Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж

Нарийн бичгийн дарга М.*******,

Улсын  яллагч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 2223000000216 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 21-нд Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын Жинст баг *******дын ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******, /регистрийн дугаар: *******, утас: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 4 шуудай 102,8 килограмм нойтон арцыг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын нутаг “Хатавчийн ам” гэх газраас түүж бэлтгэн “Тоёота ками” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 10,125,800 төгрөгийн хохирол учруулсан буюу “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогдсон байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 4 шуудай 102,8 килограмм нойтон арцыг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын нутаг “Хатавчийн ам” гэх газраас түүж бэлтгэн “Тоёота ками” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 10,125,800 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Ю.гийн “...Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал түүж бэлтгэн тээвэрлэсэн гэх үйлдэлд нь тухайн буруутай этгээдүүдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нь хуулийн дагуу барагдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, 

- Гэрч Б.ийн “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн орчимд гэрээсээ өөрийн ЗАН улсын дугаартай шар өнгийн “Верна” маркийн авто машинаар сумын багийн нутаг дэвсгэр болох Хатавч гэх газар руу хонин арц түүхээр явсан. Өглөө надтай хамт хүргэн ******* өөрийнхөө ЗАА, төрсөн дүү Б. ЗАВ улсын дугаартай авто машинтайгаа явсан. Бид гурав хамт явсан боловч очоод тус тусдаа хонин арц түүсэн. Би нийт 8 шуудай хонин арц түүсэн. 2 шуудай, ******* 4 шуудай хонин арц тус тус түүсэн.  Хатавч гэх газар нь аймгийн төвөөс 20 гаруй км зайтай. Бид нар сумын Хатавч гэх газарт очоод салж явж арц түүгээд орой нь наашаа хөдлөхдөө хамт ирцгээсэн. Манай охин нь багшийн их сургуульд сурдаг одоо 3 дугаар курст суралцдаг охин маань “хэрэглээний мөнгө хэрэгтэй байна байрны түрээс нэхэгдээд байна” гэхээр нь арц түүж мөнгө олж өгье гэж бодоод арц түүсэн. Бид гурав арц түүх нь хуулиар хориотой гэдгийг нь мэдэж байсан мөнгөний хэрэг гарахаар нь явж арц түүсэн.  Түүсэн арцаа 1 кг-ийн 2.000 төгрөгөөр худалдана гэж бодож байсан. Гэхдээ би 2.000 төгрөгөөр авдаг гэдгийг хүнээс сонсож байсан. Би яг ямар хүн арц авдгийг нь мэдэхгүй ямар ч байсан түүснийхээ дараа худалдаж авах хүнээ олно гэж бодож байсан. Бид гурав ганц ганцаараа явж арц түүсэн бид нартай өөр хүн яваагүй. Бид гурав хонин төрлийн арц түүж бэлтгэсэн. Арцаа түүхдээ хайчаар хайчилж шуудайндаа хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- Гэрч Б.ын “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө аймгийн төвөөс Б. ах эхнэр Ш.гийн хамт өөрсдийнхөө ЗАН  улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ, хүргэн Ц.******* түүний эхнэр нар мөн өөрсдийн эзэмшлийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ, би ганцаараа өөрийнхөө эзэмшлийн “Витз” маркийн машинтайгаа сумын багийн нутаг Хатавчийн ам гэдэг газарт очсон бид нар урьд өмнө нь арц түүж байгаагүй бөгөөд хүнээс дам яриагаар арц түүж худалдвал амархан мөнгө олдог гэж сонссон байсан тул арц түүхээр тухайн газарт очсон юм. , хоёрыг машиныхаа хажууд орхиод ах, ******* бид гурав арц түүхээр уулын орой руу шуудай хайчаа аваад алхаж гараад арцыг хайчаараа хайчилж шуудайндаа хийж түүсэн. Гэхдээ бид гурав хамт яваагүй тус тусдаа түүцгээсэн юм. Оройхон арцаа түүж дуусаад 18 цагийн орчимд шуудайтай арцнуудаа үүрч, уулын уруу өнхрүүлж машин дээрээ авч ирсэн. Миний бие өвдөөд сайн түүж чадаагүй би 2 шуудай арц түүсэн, ах 8 шуудайг, ******* 4 шуудай арц түүцгээсэн байсан. Тэгээд өөр өөрсдийн түүсэн арцнуудаа өөр өөрсдийн машиндаа хийгээд аймаг орох гэж явж байгаад цагдаа, байгаль хамгаалагч нартай тааралдсан юм. Бид нар 2022 оны 05 сарын 29-ны өдөр Завхан аймгийн сумын нутаг Хатавч гэдэг газарт байх уулын оройгоос арц түүсэн. Би 2 шуудай арц түүсэн, ах 8 шуудайг, ******* 4 шуудай арц түүцгээсэн байсан. Тухайн арцыг гар хайчаар хайчилж шуудайндаа хийж түүсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

- Гэрч Ш.гийн “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө нөхөр Б.ийн хамт өөрсдийн эзэмшлийн  ЗАН улсын дугаартай “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэлтэй, миний нөхрийн төрсөн дүү Б. өөрийнхөө эзэмшлийн “Витз” маркийн машинтайгаа, Ц.*******, түүний эхнэр нар өөрийн эзэмшлийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ сумын багийн нутаг “Хатавчийн ам” гэдэг газарт очсон миний нөхөр Б., Б., Ц.******* гурав арц түүхээр уулын орой руу алхаж явцгаасан. бид хоёр машинуудын хажуу тэр хавиас аргал түүгээд байж байсан юм. Тэгээд оройхон тэд нар хэдэн шуудайтай арц үүрч ирсэн. Тэгээд бид нар сум орох гэж явж байгаад цагдаа, байгаль хамгаалагч нартай тааралдсан юм. Тэд нар 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын нутаг “Хатавч” гэдэг газарт байх уулын оройгоос арц түүсэн. Хэн нь хэр хэмжээний арц түүснийг би тодорхой мэдэхгүй байна. Тухайн арцыг хайчаар хайчилж түүсэн гэсэн би өөрөө хамт яваагүй тул хэрхэн түүснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.ын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай “...1. 4 шуудай 102.8 кг арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хуурамч хонин арц (Juniperus pseudosabina  Fisch. Et Mey),

2. 4 шуудай 102.8 кг арц нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон.

3. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана.

4. Тухайн хураагдсан 4 шуудай 102,8 килограмм нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 98,500, 102,8 кг, нийт 10,125,800 төгрөг.

5. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө.” гэх дүгнэлт /хх-ийн 41-44-р хуудас/,

- Шүүгдэгч Ц.*******ын “...Тухайн өдөр Б., Б. нарын хамт аймгийн төвөөс өглөө хөдөлсөн.. Тэгээд “Хатавчийн ам” гэх газар очоод бид гурав тус тусдаа арц түүхээр салаад явцгаасан. Тэгээд орой 17-18 цагийн үед уулын бэлд таараад аймгийн төв рүү буцсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учир би арц түүсэн. Би тухайн үед өөрийн эзэмшлийн “Тоёота ками” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр арцыг тээвэрлэсэн. Би тухайн машины нэрийг өөр дээрээ шилжүүлж амжаагүй явж байгаа. Би тухайн үед 4 шуудай хонин арц түүсэн. Аймгийн төвд ирээд тухайн арцыг хураалгах үед 102,8 килограмм арц байсан. Би тухайн арцыг гар хайчаар хайчилж бэлтгэсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-98-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон нотлох баримтууд байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж,

мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилсан.  

Шүүгдэгч Ц.******* нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 102,8 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хуурамч хонин арц түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.******* зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 10,125,800 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 41-42-р хуудас/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.*******ын ургамлын аймагт учруулсан 10,125,800 төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 50,629,000 /тавин сая зургаан зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 106-р хуудас/

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байр суурьтай оролцов.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Ц.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ц.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ц.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч нь Ц.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ “Тоёота Ками” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь ийн ын өмчлөлтэй болох нь №ТЯ  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 72-р хуудас/

Иймд түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,250,000 төгрөгөөр тогтоосон байх тул тээврийн хэрэгслийн үнэ 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 4 шуудай 102,8 килограмм хуурамч хонин арцыг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нэг ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хуурамч хонин арц түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар  зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.*******аас ургамлын аймагт учруулсан 10,125,800 төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 50,629,00 /тавин сая зургаан зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******ын хууль бусаар түүсэн хуурамч хонин арцаа тээвэрлэсэн “Тоёота Ками” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 4 шуудай 102,8 килограмм хуурамч хонин арцыг тус тус улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хайчийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, “Тоёота Ками” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ