Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 206

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар магадлалтай, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925.89 га талбайгаас “А” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 218 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “У” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Алтанбулан” нэртэй 15925.89 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн МЕ-027... дугаарт бүртгүүлсэн. Тус компанийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн энэ талаар 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6/1105 албан бичгээр санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсний дагуу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/368 дугаартай албан бичгээр “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 19.5 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “дэмжихгүй” хариу авсан атлаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гаргасныг Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь орон нутаг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авмагц 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ёстой үүргээ биелүүлж ажиллаагүй байхад Ашигт малтмалын газрыг хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

“У” ХХК-д ашигт малтмалын хайгуулын 20...Х тоот тусгай зөвшөөрөл олгохоос өмнө орон нутгийн “дэмжихгүй” санал ирсэн ч гэсэн тухайн ирсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан шаардлага хангахгүй байсан. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 2010 оны Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 10-д “...хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэсний дагуу үндэслэл бүхий хариу ирүүлээгүй. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр “У” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын “Алтанбулаг” нэртэй 15925.89 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн “2180.30  га талбайд  холбогдох хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг “А” ХХК нь “тус компанийн эзэмшиж буй газарт давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олгосон” гэсэн үндэслэлээр гаргажээ.

Хариуцагчаас “...хайгуулын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн мэдэгдэлд Төв аймгийн Засаг дарга, хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй, хуульд нийцээгүй санал өгсөн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” компани нь Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/50 дугаар шийдвэрийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 3000 га газрыг эзэмшиж байгаа, нэгж талбарын 1859824043... дугаар бүхий уг газрын зарим хэсэг /2180.30 га/-нь маргаан бүхий шийдвэрээр олгогдсон “хайгуулын 15325.89 га талбай”-тай давхацсан нь тогтоогдсон, давхцал, давхацлын хэмжээний талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Түүнчлэн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/713 дугаар захирамжаар “...“А” ХХК-д газар эзэмшүүлсэн 2012 оны Б/50 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 297... дугаартай эрхийн гэрчилгээг цуцалсан”-ыг нэхэмжлэгч маргаж, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр дээрх 2015 оны Б/713 дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан тул хайгуулын зориулалтаар олгогдсон “хайгуулын талбай”, тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн “газар” хоорондоо давхацсан уг маргааныг шүүх Газрын тухай хуульд заасан “газар эзэмшүүлэх”-д тавигдах нөхцөл шаардлагын дагуу шийдвэрлэх учиртай.

Маргаан бүхий газрыг “тариалангийн зориулалт”-аар эзэмших эрх нэхэмжлэгчид түрүүлж үүссэн, гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд тусгагдсан талбайн зарим хэсэг нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайд “давхцалтай” байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагад нийцэхгүй учир анхан болон давж заалдах шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “газар” давхацсан асуудлаар үүссэн маргааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч тухайн маргааны зүйлээс хэтрүүлэн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-д тухайн талбай байрших орон нутгийн Засаг даргын санал авах, саналыг хуульд заасан хугацаанд ирүүлээгүйгээс үүсэх үр дагавар, хуульд нийцээгүй санал өгөх зэргээс хамааралтай шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар дүгнэж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг хэрэглээгүй нь буруу болсон байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь заалтын ...Засаг даргын санал ирүүлэх, санал өгөхтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19.5” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1” гэж өөрчлөн, “Газрын тухай хуулийн 27.1” гэсний дараа “31 дүгээр зүйлийн 31.3” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ