Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 162

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Ж.Амарсанаа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Жаргалсайханы Амарсанаад холбогдох эрүүгийн 2016 2602 1966 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3-6 насны 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 38 дугаар гудамж, 901 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЖ 79060517, Шарнууд овогт Жаргалсайханы Амарсанаа.

 

Шүүгдэгч Ж.Амарсанаа нь 66-24 УНЧ улсын дугаартай автобусны салхины шилийг “машин шахлаа” гэх шалтгаанаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Амарсанаа мэдүүлэхдээ:

Би 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хадам талын нэг настай хүнийг Хархорин зах хүргэж өгөхөөр өөрийн “Тоёота Приус-11” маркийн, саарал өнгийн, 62-42 УБӨ улсын дугаартай машинаа жолоодон нэлээд яаруу явж байсан юм. Би 2 дугаар эгнээгээр явж байхад миний машины урдуур “Тоёота Приус-30” маркийн автомашин орж ирэхээр нь тухайн машиныг мөргөхгүйн тулд хажуу тийшээ дарсан. Автобус хурдтай явж байсан болохоор намайг урдуур нь ороход гэнэт тоормослоод жолооч нь уурласан байх. Тэгээд бид бие биенийхээ автомашиныг шахаад явж байхад хохирогч над руу дунд хуруугаа гаргасан. Тэгэхээр би араас нь гүйцэж очиход автобус “Москва” их дэлгүүрийн буудал дээр зогсож байхаар урд талд нь машинаа зогсоож, бууж очоод урд хаалгаар орох гэтэл хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь би жолоочийн цонхон дээр очоод юм ярих гэсэн чинь цонхоо онгойлгохгүй, суугаад байхаар нь би уурандаа урд цонхны шил арчигчийг татаж байгаад тавьсан. Тэгтэл цонх нь хагарсан юм шиг байна. Ц.Түмэндэмбэрэл машинаасаа гарч ирээд миний машины речакийг хугалж, урд талын салоныг цохиж хагалсан. Би энэ талаар гомдол гаргаагүй. Энэ асуудлыг эв зүйгээр зохицуулах боломж байсан. Хохиролд 260 000 төгрөгийг төлсөн. Өөрийн гэм буруугаас болж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Түмэндэмбэрэл мэдүүлэхдээ:

“...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр би Баянхошууны чиглэлд зүүнээс баруун тийш 66-24 УНЧ улсын дугаартай, Ч-20 чиглэлийн нийтийн тээврийн автобусаар зорчигч тээвэрлээд явж байгаад Гандангийн автобусны буудлаас хөдлөсөн. Тэгтэл 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү “Тоёота Приус-11” маркийн, саарал өнгийн, 62-42 УБӨ улсын дугаартай машин шууд шахаад ороод ирсэн. Тэгэхээр нь би зөөлхөн явж байгаад тулгаад тоормос гишгээд зогссон, тэр машин бас тоормос гишгээд зогссон. Тэгээд би цонхоо онгойлгоод “та одоо болгоомжтой яв л даа, хээр талд явж байгаа биш, толиндоо хар” гэсэн чинь тэр машины жолооч гараа атгаснаа “пизда минь, чи энэний цаанаас харагдахгүй байна шүү” гэсэн. Тэгэхээр би “та зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэр ах цаашаа дараад явсан, тэгээд би чигээрээ явж байсан. Тэгтэл тэр машинтай залуу “наанаа зогсож бай” гээд орилоод байсан. Би тоохгүй чигээрээ яваад байсан. Тэгсэн чинь “Москва” рестораны буудал дээр хүнээ буулгаад зогсож байтал тэр ах машинаараа шахаад орж ирээд зогссон. Тэгээд намайг “автобуснаасаа буугаад ир” гэхээр нь би буугаагүй. Тэгсэн чинь өөрөө бууж ирээд автобусны урд хаалгаар орох гээд тойрохоор “намайг зодох байх” гэж бодоод урд хаалгаа хаагаад оруулаагүй. Тэгсэн жолооч талын цонхоор авираад орж ирэх гээд байсан. Тэгээд хараад сууж байтал цонхоор гараа оруулаад нүүр лүү гараараа цохих гэхээр нь би гэдийгээд цохиулаагүй. Тэгсэн буцаж тойрч ирээд, шил арчигч нугалаад байсан. Тэгэхээр нь би “боль л доо, давраад байгаарай” гэсэн чинь тэр залуу “яадаг юм бэ” гээд шил арчигч дээр цохиод, урд шилийг хагалсан” гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Чимэгмаа мэдүүлэхдээ:

“...2016 оны 7 сарын 04-ний өдөр би Гандангийн автобусны буудлаас Баянхошуу-3, 4 дүгээр хороолол гэсэн автобусанд суусан. Автобус хөдлөөд Гандангаас уруудах зам дээр автобусыг мөнгөлөг саарал өнгийн, “Приус-11” маркийн машин шахаж, тэр үед автобус огцом тоормослосон. Тэр үед зорчигчид “яасан бэ” гэхэд “хажуу талаас машин шахаж байна” гэсэн. Автобусны жолооч тэр жолоочтой яаж байгаа юм гэх зүйл яриад байсан. Автобус хөдлөөд гэрлэн дохио өнгөрөөд “Билэг” их дэлгүүрийн тэнд явж байгаад дахиж тоормос гишгэсэн. Хүмүүс “яасан бэ” гэхэд “нөгөө машин чинь дахиад шахаад байна” гээд цонхоороо тэр машины жолоочтой юм яриад байсан. Тэгээд хөдөлж яваад “Москва” их дэлгүүрийн автобусны буудал дээр ирж зогсоод байж байтал нөгөө саарал өнгийн “Приус” автомашин автобусны урд ирж зогссон. Жолооч нь бууж ирээд автобусны жолоочийн цонх руу гараа оруулсан. Тэгтэл автобусны жолооч цонхоо хаасан бөгөөд удалгүй тас гээд шил хагарах чимээ сонсогдсон бөгөөд жолооч урд шил хагалчихлаа гэж хэлсэн” гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Ариунжаргал мэдүүлэхдээ:

“...2016 оны 7 сарын 04-ний өдөр би ээжтэй хамт Архангай аймаг руу явах гээд яараад найз Амраагаар Дарь-Эхээс Эмээлт рүү хүргүүлсэн юм. Тэгээд бид нар замдаа Гандангийн хажууд явж байхад манай машины урдуур цагаан өнгийн машин орсон. Тэр үед Амраа баруун тийшээ дарсан чинь автобус орж ирээд тоормослоод зогссон. Тэгээд автобусны жолоочтой хэрэлдээд эхэлсэн. Тухайн үед би ээжтэй ард сууж явсан болохоор яг юу гэж ярьсныг нь сонсоогүй. Тэгээд хөдөлж яваад Амраа нөгөө автобусыг хойноос нь хөөгөөд тэр автобус буудал дээр очиж зогсох үед бид нар машинтайгаа урд нь очиж зогссон. Амраа автобус дээр очоод урд цонхны шил арчигч хар юм руу цохих шиг болсон” гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Ж.Амарсанаа ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Амарсанаа нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн, 62-42 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэр Гандангийн автобусны буудлын орчим 66-24 УНЧ улсын дугаартай, Ч-20 чиглэлийн нийтийн тээврийн автобус зорчигч тээвэрлэж байх үед нь машинаараа шахсанаас жолооч Ц.Түмэндэмбэрэлтэй маргалдан, улмаар “Москва” их дэлгүүрийн автобусны буудал дээр уг автобусны урд шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж, 260 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Түмэндэмбэрэл, гэрч Б.Чимэгмаа, Р.Ариунжаргал нарын мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашин, техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ж.Амарсанаагийн үйлдсэн гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Амарсанааг 66-24 УНЧ улсын дугаартай автобусны салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсний улмаас 260 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.