| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 119/2024/0029/З |
| Дугаар | 221/МА2024/0735 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0735
“Д х ш” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х
Гомдол гаргагч: “Д х ш” ХХК
Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ч.М
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.М, Б.Б, хариуцагч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2024/0029/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Д х ш” ХХК нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ч.М-д холбогдуулан “Татварын газрын татварын улсын байцаагч Ч.М-ийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00635** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.8, 28 дугаар зүйлийн 28.1, 38 дугаар зүйлийн 38.4, 41 дүгээр зүйлийн 41.2, Зөрчлийн тухай хууль /2017он/-ийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00635** дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль 38,949,469.0 /гучин найман сая, есөн зуун дөчин есөн мянга, дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг 27,609,469.0 /хорин долоон сая, зургаан зуун есөн мянга, дөрвөн зуун жаран ес/ төгрөг болгон багасгаж,
2 дахь заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Татварын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. ...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-т “Д х ш” ХХК-ийг “А и” ХХК-тай харилцан хамаарлыг тогтоож, харилцан хамаарлын ажил гүйлгээг гаргахдаа тооцохдоо он, сар, өдрийг буруу дүгнэж гаргасан байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар “Д х ш” ХХК-ийн гэрээ, дансны хуулга, төлбөрийн баримтын жагсаалтуудаар давхар нотлогдсон харилцан хамаарлуудын хооронд хийгдсэнийг нотолж байхад дутуу дүгнэсэн гэж үзэхээр байна. Татварын улсын байцаагчийн гаргасан харилцан хамаарлын гүйлгээний нэгтгэл дүнд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 567,000,000 төгрөгтэй андуурч дүгнэлт хийсэн байна.
3.2. Татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа харилцан хамаарал үүссэн хугацааг нарийн тооцоолон харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг Д х ш ХХК-ийн гаргасан төлбөрийн баримт, дансны хуулгын үзлэг, гэрээ зэргээр нотлон 1,947,473,422 төгрөгийн 2 хувь болох 38,949,469.0 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэл бүхий юм.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч “Д х ш” ХХК нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ч.Мд холбогдуулан “Татварын газрын татварын улсын байцаагч Ч.Мгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00635** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.
2.1. Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00635** дугаар шийтгэлийн хуудсаар “Д х ш” ХХК-ийн “Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй” гэх зөрчлийг тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 38,949,469 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
2.2. “Д х ш” ХХК нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...Манай компани 2023 оны жилийн эцсийн татварын тайлангуудыг цахим тайлангийн системд татварын төрөл тус бүрээр хуулийн хугацаанд тушаах үед үнэ шилжилтийн тайлангийн төрөл нэмэгдээгүй байсан, ...татварын хэлтэст үнэ шилжилтийн тайланг тушаах хүсэлт тавьсан боловч 2023 оны цахим татварын тайланд үнэ шилжилтийн тайланг хүлээж авах татварын төрлийг татварын албанаас нэмж өгөөгүй учраас тайланг тушаах боломжгүй болсон, ...Татварын ерөнхий хуулийн 12.1.1-д ...татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам... гэж заасны дагуу тайлан тушаах эрхээ эдэлж чадаагүй учир энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Д х ш” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр /РД:44173**/ бүртгүүлж, 0001445** дугаар гэрчилгээ авч, “А и” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Охин компани байгуулах тухай 22/02 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр охин компани болох “Д х ш” ХХК-ийг байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
4. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх”, 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 44 дүгээр зүйлийн 44.1-т “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж “...татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн байна, ...Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ ногдуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
4.2. Түүнчлэн, дээрх хуульд зааснаар татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд “Д х ш” ХХК нь холбогдох тайланг хугацаанд нь тайлагнаагүй талаараа хүлээн зөвшөөрсөн ба энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримуудаар тогтоогдож буй энэ тохиолдолд гомдол гаргагчийн “...татварын хэлтэст үнэ шилжилтийн тайланг тушаах хүсэлт тавьсан боловч 2023 оны цахим татварын тайланд үнэ шилжилтийн тайланг хүлээж авах татварын төрлийг татварын албанаас нэмж өгөөгүй учраас тайланг тушаах боломжгүй болсон” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хяналт, шалгалт эхлэхээс өмнө үнэ шилжилтийн тайланг тушаах хүсэлт гаргаж байгаагүй” талаараа тайлбарласан бөгөөд нэгэнт татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу тухайн компанид хяналт шалгалт хийж эхэлсний дараа тайланг тушаах хүсэлт тавьсныг хүлээж аваагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
5. Харин анхан шатны шүүхээс “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “А и” ХХК-тай харилцан хамааралтай байсан болох нь нотлогдоогүй тул 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д х ш ХХК-д 567,000,000 төгрөгийг харилцан хамаарал бүхий этгээд А и ХХК-аас оруулсан гэж үзсэн орлогыг хасч ...1,380,473,422.0 төгрөг болгон, түүнд ногдох 2 хувийн торгуулийг 27,609,469 төгрөг болгон багасгаж” шийдвэрлэсэн нь буруу байна.
5.1. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ”, 27.1.8-т “энэ хуулийн 27.1-д заасан этгээд, тэдгээрийг томилох эрхтэй этгээд, тэдгээрийн эрх, үүргийг шилжүүлэн хүлээж авсан этгээд, эсхүл тэдгээрийг төлөөлөхөөр сонгогдсон этгээд” гэж тус тус заасан.
5.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс үзэхэд “...2022 оны үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан ирүүлээгүй зөрчил нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2023 оны борлуулалтын орлого болох 1,947,473,422 төгрөгийн 2% буюу 38,949,469 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авна” гэж, мөн өдрийн “Үзлэг хийсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “...2023 оны 02 сарын 17-ны өдөр 567,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 567,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 700,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 11,050,000 төгрөг, 13,500,000 төгрөг тус тус, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,200,000 төгрөг, 15,501,200 төгрөг тус тус, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000.0 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,222,222 төгрөг, нийт 1,947,473,422 төгрөгийн орлогыг илрүүлсэн” гэж тэмдэглэсэн байна.
Хэрэгт авагдсан эдгээр хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнүүд болон дансны хуулга зэргээр дээрх орлого нь нотлогдож байхад анхан шатны шүүх ямар баримтад үндэслэн “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 567,000,000 төгрөгийн орлогыг хасах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
5.3. Тодруулбал, “Д х ш” ХХК болон “А и” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №23/040-* гэрээний нийт үнийн дүн 1,134,000,000 төгрөг байх бөгөөд “А и” ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус гэрээний урьдчилгаа 50% төлбөр 567,000,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл 50% төлбөр 567,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан №23/040-* тоот гэрээ, хавтаст хэргийн 77, 78 дугаар талд авагдсан дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
Мөн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, “эрх бүхий албан тушаалтнаас “Д х ш” ХХК-ийн “Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй” гэх 2023 оны зөрчилд нийт 1,947,473,422 төгрөгийн орлогыг илрүүлж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 38,949,469 төгрөгийн төлбөр тогтоосон үнийн дүн буюу тооцоололтой талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...баримтлан гэсний дараа “Гомдол гаргагч “Д х ш” ХХК-иас Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ч.Мд холбогдуулан гаргасан “Татварын газрын татварын улсын байцаагч Ч.Мгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00635** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН