| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2018/00481/И |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-03-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 64
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5-р баг
Зүүнсайханы .................... оршин суух
******* овогт С.Г
/РД:.................../
Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Шивээ
...........................” гэх газарт оршин
суух ******* овогт П.Г
/РД:К...................../
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г , нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: С.Г миний бие 1994 онд П.Г той танилцаж дотносон 1995 оноос хамтран амьдарч байгаад 2005 онд гэрлэлтээ батлуулсан. 1995 онд хүү Г.С , 2005 онд охин Г.Э нар төрсөн. Одоо хүү Г.С 22 настай, охин Г.Э 13 настай. П.Г нь сүүлийн жилүүдэд архи дарс ихээр ууж, уусан үедээ ар гэрийнхэндээ агсам согтуу тавьж, үргэлжийн хэрүүл маргаан үүсгэн үргэлж бие сэтгэлийн хүнд дарамтад оруулж, гэр бүлд амар тайван амьдрах орчин нөхцөл бүрдэхгүй болсон. Мөн үргэлжийн хэрүүл маргаан хийж намайг доромжилдог, “чиний юм гэж байхгүй яаж ирсэн шигээ яв” гэж гэр орноос хөөж туух болсон. Тиймээс хамт амьдрах ямар ч сэтгэлгүй болсон. Тусдаа амьдраад одоо жил гаруй болж байна. Иймээс өөрийн аюулгүй байдлаа хамгаалж, үр хүүхдүүдтэйгээ тайван амгалан амьдрахын тулд гэрлэлтээ цуцлуулж, охин Г.Э гийн тэтгэлгийг гаргуулах хүсэлтэй байсан. П.Г бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, охин Г.Э д тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэжээ.
Хариуцагч П.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Самдан овогтой С.Г тай 1994 онд танилцаж, 1995 онд гэр бүл болж хүү Г.С төрсөн. 2005 онд охин Г.Э мэндэлсэн. 2017 оноос эхлэн эхнэр С.Г хүнтэй нууц амрагийн холбоотой болж тэр явдлыг би судалснаар 2018 оны 05 дугаар сард мэдэнгүүт С.Г надаас сална гэж эвлэрүүлэн зуучлахад өргөдөл өгсөн. Би хоёр хүүхдээ бодож эхнэр С.Г гаас салахгүй гэдгээ хэлсээр ирсэн. Намайг байнга гэрээсээ хөөдөг. Би хот хооронд болон Шивээ хүрэн боомт руу хүн болон ачаа зөөдөг. Намайг байхгүй хугацаанд С.Г Шивээ хүрэн боомтын том машины нүүрсний жолооч Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Баярхүү овогтой Б.Ө тай нууц амрагийн холбоо тогтоосон. Энэ хүн нь 1983 онд төрсөн. С.Г гаас 7 дүү, эхнэр 2 хүүхэдтэй хүн байдаг. Би 5 сард С.Г г явснаас хойш 2 хүүхдэдээ байнга мөнгө өгч байсан. Намар сургууль эхлэхэд охин Г.Э д 1 000 000 төгрөг өгсөн. Хүү Г.С маань Хятад улсад оюунтан. Б.Ө нь Шивээ хүрэн боомтод жолооч хийж байгаад 9 сард надад баригдаж Гашуун сухайтын боомт руу С.Г тай хамт 10 дугаар сарын эхээр явж 14 хоног болоод ирсэн. Одоо С.Г бас явсан байгаа. 2017-2018 онд тэр хүнтэй явалдаж байсныг Шивээ хүрэн боомтын хүмүүс мэдэж байгаа. Дээрх явдлаас болж С.Г надаас салах гээд өргөдөл өгөөд байгаа юм. Дахин хэлэхэд би С.Г болон 2 хүүхдээсээ салмааргүй байна. Би амьдарч байх хугацаандаа С.Г г юугаар ч дутаагаагүй. Сүүлийн 2 жилийн хугацаанд хардаж, тэр хүнийг нь олох гэж архи их уусан нь үнэн. Урьд жилүүдэд нь найз нөхдийн хүрээнд дайлах дайлуулах журмаар архи уудаг байсан. Урьд нь хүүгээ төрсний дараа 2-3 хүнтэй явалдаж байсныг би уучилж чадсан. Энэ удаад ч гэсэн эхнэр С.Г г уучилж чадна. Эхнэр С.Г болон 2 хүүхдээсээ салахыг хүсэхгүй байгаа тул гэр бүлийг минь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох С.Г гийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Г , П.Г нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г.Э гийн төрсний гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар, 8 ширхэг фото зураг, С.Г гийн тайлбар, цагдаагийн илтгэх хуудас, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 14 хуудас материал, охин Г.Э гийн саналыг асуусан тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч П.Г од холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.
С.Г , П.Г нар нь 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэний бүртгэлийн байгууллагын 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тэдний дундаас 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин Г.Э төрсөн болох нь түүний 0070861 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх боловч зохигчид эвлэрээгүйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болжээ.
Гэсэн хэдий ч шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэгчдэд дахин эвлэрэх хугацаа олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 3 сараар түдгэлзүүлжээ. Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.” гэж заасныг баримтлан түүнчлэн нэхэмжлэгчийн “...П.Г нь сүүлийн жилүүдэд архи дарс ихээр ууж, уусан үедээ ар гэрийнхэндээ агсам согтуу тавьж, үргэлжийн хэрүүл маргаан үүсгэн үргэлж бие сэтгэлийн хүнд дарамтад оруулж, гэр бүлд амар тайван амьдрах орчин нөхцөл бүрдэхгүй болсон. Мөн үргэлжийн хэрүүл маргаан хийж намайг доромжилдог, “чиний юм гэж байхгүй яаж ирсэн шигээ яв” гэж гэр орноос хөөж туух болсон. Тиймээс хамт амьдрах ямар ч сэтгэлгүй болсон. Тусдаа амьдраад 1 жил гаруй болж байна...” гэх тайлбарыг хариуцагч тайлбараар болон нотлох баримтаар няцаахгүй байгаа зэргийг харгалзан зохигчдыг цаашид хамтран амьдрах боломжгүй байна гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Г.Э гийн саналыг харгалзан хүүхдийг насанд хүртэл эх С.Г гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Г гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг хариуцагч П.Г оос гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг нэхэмжлэлээсээ татгалзсан тул орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 19 327 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч П.Г од шүүх хуралдааны товыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр биечлэн мэдэгдэж гарын үсгээр баталгаажуулсан байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт Самдангийн С.Г , Хошууд овогт П.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч С.Г нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Г.Э г 18 насанд хүртэл эх С.Г гийн асрамжид үлдээсүгэй.
5. Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г оос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 19 327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Г д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ