хаалга болон жолооч талын хаалганаас нэг, нэг хүн бууж ирээд жолоочийн уг тээврийн хэрэгслийн зүүн талд очив, тэр үед *** дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотроос зорчигч нар нь буугаад явж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),

4. Энхтайваны өргөн чөлөө, *** төвийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим (хавтаст хэргийн 134-135 дахь тал),

5. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8 цаг 11 минутын орчим Баянгол дүүргийн *** дугаар хороо *** төвийн зүүн урд замд нөхөр Гантулгын хамт Тоёота Приус-10 маркийн *** улсын дугаартай машинтай явж байгаад ногоон гэрэл асахаар нь нөхөр урагшаагаа хөдөлтөл зүүн гар талаас нэг машин ирээд манай машиныг мөргөсөн. Тэр үед ямар машин мөргөснийг мэдээгүй, би нэг сэрэхэд өөрийнхөө машины арын суудал дээр хэвтэж байсан. Удаагүй түргэн ирээд намайг аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зургуудаа авхуулаад 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Миний эгэм хугаралтай байна гэсэн. Мөн толгой хавантай байна гэсэн онош гарсан. Түүнээс хойш би ажилдаа яваагүй, гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Эмч намайг 45 хоног хэвтрийн дэглэм сахиад дахиад үзүүлээрэй гэж хэлсэн. Толгойн зураг авхуул гэсэн боловч хавантай байна гээд аваагүй, хавангаа буулгахаар зургаа авхуулаарай гэсэн. Улаан гэрэл ассан байх үед бид хоёр хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь уулзвар луу орсон. Би өөрөөсөө 452.200 төгрөгийг өөрөөсөө гаргасан байна. Гомдолтой байна 45 хоногийн цалин болох 4.500.000 төгрөгийн болон эм тарианы зардлын мөнгөө гаргуулж авмаар байна. Би барилгын ажил хийдэг бөгөөд нэг өдөрт 100.000 төгрөгийн цалин авдаг, армотур зангиддаг. Ингээд би нийт 4.952.200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр толгойны зураг авхуулах мөнгө авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

6. Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 11 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо ***гийн уулзварт Hyundai Aerocity маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *** нь миний жолоодож явсан Toyota Prius-10 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж миний машинд болон эхнэрийн эрүүл мэндэд хохирол учирсан. Машины хохирол нь үнэлгээгээр 1.750.000 төгрөг гарсан. Үнэлгээний мөнгийг жолооч *** төлсөн байгаа. Мөн би хувиараа мужааны ажил хийдэг ба нэг өдөрт 130.000 төгрөгийн цалин авдаг, би уг мөнгөө бригадын дарга болох Мөнхсайханаас өөрийнхөө дансаар авдаг. Би баримт болгоод 4 сараас 9 сар хүртэл банкны баримтаа авч ирж өгч байгаа. Манайх ямар нэгэн компани биш 10-уулаа бригад болж ажиллаж компаниудаас ажлаа авдаг юм. Эхнэрээ асарсан. Ажилгүй байсан үеийн цалин 3,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өдрийн 130,000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

7. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 260.500 төгрөг гарсныг ***өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дэх тал),

8. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэнд тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл “...нийт-260.500 төгрөг” (хавтаст хэргийн 33 дахь тал),

9. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг автобус нь жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн 2 даатгалтай бөгөөд бусдад учирсан хохирлыг даатгалын байгууллагаас нөхөн төлнө. Мөн материалуудаа бүрдүүлж өгсөн. ...Үнэлгээгээр 1.190.700 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллагын эзэмшлийн Hyundai Aerocity маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 100 хувийн даатгалтай байдаг бөгөөд бид нар даатгалдаа материалаа бүрдүүлээд өгсөн. Жолооч ***өөс нэхэмжлэх зүйл байхгүй. *** нь өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд улаан гэрлээр орж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40, 43 дахь тал),

10. Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 08 цагт гэрээсээ эхнэртэйгээ хамт гарч замаасаа эхнэрийн ажлын газрын хүнийг Мөнгөнгүүр эмнэлгийн хажуугийн замаас машиндаа суулгаад 08 цаг 10 минутын орчим ***гийн уулзвараар хойноос урагшаа уулзвараар гарах гээд гэрлэн дохио улаан асаж байхаар нь зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь уулзварт нэвтэрч хөдөлгөөн эхлүүлэх үед зүүн гар талаас ногоон цагаан өнгийн автобус орж ирээд миний машины зүүн урд хэсгээр мөргөсөн. Мөргөсний улмаас хажууд сууж явсан эхнэр *** нь юм мөргөсөн бололтой түр зуур ухаан алдаж би сандарч эхнэрээ машинаас гаргахад ухаан орохоор нь машины арын сандал дээр хэвтүүлэх гэхэд “миний зүүн мөрөөр өвдөөд хэвтэж чадахгүй байна” гэхээр нь сандал дээр суулгаад байж байхад цагдаа ирээд миний машины бичиг баримтыг хураан авсан. Автобусны жолооч тэр үед цагдаа, түргэн дуудаад 20-30 минутын дараа түргэн ирээд би эхнэрээ аваад түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. ...Манай эхнэр *** миний хажууд урд сууж явсан. Хойно эхнэрийн ажлын газрын Даваа гэдэг эрэгтэй хүн сууж явсан. Эхнэрийн биеийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх үед эгэм нь хугарсан байна гээд хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хэвтүүлсэн. Өөр ард сууж явсан хүнд гэмтэл учраагүй шууд ажил руугаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12494 дугаартай: “...***гийн биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

12. Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “...Hyundai Aero city 540 загварын *** улсын дугаартай автобусанд нийт 1.190.700 төгрөгийн хохирол учирсан” гэх тайлан (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

13. Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “...Toyota Prius *** улсын дугаартай автомашинд нийт 1.750.700 төгрөгийн хохирол учирсан” гэх тайлан (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

14. Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаартай “..Тоуоta Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл, гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан тоот (хавтаст хэргийн 87 дахь тал),

15. Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №999490 дугаартай “...Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр хөдөлгүүр бага зэргийн тос гоожилттой, баруун талын их гэрлийн бүрхүүл хагарч, баруун урд дохио, хол ойрын гэрэл асахгүй, урд буфер баруун булан хэсгээр урдаас хойш чиглэлтэй дотогш цөмөрсөн, урд хаалганы шатны хөндий гажиж, урд хаалга онгойхгүй, хурд хэмжигч ажиллахгүй эвдрэл, гэмтэлтэй байлаа. Тухайн тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийн бүрхүүл хагарч, баруун урд дохио, хол ойрын гэрэл асахгүй, урд буфер баруун булан хэсгээр урдаас онгойхгүй эвдрэл, гэмтэл нь ослын үед шинээр үүссэн, хөдөлгүүр бага зэргийн тос гоожилттой, хурд хэмжигч ажиллахгүй байгаа нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэлт гэмтэл. Уг тээврийн хэрэгсэл нь хийн тоормосны системтэй. Хий хураалт сайн, хий алдалтгүй, тоног төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн дүн туршилтын жолоодлогоос үзэхэд тоормос бүрэн ажиллаж байсан... Тээврийн хэрэгслийн спидометр ажиллахгүй байсан...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 93-97 дахь тал),

16. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1221 дугаартай “...Hyundai Aerocity маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Toyota Prius-10 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал),

17. Хохирогч ***гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 139-144 дэх тал),

18. Иргэний нэхэмжлэгч ***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 145-156 дахь тал),

19. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би Улаанхуарангаас 5-н шар мах импексийн чиглэлд *** ХХК-ийн эзэмшлийн Hyundai Aerocity маркийн *** дугаартай автобусыг жолоодоод төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байгаад уулзварын гэрэл дохио зөрчиж солигдсоныг анзааралгүй уулзвар луу яваад ортол зорчих хэсгийн хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан Тоёота Приус маркийн машины зүүн тал руу нь мөргөөд зогссон. Би уулзварыг шар өнгийн гэрэл дохиогоор орлоо гэж бодтол улаан асчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь 1991 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. *** нь эцэг эхээс 2-уулаа айлын том хүүхэд байгаа юм. Дээд боловсролтой. Нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Цэргийн алба хаагаагүй. Зан аашны хувьд сурлага хүмүүжил сайтай, ар гэрийн байдал сайн, төлөв даруу, цочмог уур уцаар байхгүй, хүнтэй амархан эвээ олдог, багийн ааш зан сайтай, воллейболл сайн тоглодог спортод сонирхолтой хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),  ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 118 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 119 дэх тал), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 120 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 121 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 122 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 125 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 124 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 123 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 126 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 63-64 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэг эхлэхэд уг хяналтын камерын хэсэг нь Баянгол дүүргийн *** дугаар хороо *** төвийн зүүн урд замын уулзварыг харуулсан камерын хэсэг байх ба явах явах хөдөлгөөн эхэлж, хойноос урагш явах чиглэл, урдаас хойшоо явах чиглэлийн хөдөлгөөн зогсов. Бичлэгийн 2 минут 50 секундэд уг хөдөлгөөнүүд зогсож хойноос урагшаа чиглэх хөдөлгөөн эхэлж хойноос урагшаа явах урсгалын нэгдүгээр эгнээгээр дээрээ ачаатай ногоон өнгийн Тоёота Приус-10 маркийн машин зогсож байгаад хөдөлгөөнөө эхлүүлэн уулзварт ороход зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлийн нэгдүгээр эгнээгээр *** граж дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл чигээрээ яваад уг Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцны наана баруун урагш хараад зогсох ба баруун хойд талын хаалга болон жолооч талын хаалганаас нэг, нэг хүн бууж ирээд жолоочийн уг тээврийн хэрэгслийн зүүн талд очив, тэр үед *** граж дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотроос зорчигч нар нь буугаад явж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл, Энхтайваны өргөн чөлөө, *** төвийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим, хохирогч ***гийн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8 цаг 11 минутын орчим Баянгол дүүргийн *** дугаар хороо *** төвийн зүүн урд замд нөхөр Гантулгын хамт Тоёота Приус-10 маркийн *** улсын дугаартай машинтай явж байгаад ногоон гэрэл асахаар нь нөхөр урагшаагаа хөдөлтөл зүүн гар талаас нэг машин ирээд манай машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***ын “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 11 минутын орчим Баянгол дүүргийн *** дугаар хороо ***гийн уулзварт Hyundai Aerocity маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *** нь миний жолоодож явсан Toyota Prius-10 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж миний машинд болон эхнэрийн эрүүл мэндэд хохирол учирсан. Машины хохирол нь үнэлгээгээр 1.750.000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ***ийн “...Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 260.500 төгрөг гарсныг ***өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэнд тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***гийн “...Уг автобус нь жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн 2 даатгалтай бөгөөд бусдад учирсан хохирлыг даатгалын байгууллагаас нөхөн төлнө. ...Үнэлгээгээр 1.190.700 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллагын эзэмшлийн Hyundai Aerocity маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 100 хувийн даатгалтай байдаг бөгөөд бид нар даатгалдаа материалаа бүрдүүлээд өгсөн. Жолооч ***өөс нэхэмжлэх зүйл байхгүй. *** нь өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд улаан гэрлээр орж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12494 дугаартай дүгнэлт, Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “...Hyundai Aero city 540 загварын *** улсын дугаартай автобусанд нийт 1.190.700 төгрөгийн хохирол учирсан” гэх тайлан, Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “...Toyota Prius ***улсын дугаартай автомашинд нийт 1.750.700 төгрөгийн хохирол учирсан” гэх тайлан, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаартай “..Тоуоta Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл, гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан тоот, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №999490 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1221 дугаартай мөрдөгчийн магадлагаа болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 11 минутын орчимд Баянгол дүүргийн *** дугаар хороо *** төвийн зүүн урд замд “***” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Aerocity” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчиж, улмаар иргэний нэхэмжлэгч ***ын жолоодон явсан түүний эзэмшлийн Toyota Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж заасан байх ба шүүгдэгч *** нь улаан гэрлээр дохиогоор хөдөлгөөнийг хориглосон байхад явж, ногоон гэрлээр хөдөлгөөнөө эхлүүлсэн Toyota Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл учирсан бөгөөд хохирогч ***гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 12494 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2203005490539 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч ***ийн 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 11 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо *** төвийн зүүн урд замд “***” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Aerocity” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч ***өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч ***ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч ***ын тээврийн хэрэгсэлд 1.750.700 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд 1.190.700 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

Иргэний нэхэмжлэгч ***ын тээврийн хэрэгсэлд учирсан 1.750.700 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан 1.190.700 төгрөгийн хохирол тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд нөхөн төлөгдсөн байх тул тэдгээрт шүүгдэгч ***өөс төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч *** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ, үйлчилгээний зардалд 450.500 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн (хавтаст хэргийн 140-143 дахь тал), мөн *** нь өөрийн ажилгүй байсан хугацааны цалинг 45 хоногоор тооцон 4.500.000 төгрөг, хохирогч ***гийн нөхөр иргэний нэхэмжлэгч *** нь эхнэрээ асарч ажил хийгээгүй үеийн цалин гэж 3.900.000 төгрөг тус тус шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Шүүх хохирогч ***гийн гаргаж өгсөн 450.500 төгрөгийн хохирлын баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, зарим шаардлага хангаагүй болон давхардсан баримтууд /334.000 төгрөг/-ыг хасаж тооцон, нотлох баримтын шаардлага хангасан 116.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын цалин хөлсний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт ямар ажил эрхэлдэг болон тэдгээрийн цалин хөлс орлогыг бүрэн илэрхийлэх баримтууд авагдаагүй байна. Иймээс хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь холбогдох баримтуудаа бүрэн бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг, хохирогч *** нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдох гаргах зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгч ***өөс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх тул прокурорын шүүгдэгч ***өөс 260.500 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо)-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

4. Иргэний нэхэмжлэгч ***д 1.750.700 төгрөг, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-нд 1.1910.700 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс 116.500 төгрөг гаргуулж хохирогч ***д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар 260.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА