Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0564

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0564

Улаанбаатар хот

 

Иргэн Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэцэгмаа нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19  дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Ганчимэгийг Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганчимэгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 73 хоногийн олговор 2539547 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн гуравдагч этгээд И.Болорцэцэг миний бие Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт зохигч нарыг тайлбарыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлж шийдвэр гаргаагүй.

2. Нэхэмжлэгчийг өөр ажилд сэлгэн ажиллуулахдаа ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өөрийнх нь зөвшөөрсний дагуу л ажиллуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дарамт үзүүлж, сэлгэн ажиллуулсан гэх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч өөрийн гаргасан тайлбарыг нотлох ёстой гэтэл нотолгоо хэрэгт байхгүй.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 6/59 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай байдаг. Гэтэл нэхэмжлэгч тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийг зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрээгүй байна гэдэг. Гэтэл нэхэмжлэгч өөрөө намайг хууль бусаар сэлгэн ажиллуулсан гэж сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байгаа нь сэлгэн ажиллуулсан үеэс эрх нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүхэд хандаж хугацаагаа сэргээлгэх эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

5. Гуравдагч этгээд миний бие 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалт зарлаж шалгалт өгч тэнцэж шаардлага хангасны үндсэн дээр тухайн ажил үүргийг гүйцэтгэх болсон.

Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний эрх ашгийг хөндсөн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ганчимэг анх “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/59, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/59 дүгээр захирамжаар Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Ганчимэгийг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт явагдах хүртэл И.Болорцэцэгийг тус цэцэрлэгийг эрхлэгчээр тухайн өдрөөс эхлэн томилж, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Есөнбулаг сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Ганчимэгийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт үүрэгт ажлаас чөлөөлж, Л.Туяаг эрхлэгчээр томилжээ.

Нэхэмжлэгч Д.Ганчимэг анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа “...Л.Туяа нь шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон. Гэвч би ажилгүй болж байгаа ч гэсэн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Туяагийн захирамжид биш өмнө ажиллаж байсан 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд орох гомдол гаргаж байгаа...Би Төрийн албаны зөвлөлийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд аймгийн Засаг даргын 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө нь ажиллаж байсан 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийг нөхөн олгуулж өгнө үү”[1] гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар захирамжаар  дээрх шаардлагын улмаас 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч И.Болорцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзээд гуравдагч этгээдээр татжээ.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр[2],  2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх бөгөөд уг тодруулсан шаардлагыг хүрээнд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн үеэс буюу ажлаас халагдсан хугацаанаас тоолох нь зүйтэй, үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, алдаа дутагдал гаргаж ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т дахь заалтыг анхаарах ёстойг дурдаж анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авахаар заасан тул  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг үндэслэн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Ганчимэгийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Туяаг эрхлэгчээр томилсон өдрөөс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/59 дүгээр захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь заалт, Говь-Алтай аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 148 дугаар албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэжээ.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Д.Ганчимэгийг 2 цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, Говь-Алтай аймгийн Боловсрол, соёлын газрын саналыг үндэслэхээр байна.  

Үүнд анхан шатны шүүх “Д.Ганчимэгийг үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, алдаа дутагдал гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, алдаа дутагдал гаргаж ажлаас чөлөөлсөн нөхцөлд албан тушаалыг бууруулахгүйгээр өөр цэцэрлэгийн ажилд томилох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан. Дээрх Боловсрол, соёлын газрын саналыг маргаан бүхий тушаалд үндэслэл болгосон юм бол хуульд заасны дагуу сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Гэтэл нэхэмжлэгчид дээрх сахилгын шийтгэлийг аль нэг нэгийг ногдуулаагүй харин ч өөр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулсан байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна маргаан бүхий актаар Д.Ганчимэгийг ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус захиргааны хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцүүлэх тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулж хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байх тул шүүгч Э.Золбадрахын талаар гаргасан гуравдагч этгээдийг өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР