Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2019/00055/И |
Дугаар | 73 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 73
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг, Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Хүрмэн сум, 3 дугаар баг,
................. тоотод оршин суух, *******
овогт Н.Т /РД:...................../
Хариуцагч: Өмнөговь аймаг Гурвантэс сум......................
оршин суух, Д овогт
С.Г /РД:...................../
Гэм хорын хохиролд 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т , хариуцагч С.Г , иргэдийн төлөөлөгч Х.Жуул, нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Г нь 2018 оны 08 сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Даланзадгадын төвөөс Ёлын ам хүрэх засмал дагуу 30 гаруй километрийн зайд байсан дөрвөн ширхэг үхэр, эм бяруу 1, эр бяруу 1, эм шүдлэн үхэр 2 ширхэг таширт нь дайрсан. Жич: энэ хэрэг Ханхонгор сумын цагдаагийн газар бүртгэлтэй тухайн үед мэдүүлэг өгч гомдол гаргалгүй хаасан. Улсын үнэлгээгээр амаар 1 600 000 төгрөг төлөх болж шийдсэн боловч тухайн хүн тус мөнгийг төлөхгүй байгаа тул зах зээлийн үнэлгээгээр 3 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. 3 200 000 төгрөгийг өгөх боломжгүй бол үхэрийг үхэрээр нь авах санал байна. Дайрагдсан 4 үхэр дөрвүүлээ эм үхэр байсан. Манай хүүхэд нэхэмжлэл бичихдээ андуураад биччихсэн байсан. Хээлтэй 2 шүдлэн эм үхэр, 2 эм бяруу байгаа. Нас чацуу үхэрүүд нь одоо бүгд хээлтэй байгаа. Мал дайрагдсан газар бол тусгайлсан тэмдэг тэмдэглээтэй газар дайрсан. Жолоочийг болгоомжил гэсэн замын тэмдэгтэй газар дайрсан гэв.
Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Г нь 2018 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед Баядалайгаас Даланзадгад орох засмал зам дагуу аймгаас 30-35 километр зайд явж байтал урдаас ирж явсан 2 автомашин гэрлээ шилжүүлээгүй улмаар анивчуулж гэрлийн гялбаанд орж хурдаа хасан тоормос гишигсэн боловч зөрөх агшинд дөрвөн үхэр дайрагдсан. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд засмал замд 50 метр дотогш хариулагагүй мал байлгахыг хориглоно. Бас зам дээр ердийн хөсөг малийг хараа хяналтгүй эзэнгүй орхихыг хориглоно гэсэн байдаг. Иймээм Н.Т нь засмал замд ойр малаа хараа хяналтгүй орхисоноос болж ийм үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн энэхүү үйлдлээс болоод машин эвдэрсэн. Би машинаа дунд сайханд байрлах засвартай Мөнгөнөө гэх залуугаар 1 500 000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Дөрвөн үхэрийг нийт 1 600 000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. Гэвч одоо 3 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Иймээс би Тунгалаг малаа засмал замд хараа хяналтгүй орхисон. Би дайрсан гээд аль аль талийн буруу гэж хувьдаа бодож байна. Би ч мөн машинаа эвдэлсэн аль аль хохирсон гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад төлөөд өгөх үхэр байхгүй. 1 600 000 төгрөг нэхэмжилсэн гэж байна. Хэсгийн төлөөлөгч надад хэлэхдээ нөгөө хүн чинь гомдолгүй гэж байна. Та явж болно гэсэн. Би уг нь даатгалаас 1 600 000 төгрөг гаргуулаад өгчихье гэж хөөцөлдөөд энэ хүнээс “А” дансны хуулга хэрэгтэй байхад л болчихсон явж байсан. Энэ хүнд төлж өгнө үү гэсэн гарын үсэг зуруулах дутуу байсан. Тэгтэл хэсгийн төлөөлөгч Даваажаргал төлөөлөгч одоо болно. Нөгөө хүн чинь гомдолгүй гэсэн. Хэргийг чинь хэрэгсэхгүй болгож байна. Та явж байж болно гэхээр нь би сумандаа очоод байж байтал сар гаруйн дараа иргэний шүүхээс 1 600 000 төгрөгөө яагаад төлөхгүй байгаа юм гэж дуудсан. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм наад хүн чинь гомдолгүй гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч ч гэсэн надад тэр 1 600 000 төгрөгийг төлөөрэй гэж хэлээгүй. Хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо гэсэн. Би тэр 1 600 000 төгрөгийг төлөхгүй гээгүй. Шөнийн 01-02 цагт зам хөдөлгөөний дүрэмд зохицуулсан байдаг. Шүүх шийдэх байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т хариуцагч С.Г д холбогдуулан 2 шүдлэн үхэр, 2 бярууны үнэ 3 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
С.Г нь 2018 оны 08 дугаар сарын 02-нд шөнө 01-02 цагийн үед Даланзадгад сумаас хойд зүгт 30 км-т Баяндалай сум хүрэх засмал зам дээр 2 шүдлэн үхэр, 2 бяруу дайрчээ. Дээрх болсон үйл явдлын талаар зохигчид маргадаггүй бөгөөд хариуцагч нь хохирол 1 800 000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй улмаар 3 200 000 төгрөг гаргуулна гэж маргана.
Хариуцагч С.Г ын дайрсан гэх 2 шүдлэн үхэр, 2 бяруу нь Н.Т ийн өмчлөлийнх болох нь түүний тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч үүнийг баримтаар няцаагаагүй, энэ талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч С.Г нь Н.Т ийн өмчлөлийн 2 шүдлэн үхэр, 2 бярууг дайрч хохирол учруулсан байх тул тэрээр Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь 2 шүдлэн үхрээ хээлтэй байсан, үхрүүдээ зах зээлийн үнэлгээгээр 3 200 000 төгрөг үнэлж хорирлыг төлүүлнэ гэсэн тайлбарыг гаргадаг боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн үнэлгээгээр нэг шүдлэн үхэр 700 000 төгрөг, нэг бяруу 500 000 төгрөг гэж, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр нэг шүдлэн үхэр 500 000 төгрөг, нэг бяруу 300 000 төгрөг гэж харилцан адилгүй үнийг гаргажээ.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хууль сануулж дүгнэлт гаргасан байх тул шүүх энэ дүгнэлтийг харгалзан хохирлын үнэлгээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч С.Г аас 2 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаас мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын баримт нь хуулбар хувь байх бөгөөд нотариатаар гэрчлэгдээгүй, хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсанд авагдсан 12 ширхэг фото зургийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэхэмжлэгч Н.Т улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөг төлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Н.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулах үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 53 350 төгрөгийг С.Г аас гаргуулж Н.Т т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г аас 2 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгосугай.
2. Н.Т ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгч Н.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г аас 53 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
Г.АЛГИРМАА