Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 163

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Одончимэг,

шүүгдэгч: Н.Дэндэвсамбуудорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Олхонууд овогт Нэргүйн Дэндэвсамбуудоржид холбогдох эрүүгийн 2016 2602 2535 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгоп улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хадам ээж, эхнэр
хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12 дугаар гудамж, 565 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчиний 19 дүгээр гудамж, 125 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ 93112054, Олхонууд овогт Нэргүйн Дэндэвсамбуудорж.

 

Шүүгдэгч Н.Дэндэвсамбуудорж нь нууц далд аргаар, шунахай сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11.00 цагийн орчим иргэн А.Оюун-Эрдэнийг Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын урд талын
автобусны буудал дээрээс Баянхошуу-Зурагт чиглэлийн автобусанд суугаад Баянгол дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын автобусны буудал дээр буух үед халааснаас нь “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Дэндэвсамбуудорж мэдүүлэхдээ:

Би хэрэг гарсан тэр өдөр гэрээсээ гараад “Хилчин” хотхоны автобусны буудлаас Баянхошуу-Хорооллын чиглэлийн автобусанд суугаад 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал дээр автобусны голын хаалганы баганын хажууд хохирогч 2 гараараа багананаас бариад зогсож байхад наад талаас нь шахаж зогссон. Тэгээд тэр автобуснаас доош буухаар шатаар алхаж байхад баруун халаасанд байсан гар утаснаас чихэвчийг нь салгаж авсан. Энэ үед тэр эмэгтэй чихэвчээрээ юм сонсоод явж байсан юм. Тэгээд би автобуснаас буугаад 2-3 алхаж байтал нөгөө эмэгтэй надаас “утсаа авъя” гэсэн. Би эхлээд “утас аваагүй, байхгүй” гэхэд тэр миний цамцнаас татахад гар утас нь гарч ирсэн. Би түүний гар утсыг аваад биедээ өмдний тэлээний ард хийсэн байсан нь илэрч тэр дор нь хохирогчид утсыг нь буцаагаад өгсөн. Гэтэл энэ үед эрүүгийн төлөөлөгч нар гарч ирээд намайг цагдаагийн газар руу аваад явсан. Би хохирогч А.Оюун-Эрдэнийн гар утсыг автобус дотор хулгай хийсэн нь үнэн. Хэрвээ би баригдаагүй байсан бол гар утсыг зарах байсан. Би урьд нь хулгай хийж байгаагүй. Хүмүүс хулгай хийгээд хурдан мөнгө олоод байхаар нь би ингэж болдог юм байна гэж бодсон. Би бусдаас хулгайлсан гар утсаа эзэнд нь буцааж өгч, хохирлыг нь барагдуулсан. Маш их гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй гэв.

 

           Хэрэг бүртгэлтэд хохирогч-А.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын  автобусны буудлаас Баянхошуу-Зурагт чиглэлийн автобусанд суугаад Баянгол дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооплын автобусны эцсийн буудал дээр буухдаа куртикны баруун халааснаасаа гар утсаа алдсан. Тухайн үөд би утсаа чихэвчээр сонсоод явж байсан гэнэт дуугарахаа болихоор нь эргээд хартал 25 орчим насны үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Би “утсаа авья” гэхэд тэр залуу би аваагүй гээд байхаар нь цамцнаас нь татахад миний гар утсыг гэдэс өмд хоёрынхоо дунд хавчуулчихсан байсан. Тэгээд би гар утсаа аваад байж байтал энгийн хувцастай нэг хүн ирээд цагдаагийн ажилтан байна гээд үнэмлэхээ харуулаад болсон явдлыг сонсоод цагдаагийн газар руу явж мэдүүлэг өгөх үү? гэсэн. Миний утас “Самсунг галакси жи-7” маркийн, алтлаг өнгийн корпустай, гар утас байсан. 2016 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүрэгт байдаг “Тэди” салбараас 430 000 төгрөгөөр авч байсан. Одоо 430 000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Дэндэвсамбуудорж ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Дэндэвсамбуудорж нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед хохирогч А.Оюун-Эрдэнийг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Баянхошуу-Зурагт чиглэлийн автобусанд зорчиж явах үед нь куртикны баруун халаасандаа хийсэн байсан түүний “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг хулгайлсны улмаас 430 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн хохирогч А.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг Н.Дэндэвсамбуудоржоос хураан авч, А.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Дэндэвсамбуудоржийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хулгайлсан эд зүйлийг буцаан өгч, хохирол барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч нь би өмгөөлөгч авахгүй гэж өөрийгөө өмгөөлсөн болохыг дурдав.