Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

Улсын яллагч Г.Э,

Шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Л.Г, У.Б, Э.Ө нарт холбогдох эрүүгийн 2225004780390 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,Л. Г, Монглл Улсын иргэн, Э.Ө, Монгол Улсын иргэн, У.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө О аймаг Б сум З багт үйл ажиллагаа явуулдаг “В /В/ баарны гадаа иргэн Н.Оын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт, хуйх доорх зөөлөн эдэд няцрал, баруун гарын шуунд зулгаралт, иргэн Г.Нийн биед баруун гарын бугалга, нуруу, зүүн хөлийн өвдөгний дотор тал, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хурууны гадна талд зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

                Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

                Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд "...Нийг газар унахаар нь яагаад байгаа юм бэ? гээд би Өийг түлхтэл Ганаа миний үснээс арагш зулгааж, татаад толгой руу 2-3 удаа цохиж, хөлөөрөө гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Ганаагийн гарыг тавиулаад үсдээд Нийг хаана байна гээд хартал Ө Нийн толгой дээрээс дэвсэж баруун гартаа пивоны шил барьчихаад толгой руу нь 3-4 удаа цохиж байсан. Мөн Б Нийн толгой болон нуруу руу нь өшиглөж, толгой дээрээс нь дэвсэж байсан. Бас гартаа пивоны шил барьчихсан байх шиг харагдсан. Ганаа надад үсдүүлчихсэн байхдаа чанга орилсон ба энэ үед Ө, Б хоёр хүрч ирээд Ө нь намайг үсдэж доош тонгойлгож дараад гартаа барьсан пивоны шилээр толгойн дагз хэсэг рүү 3-4 удаа хүчтэй цохисон. Үүний дараа Б, Ганаа, Ө гурав нийлж намайг үсдэж толгой, нуруу руу цохиод байсан. Тэр үед баарны хамгаалагч гарч ирээд больцгоо гэж хэлсэн ба энэ үед Ө намайг үсдэж харин би нэг гараараа Ганаагийн үснээс зулгаасан байсан. Тэгтэл Ө баарны хамгаалагчид хандан наад охиноо тавиулчих тэгвэл би гараа авлаа гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод баарны хамгаалагч надад хандан ахын дүү гараа тавьчих гэхээр нь би Ганаагийн үснээс зулгаасан гараа тавьсан. Гараа тавьтал баарны хамгаалагч миний хажуу талаас хоёр гарыг доош нь дараад тэвэрсэн. Хоёр гараа хөдөлгөж чадахгүй дээшээ өндийтөл Ганаа миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Цохиулсны дараа нүдний ойролцоогоос цус гарч эхэлсэн. Нүд рүүгээ цохиулсны дараа баарны хамгаалагч намайг тавьсан ба энэ үед Ганаа надад хандан эгчийн дүү болоогүй байгаа биз дээ гэж хэлэхээр нь би Ганаагийн хөл рүү нь жийсэн. Тэгсэн чинь Б эмийн сангийн урд талын шатан дээрээс босож ирээд над руу орилоод дайрахаар нь ойролцоо зогсож байсан баарны хоёр хамгаалагчийн голоор ортол тэр хоёр хамгаалагч Б, Ганаа хоёрыг за больчих больчих гээд над руу ойртуулахгүй байж байгаад Б, Ганаа хоёрыг алдчихсан. Тэр хоёр над руу хүрч ирээд миний үснээс зулгааж доош нь тонгойлгосон. Тэр үед Б миний үснээс зулгаангаа нэг гараараа пивоны шилээр миний баруун талын чихний ойролцоо хүчтэй цохиж, мөн хөл бие рүү өшиглөсөн. Харин Ганаа үснээс зулгааж нуруу руу гараараа дээрээс хүчтэй нүдээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53х/,

...Үнэндээ тэр өдөр баарны гадна би Ганаатай зодолдож улмаар Ганаад зодуулсан. Сүүлд намайг Ганааг үсдсэн байхад Ө хүрч ирээд чи наад хүнийхээ үсийг тавьчих тэгээд дараа нь учраа ол тавь гэж хэлэхээр нь би үгүй чадахгүй гэж хэлэхэд Ө миний үснээс зулгааж арагш татан хүчтэй хоёр тийш сэгсэрсэн. Үүнээс болж миний биед хуйханд цус хуралт, хуйх доорх зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Харин миний зүүн нүд рүү Ганаа гараа атгаж байгаад хүчтэй цохиж надад гэмтэл учруулсан. Одоо бодоод байхад Н бид хоёрыг пивоны шилээр бус гараараа цохисон юм байна лээ...Н бид хоёрыг зодсон эмэгтэйчүүд 1,200,000 төгрөг явуулсан. Түүнийг бид хоёр хувааж аваад гомдол саналгүй болсон...шүүх хуралд суухгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 55х/

 

Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд “...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 20 минутын орчимд найз О, Алтанбагана, Ганаа нарын хамт “В” нэртэй бааранд бүжиглэх гэж орсон... Үүднээс Ө миний гадуур хувцаснаас зуурч баарны зүүн талд байрлах эмийн сангийн шатны урд аваачиж хоёр машины голоор намайг хүчтэй түлхэж би машин мөргөсөн... Ө татаж байсан тамхиныхаа цогоор миний нүүрийг түлэх гэж дайрсан... Ө миний гэдэс рүү хүчтэй жийсэн. Би гэдсээ бариад доошоо тонгойтол зүүн гараараа миний толгойг хүзүүдэж газар унагаан, Ө, Б хоёр миний дээрээс олон удаа өшиглөж, толгой дээрээс дэвссэн. Мөн толгой руу пивоны шилээр цохиод байсан. Би газар хэвтчихээд Ө, Б хоёрт 3-4 минут орчим зодуулсан. Намайг зодохоо болихоор нь газар явган сууж О руу хартал Ө, Б, Ганаа гурав Оыг доош нь тонгойлгоод зодож байсан би толгой руугаа олон удаа цохиулсан учраас манарч хамраас цус гарч О руу очиж чадаагүй. ....Намайг харж байхад Ганаа Оын нүд рүү гараараа цохисон.... /хх-ийн 45-47х /

...Б гэдэг эмэгтэй над руу гүйж ирээд намайг үсдэж, өшиглөж, гараа атгаж байгаад цохиж байсан, би сүүлдээ нүдээ аниад нүүрээ хамгаалж доошоо тонгойсон, үнэндээ миний санаж байгаагаар Б намайг зодоод байсан, Ө намайг зодож байхыг хараагүй. Өмнө мэдүүлэг өгөхдөө пивоны шилээр цохиулсан гэж хэлсэн гэтэл одоо бодоод байхад О бид хоёрыг пивоны шилээр цохиогүй юм байна лээ, гараа атгаж байгаад цохиод байсан байх. ...Бид хоёрын эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг өгсөн, О бид хоёр хувааж авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49х/

 

Шүүгдэгч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд “...Гадна гарахад Ө, Х хоёр баарны дэргэдэх эмийн сангийн шатны дэргэд бие засах өрөөнд маргалдсан хоёр эмэгтэйтэй цуг зогсож байсан. Намайг эмийн сангийн чанх урд машин налаад зогсож байтал Б Н гэдэг эмэгтэйн үснээс зулгааж зодож эхэлсэн. Тэр үед О гэдэг эмэгтэй миний үснээс зулгааж доошоо дарсан. Үүний дараа би мөн адил О гэдэг эмэгтэйг үсэдсэн хэсэг хугацааны дараа бид хоёрын голоор хүн орж ирээд салгасан. Хэн салгасан гэдгийг нь мэдэхгүй байна царайг нь хараагүй. Би О гэдэг эмэгтэйгээс салаад чи яаж байгаа юм бэ? миний хуруунаас цус гарчихсан байна гэхэд О гэдэг эмэгтэй миний дэргэд хүрч ирээд дахиж намайг үсэдсэн. Дараа нь би О гэдэг эмэгтэйг дахиж үсэдсэн намайг дийлэхгүй байсан учраас Ө миний дэргэд хүрч ирээд Оыг үснээс зулгааж надаас холдуулсан. Мөн би Отай зодолдож байхдаа нүд рүү нь нэг удаа цохиж авсан. Үүний дараа гараас цус гарч байсан учир би гараа угаахаар баар руу буцаж орсон. Тухайн зодоон болж байхад Х бид нарыг хараад зогсож байсан. Харин Ө намайг өмөөрч Оын үснээс зулгааж надаас холдуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76х/

 

Шүүгдэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд “...Мөн Нийн араас О дагаж ирсэн. Би эмийн сангийн үүдэнд байхдаа Нд хандан нэг хүн рүү гурав, дөрвүүлээ нийлээд дайрч давшилж болохгүй, чи өмнө нь миний найз Хг дээрэлхсэн байна лээ гэж хэлтэл Н урдаас хэгжүүрхээд тоохгүй байсан. Нийг над руу хэгжүүрхэж байхыг Б хараад Нийн үснээс татаж зодолдож эхэлсэн. Энэ үед зэрэгцээд О нь дэргэд нь зогсож байсан Гыг үснээс зулгааж Гыг зодож эхэлсэн. Г урьд өмнө хөлөндөө мэс засал хийлгэж байсан бие муутай учраас би Г, О хоёрыг нэг нэгнийхээ үснээс үсдэхээ боль тавьцгаа гэж хэлтэл Г Оын үснээс тавьсан гэтэл О нь Гын үснээс зуурчихаад тавихгүй байхаар нь би Оын үснээс үсдэж арагш нь татсан. Үүний дараа О Гын үснээс тавьж эргэж хараад миний үснээс зулгааж, миний хацар руу нэг удаа цохисон. Тэр үед баарны хамгаалагч хүрч ирээд Оыг болиулах гээд урдаас нь тэвэрсэн. Баарны хамгаалагчийг ирсэн байхад О бид хоёр үсдэлцсэн байсан ба удаагүй гараа тавьцгаасан. Зодоон дуусмагц би Од хандан чи Говилдоо байж бай наашаа орж ирж ингэх болоогүй гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74х/,

 

Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд ”...Бааранд ороод жижиг шилтэй нэг ширхэг пиво худалдаж авсан. Бааранд бүжиглэж байтал нэг мэдэхэд Ө, Г, Х гурав алга болчихсон байсан. Хэсэг хугацааны дараа Г миний дэргэд ирээд доор нэг зүйл болоод байна чи очихгүй юм уу гэхээр нь хамт 1 давхар руу буусан. Г бид хоёр баарны үүдний хэсэгт очиход Ө Х хоёр Н, О гэх эмэгтэйчүүдтэй хэрэлдээд байсан. Яг юу гэж хэрэлдсэн талаар санахгүй байна... Би Н гэх эмэгтэйгийн дэргэд очоод шууд үснээс нь зулгааж, гараараа бие рүү нь ойролцоогоор 6-7 удаа цохиж, зодолдож байхдаа өшиглөсөн. Үүний дараа Н явган сууж газар унасан... Намайг шатан дээр сууж байхад машины дэргэд Г, О хоёр зодолдож байсан ба Ө Оыг үснээс хойш нь үсдэж татаад тэр хоёрыг салгасан. Мөн энэ үед баарны хамгаалагч явж очоод больцгоо гээд зодолдохыг нь болиулсан. Зодоон болоод дууссаны дараа би О, Н хоёрт уучлаарай, өмнө нь юу болсон гэдгийг мэдээгүй юм байна гэж хэлээд хамт ярилцаж суусан тэгтэл Н өмнө нь Хтой муудалцаж байсан юм, та нар учрыг нь олохгүй ийм юм болгочихлоо гэж хариулсан...Би баарнаас гарахдаа 2 ширхэг пивоны шил гартаа бариад эмийн сангийн шатан дээр тавьсан. Гэхдээ Нтэй зодолдож байхдаа гартаа пивоны шил бариагүй байсан. Мөн Х зодоонд оролцоогүй бид нарыг хараад зогсож байсан. Г Ө хоёр мөн адил баарнаас анх гарч ирэх үедээ пивоны шилгүй байсан санагдаж байсан...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72х/,

 

Гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагаанд “...Баарны үүдэнд бид нарыг зогсож байхад Б гарч ирсэн. Удалгүй Н, О хоёр гадагш гарч ирсэн. Тэр хоёрыг гарч ирэх үед Ө Нгийн гараас татаж ийшилье гэж хэлээд баарны дэргэдэх эмийн сангийн үүдэнд очсон. Эмийн сангийн үүдэнд очоод Ө О, Н хоёрт хандан манай найзтай та нар өмнө аягүй муухай харьцаж байсан байна, яаж ингэж хоорондоо ярьдаг юм бэ? та нар манай найзаас уучлалт гуйхгүй юм уу? гэхэд Н урдаас нь уурлаж зүгээр байгаарай хөөе гээд хэдэрлээд байсан харин О юм хэлээгүй чимээгүй зогсож байсан. Үүний дараа Г Од хандаж чи намайг энэ дотор шууд жийгээд яаж байгаа юм бэ? гэхэд О Гыг үсдэж хоорондоо зодолдож эхэлсэн. Энэ үед мөн адил эмийн сангийн үүдэнд Б, Н хоёр хоорондоо үсдэлцээд зодолдож эхэлсэн. Би Бг Нгийн толгой хэсэг рүү 2 удаа цохиж аваад холдохыг харсан. Тэд нарыг зодолдож байхад баарны хамгаалагч ах хүрч ирээд тэд нарыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78х/

 

Гэрч Э.П мөрдөн шалгах ажиллагаанд “...ямар ч байсан Ө гэдэг эмэгтэй нэг эмэгтэйнх нь үснээс хүчтэй зулгааж татаж байсан. Гол зодоон хийсэн 2 эмэгтэй нь Б, Г гэдэг хоёр эмэгтэй намайг харж байхад тэр хоёр зодолдож байгаа хоёр эмэгтэйгээ үсдэж аваад бие хаа, толгой, нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиж аваад байсан. Хамт явж байсан махлаг эмэгтэй зодоонд оролцоогүй...Зодоон дуусах үед нэг эмэгтэй нь зодуулсан хоёр эмэгтэйд хандан та нар ингэж томрох болоогүй шүү сөгдөж уучлалт гуй гэхэд зодуулсан хоёр эмэгтэй нь уучлаарай гэж хэлсэн...Хоорондоо зодолдож байхдаа гартаа пивоны шил бариагүй байсан, гараа атгаж байгаад цохиж нүдээд байсан. Тухайн үеийн хяналтын камерын бичлэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65х/,

 

О аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Бгийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 609 дугаартай “...Г.Нийн биед баруун гарын бугалга, нуруу, зүүн хөлийн өвдөгний дотор тал, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хурууны гадна талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Баруун гарын бугалга, нуруу, зүүн хөлийн өвдөгний дотор тал, баруун хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын чигчий хурууны гадна талд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-24х/

 

О аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Бгийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 608 дугаартай “...Н.Оын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт, хуйх доорх зөөлөн эдэд няцрал, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйх доорх зөөлөн эдийн няцрал, баруун гарын шуунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-36х/,

 

Л.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112, 117, 121х/,

 

У.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11, 116, 129х/,

 

Э.Өийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114, 118, 137х/, хохирол төлсөн талаарх баримт зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нар бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө О аймаг Бсум З багт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадаа Г.Н, Н.О нартай маргалдан улмаар Г.Нийн баруун гарын бугалга, нуруу, зүүн хөлийн өвдөгний дотор тал, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хурууны гадна талд зулгаралт бүхий гэмтэл учруулсан, Н.Оын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт, хуйх доорх зөөлөн эдэд няцрал, баруун гарын шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай, мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

    

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн

талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан

-Н.Оын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,

-хохирогч Н.Оын “..Ганаа миний үснээс арагш зулгааж, татаад толгой руу 2-3 удаа цохиж, хөлөөрөө гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. ..Б, Ганаа, Ө гурав нийлж намайг үсдэж толгой, нуруу руу цохиод байсан. ... Харин миний зүүн нүд рүү Ганаа гараа атгаж байгаад хүчтэй цохиж надад гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,

-хохирогч Г.Нийн “Ө миний гэдэс рүү хүчтэй жийсэн. Би гэдсээ бариад доошоо тоггойтол зүүн гараараа миний толгойг хүзүүдэж газар унагаан, Ө, Б хоёр миний дээрээс олон удаа өшиглөж, толгой дээрээс дэвссэн. Би газар хэвтчихээд Ө, Б хоёрт 3-4 минут орчим зодуулсан” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Л.Гын “...Үүний дараа би мөн адил О гэдэг эмэгтэйг үсэдсэн, хэсэг хугацааны дараа бид хоёрын голоор хүн орж ирээд салгасан. Дараа нь О гэдэг эмэгтэй миний дэргэд дахин хүрч ирээд дахиж намайг үсэдсэн. Дараа нь би О гэдэг эмэгтэйг дахиж үсэдсэн намайг дийлэхгүй байсан учраас Ө миний дэргэд хүрч ирээд Оыг үснээс зулгааж надаас холдуулсан. Мөн би Отай зодолдож байхдаа нүд рүү нь нэг удаа цохиж авсан” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч У.Бгийн “Би Н гэх эмэгтэйгийн дэргэд очоод шууд үснээс нь зулгааж, гараараа бие рүү нь ойролцоогоор 6-7 удаа цохиж, зодолдож байхдаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Э.Өийн “..гэтэл О нь Гын үснээс зуурчихаад тавихгүй байхаар нь би Оын үснээс үсдэж арагш нь татсан. Үүний дараа О Гын үснээс тавьж эргэж хараад миний үснээс зулгааж, миний хацар руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,

-гэрч У.Хгийн “..Г Од хандаж чи намайг энэ дотор шууд жийгээд яаж байгаа юм бэ? гэхэд О Гыг үсдэж хоорондоо зодолдож эхэлсэн. Энэ үед мөн адил эмийн сангийн үүдэнд Б, Н хоёр хоорондоо үсдэлцээд зодолдож эхэлсэн. Би Бг Нгийн толгой хэсэг рүү 2 удаа цохиж аваад холдохыг харсан” гэх мэдүүлэг,

-гэрч Э.Пийн “...ямар ч байсан Ө гэдэг эмэгтэй нэг эмэгтэйнх нь үснээс хүчтэй зулгааж татаж байсан. Гол зодоон хийсэн 2 эмэгтэй нь Б, Г гэдэг хоёр эмэгтэй намайг харж байхад тэр хоёр зодолдож байгаа хоёр эмэгтэйгээ үсдэж аваад бие хаа, толгой, нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиж аваад байсан” гэх мэдүүлэг,

-шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Бгийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 608 дугаартай “...Н.Оын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт, хуйх доорх зөөлөн эдэд няцрал, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйх доорх зөөлөн эдийн няцрал, баруун гарын шуунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө О аймаг Бсум З багт үйл ажиллагаа явуулдаг “В” /В/ баарны гадаа Л.Г, У.Б, Э.Ө нар нь бүлэглэн улмаар Г.Нийн баруун гарын бугалга, нуруу, зүүн хөлийн өвдөгний дотор тал, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хурууны гадна талд зулгаралт бүхий гэмтэл учруулсан, Н.Оын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт, хуйх доорх зөөлөн эдэд няцрал, баруун гарын шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нар нь таньсангүй, урьд нь манай найзыг дээрэлхсэн байсан, хэгжүүрэхлээ гэх зэрэг үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн Г.Нийн баруун гарын бугалга, нуруу, зүүн хөлийн өвдөгний дотор тал, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хурууны гадна талд зулгаралт бүхий гэмтэл учруулсан, Н.Оын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хуйханд цус хуралт, хуйх доорх зөөлөн эдэд няцрал, баруун гарын шуунд зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учлуулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч нар нь бүлэглэж үйлдсэн байгаа нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарыг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүхээс шүүгдэгч нарыг өөрийгөө өмгөөлөх эрхээр хангасан гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд “Ө Нийн толгой дээрээс дэвсэж баруун гартаа пивоны шил барьчихаад толгой руу нь 3-4 удаа цохиж байсан, мөн Б Нийн толгой болон нуруу руу нь өшиглөж, толгой дээрээс нь дэвсэж байсан. Бас гартаа пивоны шил барьчихсан байх шиг харагдсан. Ганаа надад үсдүүлчихсэн байхдаа чанга орилсон ба энэ үед Ө, Б хоёр хүрч ирээд Ө нь намайг үсдэж доош тонгойлгож дараад гартаа барьсан пивоны шилээр толгойн дагз хэсэг рүү 3-4 удаа хүчтэй цохисон. ....Тэр үед Б миний үснээс зулгаангаа нэг гараараа пивоны шилээр миний баруун талын чихний ойролцоо хүчтэй цохиж, мөн хөл бие рүү өшиглөсөн” гэж мэдүүлсэн,  хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд “...Ө, Б хоёр миний дээрээс олон удаа өшиглөж, толгой дээрээс дэвссэн. Мөн толгой руу пивоны шилээр цохиод байсан” гэж тус тус мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.О дахин өгсөн мэдүүлэгтээ “..Одоо бодоод байхад Н бид хоёрыг пивоны шилээр бус гараараа цохисон юм байна лээ” гэж, хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ “..Өмнө мэдүүлэг өгөхдөө пивоны шилээр цохиулсан гэж хэлсэн гэтэл одоо бодоод байхад О бид хоёрыг пивоны шилээр цохиогүй юм байна лээ, гараа атгаж байгаад цохиод байсан байх” гэж тус тус мэдүүлж дээрх пивоны шилээр цохиулсан гэх мэдүүлгээ үгүйсгэсэн мөн гэрч Э.Пийн “..хоорондоо зодолдож байхдаа гартаа пивоны шил бариагүй байсан, гараа атгаж байгаад цохиж нүдээд байсан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Ч.Бгийн “дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэсний дараа учруулсан хохирлыг хохирогчид төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.    

 

Шүүх шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх бөгөөд хохирогч Г.Н, Н.О нар нь “...хохиролд 1,200,000 төгрөг авсан одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын эрхэлсэн ажилгүй байгаа, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л. Г, Э. Ө, У. Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, Э. Өийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, У. Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нар нь 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г, У.Б, Э.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОРХОНТАМИР