Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/00895

 

 

 

 

 

2019 оны 04 сарын  04 өдөр                  Дугаар 184/ШШ2019/00895                              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, СХД, 00 дугаар хороо, өнөр хороолол 00а байр 0-0 тоот хаягт оршин суух Ө овогт Т-ын Ц /регистрийн дугаар: АА00000000/,

Нэхэмжлэгч: Т аймаг, Б сум, 0 дугаар баг, баянгол тоот хаягт оршин суух М овогт Л-ын Д /регистрийн дугаар: АА00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБ хот, СХД, 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 00 тоот хаягт байрлах “С” ХК /регистрийн дугаар:0000000/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18 251 820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ц, Л.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Чулуунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...бид 2017 оны 04 сарын 20-ны өдөр болон 2018 оны 10 сарын 02-ны өдөр “С” ХК-тай “Хувиараа сүү бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан ба олон удаагийн ажил хэргийн холбоотой байсаар ирсэн. Гэтэл захиалагч тал 2018 оны 09 сарын 24, 28, 29-ний өдөр, 10 сарын 01, 03, 14-ний өдөр хүлээн авсан сүүний мөнгийг бидэнд өгөлгүй хохироож байна.

Би “С” ХК-д 2010 оноос 2016 он хүртэл лаборантаар ажиллаж байсан. Одоо  хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал байхгүй. Ажлаас гараад 2017 оны 4 сарын 20-нд тус компанитай сүү нийлүүлэх гэрээ хийж хамтарч ажиллаж байсан. 2018 оны 7 дугаар сард гэнэт надаас сүү авахгүй аудитын шалгалт оруулсан гэж нийлүүлсэн сүүний үнэ өгөөгүй байна. 2018 оны 8 сараас хойш гэнэт чамтай хийсэн гэрээний дагуу сүү авахаа больсон гээд Т.Цтай гэрээ хийж сүү авч  байсан. Өмнө нь би энэ байгууллагад ажиллаж байсан учраас надад итгэхгүй байх шиг байна. Би өөрийн мөнгөөр малчдаас сүү аваад “С” ХК-д өгдөг байсан. Би өөртөө сүү авах багаж худалдаж аваад сүүний чанарыг шалгаж авдаг учир чанарын  шаардлага хангасан лаборантаар орсон ус холиогүй, гашлаагүй ээдээгүй гэсэн баримттай сүү өгдөг байсан. Сүү хүлээж аваад 3 хоногийн дараа гэрээний дагуу дансаар нь мөнгө өгөх ёстой байсан. “С” ХК нь бид хоёрыг их хэмжээний хохирол учруулсан гээд байна. Бид хоёр малчдаас өөрийн мөнгөөр сүү худалдаж аваад “С” ХК-д өгсөн. Бид энэ “С” ХК-ийн машиныг барьж яваагүй. Малчид бид хоёрт бэлэн мөнгөөр сүүгээ зарсан. Малчид чинь хүнд зүгээр сүүгээ өгөх хүмүүс биш.

Нийт 2 тн 500 литр сүүний үнэ буюу 2018 оны 9 сарын 23, 24, 26-ны өдрүүдийн 7 474 670 төгрөг авах байснаас 5 000 000 төгрөгийг авсан. Энэ талаар тооцоо нийлсэн санхүүгийн тамгатай баримтаар нотлогдож байгаа юм. Манай гэр бүлийн хүн С.Цамбажав ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагаас надад холбогдуулж хэрэг үүсгэсэн асуудал байхгүй, одоогийн байдлаар дуудаж шалгаагүй. Иймд гэрээний дагуу үлдэгдэл 2 474 670 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Т.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “С” ХК-д 2017 оноос сүү нийлүүлсэн. 2018 оны 10 сард Сүү нийлүүлэх гэрээ байгуулсан. “С” ХК-д ирдэггүй, өөр компанид өгдөг чанартай сүүг нийлүүлж мөнгөө авдаг байсан. Гэнэт нэг өдөр мөнгө өгөөгүй. 2018 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ хийсэн. Өмнө нь гэрээгүй ажиллаж байсан. 2018 оны 9 сарын 28, 29, 10 сарын 01, 03, 14-ний өдрүүдэд нийлүүлсэн сүүний үнэ 15 781 150 төгрөгийг “С” ХК-аас нэхэмжилж байна. Гэрээ хийсэн хугацааны болон гэрээ хийгээгүй хугацааны мөнгийг нийлүүлж нэхэмжилж байна. “С” ХК одоо ч миний сүүг авч байгаа. Сүүний үнийг саадгүй өгнө гэсэн бичгийг 2019 оны 1 сард хийж өгсөн. Гэхдээ энэ баримтыг надад өгөхгүй гэсэн. 2018 оны 11, 12 сарын эхэн үе хүртэл сүү нийлүүлээгүй. Харин 12 сарын дундуураас  сүү нийлүүлсэн. Бид ажлаа үргэлжлүүлэхийн тулд хүнээс мөнгө зээлсэн. Л.Д гэдэг хүн миний лаборант, би жолооч бид хамтарч ажилладаг гэв. Би тус компанитай хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй. Надад цагдаагийн байгууллага “С” ХК-д холбогдуулж шалгаж байгаа хэрэг байхгүй. Манай эхнэр н.Даваадулам тус компанид ажилладаг нь үнэн.

Урьд нь сүүгээ тушаагаад мөнгийг тэр дор нь хүлээн авдаг байсан. 2018 оны 09 сарын 24, 28, 29-ний өдөр, 10 сарын 01, 03, 14-ний өдрүүдийн мөнгийг өгөөгүйгээс дараагийнхаа сүүг худалдан авах мөнгө дутагдаж байна. Биднийг нийлүүлсэн сүүний үнийг авч бизнесийн үйл ажиллагаа үргэлжилдэг учиртайг мэдсээр байж хясан боогдуулж байгаад харамсаж байна. Мөнгөө нэхэхээр та нар манай байгууллагаас мөнгө идсэн, эрүүгийн журмаар шалгагдаж дуусах хүртэл төлбөр өгөх боломжгүй гэж хохироож байна. Одоо ч цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаж асуусан шалгасан зүйл байхгүй. Миний хувьд 5 өдрийн нийлүүлсэн сүүний үнэ буюу 2018 оны 9 сарын 28-ны өдрийн сүү 4452 тонн сүү, 1 литрийг 950 төгрөгөөр тооцон 4 229 900 төгрөг, 2018 оны 9 сарын 29-ний өдөр 2763 литр нийт 2 624 550 төгрөг, 2018 оны 10 сарын 01-ний өдөр 652 литр сүүг 1050 төгрөгөөр тооцон 1 734 600 төгрөг, 10 сарын 3-ны өдөр 3 тонн 836 л нийт 4 0 27 800, 2 тонн сүү 2 152 500 төгрөг 2018 оны 10 сарын 14-ний өдрийн 2 530 тонн сүү 400 төгрөгт өгсөн 1 012 000 төгрөг, нийт 15 781 000 төгрөг нэхэмжилж байна. “С” ХК өөрөө тооцоо хийсэн байдаг. Тухайн сүүг хэдэн төгрөгөөр авах эсэхийг санхүүгийн алба өөрөө үнэ тогтоодог. Намайг эрүүгийн журмаар шалгуулсан асуудал байхгүй гэдгийг дахин хэлье гэв.

Хариуцагч “С” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Т.Ц, Л.Д нар нь “С” ХК-ийн нэрийг ашиглаж малчдаас сүү бэлтгэн нийлүүлсэн, мөн “С” ХК-д сүү нийлүүлэхдээ өөр хүний нэрээр “С” ХК-ийн сүү хүлээн авахад өөрсдийн сүүгээ оруулж, компанийг хууран мэхлэх үйл ажиллагаа явуулан компанид их хэмжээний хохирол учруулсан нь манай компанийн хяналтын камерын бичлэг болон сүү хүлээн авагч нарын бичиг, тайлбар зэргээр нотлогдож байгаа.

Иймд манай компанийн хувьд “С” ХК-д холбогдуулан гаргасан “Хувиараа сүү бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу 2018 оны 09 сарын 24, 28, 29-ний өдөр, 10 сарын 01, 03, 14-ний өдрүүдэд нийлүүлсэн сүүний мөнгө болох нийт 18 251 820 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэн Т.Ц, Л.Д нарын нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

“С” ХК нь эдгээр хүмүүсийн сүү нийлүүлсэн гэдэгт маргаагүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэрээ нь “С” ХК-ийн хүсэл сонирхлоор байгуулсан гэрээ мөн үү гэж үзэж сүүний төлбөр төлөх дээр маргаан байгаа. Компанид их хэмжээний хохирол учруулсан гэдэгт байгаа. “С” ХК сүүгээ өгөөч гэж шаардаагүй, 2018 оны 8 сарын 31-ний өдрөөс аудитын шалгалт эхэлсэн. 2018 оны 9 сарын 28, 29-ний өдрүүдэд эдгээр иргэдийн зөрчил илэрсэн. Аудитын газраас энэ хүмүүсээс сүү авах шаардлагагүй гэсэн чиглэл өгсөн. Т.Цтай 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан байна. Байгууллага энэ хүмүүстэй цаашид хамтран ажиллахгүй гэсэн чиглэл өгсөн. Гэрээ байгуулахаас өмнөх сүү хүлээлгэн өгсөн байдаг. Сүү хүлээн авагчийн 3 ажилтан байдаг. Лаборантуудтай сүү хуйвалдаж өгсөн зүйл байгаа. Эдгээр хүмүүс шалгагдаж байгаа. Л.Д их хэмжээний хохирол учруулсан. Энэ хоёр хүн жолооч болон лаборант хийсэн гэдэг. Сүү хүлээлгэн өгсөн дээр гарын үсэг зурсан нь бага байдаг. Сүү нийлүүлэх нь Л.Д байгаа. Иймд мөнгө  шаардах хүн нь Т.Ц биш гэж үзэж байна. Сүү нийлүүлэх хүн нь Т.Ц байгаа боловч цаана нь Л.Д нийлүүлж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхтэй этгээд нь Л.Д юм. Шалгалтаар байгууллагад  84 000 000 төгрөгийн хохирол учруулсан.Эдгээр хүмүүсийн гэр бүлийн хүмүүс “С” ХК-д ажилладаг бөгөөд тэдэнтэй холбоотой асуудал мөн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа, 15 781 150 төгрөг болон 2 471 000 төгрөгийн сүү ямар журмаар орж ирсэн эсэх нь тодорхой бус байгаа. Эрүүгийн журмаар шийдвэрлэж дуусах хүртэл иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч “С” ХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Т.Ц 15 781 150 төгрөг, Л.Д нь 2 470 670 төгрөг, нийт 18 251 820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “С” ХК нь эдгээр хүмүүсийн сүү нийлүүлсэн гэдэгт маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ гэрээ нь “С” ХК-ийн хүсэл сонирхолоор байгуулсан гэрээ мөн үү гэж үзэж сүүний төлбөр төлөх дээр маргаан байгаа. Компанид их хэмжээний хохирол учруулсан гэдэгт байгаа. Малчдаас сүү авсан гэж зохиомлоор сүү нийлүүлсэн байх магадлалтай гэж сүүний төлбөр төлөх эсэх талаар маргаан байгаа. ...2013-2018 оны 8 сарын 31 хүртэлх хугацааны байгууллагын санхүүгийн баримтад аудитын шалгалт орж 2018 оны 9 сарын 28, 29-ний өдрүүдэд эдгээр иргэдийн зөрчил Аудитын шалгалтаар илэрсэн гэж маргаж байна. Харин гэрээний талаар болон нийлүүлсэн сүүний чанарын талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч Т.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “С” ХК-тай 2018 оны 10 сарын 02-нд “Хувиараа сүү бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г жилийн хугацаатай байгуулсан /хх 44,45/,

2018 оны 9 сарын 28-аас 2018 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 5 өдрийн сүүний үнэ 15 781 150 төгрөг,

Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “С” ХК-тай 2017 оны 04 сарын 20-нд “Сүү бэлтгэн нийлүүлэх гэрээ”–г жилийн хугацаатай байгуулсан, 2018 оны 9 сарын 23, 24, 26-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлсэн сүүний үнэ 2 470 670 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа ба эдгээр нь тус компаний санхүүгийн тамгатай тооцоо нийлсэн “Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан”-гаар нотлогдоно /хх-78, 58/ гэж тайлбарлаж байна. Харин гэрээний хугацаа дууссан байна.

Дээрх гэрээнүүдээс үзвэл: талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул уг гэрээг зохицуулсан хэмж хэмжээг баримтлах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь хөрөнгө буюу сүү шилжүүлэх үүрэгтэй, хариуцагч нь сүүний үнийг төлөх үүрэгтэй байна. Талууд гэрээний үүргээ харилцан биелүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн ба энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцэж байна. Улмаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэстэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...энэ гэрээ нь “С” ХК-ийн хүсэл сонирхолоор байгуулсан гэрээ мөн үү гэдэгт маргаан байгаа” гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “...гэрээний үндсэн дээр бэлтгэн нийлүүлэгч өөрийн өмчлөлд байгаа чанарын шаардлага хангасан, үнээний цэвэр, шинэ сүүг тогтоосон хугацаанд тогтоосон хэмжээнээс бууруулахгүйгээр, тасралтгүй нийлүүлэх, захиалагч нь бэлтгэн нийлүүлсэн сүүг хүлээн авч үнийг төлөхтэй холбогдон үүсэх хамтын ажиллагааг зохицуулна“,

-3.2-д “Тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй”,

-9.2-д “Бэлтгэн нийлүүлэгч нь гэрээний дагуу нийлүүлэх сүүгээ удаа дараалан нийлүүлээгүй тохиолдолд захиалагч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй”,

-9.4-д “Захиалагч нь сүүний чанар лабораторийн шинжилгээнд тохироогүй сүүг авахаас татгалзах, энэ тохиолдолд бэлтгэн нийлүүлэгч талд учирсан хохирлыг хариуцахгүй бөгөөд ...давтагдвал гэрээг захиалагч тал цуцална” гэж тус тус талууд харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Л.Д-ийн 2018 оны 9 сарын 23-аас 26 ны өдрүүдэд сүү бэлтгэн нийлүүлж 2 470 670 төгрөг  авахаар “С” ХК-тай тооцоо нийлсэн тухай өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-58/,

Т.Ц-ын 2018 оны 9 сарын 28-аас 2018 оны 10 сарын 14-ний хооронд сүү бэлтгэн нийлүүлж 15 781 150 төгрөг авах тухай тооцоо нийлсэн мөн компаний санхүүгийн тамгатай“ өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-78/ зэрэг баримтууд нь нэхэмжлэгч нарыг гэрээний дагуу зохих ёсоор үүргээ биелүүлснийг нотолсон байна.

Харин хариуцагчийн татгалзлын үндэс болох аудитын шалгалт орсон нь гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл гэж маргаж байгаа нь гэрээнд тусгагдаагүй байна. Иймд гэрээний үүргийг биелүүлэх ёстой байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэж урьд нь тайлбарлаж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 сарын 05-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” 180805075 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс 2018 оны 11 сарын 15-ны өдөр “С” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мандхайд хүргүүлсэн 18-45 дугаартай албан бичиг /хх 40, 74/ зэрэг баримтыг үндэслэж байсан ба уг үндэслэлээр 2019 оны 01 сарын 25-нд шүүгчийн 01399 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан боловч энэ үндэслэл нь тогтоогдоогүй гэж үзэж мөн шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 00054 дугаар шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон тул дахин шийдвэрлэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгч нартай холбоотой гэх эрүүгийн хэрэгт нэмж шинээр нотлох баримт өгөөгүй ба нэхэмжлэгч нарыг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгаагүй тухай шүүхийн хэлэлцүүлэгт тэдний өөрсдийн тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн Нэхэмжлэгч нар нь тус “С” ХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан  биш зөвхөн гэрээний дагуу сүү бэлтгэн нийлүүлж байгаа бэлтгэн нийлүүлэгчид болох нь “ачуулсан сүү хүлээн авах акт”-аар /хх-65-67/ тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар гэрээний дагуу сүү хүлээлгэн өгсөн үйлдэл болсон байна. Иймд нэхэмжлэгч нарыг зохиомлоор сүү өгсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хавтаст хэргийн /хх-86-95/ талд авагдсан “Аудитын тайлан № 2/05, “С” ХК-ний лаборант Л.Д 2013-2018 гэх баримтын дүгнэлтийн хэсэгт 84 898 624 төгрөгийн хуурамч хий сүү бичин мөнгө хувьдаа завшсан гэж дүгнэсэн баримт ирүүлсэн байгаа хэдий ч “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ..” гэсэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-д заасан зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ. Иймд дээрх бичмэл нотлох баримт, СД бичлэг зэргийг хэрэгт хамааралгүй гэж үнэлэв.

Түүнчлэн хавтаст хэргийн 40, 73, 74, 75 дугаар талд авагдсан “С” ХК-д сүү бэлтгэлийн албанд лаборантаар ажиллаж байсан компанийн нэр бүхий ажилчдад холбогдуулан “мөнгө завшсан” гэх үндэслэлээр “С” ХК-ийн С-3-4322 дугаар бүхий өргөдлийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн үйлдэл нь нэхэмжлэгч Т.Ц, Л.Д нарт хамааралгүй ба харин тэдний гэр бүлийн гишүүн буюу Т.Цын эхнэр н.Даваадулам, Л.Дийн нөхөр С.Цамбажав нарт холбогдуулан шалгаж байгааг хэрэгт ач холбогдолгүй баримт гэж мөн үнэлэв.

 Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: байгууллагад дотоод хяналт аудитын шалгалт орсон энэ хугацаа нь 2013-2018 оны санхүүгийн баримт хамрагдсан ба нэхэмжлэгч нарын сүү өгсөн нийлүүлсэн байдал нь “малчдаас сүү зохиомлоор авч нийлүүлсэн” гэж аудитын тайланд тусгагдсан учир сүүний үнэ өгөх боломжгүй гэж маргаж байгаа боловч баримтаар няцааж нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нарын сүү нийлүүлсэн цаг хугацаа нь аудитын шалгалтад хамрагдахгүй байгаа гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байгаа нь хавтаст хэргийн /хх-58,78/ дахь талд авагдсан санхүүгийн баримтаар нотлогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2-д “Хэрэв нэг талын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан бол нөгөө тал үүргээсээ татгалзаж болохгүй” гэж зааснаар гэрээний үүргээ биелүүлэхгүй гэж татгалзах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нар нь сүү бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу өгсөн сүүний үнийг нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.2-д зааснаар, хариуцагч “С” ХК-аас 15 781 150 төгрөгийг Т.Ц-д, 2 471 000 төгрөгийг Л.Д-д тус тус гаргуулж олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ц, Л.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн 249 210 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж хариуцагчаас 249 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ОЮУНЦЭЦЭГ