| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/951 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/951
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Ц.Хулан,
Хохирогч: ****,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2211000001537 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
**** /РД:/, Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , урьд ял шийтгүүлж байгаагүй
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох цагдаа зохицуулагч ****, мэдээлэл технологийн инженер **** нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн ****ын хоолойг боож, ****ийн нүүр рүү 1 удаа тохойгоороо цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000001537 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би ****ийн биед хүрээгүй. Гараа өчүүлсэн байхад цохих боломж байгаагүй. **** луу дайрсан бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж байсан. Ахлах ахлагч ****ын хамт хяналт шалгалт явуулж, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед **** болон хамт зорчиг байсан зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан буюу тайлбар мэдүүлэг авч байсан. Намайг машинд байхад гадаа чимээ гараад байхаар нь гартал **** нь ахлах ахлагч ****ыг боосон байдалтай ноцолдоод байж байсан. Хараалын үг хэлж, орилж хашхичин рулээсээ тас базаад суусан. Би нэг талын гараас ахлах ахлагч **** нөгөө гарын барин татан буулгасан. Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу түүнийг буулгаж ирээд аюулгүй байдлын зайд оруулах гэтэл гар нь савчаад байсан. Гарыг нь татах мөчид савж цохих шиг болсон гэв.
Хохирогч ****ын мэдүүлэгт: “...Миний бие **** нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагч ажилтай. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн талын нарийн замын орчимд 15 цагийн үед үүрэг гүйцэтгэж байх үед 15-45 УНК улсын дугаартай Прадо-95 маркийн автомашиныг зогсоож шалгахад, жолооч болон урд талын суудал дээр сууж явсан зорчигч нар хамгаалах бүсийг зүүгээгүй дүрэм зөрчөөд явж байсан. Гаргасан зөрчлийн дагуу иргэн **** зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь заалтад заасны дагуу 20 нэгж буюу 20.000 мянган төгрөг, 1 оноо хасаж зөрчлийн дагуу арга хэмжээ тооцно гэхэд зөрчлөө хүлээн зөвшөөрөлгүйгээр өөдөөс хэл амаар доромжлон яахаараа 20 мянган төгрөгөөр торгодог юм 7600 төгрөгөөр торгодог биз дээ, хэзээ оноо хасдаг болчихсон юм гэж хэлээд явах гэхээр нь би машиных нь хаалгыг онгойлгох үед машинаасаа бууж ирээд миний биед халдаж энгэрээс заамдаж авч эсэргүүцэл үзүүлсэн. Миний өмсөж байсан хар өнгийн поло футболкоор хоолойг боосон бөгөөд одоо миний хүзүү хэсэгт улайчихсан байна. Тэр хүн миний биед зөвшөөрөлгүйгээр халдаж байх үед би ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй ба хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч **** нь намайг боож хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэж биед халдаж байгаа иргэнийг салгах гээд ирэх үед иргэн **** нь тохойгоороо дэслэгч ****ийн шанаа тус газар цохиж гэмтэл учруулсан байдаг... Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс рүү ирж байх замд дэслэгч **** нь миний шүд үүрээд уначихлаа гэж хэлсэн. Яагаад? гээд асуусан чинь сая гавлах гээд ноцолдож байх үед миний хацар луу тохойгоороо цохиод тэрнээс болчихлоо гэж хэлсэн... тухайн үед миний хоолойг боож байгаад тавих үед нь гавлах гээд ноцолдож байх үед **** эсэргүүцэл үзүүлж шанаа руу нь тохойгоороо цохичихсон юм байна лээ...” / хх-ийн 5/
Хохирогч ****ийн мэдүүлэгт: “...би өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар хорооны урд талын нарийн зам дээр Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ахлах ахлагч ****ын хамт хяналт шалгалт явуулах явцад 15-45 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ахлах ахлагч **** нь зогсоож шалгах үед жолооч **** болон хамт зорчиж байсан зорчигч нар нь хоёулаа хамгаалах бүс хэрэглээгүй байсан тул хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох явцад эсэргүүцэл үзүүлж манай цагдаагийн алба хаагчийн энгэрээс заамдаж аваад элдэв бусын хараалын үг хэллэгээр доромжлоод байхаар нь би очиж салгах явцад тухайн жолооч миний зүүн хацар хэсэг рүү тохойгоороо цохисон. Тэр үедээ хацар хөндүүрлээд, буйлнаас цус гарсан...” /хх-ийн 8/
Гэрч **** мэдүүлэгт: “...би очоод зогсож байтал 15-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон байдалтай шалгаж харагдсан, гэтэл машин дотроос харахад жолооч болон шалгаж байсан гэх цагдаа хоёр хоорондоо юм ярьж байснаа жолооч нь гэнэт нөгөө цагдаагийн энгэрээс нь заамдаж аваад боосон. Тухайн үед цагдаагийн алба хаагч ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд боож байх явцад нь эмэгтэй цагдаагийн алба хаагч өөр машинаас бууж ирээд салгасан. Салгаж байх явцад нь нөгөө жолооч нь эсэргүүцэл үзүүлж, гар хөлөө саваад байсан. Хаашаа яаж цохисныг анзаараагүй ч тэр эмэгтэй алба хаагчийн амнаас цус гарч харагдсан. Нөгөө хүн нь тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй орилоод тэр хавиар асуудал үүсгээд яваад байсан юм. Тэгээд би машиныг нь ачаад аваад явчихсан юм...” /хх-ийн 13/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24/
Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн11479 дугаартай дүгнэлт: “...****ын биед хүзүүний цус хуралт, баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” /хх-ийн 28-29/
Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11480 дугаартай дүгнэлт “...****ийн биед зүүн доод 7-р шүд булгарал, зүүн завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” /хх-ийн 30-31/
Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37/,
Яллагдагч ****ын мэдүүлэгт: “...2 хувь тогтоолыг хүлээлгэн өгсөн боловч би шүүх эмнэлэгт үзүүлээгүй... надад гомдол санал хүсэлт байхгүй...” /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох цагдаа зохицуулагч ****, мэдээлэл технологийн инженер **** нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн ****ын хоолойг боож, ****ийн нүүр рүү 1 удаа тохойгоороо цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ****ын мэдүүлэгт / хх-ийн 5/, Хохирогч ****ийн мэдүүлэгт /хх-ийн 8/, Гэрч **** мэдүүлэгт /хх-ийн 13/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24/, Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн11479 дугаартай дүгнэлт : “...****ын биед хүзүүний цус хуралт, баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” /хх-ийн 28-29/, Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11480 дугаартай дүгнэлт “...****ийн биед зүүн доод 7-р шүд булгарал, зүүн завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” /хх-ийн 30-31/, Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37/, Яллагдагч ****ын мэдүүлэгт: “...2 хувь тогтоолыг хүлээлгэн өгсөн боловч би шүүх эмнэлэгт үзүүлээгүй... надад гомдол санал хүсэлт байхгүй...” /хх-ийн 59/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг, “Албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн биед халдсаныг тус тус ойлгоно.
Хууль сахиулагч нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг тул гэмт этгээд, хууль зөрчсөн иргэдээс тэднийг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийж байгаа санаатай хэлбэрээр илэрдэг, хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ****ын үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогч ****, **** нараас хохирол төлбөр нэхэмжилсэн талаар баримт хэрэгт ирүүлээгүй байх тул шүүдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч **** нь цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч ****од ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан **** нь эрх бүхий байгууллагын хяналтан дор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч **** нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан **** нь эрх бүхий байгууллагын хяналтан дор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.
4. Шүүгдэгч **** нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч **** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүл