Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0748

 

 

 

 

 

 

 

 

“Х г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Нэхэмжлэгч: “Х г” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай тушаалын “Х г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х г” ХХК-д газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0770 дугаартай шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0141/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 770 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1 дэх заалтыг баримтлан “Х г” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай тушаалын Х г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-с дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1.  Нэхэмжлэгч "Х г” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн горхийн з*** 20081 м.кв талбай газрыг ашиглах эрхтэй болсон байдаг. Уг газраа 2020 оноос зориулалтын дагуу ашиглаагүй мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар Тухайн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ үйл баримтууд нь хэд хэдэн үндэслэлээр тогтоогддог.

2.2. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тухайн газар дээр үзлэг хийсэн зураг нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар тэмдэг тэмдэглэгээ болон барилгын суурь тавигдаагүй байгаа болно. Мөн нэхэмжлэгч “Х г” ХХК нь 2022, 2023 оны төлбөрүүдийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Маргаан бүхий акт нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан, төлбөрөө төлөөгүй байсан атлаа 2 сарын дараа төлбөрийг нөхөн төлсөн нь маргаан үүсэхээс өмнө төлснийг зөрчил арилсан гэж үзэх үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл нь Налайх дүүргийн Татварын албаны бичгээр тогтоогддог болно.

2.3. Нэхэмжлэгч “Х г” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаанд ашиглах эрх олгосон боловч нэхэмжлэгч нь тус газартаа үйл ажиллагаа явуулаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаар тогтоогддог.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”: 27.2.1-д хорь буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр баримтжуулах, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж тус тус заасан.

2.4. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулахдаа 21 буюу түүнээс дээш тооны этгээд байсан тул 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өдрийн сонины Баасан гаригийн 6 дугаар нүүрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх аваад үйл ажиллагаа явуулаагүй, байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, Ой, усан сан бүхий газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох жагсаалтыг байршуулсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-т заасан үйл ажиллагааг явуулах талаар мэдэгдсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хийгээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг шийдвэр гарах үед бүрэн төлөөгүй байхад ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш нөхөж төлсөн байхад шүүх түүнийг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судалж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0770 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Х г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай тушаалын “Х г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х г” ХХК-д газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “Х г” ХХК-д олгосон 2 га газар багтжээ.

2.2. Нэхэмжлэгчээс “...газрын төлбөрөө бүрэн төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй, газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж холбогдох эрх бүхий этгээдээр аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, археологи, угсаатны зүйн судалгаа хийлгэсэн, захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийгээгүй, гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй” гэж, хариуцагчаас “...газар дээр барилга, байгууламж бүтээн байгуулалт зэргийг хийсэн зүйл огт байхгүй мөн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэтэл маргаан бүхий актыг гарснаас хойш 2 сарын дараа төлбөрийг төлсөн байгаа нь зөрчил арилсан гэж үзэх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн Горхийн з*** нэртэй 20081 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар “Х г” ХХК-д ашиглах эрх олгосныг маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалаар “...газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” хэмээх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:

            Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.5 ...-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

3.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлбөр төлсөн, тооцоо нийлсэн актуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй гэж харагдаж байх хэдий ч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны  2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14/349 тоот “...“Х г” ХХК нь 2022, 2023 оны газрын төлбөр болох 4455096 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга ерэн зургаан/ төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан” гэх албан бичиг, Налайх дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/989 тоот албан бичгийн хавсралт зэргээс  үзэхэд нэхэмжлэгч нь тус оны газрын төлбөр буюу 2023 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуусталх хугацааны газрын төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчээс тус үйл баримтыг үгүйсгэж  маргадаггүй.

3.3. Гэтэл анхан шатны шүүхээс “...газар ашиглах эрхийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хүчингүй болсон гэж үзвэл 2023 оны 3, 4 дүгээр улиралд газрын төлбөрийн илүү төлөлттэй, ...энэ үед газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг газар ашиглагчид хариуцагч байгууллага хуулиар тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй, хүргүүлээгүй байсан тул шийдвэр гарах үед газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байсан, ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш нөхөж төлсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй биш” гэж маргааны үйл баримтад холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

3.4. Учир нь маргаан бүхий акт нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан байх атал нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гарснаас хойших хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газрын төлбөрийг нөхөж төлсөн үйл баримт нь  газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг шийдвэр гарах үед бүрэн төлөөгүй байхад ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш нөхөж төлсөн байхад шүүх түүнийг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

4.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.

4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсноос хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

4.3. Гэтэл анхан шатны шүүхээс газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгохтой холбоотой Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “ Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байх хугацаанд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэхийг харгалзаагүй, ...газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлтийн хязгаарын схем зураг батлуулж, уг төлөвлөлтийн дагуу аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг ерөнхий архитектораар батлуулж, цахилгаанаар хангуулах техникийн нөхцөлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас авч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ батлуулж, археологийн хайгуул судалгааны ажил, угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил тус тус хийлгэж дүгнэлт, тайлан гаргуулсан байх ч хариуцагч шийдвэр гаргахдаа эдгээр үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл, бодит нөхцөл байдлыг огт харгалзаагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ...-/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

4.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт гаргуулсан, мөн нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан, Хамгаалалтын захиргаанд дахин хандсан зэрэг үйл баримтууд нь “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн урьдчилсан нөхцөлийг үгүйсгэхгүй. Мөн “УБЦТС” ТӨХК-аас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр техникийн нөхцөл авсан боловч 1 жилийн хүчинтэй байх хугацаанд цахилгааны холболт хийлгээгүй, мөн архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлуулсан байх бөгөөд үүнээс хойш 1 жилийн хүчинтэй хугацаа өнгөрсөн, энэ нь газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл болохгүй юм.

4.6. Нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх зөрчлийг шалгаж тогтоосон болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаартай албан бичиг, хээрийн судалгааны ажлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахын өмнө газраа зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэдгийг шалгаж тогтоосон буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5. Түүнчлэн, Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;” 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг Өдрийн сонины 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаарт гаргасан байх тул захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Х г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай тушаалын “Х г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х г” ХХК-д газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

     ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

        ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН