Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 126/ШШ2021/0033

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Н.Бын  нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 1/9 дугаар  тоотыг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Л.Сувдыг суулцуулан,  нэхэмжлэгч Н.Б, хариуцагч С.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оноос 2020 он хүртэл Арбулаг сумын Иргэдийн хурлын даргын ажлыг гүйцэтгэж байсан. 2020 онд улсын төсвийн захиалга болоход би хурлын даргын бүрэн эрхээ эдэлж байсан учраас 30 гаруй жил ажилласан материалаа бүрдүүлээд нотариатчаар баталгаажуулж сумын төрийн санд өгсөн. Би улсад 39 жил 7 сар ажилласан. Энэ хугацаанд багийн Засаг даргаар 4 удаа улирч тасралтгүй 16 жил ажилласан. 2008 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд 2008 оноос 2020 он хүртэл Арбулаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилласан. Тэгээд 2016 оноос 2020 он хүртэл Арбулаг сумын Иргэдийн хурлын даргаар ажилласан. Миний 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нь 2020 оны 6 дугаар сарын улсын төсвийн захиалгад орсон байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.2-т  Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно гэж зааснаар тэтгэмж авна гэж заасан. Үүний дагуу би материалаа 2020 оны 6 дугаар сард бүрдүүлж өгсөн. Миний бүрдүүлж өгсөн материал аймгийн Төрийн санд хянагдаад Хөвсгөл аймгийн Төсөвтэй Сангийн яаманд хянагдан 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр улсын төсөв батлагдахад миний 1 жилийн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө аймгийн төсөвт батлагдсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумдын төсөв хуваарилахад Арбулаг сумын төсөвт миний 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж тусгагдсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар уг тэтгэмж батлагдаад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зардал дээр тусгагдсан байгаа. Иймд би 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад өргөдөл гаргахад “Та сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжтой” гэх хариу өгсөн. Энэ асуудал одоо шийдэгдээгүй байна. 2022 оны сонгуулийн үр дүнгээр Аймаг, Нийслэл сум дүүргийн бүх шатны улс төрийн албан тушаалтны ажлаас чөлөөлөгдсөний ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний олгох мөнгө 2022 оны төсөвт тавигдах байх. Би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авах талаар өргөдөл гаргаагүй. Тэтгэвэрт гарахад 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний улсын төсөвт тусгагдсан мөнгөн тэтгэмжээ авах талаар өргөдөл гаргасан.  Гэтэл ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно гээд буруу тайлбар өгөөд байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум дүүргийн бүх шатны хурал, болон Засаг дарга нар тэтгэвэр тогтоолгох бол урьд авч байсан албан тушаалын цалингийн гэсэн болохоор миний мөнгөн тэтгэмж ирсэн учраас тусламжаа авахаар өргөдлөө гаргасан юм” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т ...сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Н.Б болохоор тус хуулийн 38.2-т Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно гэж зааснаар тэтгэмж авна гээд гомдол гаргасан. Н.Б нь хурлын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бол 38.2-т заасан үндэслэлээр тэтгэмж олгох байсан. Сонгуулийн үр дүнгээр ажлаас гарсан тул 12 сарын цалинтай хэмжээтэй мөнгөн тусламж олгох боломжгүй байгаа. Иргэдийн хурлын төсөвт уг мөнгө суутгагдсан байгаа. Төсөвт тусгагдсан мөнгөний талыг нь Н.Бт олгоод үлдсэнийг нь хурал өөрөө ашиглах ямар ч боломжгүй. Үлдсэн мөнгө нь жилийн эцсээр буцаан татагддаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үндэслэлээр л олгох боломжтой байхад Н.Б нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар тэтгэмж авна гээд байгаа юм. Сонгуулийн үр дүнгээр бус 8 дугаар сарын 20-ны өдөр буюу төрсөн өдөр хүртлээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарах нь тогтоогдсон бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар авах бүрэн боломжтой байсан. Би тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу олгох ёстой байтал мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар мөнгөн тусламж олгох боломжгүй. Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно гэж заасан байна. Төсвийн тухай хуульд зааснаар дараа сарынхаа төсвийн өмнөх оны 6 дугаар сард саналаа явуулдаг. Ингэхдээ ажиллаж байгаад тэтгэвэрт гарах боломжтой хүмүүсийнхээ судалгааг явуулдаг. Тэр судалгааг явуулсны үндсэн дээр Н.Бт олгох мөнгөн тэтгэмжийг  төсөвт суутгагдаж ирсэн байх гэж бодож байна. Тухайн үед аудитын байгууллагын дүгнэлтээр ямар шалтгаанаар олгосон гэхээр шүүхийн шийдвэрийг л үзүүлэх байх. Шүүхийн шийдвэр нь надад санхүүгийн баримт болж байна гэсэг үг. Төрийн алба уян хатан байх зарчмын хүрээнд байж болох асуудал. Нам эвслийн хувьд бид хоёр нэг намын хүн байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 1/9 дугаар  тоотыг /маргаан бүхий захиргааны акт/ хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Шүүх, шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолоор сумын ИТХ-ын 8 дах удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын даргаар төлөлөгчдийн 11 хүний буюу 52 хувийн санал авсан Сандуйжав овогтой Аюушжавыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс томилж, сумын ИТХ-ын дарга Нацагдоржийн Болдбаатарыг 2020 оны 11 сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлжээ. /ХХ-47 дугаар хуудас/

Н.Б нь сумын агент, багийн Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар  30 жил 7 сар ажилласан байх бөгөөд 2021 оны 08 дугаар сард өндөр настны тэтгэвэр тогтоолгожээ.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар “Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно” гэж заасны дагуу Н.Б нь урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж авах эрхтэй байх бөгөөд  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “2021 оны Төсөв батлах тухай” 15 дугаар тогтоолоор “Н.Бт тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох  /12025,4 мянга/ төгрөгийг төсөвлөж, уг мөнгийг олгохоор шийдвэрлэсэн байна.  

             Иймээс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 1/9 дугаар тоот /маргаан бүхий захиргааны акт/ нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн  болох нь тогтоогдсон  байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-д заасныг баримтлан иргэн Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 1/9 дугаар  тоотыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН