Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1001

 

Ч.Х-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

хохирогч Г.Сэр-Од,

шүүгдэгч Ч.Х-,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Г.Сэр-Одын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Х-д холбогдох эрүүгийн 201501080234 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ахиад овгийн Ч.Х-, 1971 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 3 хүүхэд, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ч.Х- нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Х-гаас 25.567.375 төгрөгийг гаргуулан иргэн С.Ням-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х- нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.Ням-Эрдэнэд төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.Эрдэнэ-Ундрахын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан,

            2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.Урантуяагийн нэр дээр шилжүүлсэн,

            2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 62.000.000 төгрөгийг Э.Урантуяагийн данснаас нөхөр Ц.Даваацэрэнгийн дансаар дамжуулан авч Ү.Ариунтуяад худалдан өөрийн эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн,

            мөн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 77 дугаар байрны 16 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 46 тоот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 58 тоот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 103 дугаар байрны 37 тоот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 101 дүгээр байрны 26 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 55А байрны 406 тоот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 7 тоотод оршин суух зэргээр оршин суух хаягаа өөрчилсөн тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдээгүй, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ч.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Х-г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарсан зардалгүй, Ч.Х- нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Сэр-Од давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс төлбөр төлөгч Х-гийн нуун дарагдуулсан хөрөнгийг илрүүлж шалгуулахаар өгсөн албан хүсэлтийн дагуу мөрдөгч Баярсайхан нь 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний бие 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Х-г өөрийн өмч болох 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг бусдад худалдах гэж байхад нь илрүүлэн саатуулж мөрдөгч Баярсайханд хүлээлгэн өгсөн атал мөрдөгч эд хөрөнгийг битүүмжлэх хуулийн заалтыг зөрчиж, Х-д уг эд хөрөнгөө захиран зарцуулах боломжийг дахин олгосон. Түүнчлэн Х- нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийхийн тулд орон сууцаа зориуд бүртгүүлээгүй, уг эд хөрөнгөө захиран зарцуулах бүхий л эрхийг эдэлж байгаа нь тодорхой байхад мөрдөгч түүний нэр дээр 2007 оноос хойш эд хөрөнгө бүртгэгдээгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэгч нар ямар ч ажиллагаа хийгээгүй гэх зэргээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хэмжээнд санал гаргаж, Х-тай үгсэн хуйвалдаж, ялаас чөлөөлөгдөх боломжийг хууль бусаар олгосон ба үүнийг нь прокуророос хөхүүлэн дэмжиж мөрдөн байцаалтын эхний шатанд ямар ч эргэлзээгүйгээр эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой байсан хэргийг боломжгүй болгосон явдал нь хууль зөрчсөн болно.

2. Дүүргийн Ерөнхий прокуророос хэргийг сэргээж тодорхой үүрэг даалгавар өгсөн байхад мөрдөгч Баярсайхан үүнийг санаатайгаар зөрчиж “Х-г олдохгүй байна” гэх нэрийдлээр эрж хайсан дүр эсгэн тэмдэглэл үйлдэх төдийхнөөр аргацааж явсаар хуулийн хугацааг дуусгаж, Х-д хохирол барагдуулахгүйгээр зайлсхийх боломжийг олгон албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан.

Иймээс мөрдөгч Баярсайхан нарын хууль зөрчсөн, нуун дарагдуулсан, тодорхой байсан хэргийг шийдвэрлэгдэх боломжгүй болгосон, хэрэг шийдвэрлэлтийн ажиллагаанд санаатайгаар саад учруулсан зэрэг хууль бус үйлдлүүдийг холбогдох хуулийн дагуу нэг бүрчлэн шалган тогтоож, анхнаасаа зайлсхийсэн нь тодорхой, хохирол барагдуулах хөрөнгөтэй байсан хэргийг тэр хэмжээнд нь аваачиж хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа ойлгосон. Одоо ажил хөдөлмөр эрхэлж олсон мөнгөөрөө төлбөрөө төлөөд явж байгаа. Мөн талийгаач эцгийнхээ байрыг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг байрыг авахаараа Сэр-Од гуайн төлбөрийг төлж барагдуулна. ...” гэв.  

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Х-г 2018 оны 8 дугаар сарын 17-ноос 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг шийдвэртээ дурдсан. Ингэхдээ ямар шалтгааны улмаас мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж цагдан хоригдсон талаар нь бодитой дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Х-д холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Х-гаас 25.567.375 төгрөгийг гаргуулан иргэн С.Ням-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х- нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.Ням-Эрдэнэд төлбөр төлөлгүйгээр өөрийн эд хөрөнгө болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг төрсөн охин Х.Эрдэнэ-Ундрахын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан, улмаар 2015 оны 10 дугаар сард уг орон сууцыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд иргэн Э.Урантуяагийн нэр дээр шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 62.000.000 төгрөгийг иргэн Э.Урантуяагийн данснаас нөхөр Ц.Даваацэрэнгийн дансаар дамжуулан авч иргэн Ү.Ариунтуяад худалдах зэргээр эд хөрөнгөө нуун дарагдуулж, бусдад шилжүүлсэн,

мөн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 77 дугаар байрны 16 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 46 тоот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 58 тоот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 103 дугаар байрны 37 тоот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 101 дүгээр байрны 26 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 55А байрны 406 тоот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 7 тоотод оршин суух зэргээр оршин суух хаягаа 8 удаа өөрчилж, энэ   тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдээгүй, дуудсан хугацаанд ирээгүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, зайлсхийсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Сэр-Од мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...2008 онд Х- гэх эмэгтэй нь манай хүү Ням-Эрдэнэд 9.500.000 төгрөгөөр байр зарна гэж 8.000.000 төгрөгийг нь аваад 1.500.000 төгрөгийг нь байрны гэрчилгээ гарсны дараа авахаар болсон. Тэгтэл нөгөө байр нь Сосорбарам гэх хүний байр болж таарсан. Ингээд бид нар шүүхэд хандсан ба гурван шатны шүүхийн шийдвэрээр манай хүү Ням-Эрдэнэд Х-гаас 25.567.375 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Х- нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж өөрийн амьдарч байсан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот байраа бэлэглэлийн гэрээгээр төрсөн охин болох Эрдэнэ-Ундрахын нэр дээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, байраа өөрийн нэр дээр шилжүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан болохоор энэхүү хууль бус үйлдлийг хийсэн. Тэрээр Баянзүрх дүүрэгт оршин сууж байгаа сураг гарч байна. Гэхдээ яг хаана байгааг нь мэдэхгүй. ...” /1хх 34, 181, 238-239, 3хх 238-239, 5хх 20/,

Хохирогч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын төлөөлөгч Д.Баясгалан мөрдөн байцаалтын явцад “...Х- нь 2012 оны 3 дугаар сард бэлэглэлийн гэрээгээр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг өөрийн төрсөн охин Эрдэнэ-Ундрахад шилжүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн. ...” /1хх 170/,

Ч.Урангоо мөрдөн байцаалтын явцад “...Х-г 2 удаа эрэн сурвалжлан олж тогтоосон. Шүүхийн шийдвэрийн төлбөрийг төлж барагдуулаагүй, тогтсон утасны дугаар, хаягтаа байдаггүй, дуудсан хугацаанд ирдэггүй, утасны дугаар, хаягаа байнга өөрчилдөг, сольсон тухайгаа эргэж мэдэгддэггүй. ...” /3хх 158-159, 193-194/,

С.Батхишиг шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...Х- 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 жилийн хугацаанд ердөө 900.000 төгрөг төлсөн. Цаашид төлбөр мөнгөө төлөх эсэх нь тодорхойгүй байна...” /5хх 20-21/ гэж Ч.Х-г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, төлбөр төлөхөөс зайлсхийсэн үйлдлийн талаар тус тус мэдүүлсэн байх бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь:

гэрч Ч.Нэргүйгийн “...Эрдэнэ-Ундрахтай 2011 оноос нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2012 онд “хоёулаа байртай болъё” гээд надаас 4.000.000 төгрөг аваад эх Х-даа өгч байсан. Сүүлд нь “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай” гэж хадам эх Х- хэлж байсан. ...” /1хх 37/,

гэрч Х.Жовдоогийн “...Х-гаас түрээслэн авсан 66 дугаар байрны 12 тоот байрны ордер нь Эрдэнэ-Ундрах гэх хүний нэр дээр байсан. Намайг уг тоотод оршин сууж байхад Өлзийжаргал гэх шийдвэр гүйцэтгэгч ирж уулзаж байсныг санаж байна. ...” /3хх 207-208/,

гэрч Э.Урантуяагийн “...2015 оны 10 дугаар сарын үеэр Х- надаас 15.000.000 төгрөг зээлээд зээлийнхээ барьцаанд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг тавьсан. Тэгээд Х- өөрийн охин Эрдэнэ-Ундрахын нэр дээрх уг орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр Х- байр зарах хүнээ олоод надаас зээлсэн мөнгөө өгч, уг байраа буцаад зарж байгаа хүний нэр дээр нь шилжүүлж өгсөн юм. ...” /3хх 210-211/,

гэрч Н.Бөхбаярын “...би зар үзээд уг байрыг 62.000.000 төгрөгөөр авахаар болсон. Надад байр үзүүлсэн эрэгтэй эхнэр Х-гийн хамтаар ирж байраа зарсан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдаж авахдаа байрных нь ордер Урантуяа гэх эмэгтэйн нэр дээр байсан бөгөөд мөнгийг нь түүний данс руу хийсэн. Тэгээд эхнэр Ариунтуяагийн нэр дээр уг байрны ордерыг шилжүүлсэн. ...” /3хх 211/ гэсэн мэдүүлгүүд,

мөн Ч.Х-д холбогдох шийдвэр гүйцэтгэх материалын дагуу хуульд заасан зохих ажиллагаа явуулахад тэрээр холбогдох гар утасны дугаар, оршин суух хаягаа байнга өөрчилдөг, энэ тухайгаа мэдэгддэггүй, дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй байсан талаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Цогтсайхан /1хх 36, 182-183/, Ж.Цэцэгээ /1хх 38, 3хх 202-203/, Х.Алтангүл /3хх 160/, О.Цэрэннадмид /3хх 197-198/, Х.Саруул /3хх 199-200/, М.Хажидмаа /3хх 201/, Б.Өлзийжаргал /3хх 204-205/, С.Энхмөрөн /4хх 3-4/ нарын мөрдөн байцаалтын явцад гэрчээр өгсөн мэдүүлгүүд,  

Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот орон сууцын өмчлөгчийн лавлагаа /2хх 13-15/, “ASAP” санд оргодол эрэн сурвалжилсан мэдээлэл, мөрдөгчийн 2018 оны 2 дугаар сарын 2, 10-ны өдрийн тэмдэглэл /2хх 16-21, 96-97/, Шийдвэр гүйцэтгэлийн 14310136 дугаартай хувийн хэргийн хуулбар /2хх 118-250, 3хх 1-156/, төлбөр төлөгч Ч.Х-гаас С.Ням-Эрдэнэд шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтууд /4хх 247-250, 5хх 1-2/ зэргээр давхар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.Х-г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Шүүгдэгч Ч.Х-гийн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж эд хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2014 оны 6 дугаар сарын 18-наас 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд оршин суух газраа нийт 8 удаа өөрчилж, энэ тухайгаа холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Гэвч ийнхүү дүгнэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй, хэт товч ерөнхий байдлаар нотлох баримтуудыг жагсааж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудад заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагад төдийлөн нийцээгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүх магадлалдаа нөхөн гүйцэтгэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Хохирогч Г.Сэр-Од гаргасан давж заалдах гомдолдоо “...мөрдөгч Баярсайхан нь яллагдагч Х-тай үгсэн хуйвалдаж, хуульд заасан зохих ажиллагааг явуулаагүй тул мөрдөгч, прокурор нарын хууль бус үйлдлүүдийг нэг бүрчлэн шалгаж, анхнаасаа хохирол барагдуулах хөрөнгөтэй байсан хэргийг тэр хэмжээнд нь аваачиж хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад /4 жилийн хугацаанд явагдсан/ хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор гэмт хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Ч.Х-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон ба давж заалдах шатны шүүх хэргийн хүрээнээс хальж, анхан шатны шүүхээр тогтоогдоогүй аливаа нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөх эрх хэмжээгүй болно.  

Харин хохирогч Г.Сэр-Од нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хяналт тавьсан эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан тухайн гомдлоо харьяалах шатны зохих байгууллагад тусад нь гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг бүр нийгэмд аюултай шинж, хэр хэмжээ, гэмт хэргийн ангиллын хувьд ялгаатай байдаг.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохируулан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнээс хамаарч хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас ямар ч болзолгүйгээр чөлөөлөх ойлголт бөгөөд энэхүү хугацааг тухайн гэмт хэргийг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоожээ.

Шүүгдэгч Ч.Х- 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан зайлсхийсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр түүнд холбогдох дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Ч.Х-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх боловч ийнхүү шийдвэрлэхдээ баримталбал зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг орхигдуулжээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, тодорхой албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан хохирогч Г.Сэр-Одын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т...” гэсэн заалтыг баримталсан атал шүүх хуралдааны тэмдэглэлийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т...” заасныг баримталсан мэтээр зөрүүтэй тусгасныг буруутган тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ч.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Г.Сэр-Одын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН