Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 341

 

МАГАДЛАЛ

 

2018.01.29                                                     Дугаар 341                             Улаанбаатар хот

 

 

 

“Ө Ф”-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02561 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ө Ф”-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.М, Б.Б нартхолбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30 729 351 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргиин гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:Б.Б хамтран зээлдэгч Ж.М нарын зээл авах хүсэлтийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр Л.Л, Б.Унарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон 104 дүгээр байрны 40 тоотын 3 өрөө орон сууцыг барьцаалан 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БЗ-15/033 дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 40 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээл олгосон юм. Мөн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20 хувийг төлүүлэх үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр бүрэн хангуулахаар дээрх гэрээнүүдээр харилцан тохиролцсон болно. ЗээлдэгчБ.Б, Ж.М нар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний үүргийн дагуу зээлээ бүрэн төлж чадаагүй учир түүний хүсэлтээр уг зээлийг үргэлжлүүлэхээр тохиролцож дээрх гэрээний нөхцлөөр 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 16/002 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулах замаар зохицуулж төлбөр тооцооны хувьд санхүүгийн бичилт хийлгэсэн боловч 2016 оны 9 дүгээр сараас хойш үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүг төлөхгүй ӨФ удаан хугацаагаар хохироосоор байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-д заасныг үндэслэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. ХариуцагчБ.Б, Ж.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19 608 902 төгрөг хугацааны болон хэтрүүлсэн хугацааны хүү 9 361 773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 758 676 төгрөг, нийт 30 729 351 төгрөгийг гаргуулах, уг үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 4 дүгээр сард 40 000 000 төгрөгийн зээл авсан сар болгон 4 300 000 төгрөгийн төлөлт хийдэг байсан юм. 2016 оны 01 дүгээр сард уулзаад төлөлт нь сардаа арай өндөр байна, багасгаж өгөөч гэж уулзсан. Тэгээд үлдэгдэл 16 000 000 төгрөг үлдсэн байсан учраас арай багаар төлөлт хийгээд 1 жилийн хугацаанд дуусгая гэж хэлэхэд өмнө зээлээ хаах хэрэгтэй гэсэн. Ингээд ӨФ захирал н Сансартуяа бид нараас өдрийн хүүний мөнгө аваад 16 000 000 төгрөгийг 25 000 000 төгрөг болгож авсан юм. Тэгээд 01 дүгээр сараас хойш сар болгон 2 700 000 төгрөг төлдөг байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлөлт хийснээс хойш төлж чадахаа больсон. 2016 оны 9 дүгээр сард              2 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард нь 1 200 000 төгрөг өгсөн боловч эдгээр төлбөрийг үндсэн зээлээс хасаагүй. Хүүний хуримтлалаас хассан байсан. Иймд дахин мөнгө төлвөл үндсэн зээлээс хасахгүй, хүүндээ суутгаж аваад байх юм байна гэж бодоод төлөөгүй. Зээлийн гэрээний харилцаа 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч тал гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлснээр цуцлагдсан байх тул үүнээс хойшхи хугацаанд хүү алданги нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээ нь талуудын өмнөх зээлийн гэрээ буюу 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ үргэлжилж байх тул шаардах эрхгүй. Зээлийн мөнгийг хариуцагч Б.Бын данс руу шилжүүлсэн тул Ж.М хамтран хариуцах үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Б.Б, Ж.М нараас 28 177 004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ӨФ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 552 370 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагчБ.Б, Ж.М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 104 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн Ү-2202039158 дугаарт бүртгэлтэй, 55 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ.Б, Ж.М нараас 298 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ӨФ олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ нэгэнт цуцлагдсан учир 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үйлчлэл дууссан гэрээний дагуу хүү нэмэгдүүлсэн хүү гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хүү тооцож гаргасан 1 500 000 төгрөгийн хүүг хариуцагч нар төлөх учиргүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс        1 500 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ө Ф”-ийн нь хариуцагч Ж.М, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 729 351 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч  маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16/002 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 19 608 902 төгрөг, гэрээний хугацааны болон хэтрүүлсэн хугацааны хүү 9 361 773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 758 676 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

Хариуцагч нь гэрээ 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр цуцлагдсан, үүнээс хойшхи хүү, алдангийг нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан БЗ-15/033 тоот зээлийн гэрээгээр хариуцагч нар 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн /365 хоног/ 48 хувийн хүүтэй зээлсэн, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр өмнөх гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл дээр 6 552 100 төгрөгийгБ.Бт хүлээлгэн өгч, 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг БЗ-15/033 зээлийн гэрээний нөхцлөөр байгуулсан. Зээлийн барьцаанд Л.Л, Б.Унарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон /16081/ 104 дүгээр байрны 40 тоот, 55 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан гэрээ байгуулсан байна.

Талууд зээлийн гэрээний үнийн дүн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй үйл баримт тогтоогджээ.

Харин 16/002 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөний дүнг буруу тооцсон, Ж.М нь уг гэрээнд заасан мөнгийг аваагүй тул хариуцах үндэслэлгүй гэж хариуцагч нар маргаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээний талаар хийсэн дүгнэлт, тооцоо нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 16/002 тоот гэрээний дагуу хариуцагч нараас төлсөн гэх 12 000 000 төгрөгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт хэрхэн тооцсон, гэрээнд заасан хугацааны хүү хэд, хэтрүүлсэн хугацааны хүү хэдэн төгрөг болох тооцоо тодорхойгүй, хариуцагч нар өмнөх дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан уг гэрээ үргэлжилж байгаа гэж тайлбарласан ба нэмэгдүүлсэн хүүд 1 758 677 төгрөгийг суутган авсан гэх шүүхийн дүгнэлт аль гэрээнд хамаарахыг тогтоох боломжгүй, зохигчид энэ талаар тайлбар гаргаагүй байна.

Зээлийн 16/002 тоот гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч нь 12 021 500 төгрөг төлсөн байх ба хэргийн 18 дахь талд авагдсан гэрээ цуцлах мэдэгдэлд хариуцагч нар нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 23 371 932 төгрөгийн төлбөртэй байгаа талаар тэмдэглэсэн, түүнээс хойш 7 868 000 төгрөг төлснөөс үндсэн зээл, хүү, хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч хэрхэн тооцсоныг шүүх тодруулах байжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэс болж байгаа нөхцөл байдлыг тодруулан тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ба давж заалдах шатны шүүх энэ байдлыг нөхөн гүйцээх, залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 39 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

 

                         ШҮҮГЧИД                                                  С.ЭНХТӨР

 

                                                                                            М.НАРАНЦЭЦЭГ