Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 25

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАЗД-д холбогдох

“ОАЗД-ын “Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Э” ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, ОАЗД-ын амаар гаргасан “Э” ХХК-ийн чулуу бутлан ангилах үйлдвэрийг буулгаж уг үйлдвэр байсан газарт барих шаардлагатай байгаа трансформаторыг бариулах  тухай” шийдвэр, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, компанид учирсан хохирол болох 84,379,350 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Д.Ц /онлайн/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Г.Г, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Э” ХХК нь 2008 оноос эхлэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах “Э” ТӨХК-ийн зүүн талд 5878 м.кв талбайд барилгын материалын үйлдвэрлэл буюу бетон зуурмаг үйлдвэрлэх зориулалтаар ашиглахаар тухайн үеийн ЗДболон Газрын алба, бусад холбогдох төрийн байгууллагуудад хандан хүсэлт, өргөдөл гарган үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлдвэр барих төсөл, үйлдвэрийн хашаа, бусад тоног төхөөрөмжийг оруулж ирэх, угсрах зөвшөөрөл авах зэрэг ажлыг эхлүүлсэн.

Улмаар тус компани нь авахыг хүссэн газраас 1500 м.кв газрыг тухайн үеийн Газрын албанаас Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 тоот шийдвэрийг үндэслэн олгосон. Энэ газрын гэрчилгээ нь хууль ёсоор гарч баталгаажсан ба манай компани үлдсэн 4378 м.кв газрыг олгож өгөхийг хүсэж Газрын алба, үе үеийн ЗДнарт хандан өргөдөл гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь төрийн байгууллагын хүнд суртал, аливаа асуудалд өөриймсөг бус ханддагийн илрэл юм.

Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга, Газрын албаны дарга нар энэ газар дээрээ манай компанийг үйл ажиллагаагаа явуулахыг хүлээн зөвшөөрч манай үйл ажиллагаа явуулж буй бетон зуурмагийн цөөн үйлдвэрийн нэг болсон, аймгийн бүтээн байгуулалт, орон сууцны барилгажилтад тодорхой хувь нэмрээ оруулсан компани юм.

“Э” ХХК нь 2008 оноос эхлэн үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлэхийн тулд зохих байгууллагаас зөвшөөрөл авах, үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг оруулж ирэх гэрээ хэлцлийг хийх зэргээр хөөцөлдсөний үр дүнд 2010 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотоос бетон хольц зуурах машин төхөөрөмж, цемент агуулах үлээгчтэй бункер, 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр угсармал хийц, сэндвичин материалыг оруулж ирэн үйлдвэрээ барьж эхэлсэн.

Улмаар 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийг гаргуулан барилгын бетон зуурмаг үйлдвэрлэх төслөө баталгаажуулсан. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой “Тусгай зөвшөөрөл олгогч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-г байгуулж, бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулах эрхийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас авсан. Энэ тусгай зөвшөөрлөө 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин сунгуулж шинээр авсан юм.

Манай компанийн ажил жигдэрч үйл ажиллагааг хэвийн явуулж байтал 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ОАЗДаргаар ажиллаж байсан Д.Б хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин А/207 тоот захирамжаар манай компанийн олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн газрыг бидэнд мэдэгдэхгүйгээр “Э” ТӨХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамж гаргасан байсан.

Захиргааны үйл ажиллагаа нь хуульд зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй. ЗДнарын явуулсан үйл ажиллагаа нь захиргааны актын хэлбэрээр үйлдэгдсэн ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үйл ажиллагааг ойлгоно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмыг ЗДД.Б ноцтойгоор зөрчин “Э” ХХК-д урьдчилан мэдэгдэхгүйгээр, бидний оролцоог хангахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар ЗДшийдвэр гаргахдаа манай компанийг өөрийн санаачилгаар гуравдагч этгээдээр татан оролцуулж, шийдвэрээ гаргах байсан боловч хуулийг зөрчиж манай компанийг оролцуулаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар ЗДшийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, мөн ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах аргаар нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

ЗДС.Б-ын “Э” ХХК-ний сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжид дурдсанаар “газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй” гэжээ. Гэтэл ЗДС.Б нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДуг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэсэн заалтыг зөрчиж манай компанид ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй байснаа гэнэт захирамж гаргаж түүнийхээ үндэслэх хэсэгт тусгайлан зааж оруулсан нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн тус захирамжид хэвийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж буй “Э” ХХК-ийн өмчид хууль бусаар халдаж сендвичин барилгыг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэхээр заасан нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн үндэслэл, зарчмуудыг зөрчсөн байна.

ЗДД.Б-ын гаргасан захирамж нь илт хууль бус байх тул ЗДС.Б-ын захирамж мөн илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болно. Иймд

1.ОАЗД Д.Б-ын “Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжийг илт хууль бусад тооцох, ОАЗД С.Б-ын ““Э” ХХК-ийн сендвичин барилга, газар чөлөөлж, албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг илт хууль бусад тооцож өгнө үү”[1]

Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ““Э” ХХК-ийн үйл ажиллагааны талаар урд нь тодорхой дурдсан. Одоо үүсээд буй маргааны эхлэл 2020 оны 03 дугаар сараас эхэлсэн гэж үзэж болно. Тухайн үед АЗД-аар ажиллаж байсан Д.Б 2020 оны 03 дугаар сарын дундуур /би одоо өдрийг нь сайн санахгүй байна/ намайг албан өрөөндөө дуудаад уулзсан. Тухайн үед Д.Б дарга надад “танай компанийн газар дээгүүр “Э”-ын өргөтгөлийн ажлын шугам явах гээд байна, тэгэхээр танайх чулуу бутлан ангилах үйлдвэрээ буулгаад чөлөөлөөд өгчих. Тэр үйлдвэр байсан газар дээр чинь дулааны станцын трансформатор зоох ёстой юм байна. Энэ зардлаа чи өөрөө гаргачих” гэхээр нь би “Энэ зардлыг Хятадын компаниас гаргаж болохгүй юм уу” гэхэд Д.Б дарга “Чи өөрөө гаргачих. Хятадын компани, Дулааны станцаас гаргах боломжгүй байна, яалтчгүй юм болоод байна” гээд 2 хоногийн дараа компанийн газар дээр очиж үзэхээр болоод тохирсон. Хоёр хоногийн дараа Д.Б дарга, Э-ын ажилчид, бусад албаны хүмүүстэй Тосгонд байрлах манай компанийн үйлдвэр дээр ирээд “Чулуу бутлан ангилах үйлдвэр байсан газарт өргөтгөлийн ажлын трансформатор босох юм байна танай компани энэ үйлдвэрээ өөрийнхөө зардлаар буулгаад өөр газар байрлуулчих, тэгээд дахиж энэ талаар маргаан гарахгүй хэн хэндээ ашигтай байдлаар шийдчихье” гэдэг шийдвэр гаргаад явсан.

Манай компани Д.Б даргын гаргасан шийдвэрийг хүндэтгээд дахиж энэ талаар маргаан гарахгүй юм байна гэж ойлгоод Чулуу бутлан ангилах үйлдвэрээ өөрийнхөө хөрөнгө, зардлаар буулгаж, “О” ХХК-ийн харьяа “18-ын карьер”-т байрлах газарт зөөж тэнд үйлдвэрээ шинээр барьсан. Гэтэл ЗДД.Б 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/207 дугаартай захирамжаар манай компанийн үйл ажиллагаа явуулж байсан газрыг “Э” ТӨХК-д эзэмшүүлэхээр захирамж гаргасан байсан. Бид нар энэ захирамжийн талаар сүүлд буюу 2020 оны 08 дугаар сарын сүүлээр мэдсэн. Удалгүй Д.Б дарга болон “Э” ТӨХК-аас “танай компанийн чулуу бутлан ангилах үйлдвэр байсан газарт трансформатор хийхээ больсон одоо танай компанийн үйлдвэр байгаа газар дээгүүр явахаар болсон. Энэ үйлдвэрээ буулга, эсхүл манайх газраа чөлөөлүүлж авмаар байна” гэдэг байдлаар дарамт үзүүлж эхэлсэн. Бид нар анх Засаг даргаас гаргасан шийдвэрийг хүндэтгээд чулуу бутлан ангилах үйлдвэрээ буулгаад зөөчихсөн. Үүнд 84379350 төгрөгийн зардал гарсан байсан. Энэ талаар Засаг даргад хэлэхэд “За гайгүй биз дээ, танайх дахиад энэ үйлдвэрээ буулгаад хойшоогоо барьчих” гэдэг хууль бус юм яриад эхэлсэн. Тэгэхээр нь би хуулийн зөвлөх Б.Б-ын хамт тухайн үед Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г, Ц дарга нартай өрөөнд нь очиж уулзсан. Тухайн албаны хүмүүс “танай газар дээр чинь трансформатор босгох гээд байна, танайх урд байгаа үйлдвэрээ буулгаад хойшоогоо барьчих, тэгээд танай газрын кадастрыг чинь өөрчлөөд хөндлөн болгоод өгье, танайх урд нь ажиллаж байснаараа үргэлжлүүлээд яв” гэдэг шаардлагыг тавьсан. Бид нар “урд нь нэг үйлдвэрээ буулгачихсан дахиад буулгахад хүндрэлтэй байна, ЗДчулуу бутлан ангилах үйлдвэр байсан газарт босгоно буулга гээд зөндөө их зардал, ажил болгосон. Одоо дахиад нэг үйлдвэрээ буулгах хэцүү байна, урд хийнэ гэсэн газартаа хийж болохгүй юм уу” гэдэг байдлаар ярилцсан. Тэгээд би холбогдох хүмүүсээс “Ер нь төслийн чинь зураг гэж юм байна уу, та нар зургаа үзүүлчих үнэхээр зураг байгаа бол хамаа алга тохиролцъё” гэхэд  энэ төслийн зураг гэдэг зүйл байхгүй гэж хэлсэн.

Манай компани чулуу бутлан ангилах үйлдвэрийг буулгах, зөөх, шинээр дахин барих ажилд нийтдээ 84379350 төгрөгийн зардал гаргасан ба энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар өгч байна. Үүнд техник, тоног төхөөрөмж худалдан авах, хэрэгцээт бараа авах, машин техник ашигласны түрээсийн төлбөрт нийтдээ 23372300 төгрөг, цалингийн зардалд 32141550 төгрөг, бетон зуурмагийн үнэ 28865500 төгрөг, нийтдээ 84379350 төгрөгийн зардал гарсан юм.

Захиргааны үйл ажиллагаа нь хуульд зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байдаг. ЗДД.Б-ын явуулсан үйл ажиллагаа нь амаар гаргасан захиргааны актын хэлбэрээр үйлдэгдсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасны дагуу Засаг даргын шийдвэр бидэнд ойлгомжтой байсан тул бид шийдвэрийг биелүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар Захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол захиргааны актыг амаар гаргаж болно” гэж заасны дагуу Д.Б дарга шийдвэрээ /захиргааны акт/ амаар гаргасан гэж үзэж байна. Тэгэхээр тухайн үед ЗДД.Б чулуу ангилан бутлах үйлдвэр байсан газарт баригдахгүй өөр газар баригдах байсан юм бол яах гэж амаар шийдвэр гаргаж үйлдвэрийг буулгаж манай компанид хохирол учруулсан юм бэ гэдэг асуудал яригдана.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болно. Илт хууль бус захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож компанид учирсан хохирол болох 84379350 төгрөгийг барагдуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд ОАЗД Д.Б-ын амаар гаргасан “Эрдэнэт Д” ТӨХК-ийн өргөтгөл хийх ажлыг үргэлжлүүлэн хийлгэхийн тулд “Э” ХХК-ийн чулуу бутлан ангилах үйлдвэрийг буулгаж  уг үйлдвэр байсан газарт барих шаардлагатай байгаа трансформаторыг бариулах тухай” шийдвэр, захиргааны актыг илт хууль бусад тооцож, манай компанид учирсан хохирол болох 84379350 төгрөгийг барагдуулж өгнө үү”[2]  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах “Э” ТӨХК-ийн зүүн талд барилгын материалын үйлдвэрлэл, бетон зуурмаг үйлдвэрлэх зориулалтаар тухайн үеийн ЗДболон бусад холбогдох төрийн байгууллагууд хандаж тендерийн дагуу энэ газрыг авсан. Тухайн 1500 м.кв газрыг тухайн үеийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар захирамжаар баталгаажуулж өгсөн. Тус компани үйл ажиллагаа явуулаад 14-15 жил болж байна. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ОАЗД-ын А/207 тоот захирамжаар манай компанийн олон жил үйл ажиллагаа явуулж байсан газрыг бид нарт мэдэгдэлгүйгээр “Э” ТӨХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсан. Энэ захирамжийг тухайн үед мэдээгүй сүүлд албадан буулгах тоот ирсний дагуу мэдсэн. Захиргааны акт гэж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үйл ажиллагааг ойлгодог. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчим байгаа. Энэ зарчмыг Б ЗДноцтойгоор зөрчиж “Э” ХХК-д урьдчилан мэдэгдэж тус компанийн оролцоог хангахгүйгээр шийдвэрлэсэн нь илт хууль бусад тооцох нэг үндэслэл болсон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар ЗДшийдвэр гаргахдаа “Э” ХХК-ийг өөрийн санаачилгаар татан оролцуулж шийдвэрээ гаргах байсныг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гээд заасан. Энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах мөн ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах аргаар нотлох баримтыг цуглуулах” гэсэн үүргээ ЗДзөрчсөн. Захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны байхын тулд түүнд тавигдах эрх зүйн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Засаг даргын захирамж нутаг дэвсгэрийн хамаарлын хувьд хууль зөрчөөгүй. Харин чиг үүргийн хамаарлын хувьд “Э” ТӨХК-аас газар олгох талаар гаргасан ямарваа нэгэн санал хүсэлт энэ хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн захирамж дээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /г/-д зааснаар “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах” гэж заасан. Гэтэл энэ нь тухайн Хурлаас гарсан шийдвэр, хуулийн биелэлтийг хангуулах гэж байгаа болохоос аль нэгэн газарт аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эрхийг дурдаагүй. Чиг үүргийнхээ хувьд ЗДзахирамж гаргахдаа зөрчсөн байна. Энэ шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах хэсэг дээр ЗДЗахиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гээд мөн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй” гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “Ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, “25.1.2-т “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар ЗД“Э” ХХК-д энэ боломжийг огт олгоогүй. Хэрвээ олгосон бол тухайн үед нь бид нар энэ газар дээр бас санал, хүсэлтээ ярих боломж байсан. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлнэ” гэж заасныг ЗДзөрчсөн. “Э” ТӨХК-д олгосон 4378 м.кв газарт “Э” ХХК 14-15 жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан байсан. Тиймээс сонсох ажиллагааг мэдэгдэх ёстой байсан. Хэлбэрийн шаардлагыг зөрчиж бичгээр гаргах ёстой захирамжийг амаар гаргасан. Бусад этгээдийн оролцоог хангаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл “Э” ХХК-д захиргааны акт гаргаж байгаа талаараа мэдэгдээгүй. Эрх зүйн үндэслэлтэй байх, агуулга нь тодорхой байх, эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх гэсэн шаардлагыг захиргааны акт хангаж байх ёстой. ОАЗД-ын А/207 тоот захирамж дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг удирдлага болгосон байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны ЗДгаргана” гээд заасан. Улсын дээд шүүхийн 2014 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарласан тайлбарт “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд төрийн байгууллагын ойлголтод хамаарахгүй болохыг анхаарах нь зүйтэй” гээд тайлбарласан. Тэгэхээр  “Э” ТӨХК төрийн буюу төсөвт байгууллага бол биш, төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани юм. Маргаантай газрыг ЗДяах ёстой байсан юм бэ? гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийг удирдлага болгож тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэж олгох ёстой байсан. Гэтэл шууд “Э” ТӨХК-д газрыг олгосон. Газрын тухай хуулийг эдгээр холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримталсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ЗДдуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гээд заасан. Засгийн газраас тогтоосон төсөл, журмын дагуу энэ газрыг олгох ёстой байсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гээд тодорхой хуульчлаад заагаад өгчихсөн. Энэ зүйл, заалтыг баримтлан ЗДшийдвэрээ гаргах ёстой байсан боловч хуулийг буруу хэрэглэж, хуульд тодорхой заасан олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгох ёстой байсан газрыг төсөвт байгууллагад гэж олгосон нь илт хууль бус юм. Үүнээс харахад “Э” ТӨХК төсвийн байгууллага биш харин төрийн өмчийн оролцоотой компани юм байна. Дээрх хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж илт хууль бусаар гаргасан Засаг даргын А/207 тоот захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэлтэй.

Мөн ОАЗД-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамж бол А/207 тоот захирамжийг үндэслэж гарсан учраас мөн илт хууль бусад тооцуулах үндэслэл байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдгээр илт хууль бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гаргаж байгаа. Үндсэн нэхэмжлэл болохоор ОАЗД-ын “Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Э” ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа.

Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл бол энэ маргаан 2020 оны 03 дугаар сараас эхэлсэн. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Б дарга Г захирлыг 2020 оны 03 дугаар сард ажлын өрөөндөө дуудан уулзаж “танай энэ компанийн газар дээгүүр “Э” ТӨХК-ийн өргөтгөлийн ажлын шугам явах гээд байна. Тэгэхээр танайх чулуу бутлан ангилах үйлдвэрээ буулгаад чөлөөлөөд өгчих, тэр газарт чинь “Э” ТӨХК-ийн өргөтгөлийн ажил хийгдэх юм байна. Чи өөрөө энэ зардлаа гаргачих” гэсэн зүйл ярьсан. Гэтэл Г захирал “Надад гаргахад хэцүү байна. “Э” ТӨХК-аас гаргуулах боломжгүй юу?” гэж хэлэхэд “Яалт ч үгүй ийм зүйл болоод байна. Чулуу бутлан ангилах үйлдвэрээ чөлөөлөөд өгчих, дахиж танайд ямар нэгэн маргаан үүсэхгүй” гэдэг байдлаар ярьсан. Тэгээд “Чулуу бутлан ангилах үйлдвэрээ буулгаад өөр газар танайх зардлаараа нүүлгэчих, энд өргөтгөлийн ажил хийгдэнэ, өөр ямар нэгэн маргаан гарахгүй” гэдэг байдлаар амаар ЗДзахиргааны актыг гаргасан. Амаар гаргасан захиргааны актыг Г захирал хүлээж аваад өөрөөсөө 84379350 төгрөгийн зардал гаргаж чулуу бутлан ангилах үйлдвэрээ 18-ын карьер луу зөөгөөд барьсан. Сая үзлэг хийхэд чулуу бутлан ангилах үйлдвэр байсан газрын суурийг үзэж харсан. М.М даргын өмнө ажиллаж байсан Г дарга болон Д.Ц дарга нартай Г захирал, миний бие хамт орж уулзаж байсан. Тэгэхэд танайх чулуу бутлах үйлдвэрээ буулгаад нүүлгэчих, танай кадастрын зургийг хөндлөн болгоод өгчихье, ямарваа нэгэн хүндрэл үүсэхгүйгээр энэ төслийн ажил, мөн танайх ч гэсэн үйл ажиллагаагаа явуул гэдэг байдлаар ярьж тохирсон. Тэгээд манайх чулуу бутлах үйлдвэрээ буулгасан. Манай компани 84379350 төгрөгийнхөө зардлын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байна гэж заасны дагуу Засаг даргын гаргасан шийдвэр бид нарт ойлгомжтой байсан учраас бид нар актыг биелүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т “Захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол амаар гаргаж болно” гэж заасны дагуу Б даргын гаргасан шийдвэрийг амаар гаргасан захиргааны акт гэж үзэж байгаа.Тэгэхээр чулуу бутлан ангилах үйлдвэрийн газарт төслийн баригдах ёстой зүйл нь баригдахгүй, үйлдвэрийг буулгах шаардлага бол байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдгээрээ захиргааны акт илт хууль бус болох үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу 84379350 төгрөгийг “Э” ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нэмэгдүүлсэн шаардлага маань ОАЗД Б-ын амаар гаргасан акт болох “Э” ХХК-ийн чулуу бутлан ангилах үйлдвэрийг буулгаж уг үйлдвэрт “Э” ТӨХК-ийн өргөтгөл хийх, трансформатор барих тухай  захиргааны актыг илт хууль бусад тооцож, манай компанид учирсан хохирол болох 84379350 төгрөгийг барагдуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК бол ОАЗД-ын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар “Э” ТӨХК-ийн зүүн талд 1500 м.кв бүхий газрыг эзэмших эрхтэй болсон. Үүн дээр барилгын үйлдвэрлэл явуулах ёстой гээд үйлдвэрээ барьж үйл ажиллагаагаа явуулж байсан. Засаг даргын А/207 дугаартай захирамжаар олгосон газарт 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/638 дугаартай захирамжийн дагуу буулгасан сендвичин барилга, бутлах үйлдвэр байсан. 2020 онд тохироод бутлах үйлдвэрийг буулгаад авсан байгаа. “Э” ХХК-ийг 1500 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа мэт яриад байгаа. 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар тухайн үед 9000000 төгрөгөөр тендерт орж энэ газрыг авч байсан. ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамжийг яагаад илт хууль бус гэж үзэж байгаа бэ? гэхээр “Э” ТӨХК-ийн зүүн талд 4378 м.кв бүхий газар гэж байгаа. Газрын тухай хуульд заасны дагуу энэ газрыг нарийн зааж өгөх ёстой. Зүүн талд л гээд байдаг. Зүүн талд нь “Э” ХХК-д 2008 онд олгочихсон газар байгаа. “Э” ХХК энэ газрыг өнөөдөр аваагүй 10 гаран жилийн өмнө авсан байгаа. ОАЗД-ын 2020 оны А/207 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн. “Э” ТӨХК гэрээгээ өгсөн байсан. Гэрээн дээр “Э” ТӨХК-ийн зүүн талд гэсэн л байгаа. Зүүн талдаа яг хаана нь юм бэ?, мөн хэн хэний газартай хил залгаа юм бэ? гэж нарийн гэрээн дээрээ зааж бичих ёстой. Тийм учраас “Э” ХХК-ийн 1500 м.кв газар дээгүүр давхцаад 110 квт-ийн шугам нь явчихсан байгаа. Шугам газар дээгүүр явснаар олгосон газар нь давхцаж байгаа юм байна гэж үзнэ. Яагаад илт хууль бус гэж байгаа юм бэ? гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “Утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасны дагуу анхнаасаа АЗД-а Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 тоот захирамж утга агуулгын алдаатай гарсан. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарлаж байгаа тайлбараар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т зааснаар энэ газрыг олгох учиртай байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг үндэслээд олгосон байгаа. Тэгэхээр А/207 тоот захирамж утга агуулгын хувьд илэрхий алдаатай. 4378 м.кв газар нь “Э” ХХК-ийн 1500 м.кв газартай давхцаж байна гэсэн тайлбарыг өгч байгаа. Давхцаж байгаа учраас “Э” ХХК-ийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Газрын тухай хуульд зааснаар хил хязгаар гэж байдаг. Хүний эзэмшиж байгаа газар бусдын газартай хил хязгаараараа холбогддог. Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 тоот захирамж нь мөн л 2008 онд “Э” ХХК-д олгож байсантай адилхан “Э” ТӨХК-ийн зүүн талд гээд олгогдсон. Зүүн талд юм бол хэний газартай залгаа юм бэ?. Тэгвэл “Э” ХХК-ийн газартай хил залгаа юм уу гэдэг нь байхгүй. Энэ нь гэрээнээс харагдахгүй байгаа. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар “Утга агуулгын илэрхий алдаатай” шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Газрын хилийн заагийг нь тогтоогоод өгсөн бол бусдын эрх ашиг хөндөгдөхгүй. “Э” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Яагаад шинжээч томилуулах гээд байсан бэ? гэхээр тэр газар нь давхцаж, дээгүүр нь 110 квт-ийн шугам явснаар “Э” ХХК-д ямар их хохирол учрах, хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэмтэл учрахаар тэр бүгд нь нотлогдоод байгаа. Үүнийг тогтоолгоё гэсэн шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй гээд хүлээж аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т  зааснаар “Э” ХХК-ийн эрх ашиг нь хөндөгдөж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Э” ХХК нь 2008 оноос маргаж буй газрыг хууль бусаар эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн болох нь нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой харагдаж байна. Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн дагуу “Э” ХХК нь хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхтэй. Гэвч “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т заасан “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Д-ын зүүн талд 4378 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан болох нь “...4378 м.кв газрыг олгож өгөхийг хүсч Газрын алба, ЗДнарт хандан өргөдөл гаргаж байсан боловч шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн” гэж нэхэмжлэлдээ дурдсан нь хууль бусаар эзэмшиж байснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байна. Энэ газрыг “Э” ХХК эзэмших, ашиглах эрхгүй байсан болох нь тогтоогддог.

ОАЗД нөөц газраас Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Д-ын зүүн талд 4378 м.кв газрыг өргөтгөл хийх зориулалтаар “Э” ТӨХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжийг гаргасан нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг газрыг өмнө нь ямар нэгэн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлж, ашиглуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байсан байна. Нэгэнт эрх бүхий байгуулагын шийдвэр гараагүй газарт “Э” ХХК-ийн барьсан гэх сендвичин барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгасан ОАЗД 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг гаргасан. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дээрх зохих ажиллагааг хийж захиргааны актыг гаргасан.

Уг газартай холбоотой асуудлаар “Э” ХХК-ийн захирал В.Г-тай Газрын алба болон аймгийн удирдлагуудаас удаа дараа шаардлага тавьж, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан. Тухайлбал, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 229 тоот албан бичгээр газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй юм.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 14-06-022/199 дугаартай албан шаардлагын дагуу гаргаж өгсөн биелэлтдээ “Э” ХХК нь “эзэмшил газрын хэмжээнээс илүү байгаа газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа бөгөөд барилгаа буулгах ажил эхэлж байна” гэж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/23 дугаартай албан бичигтээ дурдсан байдаг. Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтдээ өөрийн 1500 м.кв газрын байршлыг баталгаажуулж ирүүлсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан ажиллагааг бүрэн хийж, дээрх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаар захирамжийг гаргасан. Ийнхүү ОАЗД-ын А/658 дугаартай захирамж нь хууль зөрчиж гараагүй тул дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй ОАЗД-д холбогдуулан гаргасан “Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамж, ОАЗД-ын “Э” ХХК-ийн сендвичин барилга, газрыг албадан чөлөөлж албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бус тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[3]

“ОАЗД нийтийн эзэмшлийн газраас Газрын тухай хуулийн 33.1.1 заасныг үндэслэн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Д-ын зүүн талд 4378 м.кв газрыг өргөтгөл хийх зориулалтаар “Э” ТӨХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжийг гаргасан нь ямар нэгэн хууль зөрчөөгүй.

Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй газарт “Э” ХХК-ийн барьсан гэх сендвичин барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгасан захирамжийг ОАЗД 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А/658 дугаартай захирамжаар гаргасан. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дээрх зохих ажиллагааг хийж захиргааны акт гаргасан. Уг газартай холбоотой асуудлыг “Э” ХХК-ийн захирал В.Г, Газрын алба болон аймгийн удирдлагуудаас удаа дараа шаардлага тавьж, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан.

“Э” ХХК нь ...зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулж баригдсан объектоо буулгаснаас үүссэн эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Түүнээс биш ОАЗД Д.Б-ын амаар гаргасан шийдвэрээр чулуу бутлан ангилах үйлдвэрээ өөрийнхөө хөрөнгө, зардлаар буулгаж, “О” ХХК-ийн харьяа 18-ын карьерт байрлах газар зааж тэндээ үйлдвэрээ барьсан зардлаа нэхэмжилж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Иймд “Э” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”[4]  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАЗД Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Э” ТӨХК-ийн зүүн талд 4378 м.кв газрыг өргөтгөлийн зориулалтаар “Э” ТӨХК-д 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 тоот захирамжаар 15 жилийн хугацаагаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газар гэж үзэж, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу эзэмшүүлсэн. ЗД“Төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалттай эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөл хөтөлбөрт зориулж олгоно” гэсний дагуу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Монгол Улсын эдийн засагт ихээхэн үр ашиг, өгөөжтэй нийтийн эрх ашигт нийцсэн төсөлд үндэслэн газрыг олгосон. Тэгэхээр АЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 тоот захирамжийг хуулийн дагуу олгосон гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ” гэж заасны дагуу “Э” ТӨХК нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь төрийн өмчит хувьцаат компани юм. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлдэг юм. Энэ хуулийн дагуу “Э” ТӨХК бол 100 хувь төсвөөр санхүүжиж байгаа ашгийн бус хуулийн этгээд юм. Тиймээс А/207 тоот захирамж бол төсөвт байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, төрийн 100 хувь өмчид хуулийн этгээдэд газрыг олгосноороо ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй. “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”,  27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. “Э” ХХК үндсэндээ 12 жил 5000 м.кв орчим газар хууль бусаар ашиглаж байсан. Хууль бусаар ашиглаж байсан газар дээр байгаа хууль бусаар барьсан сендвичин барилгыг албадан буулгасны төлөө ямар нэгэн хүний эрх ашиг зөрчигдөөгүй. Мөн ““Э” ТӨХК-ийн зүүн талд байрлах 4378 м.кв газрыг хууль бус ашиглаж байсан бөгөөд “4378 м.кв газрыг олгож өгөхийг хүсэж Газрын алба, Засаг даргад хандаж өргөдөл гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй” гэж нэхэмжлэлдээ дурдсан нь хууль бусаар эзэмшиж байснаа “Э” ХХК нотолж байгаа юм. Б дарга чулуу бутлах үйлдвэрийг амаар хэлээд бид нар буулгасан гэж 84000000 төгрөг нэхэмжилсэн. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн. Б дарга тухайн үед ЗДбайхдаа амаараа захиргааны акт гаргаж байгаа нь зөөж нүүлгэж барьсан зардлаа нэхэмжлэх гэдэг асуудал хэрэгт авагдсан  баримт материалаар нотлогдохгүй байгаа. Хууль бусаар барьсан газар дээрээ хууль бус зүйлээ өөрсдөө буулгачхаад эргээд бид нараас буулгасан зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ТӨХК-д газар олгосон шийдвэрийн тухайд 2 улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр станцын өргөтгөлийн төсөл шалгараад баталгаажсан. Засгийн газар хоорондын гэрээнд шалгарсан төсөлд шаардлагатай газрыг АЗД шийдвэрлэж өгсөн. Тийм болохоор хууль зөрчсөн зүйл байхгүй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд гадаад улсын хамтын зээлээр шалгаруулсан төслийн хүрээнд гарсан шийдвэр учраас нэхэмжлэгчийн яриад байгаа хуулийн зүйл, заалт зөрчсөн зүйл байхгүй. Нийтийн эзэмшлийн газар хууль бусаар ашиглаж, эзэмшиж байна гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Зөрчил арилгуулах арга хэмжээний хүрээнд өөрсдийнх нь яриад байгаа 1500 м.кв газраас бусад газрыг албадан чөлөөлөх ажиллагаа хийгдсэн байгаа. “Э” ХХК-ийн эрх ашгийг зөрсөн зүйл бол байхгүй. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөн дээр “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн газар нь инженерийн шугам сүлжээний бүтэцтэй газар гэдгээрээ аймгийн газрын хот төлөвлөлтөд тусгагдсан газар. Аймгийн газрын ерөнхий төлөвлөгөөг нотлох баримтаар өгсөн байгаа” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Г.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй. ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт байрлах “Э” ТӨХК-ийн зүүн талд 4378 м.кв газрыг станцын өргөтгөл хийх зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь нийтийн эзэмшлийн талбай учир “Э” ТӨХК-нд өргөтгөлийн зориулалтаар олгосон нь хуулийн дагуу үндэслэл бүхий гарсан.

Монгол Улсын тусгай хэрэгцээний газар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”, 33.5-т “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэсний дагуу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй том төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр олгосон газар юм.

“Э” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 358 дугаартай ОАЗД-ын захирамжаар “Э” ТӨХК-ийн зүүн талд “М” ХХК-ийн хойд талд газар эзэмших зөвшөөрөл авсан боловч уг газрыг ашиглахгүй 12 жил илт хууль бусаар “Э” ТӨХК-ийн зүүн талд нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж ирсэн.

Иймд “ОАЗД-ын “Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Э”  ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[5] гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн, “Э” ТӨХК гэдэг асуудал дээр М.М даргын хэлсэн хууль зүйн үндэслэл, тайлбартай санал нэг байна.  “Э” ТӨХК нийтийн эзэмшилд байсан газрыг нийтийн эрх ашгийн төлөө Олон Улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 тоот захирамжаар эзэмшиж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн газар нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207  тоот захирамж, гэрээний дагуу кадастрын зураг, координат нь тогтоогдож хийгдсэн. “Э” ХХК-ийн 1500 м.кв газартай огтлолцоогүй манай эзэмшил газар юм. Тийм учраас энэ эзэмшил газартаа “Э” ТӨХК харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, объектоо хамгаалах чиг үүргийг хүлээсний дагуу хамгаалж авах шаардлагатай байгаа. “Э” ХХК хууль бус эзэмшээд байгаа газар дээрх зүйлсээ гаргах байх гэж хүсэж байна. АЗД-ын А/207 тоот захирамжийн дагуу манай хууль ёсны дагуу авсан 4378 м.кв газрын нэгж талбарын дугаар нь 6102101651, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар нь Э21010001324, газрын гэрчилгээ нь 13747 дугаартай. Улиралд энэ эзэмшил газар дээрээ 306.460 төгрөгийн төлбөр төлж байгаа. Жилд 1.225.840 төгрөгийн төлбөрийг төлөөд манайх уг газрыг эзэмшиж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш “Э” ХХК хууль бусаар эзэмшиж байгаа энэ газарт бид нар газрын төлбөрөө төлөөд явж байгаа. “Э” ХХК-ийн эзэмшил гээд байгаа 1500 м.кв газартай координатын ямар ч давхцал байхгүй, хууль ёсны газрын кадастртай газар юм” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал болон гуравдагч этгээдийн ярьсантай санал нэг байгаа. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ” гэж заасан. Энэ бол Олон улсын төсөл, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр АЗД-ын А/207 тоот захирамжаар газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасны дагуу газар чөлөөлөх маш олон албан бичиг өгснийг “Э” ХХК хүлээн зөвшөөрөхгүй уг газар дээр хууль бус ажиллагаа явуулж байсан. 2008 онд энэ газрыг авсан гэж “Э” ХХК маргаж байгаа. Гэхдээ 2008 онд өгсөн газар нь 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Э” ХХК-ийн захирал Г газрын байршлаа өөрчилснөө хүлээн зөвшөөрсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан байгаа нь уг захирамж дээр байгаа. “Э” ХХК энэ газраа тухайн үед үнэхээр шүүхийн шийдвэрээр авсан бол газрын нэгдсэн санд газраа бүртгүүлэх ёстой байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш “Э” ХХК нь Газрын албаны нэгдсэн системд бүртгүүлж албан ёсоор газраа эзэмшиж эхлэх ёстой байтал анх олгосон газраас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөр газар эзэмшиж байгаа учраас Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг албажуулах боломжгүйгээр өдийг хүрсэн байсан. Гэвч 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар “Г” ХХК-ийн хийсэн кадастр, хүсэлтээр газрын гэрчилгээг албажуулаад гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл харагдаж байна. Газрыг анх олгож кадастрын зургийг баталгаажуулж өгөхдөө “М” ХХК-ийн хойд талд, иргэн О-ийн зэргэлдээ, иргэн А-ын хажууд гэж газрыг тусгасан боловч тухайн шүүхийн шийдвэр дээр үүнийг тодорхойлон заагаагүй бөгөөд “Э” ТӨХК-ийн зүүн талд гэж заасан нь энэ маргааныг дагуулж байгаа. Анхнаасаа хууль бусаар буусан учраас “Э” ХХК энэ газрыг хууль бусаар эзэмшиж байна гэдгийг үндэслээд ЗД “Э” ТӨХК-д газар олгосон нь үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэсэн заалт зөрчигдсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын “Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, ОАЗД-ын ““Э” ХХК-ийн сендвичин барилга, газар чөлөөлж, албадан буулгах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжуудыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага;

“ОАЗД Д.Б-ын амаар гаргасан ““Э” ХХК-ийн чулуу бутлан ангилах үйлдвэрийг буулгаж уг үйлдвэр байсан газарт барих шаардлагатай байгаа трансформаторыг бариулах” тухай шийдвэр, захиргааны актыг илт хууль бусад тооцож, компанид учирсан хохирол болох 84,379,350 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын “...илт хууль бусад тооцуулах” гэснийг “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбар гаргасан болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас “Э” ТӨХК-ийн татсан 110 квт агаарын шугам нь “Э” ХХК-ийн эзэмшиж буй 1500 м.кв газар дээгүүр татагдсан нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ямар хохирол учруулж болзошгүй болохыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн болно.

Газар эзэмшигч “Э” ХХК нь эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад саад болж байгаа зүйлийн талаар эрх бүхий байгууллага, шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой.

Мөн 110 квт агаарын цахилгаан дамжуулах шугам нь ОАЗД-ын гаргасан газар эзэмшүүлэх, газрыг чөлөөлөх талаарх дээрх шийдвэрүүдтэй шууд хамааралгүй, тусдаа Эрчим хүчний яам, эрх бүхий байгууллагаас баталсан төсөл, хөтөлбөр, батлагдсан зургийн хүрээнд хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан амаар гаргаж байгааг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэн захирамжид мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахгүй болохыг тайлбарлан өгч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Нэг. “ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд: “Э” ТӨХК-д дулааны цахилгааны станцын хүчин чадлыг өргөтгөх зориулалтаар 4378 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж[6], “Э” ТӨХК-ийн газар эзэмших тухай хүсэлт[7], газрын байршлын зураг[8], газар эзэмших эрхийн 000013747 дугаартай гэрчилгээ[9], газар эзэмшүүлэх гэрээ[10], газрын кадастрын зураг[11] зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 захирамжаар манай компанийн олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн газрыг “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн нь илт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар дээрх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар “Э” ТӨХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт буюу төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх гэсэн заалтыг үндэслэл болгосон нь илт хууль бус, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх байсан, тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзнэ” гэж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н “Захирамжид “Э”-ын зүүн талд гэсэн нь тодорхой бус, газрын хил, зааг тодорхойгүй, тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “Утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзнэ, мөн газрыг давхардуулан эзэмшүүлсэн” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарласан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дараах үндэслэлээр ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар “Э” ТӨХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар “...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх...” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т ““төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” гэж хуульчилсан.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагаа энэ хуулиар, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна” гэж зааснаар “Э” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулиар зохицуулагдана.

 Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар компани нь ашгийн төлөө хуулийн этгээдэд хамаарах бөгөөд “Э” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн дагуу явагдаж, өөрийн үйл ажиллагаагаар ашиг олох, олсон ашгаасаа өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зарчимтай, нийтээс үйлчилгээг нь заавал хэрэглэдэг төрийн өмчит хуулийн этгээд /ТӨХК/ юм.

Тийм учраас төрийн өмчит хувьцаат компани нь дээрх шинжүүдээрээ төсөвт байгууллага гэдэгт хамаарахгүй учраас ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар “Э” ТӨХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан “Төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний газар” гэдэг үндэслэлээр газрыг шууд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, эрх зүйн алдаатай захиргааны акт байна.  

Гэхдээ энэхүү алдаа нь захиргааны актыг илт хууль бусад тооцох алдаанд хамаарахгүй. Учир нь, Эрх зүйн алдаатай захиргааны актыг “илт хууль бус захиргааны акт”, “хууль бус захиргааны акт” гэж ангилж үзэх бөгөөд тухайн акт хууль бус эсхүл илт хууль бус байх шинжээс хамаарч эрх зүйн үр дагавар нь өөр өөрөөр тодорхойлогдоно.

“Илт хууль бус” нь захиргааны актын ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд уг захиргааны акт анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, тухайн актаар бий болсон үүргийг иргэн, хуулийн этгээд биелүүлэх шаардлагагүй, төрийн албан хаагчаас түүнийг хэрэгжүүлэх ёсгүй, уг алдаа нь нийтэд илэрхий мэдэгдэж байдаг шинжийг агуулдаг. Тухайлбал, захиргааны актыг огт эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах зэргээр “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн ноцтой алдаанууд үүнд хамаарна.

Харин “хууль бус” нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй, эрх зүйн зөрчилтэй захиргааны актууд хамаарна. Тодруулбал, хууль, эрх зүйн хэм хэмжээний акт, дээд шатны байгууллагын эрх зүйн актуудыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй актууд нь хууль бус захиргааны акт болно.

Иймд ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тогтоосон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэгжүүлсэн эрх зүйн зөрчилтэй “хууль бус” захиргааны актад хамаарахаар байна.

АЗД нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд энэхүү газрын харилцааны талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн холбогдох журмуудыг баримтлан газар эзэмшүүлэх шийдвэр гаргана.

“Э” ТӨХК-ийн Д-ын хүчин чадлыг өргөтгөх ажил нь Эрчим хүчний яамнаас зарласан тендер сонгон шалгаруулалтын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр болох нь Монгол Улсын Эрчим хүчний яамны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн в/3247 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр[12], Эрчим хүчний барилга, байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ[13], Эрчим хүчний яамны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн в/886 дугаартай албан бичгээр ирүүлсэн захиалагч Эрчим хүчний яам, гүйцэтгэгч БНХАУ-ын “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЭХА-001/2017 дугаартай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Э” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх болох зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”[14], “Э” ТӨХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2/189 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Э” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх ерөнхий ажлын даалгавар, техникийн шаардлага[15], 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг[16] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг төслийг хэрэгжүүлэх, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг өргөтгөхөд  шаардлагатай газрыг ОАЗД-аас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой байтал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан журмыг баримталсан нь хууль зөрчсөн алдаа гэж үзнэ.

Энэхүү алдаа нь Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийг холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн боловч буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн эрх зүйн зөрчилтэй акт буюу “хууль бус” захиргааны акт байх бөгөөд энэхүү хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.  

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “Утга агуулгын илэрхий алдаатай” гэх үндэслэлийн тухайд: ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжид “Э”-ын зүүн талд гэсэн нь утга агуулгын илэрхий алдаа биш байна. Тухайн актыг харсан хэн боловч газрын байршил нь ертөнцийн зүгээр “Э”-ын зүүн талд байршилтай гэсэн ерөнхий зураглал, ойлголтыг мэдэх боломжтой, ойлгомжтой. Харин зүүн талд байрлахдаа яг хаана, ямар хэмжээтэй, газрын цэг тэмдэглэл хаанаас хаана хүртэл байх нь газрын кадастр, байршлын зургаар нарийн тодорхойлогдох учиртай. Тийм учраас энэ үндэслэл нь захиргааны актыг утга, агуулгын хувьд илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэх шинжийг агуулахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийн тухайд: “Э” ХХК-д ОАЗД-ын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар[17] 1500м.кв газар эзэмшүүлж, 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “газар эзэмшүүлэх гэрээ”[18] байгуулж, газар эзэмших эрхийн 0208851 дугаартай гэрчилгээг[19] олгосон байх бөгөөд тус компани 1500 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэй болсон.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар “Э” ХХК нь 1500 м.кв газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна.

ОАЗД-ын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамж болон Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-т “Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” гэж зааснаар Орхон аймгийн Газрын алба /тухайн үеийн нэрээр/ нь газар зохион байгуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй, газрыг газар дээр нь хэмжиж тэмдэгжүүлэх, акт үйлдэн газрыг хүлээлгэн өгөх, газрын кадастрын цэг, координатыг тогтоож газар эзэмшүүлэх гэрээний хавсралт болгон баталгаажуулах гэсэн цогц ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Э” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын нэгж талбарын хувийн хэрэг, газрын мэдээллийн нэгдсэн санд хийсэн үзлэгийн тэмдэглэл[20], нэхэмжлэгч “Э” ХХК-иас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21/76 дугаартай “...ямар нэгэн кадастрын зураг гаргаж өгөөгүй” гэсэн албан бичиг[21], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ж.Н-ийн шүүх хуралдаанд “Газрыг хүлээлгэн өгөөгүй, газраа байршлыг заалгаж хүлээж аваагүй” гэсэн хариултуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, “Э” ХХК-ийн газрыг газар дээр нь тэмдэгжүүлж, газрыг хүлээлгэн өгсөн баримт, тухайн үед газрын хил зааг, кадастрын цэг, координатыг тогтоосон кадастрын зураг нэхэмжлэгч “Э” ХХК болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хэн алинд нь байдаггүй, ийм ажиллагаа хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй, энэ талаар шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хангалттай явуулсан боловч нотлох баримт гарч ирээгүй, хэргийн оролцогч нарыг нотлох баримт цуглуулах ажиллагаанд татан оролцуулж, хэн алинд нь нотлох үүрэг хүлээлгэсэн боловч тухайн үйл баримтыг нотолж чадаагүй болно.

Иймд тухайн үеийн Газрын алба газар зохион байгуулалтыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хийгээгүй, газрыг кадастрын цэг, координатыг тодорхой болгон газрыг байршлыг зааж хүлээлгэн өгөөгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан атлаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.3-т “газрын хэмжээ, байршил, заагийг харуулан зураг, нэгж талбарын дугаар” гэж зааснаар газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаарыг 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10395 дугаартай газар эзэмшүүлэх гэрээнд[22] тусгаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж “Э” ХХК-ийн одоо эзэмшиж, ашиглаж байгаа газар байршлын хувьд маргаантай, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар нь анх түүнд олгож, эзэмшүүлсэн газар мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Нөгөө талаас газар эзэмших хүсэлт гаргасан “Э “ХХК нь анх 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших хүсэлт[23] гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж зааснаар хүсэлтдээ газрын байршлын тойм зургийг тусгаж ирүүлсэн болох нь тогтоогдохгүй, газрын байршлаа захиргааны байгууллагаас заалгаж хүлээн авалгүй, газар дээр үйл ажиллагаа явуулсан газар эзэмшигчийн буруутай үйлдэл байна.

“Э” ХХК-д 1500 м.кв газар эзэмшүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжийн 1 дэх хэсэгт “...газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ төлүүлэн эзэмшүүлсүгэй”[24] гэж заасан, “Э” ХХК-иас газрын үнэ 9000000 төгрөг төлсөн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт[25], ОАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/611 дугаартай албан бичиг[26] зэргээс дүгнэвэл “Э” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй, анх газар эзэмшүүлэх ажиллагааг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмаар олгосон баримт байхгүй байгаагаас анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үеийн газрын байршлыг тогтоох боломжгүй байна.

Мөн өмнө энэхүү газрын маргаантай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай захиргааны хэрэгт авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд[27] тусгагдсан “Төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй” гэсэн тэмдэглэл, мөн Орхон аймгийн Газрын албаны 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 170 дугаартай албан бичигт[28] “...“Э” ХХК-тай холбоотой дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцсон тухай баримт архивт байхгүй” гэсэн албан бичиг зэргээс үзвэл тухайн газрын маргаантай холбоотой хэргийг 2014 онд хянан шийдвэрлэх үед төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байжээ.

“Э” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын нэгж талбарын хувийн хэргийн материалд авагдсан, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн газрын байршлын зураг гэх “Ж.А-ын дэргэд байрлах “Э” ХХК” гэсэн газрын байршлын зураг[29]-аар “Э” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар “Э” ТӨХК-ийн яг зүүн талд залгаа байрлалтай биш өөр газар байх боловч энэхүү байршлын зураг нь газрын хил, заагийг тогтоосон кадастрын зургаар баталгаажаагүй байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй газрын маргаан бүхий захиргааны хэрэгт уг байршлын зураг нотлох баримтаар авагдсан байх бөгөөд тус шүүхийн шийдвэрийн үндэслэлд “... “Э” ХХК гэж тэмдэглэсэн газар нь “Э”-ын зүүн талд гэж үзэхээргүй, иргэн А-ын зүүн талд, иргэн Х.О-ийн эзэмшил газрын зүүн хойд талд, ар талаараа төмөр замаар хашигдсан /орц, гарцгүй/ байршилтай байх бөгөөд...”[30] гэж газрын байршлын талаар дүгнэсэн байна.

Энэ нөхцөл байдлуудаас дүгнэвэл “Э” ХХК-ийн газрын байршлын асуудал нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан үеэс тодорхой бус нэг талаас захиргааны байгууллага газрын байршил, газрын хил заагийг тодорхойлон газрыг хүлээлгэн өгч, кадастрын цэг, координатыг тодорхойлсон кадастрын зураг гаргаж өгөөгүй, нөгөө талаас газар эзэмших эрх бүхий хуулийн этгээд болох “Э” ХХК нь эзэмших эрх бүхий газрын байршлаа заалгаж хүлээн авалгүй дур мэдэн газар эзэмшиж, ашигласан, газар дээр барилга, байгууламж барьсан хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргасан нь нотлогдож байна.

“Э” ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.3-т “газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар” гэж зааснаар газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зургийг тусгасан байх шаардлагатай байтал газрын байршил, хил заагаа тодорхой болоогүй, газрыг баталгаажуулж хүлээн авалгүйгээр газрыг эзэмшиж, ашигласан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасан “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” газар эзэмшигчийн үүргийг зөрчсөн.

Мөн “Э” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж, газар дээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан газар нь 1500 м.кв-аас илүү хэмжээний буюу нийт 4080 м.кв газар /одоогийн эзэмшиж байгаа 1500 м.кв газар болон чөлөөлсөн талбай нийлээд/ ашиглаж байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр[31] тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... “Э” ХХК нь 2008 оноос эхлэн ... 5878 м.кв талбайд ...бетон зуурмаг үйлдвэрлэх зориулалтаар ашиглахаар ...хүсэлт, өргөдөл гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлж, ...улмаар тус компани нь авахыг хүссэн газраас 1500 м.кв газрыг ...олгосон, ...манай компани үлдсэн 4378 м.кв газрыг олгож өгөхийг хүсэж...өргөдөл гаргаж байсан боловч шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн” гэжээ. Энэхүү тайлбар нь тус компани нь “Э” ХХК-д эзэмшүүлээд байгаа 4378 м.кв газрыг эзэмших эрхгүй байсан болохыг нотолж байна.

Мөн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 14-06-022/199 дугаартай “6.Эзэмшил газрын хэмжээнээс илүү байгаа газрыг чөлөөлөх” гэсэн албан шаардлагыг  “Э” ХХК-д хүргүүлж, тус компани нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/23 дугаартай албан бичгээр  “Эзэмшил газрын хэмжээнээс илүү байгаа газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа бөгөөд барилгаа буулгах ажил эхэлж байна” гэсэн албан шаардлагын хариуг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж байжээ.

Үүнээс дүгнэхэд “Э” ХХК нь “Э” ТӨХК-ийн зүүн талд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээний газар эзэмшиж, газар дээр зөвшөөрөлгүй барилга байшин барьсан үйлдлээ мэдэж байсан гэж үзэхээр байна.

Энэ үйлдэл нь 1500 м.кв газар эзэмших эрхтэй гэсэн шийдвэрийн дор газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээнээс илүү хэмжээний газарт үйл ажиллагаа явуулж, барилга, байгууламж барьж, эрх олгосон хэмжээнээс илүү хэмжээний газрыг эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж, ашиглаж байсан болохыг нотолж байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.  

“Э” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 1500 м.кв газрын байршлын кадастрын зургийг[32] “Г” ХХК-иар хийлгэж, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г[33] “И” ХХК-тай байгуулж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийлгэсэн байх бөгөөд түүнд хавсаргасан газрын төлөв байдал чанарын хянан баталгааны нэгж талбарын зураг[34] нь одоо Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас баталгаажуулан өгсөн газрын кадастрын зураг[35] бүхий 1500 м.кв газартай байршлын хувьд тохирч байгаа.

“Э” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18/19 дугаартай “...газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг шинээр олгож өгнө үү” гэсэн албан бичгийг[36] Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлж байсан байх бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг[37] гаргаж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулж[38], 000024756 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[39] шинэчлэн олгож, газрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь дээрх нотлох баримт болон 2021 оны Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим мэдээллийн санд хийсэн Үзлэгийн тэмдэглэлээр[40] тогтоогдсон.

“Э” ХХК-ийн эзэмшиж, 2018 онд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийлгэсэн газрын байршил, уг газрын байршлын кадастрын зургаар баталгаажсан газрын хэмжээ, байршилтай “Э” ХХК-д Орхон аймгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 4378 м.кв газар байршлын хувьд давхцаагүй, “Э” ХХК-ийн уг 1500 м.кв газартаа нэвтрэн орох орц, гарцыг хязгаарлаагүй нь “Г” ХХК-иас томилогдсон шинжээчийн  2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт[41], 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургуудаар тогтоогдож байна.

Иймд “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн газар нь “Э” ХХК-ийн хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй.

“Э” ХХК нь “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаагүй нь, мөн дээр заасан үндэслэлүүдээр заасан хэмжээнээс илүү хэмжээний газрыг дур мэдэн зохих зөвшөөрөл, шийдвэргүйгээр эзэмшиж, ашиглаж байсан нь нотлогдож байх тул ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар “Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулбал, “Э” ХХК нь тухайн маргаан бүхий газар дээр хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхол үүсээгүй, тиймээс тухайн газрыг “Э” ХХК-д эзэмшүүлсэн ОАЗД-ын шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан гэх үндэслэл байхгүй байх тул уг захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох ашиг сонирхол “Э” ХХК-д үүсэхгүй болно.

Хоёр. ОАЗД-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч талаас ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж нь илт хууль бус учраас түүнийг үндэслэн гарсан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

“Э” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа 1500 м.кв газар болон чөлөөлсөн талбай /өөрөө болон албадан чөлөөлсөн/ нийлээд 4080 м.кв талбайтай байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр[42] нотлогдож байгаа бөгөөд “Э” ХХК-ийн эзэмшлийн сендвичин барилга “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн 4378 м.кв газрын баруун урд хэсэгт баригдсан байсан.

“Э” ХХК нь ОАЗД-ын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар 1500 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэй бөгөөд дээр зааснаас илүү хэмжээний газрыг хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгүйгээр эзэмшиж, газар эзэмших эрх үүсээгүй газар дээр барилга, байгууламж барьж ашиглаж байсан нь тогтоогдсон.  

Тийм учраас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДуг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж зааснаар “Э” ХХК-д “Э” ТӨХК-ийн зүүн талд зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 4255 м.кв газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг АЗД-ын 2020 оны 01/602 дугаартай албан бичиг[43], мөн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаартай албан бичиг  /Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн/[44] , 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дугаартай албан бичиг /шуудангаар хүргүүлсэн/[45]-үүдээр хүргүүлсэн.

“Э” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул ОАЗД-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжаар[46] газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДуг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, ...” гэж заасныг зөрчөөгүй.

 “Э” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгүйгээр, эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй дур мэдэн илүү хэмжээний газар эзэмшиж, ашиглаж байсан, эрх бүхий байгууллагаас хүргүүлсэн мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрыг албадан чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарахгүй.

Захиргааны байгууллагын зүгээс газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчим, 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авч байгаа үйлдэл нь дээрх зарчимд нийцэж байгаа болно. 

Нөгөөтээгүүр “Э” ХХК нь тухайн маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших эрх үүсээгүй, дур мэдэн газар дээр барилга, байгууламж барьсан учраас түүний газар эзэмших эрх хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй юм. Учир нь: Эзэмших эрх гэдэг нь тухайн этгээдэд хууль болон гэрээгээр олгогдож буй хууль зүйн боломж бөгөөд эзэмших эрх нь хуулийн дагуу /хууль ёсны дагуу/ үүссэн бол өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэнэ.

Харин “Э” ХХК нь анхнаасаа газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд зааснаас илүү хэмжээний газар ашигласан, газрын байршил, газрын хил заагаа тодорхой болгоогүй атлаа газар дээр үйл ажиллагаа явуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн хүрээнд хамгаалагдах боломжгүй нөхцлийг үүсгэж байна.

Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар. Нэхэмжлэгч талаас ОАЗД шийдвэр гаргах ажиллагаанд “Э” ХХК-ийг татан оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, мэдэгдэх, сонсох, нотлох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж маргасан.

ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжийн тухайд: ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамжаар “Э” ТӨХК-д 4378 м.кв газар эзэмшүүлсэн бөгөөд уг газар нь Э-ийн хүчин чадлыг өргөтгөхөд зориулагдсан нь Эрдэнэт хотын нийт дулаан хэрэглэгчдийн буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулашгүй шийдвэрлэх, Эрчим хүчний яамнаас баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөнгөлттэй зээлийн хүрээнд ажил гүйцэтгэх ажиллагааг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх нөхцөл үүссэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл уг шийдвэр гаргах ажиллагаанд сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутгах боломжгүй.

Мөн нөгөөтээгүүр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн хувьд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд тухайн этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, түүнийг сонсох ажиллагааг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, сонсох ажиллагаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хувьд хийгдэхээс бус хууль зөрчсөн юм уу, хуулиар эрх үүсээгүй этгээдийн хувьд заавал хийгдэх ажиллагаа биш юм. 

Тийм учраас “Э” ХХК-ийн хувьд уг газарт хууль ёсны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байсан тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, түүнийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах ажиллагааг захиргааны байгууллага заавал хийх шаардлагагүй болно.

ОАЗД-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийн тухайд: “Э” ХХК-д “Э” ТӨХК-ийн зүүн талд зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 4255 м.кв газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг АЗД-ын 2020 оны 01/602 дугаартай албан бичиг[47], мөн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаартай албан бичиг[48] /Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн/ , 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дугаартай албан бичгээр /шуудангаар хүргүүлсэн/[49] “Э” ХХК-д мэдэгдсэн зэргээс үзвэл тус компанийн зөвшөөрөлгүй эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа газраа чөлөөлөх талаар эрх бүхий захиргааны байгууллагуудаас урьдчилан мэдэгдсэн байна.

Мөн “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн 4378 м.кв газрыг чөлөөлөх, станцын өргөтөл ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй ашиглах шаардлагатай газрыг чөлөөлүүлэх талаар “Э” ТӨХК, Эрчим хүчний яамнаас удаа дараа ОАЗД, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт албан бичиг хүргүүлж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба  газрыг чөлөөлөх талаар эрх бүхий захиргааны байгууллагаас “Э” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар дээрх сендвичин барилгаа чөлөөлөөгүй тул АЗД-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг гаргаж, мөн захирамжийн дагуу албадан буулгах ажиллагаа явуулах мэдэгдлийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 565 дугаартай албан бичгээр хүргүүлж, албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан байдаг.

Иймд ОАЗД-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг гаргах шийдвэр гаргах ажиллагааны талаар нэхэмжлэгч “Э” ХХК мэдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, мэдэгдэх сонсох ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Гурав. “ОАЗД Л.Б-ын амаар гаргасан илт хууль бус шийдвэрийн улмаас “Э” ХХК-д учирсан хохирол болох 84,379,350 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “Хохирол аргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж тус тус заасан.

Иймд хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа /захиргааны акт, захиргааны гэрээ, хэм хэмжээний акт/ нь тогтоогдсон, тухайн хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан байх ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актыг амаар гаргах боломжтой бөгөөд уг амаар гаргасан шийдвэр нь захиргааны актын дээрх үндсэн шинжүүдийг бүрэн агуулж байвал амаар гаргасан захиргааны акт гэж үзнэ.   

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд ОАЗД Д.Б, “Э” ХХК-ийн захирал В.Г нар “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн газар дээр байрлаж байсан “Э” ХХК-ийн бутлах үйлдвэрийг буулгаж зөөх талаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогддог. Ийнхүү хоёр тал харилцан тохиролцон шийдэлд хүрсэн нь нэг талын захирамжилсан шинжтэй байх гэсэн захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ.

Тийм учраас уг газар дээр байрлах бутлах үйлдвэрийг зөөж, газрыг чөлөөлөх талаар нэг талын захирамжилсан шийдвэр гараагүй, энэ талаар захиргааны байгууллагаас хууль бус захиргааны акт гаргаагүй учраас “Э” ХХК-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Харин тухайн компани нь хууль зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, дур мэдэн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээний газар эзэмшиж ашигласан, мөн анхнаасаа газрын байршил тодорхой бус байхад дур мэдэн газар дээр барилга, байгууламж барьсан зэрэг газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн өөрөөс нь газар дээрх барилга, байгууламж зөөхөд тодорхой хэмжээний зардал гарсан. Энэхүү зардлыг газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас өөрт нь хохирол учирсан гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал хуваарилах талаар: Нэхэмжлэгч “Э” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжийг 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөр хоёр удаа төлсөн баримтыг[50] ирүүлсэн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400/Нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 / далан мянга, хоёр зуун / төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч “Г” ХХК нь шинжээчээр ажилласан ажлын хөлс буюу шинжээчийн зардлын баримтаа[51] тус шүүхэд ирүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 500000 /таван зуун мянга/ төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж, шинжээч “Г” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 33 дугаар зүйлийн 33.5, 34 дүгээр зүйлийн 34.6.3, 35 дугаар зүйлийн 35.3.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг тус тус баримтлан “Э” ХХК-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан ““Э” ТӨХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай захирамж, “Э” ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаартай захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, ОАЗД Л.Б-ын амаар гаргасан илт хууль бус шийдвэрийн улмаас “Э” ХХК-д учирсан хохирол болох 84,379,350 /наян дөрвөн сая, гурван зуун далан есөн мянга, гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /Нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 500000 /таван зуун мянга/ төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж, шинжээч “Г” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.УУГАНЦЭЦЭГ

 

[1] ХХ-ийн I хавтас, 1-3 дахь тал.

[2] ХХ-ийн I хавтас, 242-244 дэх тал

[3] ХХ-ийн I хавтас, 63 дахь тал.

[4] ХХ-ийн II хавтас, 39 дэх тал.

[5] ХХ-ийн II хавтас, 40-41 дэх тал.

[6] ХХ-ийн III хавтас, 149 дэх тал.

[7] ХХ-ийн III хавтас, 145-146 дахь тал.

[8] ХХ-ийн III хавтас, 150 дахь тал.

[9] ХХ-ийн III хавтас, 153 дахь тал.

[10] ХХ-ийн III хавтас, 154-155 дахь тал.

[11] ХХ-ийн III хавтас, 156 дахь тал.

[12] ХХ-ийн I хавтас, 99 дэх тал.

[13] ХХ-ийн I хавтас, 100 дахь тал.

[14] ХХ-ийн II хавтас, 98-163 дугаар хуудас.

[15] ХХ-ийн II хавтас, 69-84 дэх тал.

[16] ХХ-ийн II хавтас, 85-87 дахь тал.

[17] ХХ-ийн I хавтас, 214 дэх тал.

[18] ХХ-ийн I хавтас, 215-217 дахь тал.

[19] ХХ-ийн I хавтас, 218 дахь тал

[20] ХХ-ийн III хавтас, 229-233 дахь тал.

[21] ХХ-ийн IV хавтас, 12 дахь тал.

[22] ХХ-ийн I хавтас, 215-217 дахь тал.

[23] ХХ-ийн I хавтас, 220 дахь тал

[24] ХХ-ийн I хавтас, 222 дахь тал.

[25] ХХ-ийн I хавтас, 221 дэх тал

[26] ХХ-ийн II хавтас, 195 дахь тал.

[27] ХХ-ийн III хавтас, 120-127 дахь тал.

[28] ХХ-ийн III хавтас, 142 дахь тал.

[29] ХХ-ийн I хавтас 223 дахь тал.

[30] ХХ-ийн I хавтас 141-154 дэх тал /тус шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудас/

[31] ХХ-ийн II хавтас 200-203 дахь тал.

[32] ХХ-ийн I хавтас, 230 дахь тал

[33] ХХ-ийн I хавтас, 134-138, 225-229 дэх тал.

[34] ХХ-ийн I хавтас, 139, 224 дэх тал.

[35] ХХ-ийн III хавтас, 23 дахь тал.

[36] ХХ-ийн III хавтас 25 дахь тал.

[37] ХХ-ийн III хавтас, 8-9 дэх тал.

[38] ХХ-ийн III хавтас, 19-22 дахь тал

[39] ХХ-ийн III хавтас, 17 дахь тал

[40] ХХ-ийн III хавтас, 229-233 дахь тал

[41] ХХ-ийн II хавтас, 197-203 дахь тал.

[42] ХХ-ийн II хавтас, 200-203 дахь тал.

[43] ХХ-ийн I хавтас, 106 дахь тал.

[44] ХХ-ийн I хавтас, 112, 113 дахь тал.

[45] ХХ-ийн I хавтвас, 65, 66 дахь тал

[46] ХХ-ийн I хавтас, 5 дахь тал.

[47] ХХ-ийн I хавтас, 106 дахь тал.

[48] ХХ-ийн I хавтас, 112, 113 дахь тал.

[49] ХХ-ийн I хавтвас, 65, 66 дахь тал

[50] ХХ-ийн I хавтас, 30, 31 дэх тал.

[51] ХХ-ийн II хавтас, 204 дэх тал.