Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/410

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Отамир даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Баянхүү

Улсын яллагч Т.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С,

Шүүгдэгч Х.Снарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Схолбогдох эрүүгийн 2225006670430 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Х.С

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Снь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр О аймгийн Бсумын Я багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч О.Сын нүүрэн тус газар буюу зүүн шанаа, чих орчимд алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Смэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн, О.Сын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Би сургуульд сурч байгаа, миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С мэдүүлэхдээ “Миний хүү О.Сын биед гэмтэл учирч хохирсон тодорхой байна. Хүүхдийн чихний эрүүл мэндийн асуудал ямар байхыг хэлж мэдэхгүй байна, цаашид дахин Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлэх хүсэлттэй байна. Одоогоор нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид гарах зардлыг төлж барагдуулбал өөр санал хүсэлт байхгүй, энэ хүүхдэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч О.Сын “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Ибагийн ... дугаар сургуулийг төгссөн Сгэх залуу намайг “хөөе чи нааш ир” гэж дуудахаар нь би юу гэж асуусан чинь “тийм чи нааш ир” гэхээр нь би яасан бэ ахаа гэж хэлээд хажууд нь очих үед ахыгаа мартчихсан юм уу гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараара 2 удаа алгадсан, энэ үед би толгойгоо дараад доошоо тонгойж байх үед намайг дээш нь өндийлгөж байгаад зүүн талын чихээ дарж байсан гарыг минь буулгаж байгаад дахин нэг удаа алгадсан. Энэ үед миний чих дүнгэнээд хэсэг юу ч сонсохгүй, манарсан байдалтай зогсож байгаад зайл гэж хэлэхээр нь би явсан. Би сургуулиас гараад Ибагийн модны захын хажуунаас такси бариад гэртээ харьсан, гэртээ ирээд цай уучихаад сургуулийн менежертэй уулзахаар буцаад сургууль руу явсан. Сургууль дээр очоод шинээр орсон менежертэй уулзаад болсон асуудлын талаар хэлсэн. Тухайн үед менежер Сыг дуудаж бас уулзсан юм. Тухайн өдөр би ээждээ болсон асуудлын талаар хэлээгүй, маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр чих рүү хатгуулж өвдөөд байхаар нь урд өдөр болсон асуудлын талаар ээж, аав хоёртоо хэлсэн юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 11 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Э.Тгийн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын үед хичээлээ талаар найз Сын хамт ... дугаар сургуулийн спорт заал руу орсон. Би заал руу ороод заалны хувцас солих өрөө рүү орсон. Намайг хувцас солих өрөө рүү орох гэж байх үед манай сургуулийг төгссөн залуу Снь найз Сыг дуудаж байсан. Би хувцас солих өрөөнд ороод хувцсаа солиод буцаад гарсан чинь С нь зүүн талын чихээ гараараа дараад доошоо харсан байдалтай Сын хажууд зогсож байгаад над руу алхаж ирээд ууртай “явъя чи намайг зам руу дөхүүлээд өгөөч гэртээ харьж эм ууна” гэж хэлсэн. Сургуулиас гараад алхаж явж байгаад С нь Снамайг дуудаж хажууд нь очих үед миний зүүн талын чих рүү гараараа алгадсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй гэртээ харьна гээд Баянхангал дэлгүүрийн урдаас таксинд суугаад гэртээ харьсан юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн ... дах тал/

Насанд хүрээгүй гэрч С.Ннийн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын үед хичээл тараад зааланд воллейболын бэлтгэл хийхээр ороод бэлтгэлээ хийж байсан. Энэ үед манай сургуулийг төгссөн Сах орж ирээд бид нартай мэндлээд зогсож байсан. Хэсэг хугацааны дараа С, Т хоёр орж ирээд Т хувцас солих өрөө рүү орсон. Сах Сыг дуудаад наанаа зогсож байгаарай гэж хэлээд бөмбөг тоглож байгаад дуусаад Сын хажууд очиж зогсоод гараараа Сын толгой руу алгадаж цохьсон. Нэг л удаа цохьсон. С нь хэсэг байж байгаад гараад явчихсан. Хоорондоо ярьж байгаа яриа нь зааланд сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/

Гэрч Г.Оын “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16-17 цагийн үед ... дугаар сургуулийн коридорт С, Т нартай тааралдсан тэр хоёр ангийн багш Батжаргалыг хайгаад явж байсан, С нь зүүн талын хацраа гараараа дарсан байдалтай явж байхаар нь тэр хоёрыг дагуулж өрөө рүү ороод уулзаж юу болсон талаар асуух үед О.С нь “манай сургуулийг төгссөн Сгэж ах сургуулийн зааланд гараараа алгадчихлаа” гэж хэлсэн, энэ үед би анги удирдсан багш Батжаргал руу залгасан боловч утсаа аваагүй, сургуулийн эмч тухайн өдөр өвчтэй байсан, би Сын ээж рүү залгах гэтэл С нь ээж Улаантолгойд ажилтай явж байгаа битгий залгаарай гэж хэлсэн. Ингээд С, Т нарыг гаргаад судалгаан дээрээс Сын ээжийн дугаарыг олоод холбоо бариад болсон асуудлын талаар хэлээд ирээд уулзаарай гэж хэлсэн чинь ээж нь завгүй байна Сыг өөрийг нь явуулья гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Сирээд уулзах үед түүнээс болсон асуудлыг асуух үед алгадсанаа хүлээн зөвшөөрсөн яагаад алгадсан талаар асуух үед “6 дугаар ангийн дүүг нь хичээл тараад явж байх үед хэдэн хүүхдүүд гар утсыг нь булааж авч хагалсан” гэж хэлсэн чи Сыг тэгсэн гэж яаж мэдэж байгаа юм бэ гэхэд манай дүү гаднах дүр төрхийг нь хэлсэн тэгээд би Сыг гэж бодоод алгадсан гэж хэлсэн. Ингээд С, Т хоёрыг дуудаж Стой хамт уулзаж дахиж ийм асуудал гаргахгүй гэр гэртээ хариарай гэж хэлээд явуулсан. Маргааш өглөө нь Сын ээжтэй холбоо бариад Сын ээжийн дугаарыг өгсөн, дараа нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сын ээжтэй холбоо бариад Сын биеийн байдлын талаар асуух үед эмнэлэгт үзүүлсэн чихний хэнгэрэг цоорсон, Сын талтай холбоотой байгаа гэж хэлсэн. Анги удирдсан багш Батжаргалд мөн болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /20-23-р тал/

О аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8... дугаартай “О.Сын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/,

Сэжигтэн Х.Сын “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед төрсөн дүү Пийг Ибагийн ... дугаар сургуульд хүргэж өгөөд анги руу нь оруулчихаад тус сургуулийн спорт заал руу ороод сургуулийн таньдаг дүү нартайгаа уулзаад зогсож байсан, энэ үед С заал руу орж ирэх үед би түүнийг нааш ир гэж дуудсан чинь миний хажууд ирсэн би түүнийг “чи яагаад сургуулийн хүүхдүүдийг дээрэлхээд байдаг юм бэ” гэж асуухад хариулахгүй байхаар нь миний бие уурласан уурандаа болоод түүний зүүн талын шанаа, толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон чинь толгойгоо дараад доош нь тонгойсон, энэ үед би түүнийг татаж босгоод “чи яагаад хүүхдүүдийг дээрэлхээд байгаа юм бэ” гэсэн чинь би тийм зүйл хийгээгүй шүү дээ” гэж хэлээд хэсэг зогсож байгаад яваад өгсөн юм. Тухайн өдөр орой 17 цагийн үед ... дугаар сургуулийн нийгмийн ажилтан намайг болон Сыг дуудаж уулзсан юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Х.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сд 400 000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Снь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр О аймгийн Бсумын Я багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч О.Сын нүүрэн тус газар буюу зүүн шанаа, чих орчимд алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Насанд хүрээгүй хохирогч О.Сын “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Ибагийн ... дугаар сургуулийг төгссөн Сгэх залуу намайг “хөөе чи нааш ир” гэж дуудахаар нь би юу гэж асуусан чинь “тийм чи нааш ир” гэхээр нь би яасан бэ ахаа гэж хэлээд хажууд нь очих үед ахыгаа мартчихсан юм уу гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараара 2 удаа алгадсан” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Э.Тгийн “...Би хувцас солих өрөөнд ороод хувцсаа солиод буцаад гарсан чинь С нь зүүн талын чихээ гараараа дараад доошоо харсан байдалтай Сын хажууд зогсож байгаад над руу алхаж ирээд ууртай “явъя чи намайг зам руу дөхүүлээд өгөөч гэртээ харьж эм ууна” гэж хэлсэн. Сургуулиас гараад алхаж явж байгаад С нь Снамайг дуудаж хажууд нь очих үед миний зүүн талын чих рүү гараараа алгадсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч С.Ннийн “...Сах Сыг дуудаад наанаа зогсож байгаарай гэж хэлээд бөмбөг тоглож байгаад дуусаад Сын хажууд очиж зогсоод гараараа Сын толгой руу алгадаж цохьсон. Нэг л удаа цохьсон” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Оын “...С нь зүүн талын хацраа гараараа дарсан байдалтай явж байхаар нь тэр хоёрыг дагуулж өрөө рүү ороод уулзаж юу болсон талаар асуух үед О.С нь “манай сургуулийг төгссөн Сгэж ах сургуулийн зааланд гараараа алгадчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

О аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8... дугаартай “О.Сын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт,

Сэжигтэн Х.Сын “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед төрсөн дүү Пийг Ибагийн ... дугаар сургуульд хүргэж өгөөд анги руу нь оруулчихаад тус сургуулийн спорт заал руу ороод сургуулийн таньдаг дүү нартайгаа уулзаад зогсож байсан, энэ үед С заал руу орж ирэх үед би түүнийг нааш ир гэж дуудсан чинь миний хажууд ирсэн би түүнийг “чи яагаад сургуулийн хүүхдүүдийг дээрэлхээд байдаг юм бэ” гэж асуухад хариулахгүй байхаар нь миний бие уурласан уурандаа болоод түүний зүүн талын шанаа, толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон чинь толгойгоо дараад доош нь тонгойсон” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Х.Снь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр О аймгийн Бсумын Я багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч О.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Сыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Х.Снь эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлнэ, эмчилгээний зардал нэхэмжилнэ, одоогоор нэхэмлэх зүйлгүй байна” мэдүүлсэн байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул түүнийг хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Х.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.С240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад: энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх... гэж заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа  байдлыг харгалзан шүүгдэгч Х.Сыг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан, шүүгдэгч Х.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Х.Снь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

6. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР