Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 159/ШШ2021/0017

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ундрага капитал ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ундрага капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэргэлэн, Х.Хишигдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ёндонжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ундрага капитал ХХК-иас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Ундрага капитал ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х тоот тусгай зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/797 дугаар захирамжаар хүчингүй болгож, 2 жил гаруйн дараа 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 дугаар албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул танай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг үүгээр мэдэгдье гэсэн дээрх захирамж болон мэдэгдэл нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд шууд халдаж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд зааснаар илт хууль бус болохыг тогтоож, манай компанийн эзэмшлийн СЭ-0047Х дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн хүчин төгөлдөр хугацаа тооцож олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Ундрага капитал ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

... Ундрага капитал ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х тоот тусгай зөвшөөрлийг олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг 1 жил 4 сар 18 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул тус захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Ундрага капитал ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулахдаа:

... Ундрага капитал ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х тоот тусгай зөвшөөрлийг олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг 1 жил 4 сар 18 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өөрийн гаргасан алдаагаа засч байгаа нэрийдлээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, 277.000.000 төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан, 162.208 төгрөгийн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн хохироох хуульд заасан үндэслэл байгаагүй тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/289 дугаар захирамжийн Ундрага капитал ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Ундрага капитал ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулахдаа:

...Ундрага Капитал ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х тоот тусгай зөвшөөрлийг олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг 1 жил 4 сар 18 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өөрийн гаргасан алдаагаа засч байгаа нэрийдлээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, 277.000.000 /зуун далан долоон сая/ төгрөгийн хайгуулын ажилд зарцуулсан төгрөг, 162.208 /нэг зуун жаран хоёр хоёр зуун найман/ төгрөгийн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн төгрөгөөр хохироосон тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/289 дугаар захирамжийн Ундрага Капитал ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү.

Манай компани нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Их хөндий нэртэй 215.63 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшин, холбогдох хууль тогтоомжид зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлэн ажиллаж ирсэн. Тусгай зөвшөөрлийг олгосноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж, хайгуулын ажилд зарцуулагдах хайгуулын ажлын зардлуудыг гаргаж ажилласан. Тус талбайд 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардалд 277.000.000 төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 162.208 төгрөгийг тус тус зарцуулсан. Тухайлбал 2017, 2018 онуудад өрөмдлөг, хайгуулын ажил, 2019 онд геофизикийн соронзон хайгуулын болон бусад ажлуудыг тус тус хийсэн бөгөөд холбогдох бичиг баримт, төлөвлөгөө, тайлангаа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар хянуулж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээр батлуулж ажилласан.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х тоот тусгай зөвшөөрлийг олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг 1 жил 4 сар 18 хоногийн дараа хүчингүй болгон манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, 277.000.000 /хоёр зуун далан долоон сая/ төгрөгийн хайгуулын ажилд зарцуулсан төгрөг, 162.208 /нэг зуун жаран хоёр хоёр зуун найман/ төгрөгийн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн төгрөгөөр хохироогоод байна. Ийнхүү манай компанид учруулсан хохирлоо Засаг дарга дээрх захирамждаа хэрхэн барагдуулах талаар зохицуулсангүй. Харин манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд Хүннү стийл ХХК-нд 2 удаа давтан бичиг хүргүүлж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох оролдлого хийж. Ашигт малтмал газрын тосны газарт албан бичиг хүргүүлэн дүгнэлт гаргаж авсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Манай компани Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/289 дугаар захирамжийг ерөөсөө мэдээгүй бөгөөд бидэнд танилцуулаагүй, харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана гэж заасны дагуу Ундрага капитал ХХК нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20/03 тоот албан бичгээр хүргүүлээд байсан.

Гэвч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөлгүй хэрхэн шийдвэрлэсэн талаар хуульд заасан журам баримтлалгүй байсаар удаа дараа шаардсаны эцэст 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул танай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг үүгээр мэдэгдье гэж манай компанийн эзэмшлийн СЭ-0047Х дугаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн учир шалтгааныг тодруулах гээд компанийн зүгээс удаа дараа албан бичгээр болон бусад байдлаар гомдол хүсэлтээ тавьж ирсэн боловч хүлээн аваагүй. Учир шалтгааныг танилцуулаагүй болно. Ингээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай хуульчилсан. Энэ хуулийн заалтыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга баримтлаагүй бөгөөд манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэж шийдвэрлэсэн нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндсөн гэж үзэж Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Энэ хугацаанд манай компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №20/16 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №21/2 тоот, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №21/9 тоот албан бичгүүдийн хариуг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас өнөөг хүртэл ирүүлээгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжийг хүлээн авснаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар манай компанийн эзэмшлийн СЭ-0047Х дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон болохыг мэдсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, 13 дугаар зүйлийн Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, 15 дугаар зүйлийн Оролцогчийн эрх, 24 дүгээр зүйлийн Нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлийн Нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлийн Оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлийн Сонсох ажиллагаа явуулах, 43 дугаар зүйлийн Захиргааны актыг мэдэгдэх зэрэг заалтуудыг ноцтой зөрчиж, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны процессыг алдагдуулсан байгааг мэдсэн.

Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэсэн заалтыг үндэслэсэн атлаа тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. гэсэн заалтыг ноцтой зөрчиж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдахдаа нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй, компанид учруулсан хохирлыг бодит байдал нөхцөлд нь шалгаж шийдвэрлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн шаардлага, нөхцөлийг бүрэн зөрчсөн, өөрийнхөө гаргасан алдаагаа засах ажиллагаа хийгээгүй, өөр хуулийн этгээдэд манай компанийн хайгуул хийсэн тусгай зөвшөөрлийг авч өгөх гэсэн давуу байдал үүсгэх магадлал агуулсан, манай компанийн тусгай зөвшөөрлийг хэрхэх талаар цуцалсан юм уу, хүчингүй болгосон юм уу тодорхойгүй байдлаар шийдвэрлэж бидний хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан байгааг мэдсэн.

Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/289 дугаар захирамж болон 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот мэдэгдэх хуудас нь өөр хоорондоо зөрчилтэй, утга агуулгын илэрхий зөрчилтэй байна гэж үзэж байна. Учир нь 2020 оны 01/797 тоот Засаг даргын мэдэгдэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана. мөн тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно гэсэн заалтуудыг дурьдаад, дээрх заалтуудыг зөрчсөн тул манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болохыг мэдэгдсэн атлаа анх тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа хүчингүй болгосон талаараа ерөөсөө дурьдаагүй байсан.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/289 дугаар захирамж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг ч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг ч үндэслэсэнгүй. Тэрээр зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэж байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй болохыг нотолж байна. Засаг дарга өөрийнхөө захирамжид заасан зөрчлийг зөвтгөсөн гэх атлаа манай компанийн тусгай зөвшөөрлийг хэрхсэн талаар шийдвэрлэлгүй орхисон төдийгүй, Сэлэнгэ аймгийн Засаг даргаас хууль ёсны дагуу авсан СЭ-0047Х дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулан 277.000.000 төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 162.208 төгрөгийн төлбөрийг Засаг дарга алдаа гаргасан бол хувиасаа төлж барагдуулах нөхцөл байдал үүсгэсэн гэж ойлгохоор байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг зөвхөн үндэслэл болгон шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийг баримтлан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, ашиг сонирхолд халдах үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдал бүрдэхгүй бөгөөд түүнийг биелүүлэх боломжгүй юм. Учир нь Засаг дарга буруутай үйл ажиллагаагаа засч захирамж гаргаж болох хэдий ч шударгаар тусгай зөвшөөрөл авсан хууль ёсны эзэмшигчийн санхүү болон үйл ажиллагааны төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллагын хэвийн үйл ажиллагааны нөлөөллийг хэрхэн тооцож хохирол төлбөр барагдуулах, арилгах талаарх зохицуулалтыг орхигдуулсан гэж үзэж байна.

Бас нэг ноцтой хардлага бол Сэлэнгэ аймгийн Засаг дарга манай компанийн хайгуул хийсэн талбайд зөвхөн өөр хуулийн этгээдэд дахин түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зорилгоор дээрх захирамжийг гаргасан байж болохоор ч нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2 удаа Ашигт малтмал газрын тосны газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор санал авсан байх бөгөөд сүүлийн авсан саналын дагуу тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хийгдэж байгаа болно. Одоо Хүннү стийл ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайд олгох ажиллагаа хийгдээд дуусч байгаа болно.

Иймд Ундрага Капитал ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х тоот тусгай зөвшөөрлийг олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг 1 жил 4 сар 18 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өөрийн гаргасан алдаагаа засч байгаа нэрийдлээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, 277.000.000 /зуун далан долоон сая/ төгрөгийн хайгуулын ажилд зарцуулсан төгрөг, 162.208 /нэг зуун жаран хоёр хоёр зуун найман/ төгрөгийн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн төгрөгөөр хохироосон тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/289 дугаар захирамжийн Ундрага Капитал ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ёндонжамц 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Ундарга капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарны 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон Ундарга капитал ХХК болон бусад 19 аж ахуй нэгжийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад заасан Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойш уг хугацаанд захирамжаар олгогдсон талбайд үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагааны зардал гаргаагүй зэрэг зөрчлүүд тогтоогдсон тул 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар дээрх 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/116, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/186 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон болно.

2. Аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/937 тоот албан бичгээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар 2017 оны А/104, А/116, А/186 тоот захирамжуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл цуцалсан аж ахуй нэгжүүдийг кадастрын бүртгэлээс хасаж, холбогдох арга хэмжээг авах тухай Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн болно.

3. Ашигт малтмал, газрын тосны программ дээр Ундарга капитал ХХК нь устагдаагүй байсан тул дээрх шалтгааныг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай хүргүүлсэн болно.

4. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20/16 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21/2 тоот, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 21/9 тоотоор Ундарга капитал ХХК-иас удаа дараа уг шийдвэрийг хууль зөрсөн хэмээн үзэж тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг ирүүлсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг зөрчин тусгай зөвшөөрөл олгосон, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойш уг хугацаанд захирамжаар олгогдсон талбайд үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагааны зардал гаргаагүй зөрчлүүд тогтоогдсон үндэслэлээр Ундарга капитал ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх, сунгах боломжгүй хэмээн үзэж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ёндонжамц 2021 оны 9 дүгээр сарын 06, 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоолоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шинээр хүлээн авахгүй байх, мөн тусгай зөвшөөрөл олгохгүй байх-аар шийдвэрлэсэн. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/443 тоот албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шинээр хүлээн авахгүй байх, мөн тусгай зөвшөөрөл олгохгүй байх үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргад өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш аж ахуйн нэгжийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч программд шивэлт хийхгүй болохыг анхааруулж үүрэг өгсөн. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэсэн хуулийн заалтыг зөрчиж зөвшөөрөл олгогдсон.

Ийнхүү аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд, Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн үүрэг чиглэл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай А/104 дүгээр захирамжийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар хүчингүй болгож алдаагаа залруулсан. Ундрага капитал ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргээ биелүүлээгүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалтад заасан Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ Ундарга капитал ХХК нь 2017 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өдийг хүртэл тухайн үүргээ биелүүлж ажиллаагүйг Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 442 тоот албан бичгээр нотлогдож байна. Тус албан бичигт Ерөө сумын байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн Ерөө төрийн сангийн 100130255301 тоот дансны орлогын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэлх хугацаанд байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг Ундрага капитал ХХК нь төвлөрүүлээгүй байна гэснээр нотлогдож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна.

Мөн тус компани нь 2018 онд хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэх асуудлыг мэдээгүй гэх боловч 2019, 2020 онд ямар учраас хайгуулын төлөвлөгөө, тайлан батлуулаагүй нь тодорхой бус учраас хайгуулын тусгай зөвшөөрлөө цуцлагдсаныг мэдэж байсан гэж үзэхээр байна. Мөн "Ундарга капитал ХХК нь 2017 онд хайгуулын өрөмдлөгийг "Стийл айрон ХХК-иар хийлгэж, тухайн онд гаргасан зарлагын баримтаас харагдаж байна. Мөн зарлагын баримтуудаас үзвэл банкны хуулга байхгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх дээр эргэлзэж байгаа тул Стийл айрон ХХК-ийн орлогын баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй байна. Дээрх бүх зарлага нь 2017 онд гарсан тул 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэхээр байгаа бөгөөд 2018, 2019, 2020 онд хийгдсэн ажлын тайлан, төлөвлөгөө төлбөрийн баримт нь тодорхойгүй байна Ундрага капитал ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20/04 тоот албан бичигт дурдагдсан 2017 оноос гадна 2018 оны өрөмдлөг хайгуулын ажлын тайлан төлбөр тооцоо хийсэн нотлох баримт, 2019 онд соронзон хайгуул хийсэн ажлын төлөвлөгөө, хийсэн тайланг батлуулаагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаар төлөвлөгөө тайланг хянуулж батлуулаад аймгийн Засаг даргын Тамгын газраар мөн адил баталгаажуулан гарын үсэг зуруулж 1 хувь тайлан төлөвлөгөөг өгөх ёстой байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газарт тайланг өгч, батлуулаагүй байгаа нь тайлан, төлөвлөгөөг бүрэн гүйцэт хянуулж өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Ундрага капитал ХХК нь 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй тул тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй, мөн тус компанийн гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас тодорхой харагдаж байна. Аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар 2017 оны А/104, А/116, А/186 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон тухай мэдээллийг аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/937 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст албан хэрэгцээнд ашиглагддаг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд Ундрага капитал ХХК-ийн холбогдох мэдээлэл хэвээр байсан тул аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухайгаа тус компанид мэдэгдсэн болно. Ундрага капитал ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №20/05 тоот албан бичиг байхгүй бөгөөд харин 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №20/04 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах ёстой байтал аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст гаргасан байна. Ийнхүү гаргасан бичиг нь мөн хугацаа хожимдуулж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн бичиг нь 02 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн байсан.

Хугацаа сунгах эрх бүхий субъект нь аймгийн Засаг дарга байтал 2 удаа Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст гаргасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан "... хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж гэсний дагуу аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлээгүй тул аймгийн Засаг даргад хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №20/16 тоот албан бичгүүд нь аймгийн Засаг даргын Тамгын газарт ирээгүй бөгөөд ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй бөгөөд энэ нь хуулийн хугацаанд сунгуулах тухай өргөдлөө өгсөн гэж үзэх үндэслэлгүй болж, тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон тухай аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэний дараа тус компанийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21/2 тоот, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21/9 тоот албан бичгээр Ундрага капитал ХХК-иас удаа дараа уг шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн үзэж тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг ирүүлсэн байдаг. Манай компани Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/289 дугаар захирамжийг ерөөсөө мэдээгүй бөгөөд бидэнд танилцуулаагүй, харин түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана гэж заасны дагуу Ундрага капитал ХХК нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20/03 тоот албан бичгээр хүргүүлсэн гэх боловч энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан тул 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Мөн Ундрага капитал компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандсан гэх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №20/16 тоот албан бичиг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот албан бичгээр нэгэнт хариуг хүргүүлсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №21/2 тоот, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 21/9 тоот албан бичгүүдийн хариу өгөгдөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай 84 дүгээр шүүгчийн захирамжийг хүлээн авснаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар манай компанийн эзэмшлийн СЭ-0047Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон болохыг мэдсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай А/104 дугаар захирамжийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар хүчингүй болгож алдаагаа залруулсан бөгөөд "... өөрийн хуулийн этгээдэд манай компанийн хайгуул хийсэн тусгай зөвшөөрлийг авч өгөх гэсэн давуу байдал үүсгэх магадлал агуулсан, манай компанийн тусгай зөвшөөрлийг хэрхэх талаар цуцалсан юм уу, хүчингүй болгосон юм уу тодорхойгүй байдлаар шийдвэрлэж бидний хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд одоогоор тус талбай дээр өөр аж ахуйн нэгж, компанид тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна. Бас нэг ноцтой хардлага бол Сэлэнгэ аймгийн Засаг дарга манай компанийн хайгуул хийсэн талбайд зөвхөн өөр хуулийн этгээдэд дахин түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зорилгоор дээрх захирамжийг гаргасан байж болохоор ч нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүйгээр гүтгэсэн шинжтэй байна. Ийнхүү аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн үүрэг чиглэл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай А/104 дугаар захирамжийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар хүчингүй болгож алдаагаа залруулсан тул Ундрага Капитал ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ундрага капитал ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай А/104 дүгээр захирамж[1]-аар Ерөө сумын Их хөндий нэртэй газар, 215.63 га талбай бүхий хайрга, дайрганы хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, улмаар СЭ-0047Х дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл[2]-ийг 3 жилийн хугацаагаар олгожээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/289 дүгээр захирамж[3]-аар Ундрага капитал ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/104 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27, 43, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, зардал гаргаагүй бодит нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хүчингүй болгосон байна.

Анх Ундрага капитал ХХК шүүхэд ...Ундрага капитал ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын СЭ-0047Х тоот тусгай зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/797 дугаар захирамжаар хүчингүй болгож, 2 жил гаруйн дараа 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 дугаар албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул танай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг үүгээр мэдэгдье гэсэн дээрх захирамж болон мэдэгдэл нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд шууд халдаж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд зааснаар илт хууль бус болохыг тогтоож, манай компанийн эзэмшлийн СЭ-0047Х дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн хүчин төгөлдөр хугацаа тооцож олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нийт 3 удаа өөрчилж, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эцсийн байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчлөн тодорхойлсны дагуу шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл хариуцагч Ундрага капитал ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт 215.63 га талбай бүхий хайрга, дайрганы хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар олгохдоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах байжээ.

Гэтэл хуулиар тогтоосон дээрх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот[4], аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 259 тоот[5] албан бичгээр тус тус тогтоогдож байхын зэрэгцээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй нь манай алдаа хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Улмаар өөрийн алдааг засах нэрийдлээр бусдын эрхийг зөрчиж, хайрга, дайрганы хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал, хариуцагч тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу цуцлах боломжтой. Гэтэл мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан дөрвөн үндэслэлийн аль нь ч бүрдээгүй, тэдгээрийн алийг ч маргаан бүхий актад дурьдаагүй атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тусгай зөвшөөрөл цуцалсан үндэслэлээ ...Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд, Ашигт малтмал, газрын тосны газраас тус тус ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шинээр хүлээн авахгүй байх, мөн тусгай зөвшөөрөл олгохгүй байх гэсэн үүрэг чиглэл өгсөн, мөн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж, зардал гаргаагүй тул Ундрага капитал ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм.

Хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг үйл ажиллагаа явуулаагүй, зардал гаргаагүй гэж үзэн цуцлах үндэслэлгүй боловч маргаан бүхий актад энэ талаар дурьдан маргадаг тул шүүхээс уг асуудлыг шалгахад, нэхэмжлэгч Ундрага капитал ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр маргаан бүхий талбайд талуудыг байлцуулан хийсэн шүүхийн үзлэгээр 10 цооног өрөмдсөн болохыг тогтоож, цооног тус бүрийг солбицлын хамт зургаар баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэл[6], мөн нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө[7], тайлан[8], 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Өрөмдлөг хайгуулын ажил гүйцэтгэх 17/03 дугаар гэрээ, Эрэл хайгуулын ажил гүйцэтгэх үед хийх байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө[9] зэрэг баримтаар тус тус тогтоогдсон болно.

Нөгөөтэйгүүр хариуцагч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах тухай өргөдлийг Засаг даргад гаргаагүй гэсэн агуулга бүхий мэдэгдлийг захирамж гарснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/797 тоот албан бичиг[10]-ээр нэхэмжлэгчид мэдэгдсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. гэж заасныг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.3-д тус тус заасан сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр гаргах ажиллагааны журам зөрсөн хууль бус захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ундрага капитал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийн Ундрага капитал ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ундрага капитал ХХК-нд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэрэг 1-ийн 78-р хуудас

[2] Хавтаст хэрэг 1-ийн 10-р хуудас

[3] Хавтаст хэрэг 1-ийн 77-р хуудас

[4] Хавтаст хэрэг 1-ийн 201-р хуудас

[5] Хавтаст хэрэг 1-ийн 191-р хуудас

[6] Хавтаст хэрэг 1-ийн 239-250-р хуудас

[7] Хавтаст хэрэг 1-ийн 35-р хуудас

[8] Хавтаст хэрэг 1-ийн 48-р хуудас

[9] Хавтаст хэрэг 1-ийн 63-р хуудас

[10] Хавтаст хэрэг 1-ийн 76-р хуудас