| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0192/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/195 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Б.Эрхэмбаяр,
Шүүгдэгч Г.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганчимэгт холбогдох 2223001880177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, өвөө, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Даянгийн 123 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Боржигон овогт Гантулгын Ганчимэг, регистрийн дугаар ИЭ 99071209.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ганчимэг нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот дахь “Арина Электроникс” ХХК-ний цахим хаягт Ganchimeg Gantulga гэх фэйсбүүк хаягаар холбогдон IPHONE 13 PRO MAX загварын гар утас худалдан авна гэж итгүүлэн “4,699,900 төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдсэн” гэж зураг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “Арина Электроникс” ХХК-ний Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах 3, 4 дүгээр хорооллын салбар дэлгүүрээс “I PHONE 13 PRO MAX” загварын гар утсыг залилан авч 4,699,900 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Ганчимэг нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи мобайл” ХХК-ний Завхан салбарын ажилтан Г.Лхамд “I PHONE-13 PRO” загварын гар утас худалдан авлаа, 3,500,000 төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдсэн” гэж зураг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
1. Шүүгдэгч Г.Ганчимэг нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи мобайл” ХХК-ний Завхан салбарын ажилтан Г.Лхамд “I PHONE-13 PRO” загварын гар утас худалдан авлаа, 3,500,000 төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдсэн” гэж зураг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Г.Лхамаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, холбогдох баримтууд /хх-ийн 04-06-р хуудас/
Завхан аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Билэгсайханы 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банкны 105700363227 тоот дугаарын данс эзэмшигч Гантулга овогтой Ганчимэгийн дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай “...Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийх явцад иргэн Гантулгын Ганчимэгийн эзэмшлийн данс нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд их хэмжээний мөнгөн дүн гараагүй тухайн цаг хугацаанд их хэмжээний мөнгө байгаагүй.” гэх тэмдэглэл /хх-ийн 19-20-р хуудас/,
- Хохирогч Г.Лхам, гэрч О.Түмэнчимэг нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-32-р хуудас/,
- Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-79-р хуудас/,
- Хохирогч Г.Лхамын “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 30 минут орчим манай байгууллага дээр гаднаас урд өмнө таньж мэдэхгүй нэг эмэгтэй орж ирээд “ямар ямар гар утас байна” гэж сонирхож байгаад “I PHONE 13 PRO маркийн гар утас худалдан авна” гэж үзээд “саарал өнгийн IPHONE 13 PRO авъя” гээд надаас шууд байгууллагын хаан банкны 5495464440 тоот хаан банкны данс аваад тухайн хүн шилжүүлчихлээ гээд 3,300,000 төгрөг эхэлж үзүүлээд дараа нь 200,000 төгрөг шилжүүлсэн гээд нийт 3,500,000 төгрөг шилжүүлсэн талаарх гүйлгээ амжилтай хийгдлээ гэсэн зураг үзүүлсэн юм. Тэгэхээр нь би байгууллагынхаа дансыг хэд хэд үзсэн чинь огт мөнгө нь орж ирэхгүй байсан. Тэгээд сарын сүүлийн өдөр байсан болохоор ачаалал их байгаа юм байлгүй гэж бодоод хэсэг хугацаанд тухайн гар утас авсан эмэгтэйг хүлээлгэсэн юм. Тухайн хүн “Банк хоорондын гүйлгээ 30-40 минут болж удах байх би утасны дугаар үлдээе, тэгээд холбогдоорой” гээд тухайн гар утсыг аваад яваад өгсөн юм. Тэр өдрөө мөнгө ороогүй тул маргааш өдөр нь тухайн эмэгтэйн өгсөн 80901512 дугаарын утас руу нь залгаж “Жи мобайл” ХХК-наас ярьж байна. Таны утас худалдан авсан гүйлгээ хийгдээгүй байна, заримдаа манай байгууллагын данс руу банк хооронд нэрийг нь бичиж хийхээр нэр зөрүүтэй гээд тухайн хүний дансанд буцсан байж магадгүй үзээд эргээд мэдэгдэнэ үү” гэсэн. Тухайн эмэгтэй “За тэгье гээд миний дансанд буцаж мөнгө орж ирээгүй хот руу болон монгол банк руу яръя” гэж хэлсэн. Манай дансанд тухайн өдрөө ороогүй тул тухайн эмэгтэйтэй дахиж холбогдоход “Төрийн банк, Монгол банк руу холбогдож ярилаа дундын дансанд гацсан байна. Монгол банканд өргөдөл бичиж өгсөн байгаа тэгээд удахгүй орох байх санаа зоволтгүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш тухайн хүнтэй байнга холбогдож “мөнгөө шилжүүлнэ үү” гэж холбогдоход өдөр болгон надад худлаа мэдээлэл өгч худлаа илт ярьж эхэлсэн. Монгол банкны дундын дансанд гацсан гэж 4-5 хоног худлаа яриад сүүлдээ “Манай нөхрийн данс байгаа юм тухайн шилжүүлсэн данс нь манай нөхөр Цэцэн-Уул сум руу эмээ нас барсан хөдөө явсан. Би бас хөдөө байна” гэж нэг ярьсан. Дараа нь “би өөрөө гоо сайхны бараа зардаг хүмүүст тараасан мөнгөө авч чадахгүй байна. Би Нөмрөг суманд явж байна” гэж надад хэлсэн. Тэрнээс хойш мөн “Уурхайд байдаг ахаасаа мөнгө аваад хийнэ. Хас банкны данс байна уу гэж данс нэхэж аваад манай ахын байгаа газар АТМ байдаг банк байдаггүй болохоор шилжүүлж болохгүй” байгаа талаар хэлж хэд хоног өнгөрсөөр байгаад одоог болтол ямар ч мөнгө шилжүүлж төлбөрөө барагдуулаагүй худлаа ярьж зориуд мөнгө шилжүүлсэн гүйлгээ амжилтай хийгдсэн гэсэн зураг үзүүлж залилсан тул цагдаад хандаж байгаа юм. Манай байгууллагаас тухайн иргэн “I PHONE 13 PRO” загварын саарал өнгийн гар утас /хайрцаг савтай/ урд өмнө хүн барьж хэрэглэж байгаагүй шинээрээ байгаа утсыг авч явсан. Тэрнээс болж манай байгууллагад 3,500,000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-85-р хуудас/,
- Гэрч О.Түмэнчимэгийн “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай “Жи мобайл” ХХК-ний Завхан салбар болох Улиастай сум Жинст холбооны байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байранд үл таних эмэгтэй хүн гар утас сонирхож үзэж байгаад “I PHONE 13 PRO” загварын маркийн гар утсыг 3,500,000 төгрөгөөр худалдан авахаар болж манай үйлчилгээний ажилтан Лхам тухайн хүнд зарсан байсан. Тухайн хүн манай ажилтан Лхамд гүйлгээ амжилтай хийгдлээ гээд төрийн банкнаас хаан банкны байгууллагын 5495464440 тоот Биндэръяа ХХК-ний дансанд 3,300,000, 200,000 төгрөг хийчихлээ гээд интернэт банкны гүйлгээ амжилтай хийгдлээ гэсэн зураг үзүүлсэн байсан. Тэгэхээр нь манай ажилтан дансаа шалгаад үзсэн чинь мөнгө нь огт орж ирэхгүй байхаар нь жаахан суулгаж хүлээлгэсэн чинь “Банк хоорондын гүйлгээ хийгдэж байгаа 3,000,000-с дээш гүйлгээ 30-40 минут болдог тэгээд орчих байх” гэж хэлээд өөрийнхөө утасны дугаар гэж 80901512 гэсэн дугаар манай ажилтанд үлдээгээд “I PHONE 13 PRO” загварын гар утас цоо шинээр нь хайрцаг савтай нь аваад явсан байсан. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш одоог болтол төлөөгүй явж байгаа юм. Ямар нэгэн байдлаар худлаа яриад “Одоо хүн хийчихнэ, эгчээ дансаа үзчих, та жаахан хүлээчих, би мөнгөн дээр чинь 100-200 мянган төгрөг нэмж өгье” гэх зэргээр яриад л худлаа өдөр хоног авсаар байгаад өнөөдрийг хүргэж байгаа тул би цагдаагийн байгууллагад ажилтнаараа гомдол гаргуулж, байгууллагынхаа учирсан хохирлыг төлүүлэх гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-89-р хуудас/,
- Шүүгдэгч Г.Ганчимэгийн “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймаг Улиастай сумын Жинст багт “Жи мобайл” ХХК-ний Завхан салбарт очиж “I PHONE 13 PRO” загварын гар утас аваад төлбөр болох “3,500,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны Интернет банкаар “Жи мобайл” ХХК-ний данс руу шилжүүлчихлээ” гэж худлаа хэлээд тухайн утсыг аваад явсан. Тэгээд 3 хоногийн дараа буюу 2022 09 дүгээр сарын 03-ны өдөр даваа гаригт “Жи мобайл” ХХК-ний ажилтан Лхамаа гэх хүн холбогдоод “таны мөнгө ороогүй байна, та мөнгөө шилжүүлсэн дансны хуулгаа авчирч өгөх” талаар мэдэгдсэн. Би аваачиж өгөөгүй тэрнээс хойш над руу хэд хэдэн удаа холбогдож мөнгө ороогүй тухай хэлсэн. Би маргааш энэ тэр гэж аргацааж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг “Жи мобайл” ХХК-ний ажилтан Түмэнчимэг гэх хүний данс руу тус тус шилжүүлсэн. ...Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм зүйл хийгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 113-114-р хуудас/,
2. Шүүгдэгч Г.Ганчимэг нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот дахь “Арина Электроникс” ХХК-ний цахим хаягт Ganchimeg Gantulga гэх фэйсбүүк хаягаар холбогдон IPHONE 13 PRO MAX загварын гар утас худалдан авна гэж итгүүлэн “4,699,900 төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдсэн” гэж зураг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “Арина Электроникс” ХХК-ний Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах 3, 4 дүгээр хорооллын салбар дэлгүүрээс “I PHONE 13 PRO MAX” загварын гар утсыг залилан авч 4,699,900 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Ц.Дондогбаяраас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, холбогдох баримтууд /хх-ийн 144-153-р хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Билэгсайханы 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкны 105700363237 тоот дугаарын данс эзэмшигч Гантулга овогтой Ганчимэгийн дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн “...Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийх явцад иргэн Гантулгын Ганчимэгийн эзэмшлийн данс нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр их хэмжээний мөнгөн дүн гараагүй тухайн цаг хугацаанд их хэмжээний мөнгө байгаагүй.” тухай тэмдэглэл /хх-ийн 155-160-р хуудас/,
- Хохирогч Ц.Дондогбаярын “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах 3, 4 дүгээр хорооллын манай дэлгүүрийн салбараас онлайн худалдаагаар Gantulga Ganchimeg хаягаар “I Phone 13 pro max” гар утсыг Төрийн банкны гүйлгээгээр манай банкны 5020431867 данс руу 4,699,900 төгрөг шилжүүлсэн гээд хуурамч банкны гүйлгээний хуулга явуулаад утсыг нь орон нутгийн автобусанд тавьж явуулсан. Ганчимэг утсаа хүлээж авсан боловч дансаа шалгахад мөнгө нь ороогүй байсан. Тэгээд Ганчимэгтэй 80901512 дугаараар холбогдтол банк дээр алдаа гарлаа гээд байсан. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг манай байгууллагын Хаан 5020431867 дансанд хийсэн. Тэгээд түүнээс хойш ”Манай хүүхэд нас барсан, банканд алдаа гарлаа” гэх мэтээр шалтаг тавиад мөнгө хийхгүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирэхээр нь Хороолол салбарт надтай уулзаад Г.Ганчимэг нь өөрийн биеэр өргөдөл бичээд “2022 оны 07 дугаар сард төлж өгнө. Манай эгч Турк улсаас ирж байгаа, би өгөхгүй бол хоног тутамд 0,5% алданги тооцож өгнө” гээд тэр өдрөө 400,000 төгрөг төлж өгсөн. Тэгээд би Г.Ганчимэгийн өргөдлийг ажлынхаа Д.Ганцаг гэх хүнийг шийдээрэй гээд үлдээсэн боловч мөнгөө төлөхгүй байхаар нь Завхан аймгийн цагдаагийн газарт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл өгч шалгуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 163-167-р хуудас/,
- Гэрч Д.Ганцагийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатарын хотын Баянгол дүүрэгт байрлах 3, 4 дүгээр хороололд байх дэлгүүртээ байхад Gantulga Ganchimeg гэх хаягаас онлайн захиалга өгөхөөр нь барааг төлбөр төлсөн баримтыг үндэслээд “I phone 13 pro max” гар утсыг олгосон бөгөөд тухайн үед дүү нь гэх хүн ирж авсан. Маргааш нь төлбөр орохгүй байна гэхэд “Миний дансанд буцаж мөнгө ороогүй байна” гэсэн. Тэгээд дараа нь байгууллагын дансанд 2,000,000 төгрөг хийсэн байсан бөгөөд “Банк хоорондын гүйлгээ дундаа гацсан байна, заавал өөрийн биеэр очно. Харин нялх хүүхэдтэй эмнэлэгт хэвтэж байгаа тул банк руу өөрийн биеэр очиж чадахгүй байна” гээд сар гаран хүлээлгэсэн. Тэгээд “Манай хүүхэд нас барсан” гээд нийт 2 сарын хугацаа өнгөрсөн. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирээд “зээл гаргаж өгье” гэхэд зээл гаргах боломжгүй байсан бөгөөд 400,000 төгрөг манай дансанд хийгээд Г.Ганчимэг нь өөрийн биеэр өргөдөл бичээд “2022 оны 07 дугаар сард төлж өгнө. Манай эгч Турк улсаас ирж байгаа, би өгөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож өгнө” гэсэн боловч одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 168-171-р хуудас/,
- Гэрч С.Сумъяагийн “...Би тухайн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байсан юм. Г.Ганчимэг нь надтай 80901512 дугаарын утсаар болон Facebook чатаар холбогдон “би “Арина Электроникс” дэлгүүрээс гар утас худалдан авч байгаа юм. Чи аваад Завхан аймаг Улиастай сум орох унаанд дайгаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч Улаанбаатар хот 3, 4 дүгээр хорооллын тэнд үйл ажиллагаа явуулдаг “Арина Электроникс” нэртэй дэлгүүрт очиж “Г.Ганчимэг гэх хүн Завханаас явуулсан юм. Гар утас авахын” гэсэн чинь надад цоо шинэ задлаагүй, хайрцаг савтайгаа гаднаас нь харахад “I Phone 13 Pro Max” гэж бичсэн гар утас өгсөн. Тэгээд би тэндээс шууд гар утсыг нь аваад Драгон орж 18 цагийн Завхан аймаг Улиастай сум орох автобусанд дайсан юм. Автобусанд дайхдаа зардлын мөнгө өгөөгүй “очоод авах хүн нь өгнө” гэж хэлээд Ганчимэгийн 80901512 гэсэн утасны дугаарыг бүртгүүлээд өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараагаар над руу “гар утсаа авсан” гэж чат Facebook-ээр бичсэн байсан. Тэрнээс хойш би дахин холбогдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173-р хуудас/,
- Шүүгдэгч Г.Ганчимэгийн “...Тухайн үед миний Төрийн банкны дансанд 1,800,000 төгрөг хавьцаа үлдэгдэл байсан. Би тухайн үед “4,699,900 төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдлээ” гэх хуурамч зураг явуулж тухайн гар утсыг авсан юм. ...Би гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм зүйл хийхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 190-194-р хуудас/ мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирол шаардахгүй бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг “цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”-аар төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Г.Ганчимэг нь хохирогч Г.Лхам, Ц.Дондогбаяр нараас “IPHONE 13 PRO MAX” загварын гар утас худалдан авна гэж итгүүлэх зорилгоор гар утаснуудын мөнгийг төлөөгүй байж мөнгө шилжүүлсэн гэсэн зураг үзүүлэн төөрөгдүүлж оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн энэ үйлдэл нь “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар үйлдсэн” залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Г.Ганчимэг нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ганчимэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Г.Ганчимэгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Лхамд 3,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хурд-Од” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 211 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 99-101-р хуудас/
Хохирогч Ц.Дондогбаярт 4,699,900 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хурд-Од” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 177-179-р хуудас/ тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тухайгаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд энэ нь хохирогч Г.Лхам, Ц.Дондогбаяр нарын мэдүүлэг, тайлбар зэргээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Ганчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Ганчимэг урьд нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг ялаа эдэлж байхдаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн.
Дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай байна.
Шүүх шүүгдэгч Г.Ганчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 128 цагийн нийтэд тустай ялын үлдэгдэлтэй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4/23470 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.
Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Иймд шүүх шүүгдэгч Г.Ганчимэгт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлэг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 648 цагийн хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Ганчимэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3, 4 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлого болон гэмт хэрэг үйлдэж олсон эд, зүйл түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж тус тус хуульчилсан байна. Иймд хэрэг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгч Г.Ганчимэгийн гэмт хэрэг үйлдэж олсон “I PHONE-13 PRO” загварын гар утсыг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар, 36.7 дугаар, 36.8 дугаар, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ганчимэгт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлэг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 648 цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганчимэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр 6 /зургаа/ цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганчимэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ганчимэгийн гэмт хэрэг үйлдэж олсон “Iphone 13 pro” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Ганчимэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ