Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
Хэргийн индекс | 171/2022/0345/Э |
Дугаар | 2022/ШЦТ/384 |
Огноо | 2022-11-29 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Отамир даргалж,
Улсын яллагч: Ж.Б,
Шүүгдэгч: Р.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Эад холбогдох эрүүгийн 2225000000415 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.Э
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Э нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О аймаг Бсум С баг 6-15 дугаар байрны гадаа хохирогч Г.Дг гараараа нүүрэн тус газар нь цохиж, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О аймаг Бсум С баг 6-15 дугаар байрны баруун талд ганцаараа алхаж яваад өмнө нь ЭҮТӨҮГ-т хамт ажилладаг байсан Дтэй таарсан. Би Дтэй таараад мэндэлсэн... Би үүний дараа Дд хандан чи эртээд надтай утсаар ярьж байхдаа яагаад намайг ална, хядна гээд байсан бэ, яагаад намайг дарамтлаад байсан бэ гэж хэлсэн. Харин Д надад битгий хуцаад солиороод байгаарай гэж хариулсан. Би дахин Дд “чи намайг утсаар хэлэхдээ чи надад юм болохгүй шүү муу банди минь гэж хэлсэн. Намайг чамаас хөгшин болохоор амархан зодоод дээрэлхэнэ гэж санаад байна уу, гээд хоорондоо маргалдсан. Энэ үед би Дгийн нүүр рүү нэг удаа цохисон...Г.Дгийн нүүрэн тус газарт гараараа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Би тэр өдөр өдөр Г.Дгийн хамт эмнэлгийн байгууллагаар явж чих хамар хоолойн эмчид үзүүлж томографын зураг авахуулсан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Э М эмнэлэгт Г.Дг хамар гаргах мэс ажилбарт оруулж шаардлагатай эмийг авч өгсөн. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар 364,000 төгрөг зарцуулаад байгаа ба өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Бид хоёрын дунд өш хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Урьд нь Дгийн барьж байсан утсыг би барих болж тэр утсанд Дгийн банкны зээлтэй холбоотой мессеж 2 сарын хугацаанд ирэхээр нь би хэлэхгүй бол болохгүй юм байна гэж бодоод найзаар нь дамжуулаад хэл хүргэе гээд хэлсэн, яаж дамжуулж хэлснийг мэдэхгүй, тэгсэн Д над руу утсаар ярьж хувийн мэдээлэлд халдлаа, чамайг ална шүү гэж дарамталсан, бид маргалдсан. Тааралдсан өдөр яагаад түрүүлээд цохисон бэ гэхээр өмнө нь намайг ална гэж хэлсэн болохоор нь би түрүүлээд цохисон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “... 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 30 минутын орчим О аймаг Бсум С баг 6-15 дугаар байрны хойд талд, байрны буланд ганцаараа алхаж байхдаа урьд өмнө ЭҮТӨҮГ-т хамт ажилладаг байсан Э гэдэг эрэгтэйтэй таарсан. Энэ үед Э надаас юу байна гэж асуухаар нь би юмгүй юу байна гэж хэлчихээд урд нь гараад алхаж байтал Э миний араас хөөе байж бай даа, одоо хоёулаа үзчихье гээд миний хамар руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Үүний дараа толгой манарч, хамраас цус гарч эхэлсэн. Дараа нь би өөрийнхөө машинд суугаад Эын хамт эмнэлэг рүү явсан. Мөн 2022 оны 08 дугаар сард Э бид хоёр утсаар ярьж байхдаа маргалдаж байсан. Үүнээс болж надад өс санаж өнөөдөр миний хамар руу санаатай цохисон гэж бодож байна. Намайг өнөөдөр хамар руугаа цохиулахад хажуугаар 20 гаран насны 3-4 хүн явж байсан. Гэхдээ надад тэд нарын царай төрхийг харах сөхөө байгаагүй...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О аймаг Зэст багт байрлах М эмнэлэгт хамар тэгшилж муруйлтыг арилгаж, бяцарсан яснуудыг хэвэнд нь оруулах мэс ажилбар хийлгүүлсэн. Тухайн эмнэлгийн эмч намайг таны хамрын таславч муруй байна. 2-3 сарын дараа дахин хамрын хагалгаанд ороорой гэж хэлсэн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг EMJJ /эмжж/ нэртэй эмнэлэгт 1,500,000-2,500,000 төгрөгийн үнэтэй хийгддэг гэж хэлсэн ба үүний дараа эм тарианы зардал гарах юм байна лээ. Ойролцоогоор нийт өртөг нь 3,000,000 орчим төгрөг болж байгаа. Маргалдах болсон шалтгаан нь 8-р сард манай найз над руу яриад Э банкны өр зээлээ дараач гэж байна гэж хэлсэн. Э надтай фэйсбүүкээр найз байж надад хэлчихгүй, хүнээр дамжууллаа гэж бид муудалцсан. Бие биенийгээ хэл амаар доромжилсон. Түүнээс хойш нэг удаа театрын гадаа таарч байсан, мэндлээд л зөрсөн. Тухайн үед би аавын машины түлхүүрийг янзлуулах гээд явж байхдаа Этай таарсан юм. Надтай таараад зөрөөд өнгөрснөө араас ирээд үгийн зөрүүгүй цохисон. Одоо 3000000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12х/,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 40 минутын орчим миний нөхөр болох Р.Мөнхбат нь охиноо С багт зүйл ажиллагаа явуулдаг Тэмүүлэл цэцэрлэгийн баллетийн сургалтаас авах гэж гэрээсээ гарч явсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа өөрийнхөө 99350406 дугаарын утаснаас миний ,,, дугаарын утас руу залгаж “би Дг цохьчихлоо, хамраас нь цус гараад байна. Чи охиноо очиж аваарай” гэж надад хэлсэн. Ингэж ярьснаас хойш 20-30 орчим минутын дараа Дг “Э М” эмнэлэгт үзүүлээд явж байга гэж хэлсэн. Өдөр нь нөхрөөсөө чи Дгийн хаана нь цохисон юм бэ гэхэд би хамар руу нь нэг удаа цохьчихсон гэж хэлсэн. Яагаад цохисон юм бэ гэвэл энэ онд сарыг нь санахгүй байна, зун Д манай нөхөр рүү залгаад ална шүү, хядна шүү, амжих уу гэх мэтээр доромжилж, дарамталсан маягтай ууртай хашгирч ярьсан. Энэ үед би хамт байсан учраас хоорондоо ярихыг нь сонссон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
О аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 785 дугаартай дүгнэлтэд: “...Г.Дгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Нэг цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна. 2022-10-15-ны өдөр үүссэн байж болно.
4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
5. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23х/,
Шинжээч Ж.Ггийн “...гэмтлийн зэргийг ангилахдаа амь насанд аюултай байдал илэрсэн эсэх, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, үлдэх уршиг учирч байгаа эсэх зэрэг шинж чанараар нь гэмтлийн хүнд, хүндэвтэр, хөнгөн зэрэгт ангилдаг. Хамрын яс нь нимгэн яс байдаг тул 1 сарын дотор бороолдог. Эрүүл мэндийг түр буюу 28 хоногийн хугацаанд сариулдаг шинж чанараараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Мөн хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг шинж чанараараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р тал/
Р.Эад мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 33х/,
Р.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Э М эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн талаарх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О аймаг Бсум С баг 6-15 дугаар байрны гадаа Г.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Г.Дгийн “2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 30 минутын орчим О аймаг Бсум С баг 6-15 дугаар байрны хойд талд, байрны буланд ганцаараа алхаж байхдаа урьд өмнө ЭҮТӨҮГ-т хамт ажилладаг байсан Э гэдэг эрэгтэйтэй таарсан. Энэ үед Э надаас юу байна гэж асуухаар нь би юмгүй юу байна гэж хэлчихээд урд нь гараад алхаж байтал Э миний араас хөөе байж бай даа, одоо хоёулаа үзчихье гээд миний хамар руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Үүний дараа толгой манарч, хамраас цус гарч эхэлсэн. Дараа нь би өөрийнхөө машинд суугаад Эын хамт эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг,
гэрч Д.Гийн мэдүүлсэн “Үүнээс хойш 10 орчим минутын дараа өөрийнхөө утаснаас миний утас руу залгаж “би Дг цохьчихлоо, хамраас нь цус гараад байна. Чи охиноо очиж аваарай гэж надад хэлсэн. Ингэж ярьснаас хойш 20-30 орчим минутын дараа Дг “Э М” эмнэлэгт үзүүлээд явж байна гэж хэлсэн. Өдөр нь нөхрөөсөө чи Дгийн хаана нь цохьсон юм бэ гэхэд би хамар руу нь нэг удаа цохичихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 785 дугаартай “Г.Дгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, нэг цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна. 2022-10-15-ны өдөр үүссэн байж болно, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт,
Шинжээч эмч Ж.Ггийн “...гэмтлийн зэргийг ангилахдаа амь насанд аюултай байдал илэрсэн эсэх, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, үлдэх уршиг учирч байгаа эсэх зэрэг шинж чанараар нь гэмтлийн хүнд, хүндэвтэр, хөнгөн зэрэгт ангилдаг. Хамрын ял нь нимгэн яс байдаг тул 1 сарын дотор бороолдог. Эрүүл мэндийг түр буюу 28 хоногийн хугацаанд сариулдаг шинж чанараараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Мөн хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг шинж чанараараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О аймаг Бсум С баг 6-15 дугаар байрны гадаа Г.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Р.Э нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байх тул санаатай үйлдсэн байна, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хоорондын урьдын таагүй харилцаа, харилцан хүндэтгэлгүй байдал, эрх зүйн мэдлэг дутмаг байдал хувь хүний төлөвшил зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь болсон байна. Иймд шүүгдэгч Р.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцуулах нь зүйтэй, хохирол хор уршгийн хувьд хохирогч Г.Д нь 3 000 000 төгрөг нэхэмжилдэг боловч эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Р.Эыг бусдад төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Р.Эын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтэй гэмшиж буй байдал, зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд О аймгийн Бсумын төвөөс гадагш гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Р.Э нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Р.Э нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О аймгийн Бсумын С багийн 6-15 дугаар байрны гадаа Г.Дг зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Хохирогч Г.Д нь цаашид гарах эмчилгээний зардалд 3000000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч шүүхийн шатанд хэрэгт эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Э нь эмчилгээний зардалд 364000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.Эад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.
Шүүгдэгч Р.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Р.Э дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Эад оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Р.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОТАМИР