| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0194/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/200 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******
Улсын яллагч Б.*******
Хохирогч Г.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2123001230202 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум, багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар :*******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь цахим хэрэгсэл буюу фейсбүүк ашиглаж иргэнгийн цахим орчинд байршуулсан “Сарлагийн тугалтай үнээ авна” гэсэн утгатай зарын дагуу холбогдож Завхан аймгийн суманд амьдардаг, тугалтай үнээ зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаараа бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол нөхцөл байдалд итгүүлэх аргаар хохирогч Г.*******аас Хаан Банкны дугаартай өөрийн дансаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлэн авч залилсан.
Мөн дээрх үйлдлийн аргаар “...иргэн Д.ын цахим орчинд байршуулсан “Бяруу авна” гэсэн утгатай зарын дагуу холбогдож, хохирогч Д.ээс Хаан банкны дугаартай өөрийн дансаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
1. Шүүгдэгч С.******* нь цахим хэрэгсэл буюу фейсбүүк ашиглаж иргэнгийн цахим орчинд байршуулсан “Сарлагийн тугалтай үнээ авна” гэсэн утгатай зарын дагуу холбогдож Завхан аймгийн суманд амьдардаг, тугалтай үнээ зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж хохирогч Г.*******аас Хаан Банкны дугаартай өөрийн дансаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Г.*******ын “...Би өөрийн бог малаасаа зараад үхрээ өсгөх гэж өөрийн эхнэргийн фейсбүүк хаягаас “сарлагийн тугалтай үнээ авна” гэж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зар оруулсан юм. Зар оруулаад байж байтал “сумаас ярьж байна сарлагийн тугалтай үнээ авах уу үнэ ханш хэд вэ” гэж манай эхнэрийн дугаар руу гэсэн дугаараас эмэгтэй хүн яриад нөхрийгөө адуунд явуулсан байна ирэхээр нь яриулъя гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа миний өөрийн гэсэн дугаар руу гэсэн утаснаас яриад сарлагийн тугалтай үнээ зарна гэж ярихаар нь би авна гэж хэлсэн чинь урьдчилгаа мөнгө өгөөч би 2 хоногийн дараа сумын Буянтын эхнээс туугаад хүргээд өгье гэж хэлсэн. Урьдчилгаа мөнгөөр яах гэж байгаа талаар асуухад би хүнээс машин авах гээд байгаа юм надаас урьдчилгаа мөнгө нэхээд болохгүй байна. Үлдэгдэл мөнгөө үхрээ тууж хүргэж өгөх үедээ авна гэж ярихаар нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэсэн дансаар 5 сая төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 1-2 хоногийн дараа манай эндээс тугалтай үхэр олдохоор байна 20 тугалтай үнээ болгоод туугаад очих уу гэж эрэгтэй хүн ярихаар хэдэн төгрөг авах гэж асуухад 4 тугалтай үнээ айлаас авахаар боллоо 4 сая төгрөг шилжүүл гэхээр нь данс руу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр утаснаас гэдэг эмэгтэй хүн яриад сарлагийн 8 тугалтай үнээ зарах хүн байна манай нөхөр адуугаа алдаад олохоо байсан 2 хонож байна би энэ хавийн айлуудаас үхэр сураад байна 1.600.000 төгрөг нэмээд шилжүүл гэхээр нь данс руу шилжүүлсэн. 2021 оны 09 сарын 13-ны өдөр ярихад айлаас 4 үнээ нэмж авахаар боллоо айлын хүн нь малд яваад ирээгүй байна 4 үхрийн үнэ 1.800.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь данс руу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 7 хоногийн буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үед 18 тугалтай үнээ, 1 бухан бяруутай туугаад сумын Буянт багаас гарлаа гэж ярьсан. Тэгээд маргаашаас нь эхлээд гэсэн утас нь холбогдохоо байсан. Би тэдгээр хүмүүс рүү 4 удаагийн шилжүүлгээр 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлж залилуулсан. ...Одоо дээрх 12,400,000 төгрөгөө авчихвал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Я.гийн “...Би өөрийнхөө гэх нэртэй фейсбүүк хаягаас Завхан аймгийн нэгдсэн групп гэсэн нэртэй зарын группэд сарлагийн тугалтай үнээ худалдаж авна гэсэн зарыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зар байршуулсан. Тэгтэл би сумын Баянбулаг багт бэр болж ирсэн юм. Байгаа газраа сайн мэдэхгүй байна. Би сумын харьяат хүн гэж ярьсан. Миний өмчид 6 тугалтай үнээ, манай нөхрийн 4 тугалтай үнээ нийлээд 10 орчим үхэр байна. Машин авах гээд мөнгө дутаад байна эхний элжинд 5 сая төгрөг дутаад байна гэж яриад дансны дугаар өгсөн. Тэр хүнээс өгсөн дансны дугаар руу нь 5 сая төгрөгөө шилжүүлсэн. Хэд хоногийн дараа ахиж яриад 4 сая төгрөг шилжүүлээч манай саахалт айл үхэр зарна гэсэн нийлүүлээд хүргэж өгнө гэж ярихаар нь өмнө нь мөнгө шилжүүлсэн данс руу ахиад 4 сая төгрөг шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ахиж яриад би сумд машин хөлслөөд явж байна эндээс танайд үхрийг авч өгье би сааж үзсэн сүү сайтай үхэр байна үхрийн эзэнд хэдэн төгрөг өгөх хэрэг байна гэж ярихаар нь 1.600.000 төгрөг, ахиад 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаар ярилгүй хэд хоносон. Нэг удаа холбогдож ярихад сумаас үхрээ бөөгнүүлээд гарах гэж байна. Хоёр үхэр алдчихлаа манай нөхөр хайгаад явсан би үхрээ хоргоогоод байж байна гэж ярьсан. Үхэр ирэхгүй, утас нь болохгүй байхаар нь манай нөхөр бид хоёр сумын төв, хөдөө Буянт багаар явсан. Мөн сумын Баянбулаг багийн тай утсаар ярьж гэх нөхөртэй ******* гэдэг эхнэртэй айл танай багт байна уу гэж шүүлгэж үзэхэд тийм айл байхгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч С.*******ын “...Би Г.******* гэх хүнд тугалтай үхэр худалдан борлуулна гэж худлаа хэлээд нийт 4 удаагийн үйлдлээр 12,400,000 / арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг өөрийн хаан банкны тоот дансаар шилжүүлэн авсан. Би сумын дэлгүүрүүдэд өртэй байсан болохоор тэр дэлгүүрийнхээ өрөнд тодорхой хэмжээг нь өгсөн. Яг хэдэн төгрөг өрөнд өгснөө санахгүй байна. Үлдсэн мөнгийг нь Улаанбаатар хотод 2021 оны 10 дугаар сарын 18-наас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл амьдрахдаа хэрэглэж үрж дууссан. Би Г.*******аас залилж авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ ашигласан. Би Хаан банкны тоот дугаарын дансаар мөнгө авсан. Энэ данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Фейсбүүк ашиглаж байтал Завхан аймгийн зар мэдээний группт гэх хаягаас тугалтай үнээ худалдаж авна гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь би тугалтай үхэр худалдан борлуулна гэж худлаа хэлж Г.*******ын дугаарын утсаар холбогдож мөнгө авсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-69 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/7106 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дугаартай утасны эзэмшигчийн, ярианы дэлгэрэнгүй мэдээлэл /хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/,
- Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн иргэн С.*******ын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Иргэн Д.ын цахим орчинд байршуулсан “Бяруу авна” гэсэн утгатай зарын дагуу бяруу зарна гэж холбогдож хохирогч Д.ээс Хаан банкны дугаартай өөрийн дансаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6,500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Д.ийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны орчим өөрийн төрсөн дүү аар Завхан аймгийн аймгийн зарын нэг хуудсанд Хайнагийн бяруу авна гэсэн зар тавиулсан юм. Тэгээд зарын дагуу манай дүүгийн чат руу “Хөөрхөнөө минь” гэсэн фейсбүүк хаягтай нэгэн иргэн бяруу байна гэж холбогдоод нэг хайнагийн бярууг 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хоёр хувааж бэр дүү болох ийн дансаар дамжуулан шилжүүлсэн. Тэр үед тухайн иргэн манай дүүгийн дугаарын утас руу холбогдоод надтай ярихдаа эгч нь малчны зээлтэй яг банк хаах гээд зээл төлөх болчхоод байна яаралтай урьдчилгаа мөнгө хийгээд өгөөч гээд байхаар нь ээр шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсэн хүнтэйгээ утсаар холбогдоод бяруугаа хэзээ авч ирж өгөх талаар асуухад замдаа явж байна машин жаахан саатчихлаа гээд байсан сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. Тухайн үедээ миний дүү тай чатаар харьцаж үхэр малын зураг явуулаад, утсаар ярих үед бяруугаа ачаад явж байна машины дугуй хагарсан байна гээд том ачааны машины дуу чимээ сонсгоод, миний хүү наад бяруунуудаа эргүүлээрэй гэж цаанаа яриад миний итгэлийг төрүүлсэн юм. Тухайн өдөр миний мобайл банкны лимит нь болчхоод бэр дүү болох гэх хүний данснаас 6,500,000 төгрөгийг дугаарын ******* гэх хүний дансанд 2021.10.01-ний өдрийн 11:42, 11:49 минутад тус бүр хоёр хувааж шилжүүлсэн. Би дүүгийнхээ дугаарын утсаар гэсэн дугаар руу холбогдож тухайн үедээ ярьж байсан. Сүүлдээ энэ дугаар руу нь залгахаар утсаа авахгүй байж байгаад ашиглалтад байхаа больсон. Энэ хүн хөдөөгийн малчин хүний итгэлийг маш ихээр эвдэж яг л мал зарах гэж байгаа хүн шиг малын зураг хөрөг явуулаад ачаад явж байна гээд машины дуу чимээ сонсгоод итгэл төрүүлсэн учраас би мөнгөө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.ийн “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөө манай нөхөр той төрсөн ах нь болох ах холбогдсон. Тухайн үед ах хайнагийн бяруу хүнээс авахаар болчхоод мобайл банкны лимитээс хэтрээд байна гээд манай хүнд хэлсэн гэсэн. Манай нөхөр над руу манайх хаашдаа ахад мөнгө өгөх юм чинь тэрийг нь шилжүүлчих гээд манай нөхөр интернэт банкгүй учраас би өөрийнхөө ХААН банкны тоот данснаас дугаарын данс руу 6,500,000 төгрөг шилжүүлсэн. Ах руу мөнгийг шилжүүлсэн талаараа хэлсэн. Дараа нь ахыг бяруугаа авсан юм уу гэхэд мөнгөө залилуулсан гэж байсан. Энэ дансны дугаарын эзэмшигч нь ******* гэж хүн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,
- Гэрч Д.ын “...Манай ах Д. хайнагийн бяруу авна гээд намайг зар тавиад өг гэсний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны “бяруу авна” гэсэн зарыг Завхан аймгийн нэгдсэн групп /zavkhan Aimgiin Negdsen Group/ гэсэн цахим хуудсанд байршуулсан юм. Удаагүй байтал “Хөөрхөн минь” гэсэн хаягаас хэдэн бяруу авах вэ гэсэн чат ирээд тухайн иргэнтэй чатаар харьцаад ахтайгаа холбогдуулсан юм. Манай ах тухайн иргэнээс бяруу авахаар болоод 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө шилжүүлсэн юм. Манай ах тухайн иргэнтэй утсаар ярьж хэдэн бяруу, хэдэн төгрөгөөр авах болон хэрхэн яаж авч өгөлцөхөө тохирсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С.*******ын “...Би Д. гэх хүнд “Бяруу зарна” гэж худлаа хэлээд нийт 2 удаагийн үйлдлээр 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг өөрийн хаан банкны тоот дансаар шилжүүлэн авсан. Энэ данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Би Фейсбүүк ашиглаж байтал Завхан аймгийн зар мэдээний групп Д. гэх хаягаас “Бяруу авна” гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь би “Бяруу зарна” гэж худлаа хэлж Д. гэх хүнтэй утсаар холбогдож мөнгө авсан. Тухайн үед мөнгө хэрэгтэй байсан болохоор би худлаа хэлж бусдыг залилан мэхлэх замаар мөнгө олж болох юм байна гэж бодоод Д. гэх хүнийг залилан мэхэлж нийт 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг залилж авсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-119 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хаан банкны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/44 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн С.*******, Ж. нарын депозит дансны хуулга /хавтаст хэргийн 85-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, дээрх мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирол шаардахгүй бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг “цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”-аар төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Г.*******т “сарлагийн тугалтай үнээ зарна” гэж, хохирогч П.эд “хайнагийн бяруу” зарна гэж тус тус итгүүлэн өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй үйлдэл нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар үйлдсэн залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч С.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч С.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.*******т 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн, хохирогч Д.эд 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон түүний ХААН банкны дипозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч С.******* нь хохирогч Г.*******, Д. нарын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч С.*******аас 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.*******т, мөн 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.эд тус тус олгуулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсан,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 128-168-р хуудас/
Иймд шүүхээс шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч С.******* урьд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд шүүхээс түүнд уг гэмт хэргийг үйлдэхээс өмнөх 2 удаагийн залилах гэмт хэрэгт нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч С.******* нь түүнийг нийгэмшүүлэх зорилгоор оногдуулсан шүүхийн шийдвэрийн үр нөлөөг ухамсарлаагүй дахин бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж байх тул нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.******* нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялаас 4 жил 3 сар 29 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн болох нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч А.ийн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч С.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үргэлжлүүлэн тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн ялыг тус тусад нь тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар, 36.7 дугаар, 36.8 дугаар, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хугацааны зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс үргэлжлүүлэн эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.*******т, мөн 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Цэвэгмидэд тус тус олгосугай.
7. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ