Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/275

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Ө*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ө*******д холбогдох эрүүгийн 2215000000305 дугаартай, 163/2022/0270/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж******* овогт Б******* Ө*******, Булган аймгийн Баяннуур суманд ....оны ... дугаар сарын .....ны өдөр төрсөн, Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй /РД: ...../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө******* нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг Ухаа гэх газраас хохирогч З.Д******* улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны үнээг улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоцикл ашиглан бэлчээр дээрээс хулгайлж нядлан махыг хүнсэндээ ашигласны улмаас 1.300.000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000305 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Ө******* нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг Ухаа гэх газраас хохирогч З.Д******* улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны үнээг улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоцикл ашиглан бэлчээр дээрээс тууж, хулгайлан нядалж махыг хүнсэндээ ашигласны улмаас 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2215000000305 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

  1. Хохирогч З.Д******* өгсөн “... Би 2021 оны намар Булган аймгийн Баяннуур сумаас нөхрийнхөө төрсөн дүү Ж.Түмэндэлгэр гэдэг хүнээс бүдүүн үнээг хямдруулаад 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад Булган аймгийн Баяннуур сумын Э******* гэдэг айлд маллуулж байсан юм. Тэгсэн 2022 оны 08 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар баг Ухаа гэх газрын орчмоос бэлчээрээс алга болсон. Тэгээд манай үнээг маллаж байсан Э******* хайгаад олоогүй нөхөр бид хоёр бас хүмүүсээс асуугаад сураг гараагүй тэгээд цагдаад тэмдэглүүлсэн юм... миний үнээг хулгайлсан хүнээс үнээний үнэлгээний дагуу хохирлын мөнгө болох 1.300.000 төгрөгийг авч хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37, 40-41 дэх тал/,

 

  1. Гэрч Ж.Б******* өгсөн “... Манай эхнэр З.Догсмаа 2021 оны намар Булган аймгийн Баяннуур сумын шар тал 2 дугаар багаас миний төрсөн дүү Ж.Түмэндэлгэрээс үнийг нь багасгаж ярьж хөөрөөд 1 тооны үнээг 1.200.000 төгрөгөөр худалдан аваад Баяннуур сумын Эрдэн-Очир гэдэг айлд маллуулж байсан юм. 2022 оны 08 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд манай үнээ бэлчээрээсээ алга болоод хайгаад сураг гараагүй. Тэгэхээр нь эхнэр бид хоёр жил сүрэгтээ байхгүй болчихсон байсан болохоор нь хулгайд алдсан байх гэж бодож байсан ... гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
  2. Гэрч Б.Б******* өгсөн “... Би 2022 оны 10 дугаар сарын дундуур манай хүү Ө*******г Э******* гэдэг хүний үхрээс 1 бүдүүн үнээ тууж явсан талаар яриа гарахаар нь Э*******той уулзаад юу болсон ямар яриа гараад байгаа талаар асуухад Э******* надад хэлэхдээ 2022 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед манай үхэрт байсан хүний 1 үнээ алга болчихсон юм Ө******* улаан халзан зүсмийн үнээ тууж явсан тэр мөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө Ө*******тэй уулзахад юм дуугарахгүй байхаар нь загнасан чинь би авчихсан юм гэж хэлсэн тэгээд би дахиж Э*******той уулзаж надаас орных нь бүдүүн үнээг аваарай гэж хэлсэн юм ...надад махыг нь идчихсэн гэж хэлсэн. Ө******* цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклтой, манай хүү Ө******* мотоциклоор малдаа явдаг” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
  3. Гэрч О.С өгсөн “... Надад сайн мэдэх зүйл байхгүй гэрээс гарахгүй болохоор янз бүрийн зүйл сонсоогүй. Харин сая 2, 3 хоногоос Б.Ө*******г айлын үхэр авсан талаар яриа гарахаар нь нөхрөөсөө асуусан. Яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна... Манай хүү Ө******* цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклтой, малдаа мотоциклоор явдаг. 2022 оны 08 дугаар сард Ө*******гийн гэр Булган аймгийн Баяннуур сумын шар тал 2 дугаар багийн нутаг Бор толгой гэх газарт хөдөө гэр нь байсан ... гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
  4. Гэрч Б.Б өгсөн “... Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрийн үед манай нөхөр Ө******* хөдөө гэр рүүгээ малдаа яваад ирэхдээ богины идэш хийгээд ирлээ гэж шуудайнд хийчихсэн үхрийн мах авч ирсэн. Тэгээд манай нөхөр үхрийн махаа жижиглээд байшинд хөлдөөгчид хийсэн. Тэр авч ирсэн үхрийн цул махнуудыг нь хүнсэндээ хэрэглээд ер нь дуусчихсан, одоо үлдэгдэл ястай махнууд нь байшинд хөргөгчинд байгаа ... гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
  5. Гэрч М.Э*******ын өгсөн “... 2021 оны 09 бил үү 10 сарын үед Булган аймгийн Дашинчилэн сумын Догсмаа гэдэг хүн нөхрийнхөө төрсөн дүү Түмэнжаргалаас 1 тооны сармай улаан халзан үнээг худалдаж авсан юм. Би Т үхрийг өөрийнхөө үхэртэй хамт малладаг юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 26-27-ны өдрийн хооронд Булган аймгийн Баяннуур сумын шар тал 2 дугаар багийн нутаг Ухаа гэх газраас бэлчээр дээрээс манай үхэртэй хамт бэлчиж байсан Д******* худалдан авсан үнээ алга болчихсон юм. Тухайн үед хайгаад олоогүй болохоор Баяннуур сумын цагдаад хэлж тэмдэглүүлсэн. Түүнээс хойш сураг гараагүй байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот явсан юм тэгээд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирээд үхэр дээрээ очтол Д******* 1 тооны үнээ байхгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа манай Баяннуур сумын шар тал 2 дугаар багт байдаг Ө******* гэдэг залуу манай үхэрт байсан алга болсон үнээг авсан тууж явсан талаар хүмүүсээс сураг гараад байсан тэгтэл Ө*******гийн аав Бат-Өлзий намайг хөдөө малдаа явж байтал утсаар залгаад ямар яриа гараад байгаа юм бэ уулзъя гэхээр нь чи өөрөө хүрээд ир гээд бид хоёр хөдөө уулзсан тэгээд энэ талаар яриад салсан юм. Тэгтэл Бат-Өлзий би хүү Ө*******тэйгээ уулзаад ирье гээд явсан. Тэгээд тэр өдөртөө намайг хонин дээрээ байсан чинь над дээр ирээд цаадах чинь авчихсан байна одоо яах вэ хө, надаас орных нь юмыг аваарай гэсэн тэгээд салцгаасан ... гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
  6. Яллагдагч Б.Ө*******гийн өгсөн “...өөрийнхөө үхрүүдээ тууж гэрийнхээ гадна хотлуулахаар цэнхэр өнгийн мотоциклоо унаад явсан. Тэгээд бэлчээрт байгаа үхэр дээрээ очтол манай сумын Э******* гэх айлын үхрүүд манай үхэртэй ойрхон байхаар нь тэр үхрүүд дунд байсан улаан халзан зүсмийн 1 тооны үнээг өөрийнхөө үхэрт нийлүүлээд туугаад гэрийнхээ гадна авч ирсэн. Ингээд би Э*******ын улаан халзан зүсмийн үнээг ганцаараа барьж аваад гэрийнхээ гадаа төхөөрч янзалсан. Ингээд би уг үхрийн махыг Баяннуур сумын төвд байдаг өөрийн гэр рүүгээ зөөсөн. Тэгээд өөрийн эхнэр, хүүхдийн хамт хүнсэнд хэрэглэсэн” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
  7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 5-28 дахь тал/,
  8. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222569 дугаартай шинжээчийн дүгнэлтээр соёолон насны үнээний зах зээлийн үнэлгээг 1.300.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт,
  9. Мөн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 222574 дугаартай шинжээчийн дүгнэлтээр мотоциклын зах зээлийн үнэлгээг 1.623.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, / хавтаст хэргийн 73-77, 86-91 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Ө******* нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг Ухаа гэх газраас хохирогч З.Д******* улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны үнээг улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоцикл ашиглан бэлчээр дээрээс хулгайлж нядлан махыг хүнсэндээ ашигласны улмаас 1.300.000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн болох нь хохирогч З.Д******* өгсөн “... Би 2021 оны намар нөхрийнхөө төрсөн дүү Ж.Түмэндэлгэр гэдэг хүнээс Булган аймгийн Баяннуур сумаас бүдүүн үнээг хямдруулаад 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад Булган аймгийн Баяннуур сумын Э******* гэдэг айлд маллуулж байсан юм. Тэгсэн 2022 оны 08 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар баг Ухаа гэх газрын орчмоос бэлчээрээс алга болсон. Тэгээд манай үнээг маллаж байсан Э******* хайгаад олоогүй нөхөр бид хоёр бас хүмүүсээс асуугаад сураг гараагүй тэгээд цагдаад тэмдэглүүлсэн юм ... миний үнээг хулгайлсан хүнээс үнээний үнэлгээний дагуу хохирлын мөнгө болох 1.300.000 төгрөгийг авч хохирлоо бүрэн барагдуулсан” /хавтаст хэргийн 36-37, 40-41 дэх тал/,  гэрч Б.Б******* өгсөн “...Э******* надад хэлэхдээ 2022 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед манай үхэрт байсан хүний 1 үнээ алга болчихсон юм Ө******* улаан халзан зүсмийн үнээ тууж явсан тэр мөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө Ө*******тэй уулзахад юм дуугарахгүй байхаар нь загнасан чинь би авчихсан юм гэж хэлсэн тэгээд би дахиж Э*******той уулзаж надаас орных нь бүдүүн үнээг аваарай гэж хэлсэн юм” / хавтаст хэргийн 53-54 дэх тал/, гэрч М.Э*******ын өгсөн “...Тэгээд хэд хоногийн дараа манай Баяннуур сумын Шар тал 2 дугаар багт байдаг Ө******* гэдэг залуу манай үхэрт байсан алга болсон үнээг авсан тууж явсан талаар хүмүүсээс сураг гараад байсан тэгтэл Ө*******гийн аав Бат-Өлзий намайг хөдөө малдаа явж байтал утсаар залгаад ямар яриа гараад байгаа юм бэ уулзъя гэхээр нь чи өөрөө хүрээд ир гээд бид хоёр хөдөө уулзсан тэгээд энэ талаар яриад салсан юм. ...Тэгээд тэр өдөртөө намайг хонин дээрээ байсан чинь над дээр ирээд цаадах чинь авчихсан байна одоо яах вэ хө, надаас орных нь юмыг аваарай гэсэн тэгээд салцгаасан ...” / хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрч Б.Б өгсөн “... Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрийн үед манай нөхөр Ө******* хөдөө гэр рүүгээ малдаа яваад ирэхдээ богины идэш хийгээд ирлээ гэж шуудайнд хийчихсэн үхрийн мах авч ирсэн. ...одоо үлдэгдэл ястай махнууд нь байшинд хөргөгчинд байгаа ...” /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ гэх мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй хутга 1 ширхэг, цагаан саарал өнгийн 9мм өргөнтэй, 10 метр 09 сантиметрийн урттай олс 1 ширхэг зэргийг шинжлэн судалснаар гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгч Б.Ө******* нь бусдын малыг машин механизм ашиглан хулгайлж, махыг нь хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл, хохирогч З.Догсмаад 1.300.000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр батлагдсан шүүгдэгч гэм буруутай байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгчийн бусдын малыг дур мэдэн машин механизм ашиглан бэлчээр дээрээс нь тууж авч явж нядалсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ө*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ө******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас З.Догсмаад учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ байх тул шүүгдэгч Б.Ө*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ө*******г бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Ө*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хавтаст хэргийн 99-112 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Засаг даргын тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ө.А, Ө.О, Ө.М, Ө.А нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ө******* нь урьд ял шийтгэлгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг, нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ө******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/144 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруутайг нотолж яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргахгүй, прокурортой тохиролцсон ялын саналыг дэмжиж тус тус оролцлоо.

Шүүгдэгч Б.Ө*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Ө*******гийн өмчлөлийн 1.623.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын L7GPCKLY5L1062370 арлын дугаартай мотоциклыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10*2.5 см модон иштэй, 12*2.4 см ажлын хэсэгтэй, нийт 22 см-ийн урттай шар иштэй хутга 1 ширхэг, цагаан саарал өнгийн 9мм өргөнтэй, 10 метр 09 сантиметрийн урттай олс 1 ширхгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон


ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж******* овогт Б******* Ө*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ө******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ө******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Догсмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн Б.Ө*******гийн өмчлөлийн 1.623.000 /нэг сая зургаан зуун хорин гурван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын 150 моторын багтаамжтай L7GPCKLY5L1062370 арлын дугаартай мотоциклыг хураан авч улсын орлого болгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10*2.5 см модон иштэй, 12*2.4 см ажлын хэсэгтэй, нийт 22 см-ийн урттай шар иштэй хутга 1 ширхэг, цагаан саарал өнгийн 9мм өргөнтэй, 10 метр 09 сантиметрийн урттай олс 1 ширхгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгасугай. 

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ