| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/00367/И |
| Дугаар | 184/ШШ2019/00960 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2019/00960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Уранзул, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК-д холбогдох
Гэм хор учруулсны хохирол 1,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус компанид үйлдвэрлэсэн баншийг идэж байхдаа баншинд яс байсны улмаас 22, 11 дүгээр шүдний дундуур орж үүдэн шүдээ гэмтээсэн. Тухайн үеийн бүх процессын зургийг авсан ба өөрийн үйлчлүүлдэг дэлгүүрт очин уг үйлдвэрийн хаяг болон борлуулагчийн утсыг авч холбогдсон. Тус компанийн захирлыг дуудаж болсон үйл явдлыг танилцуулж, банш дотроос гарсан ясыг үзүүлэхэд манай бүтээгдэхүүнээс ийм яс гарч болзошгүй гэж хэлсэн. Шүд гэмтсэний улмаас тухайн үед шүдний эмнэлэг орж шүд хоорондын таслах ирмэг, хоорондын зайг нөхүүлсэн. Тужсмайл шүдний эмнэлэгт үзүүлэхэд энэ байдлаар удаан явах боломжгүй гэсэн ба үүдэн гурван шүдэнд циркон бүрээс хийх шаардлагатай гэсэн. 2 шүд гэмтсэн боловч бүрээс хийхийн тулд гуравдагч шүдэнд хийх шаардлагатай гэж эмч тайлбарласан. Иймд эмчилгээний үнэ 1 шүд 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 2 шүдний мөнгө болох 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Манай компанийн үйлдвэрлэдэг баншнаас яс гарсан байхыг үгүйсгэхгүй. Бэлэн мах авч үйлдвэрлэдэг тул бэлтгэн нийлүүлэгч алдаа гарган яс орсон байж болзошгүй. Харин 1 мм өргөнтэй, 6 мм урттай яс үүдэн гурван шүдийг хөрөөдсөн юм шиг гэмтэл учруулсан гэдэгт эргэлзэж байна. Анх Д.Д гуай ирэн надад шүдээ харуулахдаа дээд талын урд гурван шүд хөрөөдсөн юм шиг гэмтсэн байсан. Эхлээд нэхэмжлэгч эмчилгээнд 500,000 төгрөг хэрэгтэй гэсэн. Гэтэл одоо 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн тэгж уулзахдаа санаандгүй утаснаас нь залгасан дугаарыг нь хартал үзбек билүү гүрж банш гэж тэмдэглэсэн утсанд олон удаа дуудлага хийсэн байснаас харахад үйлдвэрлэл эрхлэгчдэд ийм байдлаар шахалт үзүүлж мөнгө авдаг гэх хардлагыг төрүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохиролд 1,500,000 гаргуулахаар шаардаж, үндэслэлийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч байгууллагын үйлдвэрлэсэн баншийг идэж байгаад 1 мм өргөн, 6 мм урттай яс хазсаны улмаас түүний 11, 21 дүгээр шүдийг гэмтээж, циркон бүрээсийн эмчилгээг 22 дугаар шүдний хамт хийх заалттай тул зардалд нэг шүдний 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч үйлдвэрлэсэн баншнаас яс гарсан болохыг үгүйсгэхгүй гэх бөгөөд гагцхүү 1 мм өргөн, 6 мм урт яс 3 шүдийг гэмтээсэн нь эргэлзээтэй гээд нэхэмжлэлийн шаардлагыг 1,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.
Нэхэмжлэгч бусдын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д эрүүл мэндэд учирсан хохирлыг зайлшгүй гарах зардлын хэмжээгээр мөнгөөр нөхөн төлүүлэх талаар 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заажээ.
Гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл нь бусдын хууль бус үйлдэл нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх буюу хариуцагч Б ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаарддаг. Хариуцагч нь банш ястай үйлдвэрлэсэн байх магадлалтайг, улмаар нэхэмжлэгчийн шүдэнд хохирол учруулсан болохыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2019/01851 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг ханган 1 мм өргөн, 6 мм урттай яс хүний шүдийг циркон бүрээсээр бүрэх хэмжээнд гэмтээх боломжтой эсэхэд дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 285 тоот дүгнэлтэд Д.Д-ийн биед учирсан гэх дээд үүдэн 3 шүдний эмтрэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зурагт үзүүлсэн ясыг хазахад үүсэх боломжтой хэмээсэн байна. /хх-18, 22-24/
Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11, 21 дүгээр шүдний таслах ирмэг хоорондын зайг нөхүүлсэн тухай эмнэлгийн тодорхойлолт, 11, 21, 22 дугаар шүдэнд циркон бүрээс хийх тухай Тужсмайл ХХК-ийн нүүр амны согог заслын захиалгын хуудас, нэхэмжлэх, зарлагын баримтыг гарган өгчээ. /хх-4-6/ Хариуцагч тал 1 шүдний эмчилгээний зардлыг эс зөвшөөрсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг нотлох баримтаар батлах, мөн эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.
Иймээс хариуцагч Б ХХК-аас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР