Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар   Баянхонгор   аймгийн   Прокурорын газрын  хяналтын  прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар   зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар   яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн  2214002460323 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогтой *******гийн *******,  / РД: ВЖ90072717 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.******* согтуурсан үедээ нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 18 дугаар гудамж 08 тоотод байх гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч *******г жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг хэл амаар доромжилж улмаар модоор ууц, нуруу руу нь 2 удаа, эрүү хэсэг рүү нь 1 удаа, гутлаараа нүүр рүү нь 3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд, зүүн эрүү, дух, ууц, зүүн гуяа цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч ******* Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 6-4 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн хамтран амьдрагч *******г 2022 оны 08 дугаар сарын дунд үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээд гарч ирсний орой түүний хоолойг боож, нүүр лүү нь цохиж чихний ар талд нь хөхрүүлсэн, 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр баруун гарын булчин хэсгээс нь хазаж, гэрээс гарч зугтаахад араас нь мотоциклоор хөөж дайрч унагаасан, мөн 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Баянхонгор аймгийн  Баянхонгор сумын 6 дугаар баг 18 дүгээр гудамж 08 тоотод байх гэрт *******г модоор ууц, нуруу руу нь 2 удаа, эрүү хэсэг рүү нь 1 удаа гутлаараа нүүр рүү нь 3 удаа цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар   зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 81-82 /,

2. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

... 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр орой 18 цагийн эмээгийнд очиж хонины мах эвдсэн юм. Тэгээд тэндээс өрөөл махыг нь хадмынд буюу Баянхонгор сумын Гэгээн шавь 6-19-8 тоотод аваачиж өгсөн. Би эмээгийн хашаанд өмнөх өдөр нь 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авч тавьсан байж байгаад тэр пивоо хадмынд очиж уусан юм. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа юм. Би тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадваргүй тасарсан байсан юм. ******* бид хоёр 2021 оны 03 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа юм. ******* жирэмсэн байсан бөгөөд сая сарын 27-ны өдөр төрсөн юм. Бид хоёр хүүтэй болсон юм. Би тэр пивоноос өөр архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан юм Болортуяа 2 дүүгийнхээ хамт байсан юм. Нэг нь 6 дугаар анги, нэг нь 3 дугаар ангийн хоёр охин байсан юм. Би тухайн өдөр пиво ууснаас хойш огт юм санахгүй байгаа юм Тэр шөнө нь би Цагдаагийн газар дээр ирж албадан саатуулагдсан юм. Цагдаа нар хадмынд ирснээс хойш би сэргэсэн юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хамт амьдраагүй, би очоогүй байгаа юм. Эмнэлэгт хэвтсэнээс нь хойш бол би байнгын очиж байгаа юм. Би өмнө нь 2021 онд *******гийн биед халдсан асуудал гаргаад сая 2022 оны 08 дугаар сард шүүхээр орж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлээд ялаа эдэлж дууссан юм. Өөр биед нь халдсан асуудал бол байхгүй юм. *******тай хэрүүл маргаан хийснээ бол санахгүй байна. Болортуяа надад сүүлд нь чи миний нүүр лүу гутлаар цохисон, унины модоор гуя хэсэгт цохиж зодсон гэж хэлж байсан ******* бол архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Архи уухаараа эхнэрээ зодчихоод байдаг. Болсон үйл явдлаа сайн санадаггүй. Би эцэг, эхээс 5-уулаа. Аав, ээж хөдөө Баацагаан суманд амьдардаг. Би дулааны улиралд барилгын ажил хийдэг. Манай зүгээс *******г албан ёсоор бэр гуйсан зүйл байхгүй. *******гийн ярьсан зүйлүүд бүгд үнэн. Цаашид архи уухгүй амьдарна гэсэн бодолтой байна гэв.

 4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор сумын Гэгээн шавь 6-19-08 тоотод 23 цагийн орчимд манай хамтран амьдрагч ******* нь гэртээ 2.5 литрийн пиво авч ирээд уугаад байсан. Тэгэхээр нь би “болио” гэж хэлсэн чинь над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Намайг “янхан, танай ээж чинь хүртэл янхан, миний хүүхэд биш” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би гэрийн хаалгаа дотор талаас нь түгждэг байсан хугархай унины модоор *******ын гуя хэсэгт нь зөөлөн 2 удаа цохиод авсан чинь нөгөө модыг надаас булааж аваад эхлээд миний шанаа хэсэг рүү нөгөө модоор 1 удаа цохиод авахад нь би шалан дээр өнхрөөд ойчсон. Тэгээд мөлхөөд ар талын ууц хэсэг рүү нөгөө модоор 3 удаа цохичихоод миний хоолойг боогоод алаад хаячихъя гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгаад дуудлага өгсөн чинь чи цагдаа дууддаг хэн юм гээд өмсөж байсан гутлаараа нүүр хэсэг рүү нэлээн олон удаа цохиод авсан. Дараа нь толгойтой толгойтой үснээс зулгаасан. Тэгээд байж байтал цагдаа иртэл ******* гараад зугтчихсан байсан. Тэгээд гараад явснаа эргээд ороод ирсэн чинь цагдаа аваад явсан юм. Бид хоёр 2021 оны 03 сараас хойш хамт амьдарч  байгаа юм. Манай ээж хөдөө явсан, манай 6 дугаар ангийн, 3 дугаар ангийн 2 дүү байсан юм. Өөр хүн бол байгаагүй юм. Би төрөх болоогүй хугацаа нэг сар гаран дутуу байсан юм. Тэгээд зодуулснаас болоод 7 хоногийн дараа хийсвэрээр төрсөн юм. Би сая 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрөөд өнөөдөр эмнэлгээс гарсан юм. ******* бол харахад согтолт нь гайгүй байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Маргааш нь гэртээ ирээд надад "юу болсныг санахгүй байна” гээд байсан. Намайг 2021 оны 07 дугаар сард аймагт байхдаа хамт амьдарч байх хугацаандаа мөн зодоод 2022 оны 08 дугаар сард шүүхээр шийдэгдэж дууссан юм. Миний зүүн талын хөлний гуяны мах тасарсан, баруун талын нүд хөхөрсөн, зүүн талын шанаа хэсгээр хавдсан, ууц нуруу хэсгээр хөхөрсөн байсан. Одоо уг гэмтэл хөхрөл гэмтэл бол арилсан байгаа юм. Одоо биед байгаа зовуурь гэвэл миний эрүү хэсгээр өвдөөд байгаа, бусдаар гайгүй байгаа юм Зодуулснаас болоод дутуу төрсөн гэж бодож байгаа юм. Тэрнээс төрөх хугацаа бол 2022 оны 10 дугаар сарын 22-нд сүүлийн хугацаа гэж байсан. Зодуулснаас хойш би эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олговор авсан зүйл бол огт байхгүй юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр доошоо хавагнаад хаван тулсан, даралт их байна, яаралтай хэвтэж хагалгаанд орно гээд 2022 оны 09 дүгээр сарын 25-н өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтээд эмчилгээ хийлгэж байгаад 09 дүгээр сарын 27-ны өдөр хагалгаанд орж төрсөн юм. Одоо миний зүгээс бол цаашид гаргах санал хүсэлт болон гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй юм. Би одоо энэ хүнээс салмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 61-62  /,

.... Намайг 2021 оны 07 дугаар сард аймагт байхдаа хамт амьдарч байх хугацаандаа мөн зодоод 2022 оны 08 дугаар сард шүүхээр шийдэгдэж дууссан юм. Би сар, өдрөө одоо сайн санахгүй байна. Би хав.- байна гээд төрөх тасагт 7 хоног хэвтээд гарч ирсэн юм. Тухайн үед би 2022 оны 06 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Эмнэлгээс гарч ирдэг орой нь намайг зодож нүдээд байсан. Тухайн үед бол миний чихний ард талд бага зэргийн хөхөрсөн байсан, өөр бэртэл гэмтэл байгаагүй 3-4 хоног орчим болоод эдгэсэн. Энэ асуудлыг бол би цагдаагийн байгууллагад хандаагүй. Дараа нь мөн 2022 оны 08 дугаар сарын 20-дийн үеэр өдрийг нь сайн санахгүй байна, мөн намайг зодож нүдээд гарын булчин хэсгээс хазахаар нь би гарч зугтаахад миний араас мотоциклоор хөөгөөд дайрсан. Тухайн үед миний нүд, шанаа, толгой хэсгээр хавдсан байсан, мөн 3-4 хоноод эдгэсэн. Би цагдаагийн байгууллагад бол хандаагүй. Өмнөх энэ 2 асуудал дээр ******* бид хоёроос өөр хүн бол байгаагүй. Сүүлийн 3 дах удаа зодоход нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Өмнөх хоёр асуудал бол Баянхонгор сумын  3-6-4 тоотод болсон асуудал юм....гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай ээж хөдөө яваад би 2 дүүгээ хараад 6-19-08 тоотод байж байсан юм. Тухайн өдөр ******* “...манай эмээгийнд хөдөөнөөс малын мах ирсэн байсан. Би очиж махыг нь эвдэж өгчихөөд ирье...” гээд явсан чинь 2 литрийн савлагаатай пиво авч ирээд ганцаараа уусан. Тэгэхээр нь би “...одоо болох юм биш үү, одоо амар...” гэсэн чинь “...чамд ямар хамаатай юм, янхан, банзал минь, эх чинь ч гэсэн янхан биз дээ, эхтэйгээ адилхан янхан минь...” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхгүй гэрийн хаалга түгждэг модоор 2 удаа гуя руу нь цохисон. Тэгсэн чинь ******* босож ирээд “...чи муу яасан даварсан гичий вэ...” гээд шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би газар унаад мөлхөөд явж байсан чинь миний ууц руу 2 удаа модоор цохисон. Тэгээд “...би чамайг ерөөсөө алаад хаячихъя...” гээд орон дээр дараад боож унагасан. Тэгэхээр нь би “...цагдаа дуудаж өгнө...” гэсэн чинь “...чи яасан их өмгөөлөх хүмүүстэй юм...” гээд гутлаараа 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаа нар хүрээд ирсэн чинь “...чи яасан өмгөөлөх хүмүүстэй юм. Би орох газраа ороод буцаж гарч ирээд би чамайг ална...” гэж хэлсэн. Намайг байнга хэл амаар доромжилдог. Одоо бүр хүүхэдтэй чинь цуг ална гэдэг болсон. Сүүлийн үед үнэхээр би энэ хүнээс салмаар санагдаж байна. Салъя гэхээр “...би чамаас яасан ч салахгүй. Үхсэн салахгүй. Үхвэл чи надтай цуг үхэж байж надаас салаарай...” гэж хэлдэг. /хоолой нь зангирав/ Манай ээж хөл нь хугарсан манай хоёр дүүтэй хамт байдаг. Би одоо ээжийндээ амьдарч байгаа. ******* одоо хүртэл надаас салахгүй манай ээжийнд хамт амьдарч байгаа. Би саяхан *******ын гэрийнх нь баганыг нь хугалчхаад эгчийндээ оччихоод ирсэн чинь “...янхан эгчийгээ дууд...” гээд утсыг нь зуух руу шидээд хагалаад хаячихсан. Би зодуулснаасаа болж дутуу төрсөн. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-19-08 тоотод манай ээжийн гэр байдаг юм. 2022 оны 8 дугаар сард ******* архи их хэмжээгээр уусан байсан. Миний хамаг хувцсыг тайлуулж байгаад зодсон. Тэгээд би зугтаж гараад найзындаа очиж хоносон. 2022 оны 8 дугаар сарын 20-ны үед ******* мөн л согтуу байсан. Намайг хэл амаар доромжилсон. Тухайн өдөр зүгээр сууж байсан чинь миний мөрөн дээрээ хазсан. Тухайн үед хажууд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний хөл их хавагнасан байсан. Тэгээд маргааш өглөө нь хагалгаанд орно гээд яаралтайгаар эмнэлэгт хэвтсэн. Зодуулснаасаа хойш эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Одоо эрүү зууралттай байгаа. Танилцсан цагаасаа хойш зоддог байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга зоддог. Нэг зодчихоороо дандаа гар хүрэх гээд байдаг юм шиг байна лээ. 2022 оны 9 дүгээр сард зодуулсан үедээ би 8 сартай жирэмсэн байсан. Зодуулснаасаа хойш 7 хоногийн дараа дутуу төрсөн. Жирэмсэн байхад гэдэс рүү өшиглөсөн. Мотоциклоор хөөхдөө ******* согтуу, өөрийгөө хянах чадваргүй байсан. Намайг “...хаашаа явж янхандах гээд байгаа юм...” гэж хэлээд гудамжиндаа мотоциклоор хөөсөн. Миний төрөх сүүлийн хугацаа нь 2022 оны 10 сарын 10-ны өдөр гэж байсан. Би 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Төрсөн хүүхэд маань *******ын хүүхэд мөн. Болсон үйл явдлуудын талаар би холбогдох газарт хандаж байгаагүй. 2022 оны 8 дугаар сард шүүхээс шийтгүүлсний дараа “...чи дандаа шүүх, цагдаа гэдэг. Би орсон ч гэсэн буцаж гарч ирнэ гэдэг зүйлийг хэлдэг...” болсон гэв. 

6. Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би сар өдрөө сайн санахгүй байна. Орой харанхуй болсон байсан. 23 цагийн орчимд унтаж байгаад байгаад сэрсэн чинь эгч ******* цагдаа дуудсан, цагдаа нар хүрээд ирсэн юм. Гэтэл ******* ах гараад явсан байсан юм. Гэтэл удаагүй ******* ах орж ирээд ******* ахыг цагдаа нар аваад явсан. Би бол цохиж зодож байхыг нь мэдээгүй юм. Тухайн үед унтаж байсан юм. ******* эгчийн нүдний доод хэсэгт улайсан байсан юм. Яг аль нүд гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг унтахаас өмнө бол нүд зүгээр байсан. Намайг унтахаас өмнө 19 цагийн орчимд ******* ах гэртээ ирсэн юм. Гэртээ ирэхдээ согтуу юм шиг байсан. Гэртээ ирээд пиво уугаад байсан. Би тухайн үед 21 цагийн үед унтсан. Намайг унтахаас өмнө бол ******* эгч болон ******* ах нар хэрүүл маргаан огт хийгээгүй юм...гэх мэдүүлэг / хх-ийн 70-71/,

7. Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би сар өдрөө мэдэхгүй байна. Би тухайн үед унтаж байсан юм. Юу болсныг бол огт мэдээгүй. Маргааш өглөө нь сэрэхэд ******* эгчийг чинь ******* зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 /,

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би *******г танина. Эмч үйлчлүүлэгчийн хоорондын харилцаатай. Би биечлэн *******д хяналт тавьж байсан. ******* нь уг хаягийн бүртгэл нь бол Баян-Овоо сумын харьяат боловч Баянхонгор сумын Дуурсах 3-6-4 тоотод хадам аавын хаяг нь  дээр хяналтад орж байгаа гээд манай өрхийн эмнэлэгт ирсэн. Анх 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай өрхийн эмнэлэг дээр ирж хяналтад орж, эхоны бичиг, жирэмсний хяналтын карт, журнал бүртгэл хөтлөгдөж хяналтад ордог. ******* нь ирэхдээ 8-9 долоо хоногтой ирсэн. Надад тэр талаар бол огт хэлж байгаагүй. Хяналт тавьж байх хугацаанд бол *******гийн биед ил харагдах гэмтэл бэртэл, шарх сорви бол байгаагүй юм. ******* нь хугацаанаасаа өмнө төрсөн. Манай өрхийн эмнэлэгт хяналтад байж байгаад жирэмсний даралт ихтэй, хавантай гэдгээр нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинет руу 2022 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. ******* нь төрөх хугацаанаасаа 36 долоо хоногтой дутуу төрсөн. Гэхдээ өөрөө биш, хийсвэрээр буюу хаг төрсөн. Төрөх хугацаа нь гүйцэх нь бол 40 долоо хоног байдаг юм. Гөрөх хугацаанаасаа 1 сар орчмын өмнө төрсөн гэсэн үг юм. Одоо бол хүүхэд нь хяналтад манайд байгаа юм. Хүүхэд нь дутуу төрсөн боловч хэвийн байгаа бөгөөд хүүхдийн пульс өндөртэй гэдэг оношоор нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр Улаанбаатар хотын ЭХМҮТөв рүү эмчилгээнд явах шаардлагатай гээд явсан байгаа юм. Дутуу төрөх олон шалтгаан байдаг боловч тодорхой хэмжээний умайн булчин агшилт явагддаг бөгөөд багахан хувьдаа бол орно....гэх мэдүүлэг / хх-ийн 64-66 /,

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 625 дугаартай шинжээчийн:

1.2. Б.*******гийн биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд, зүүн эрүү, дух, ууц, зүүн гуяа цус хуралт, зөөлөн эдийн няцрал эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдагдуулахгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 18 дугаар гудамж 08 тоотод байх хадам ээжийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч *******г жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг хэл амаар доромжилж улмаар модоор ууц, нуруу руу нь 2 удаа, эрүү хэсэг рүү нь 1 удаа, гутлаараа нүүр рүү нь 3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд, зүүн эрүү, дух, ууц, зүүн гуяа цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 6-4 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн хамтран амьдрагч *******г 2022 оны 08 дугаар сарын дунд үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээд гарч ирсний орой түүний хоолойг боож, нүүр лүү нь цохиж чихний ар талд нь хөхрүүлсэн,

Мөн 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.6.4 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч *******г баруун гарын булчин хэсгээс нь хазаж, гэрээс гарч зугтаахад араас нь мотоциклоор хөөж дайрч унагаасан, цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт  болсон нь  хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Одонтуяа, насанд хүрээгүй гэрч *******, ******* нарын мэдүүлэг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 625 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 18 дугаар гудамж 08 тоотод байх хадам ээжийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч *******г жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг хэл амаар доромжилж улмаар модоор ууц, нуруу руу нь 2 удаа, эрүү хэсэг рүү нь 1 удаа, гутлаараа нүүр рүү нь 3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд, зүүн эрүү, дух, ууц, зүүн гуяа цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 6-4 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн хамтран амьдрагч *******г 2022 оны 08 дугаар сарын дунд үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээд гарч ирсний орой түүний хоолойг боож, нүүр лүү нь цохиж чихний ар талд нь хөхрүүлсэн,

Мөн 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.6.4 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч *******г баруун гарын булчин хэсгээс нь хазаж, гэрээс гарч зугтаахад араас нь мотоциклоор хөөж дайрч унагаасан, цохих зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж  гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга буюу 3-аас дээш удаа зодсон болох нь нотлогдож байна.

Хохирогч ******* нь 2022 оны 08, 09 сард  байнга зодуулах үедээ 8 сартай жирэмсэн байсан бөгөөд 2022 оны 09 сард зодуулсны улмаас дутуу төрсөн үйл баримт болсон байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох үедээ жирэмсэн хүний эсрэг үйлдсэн нь зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болж байна.

Шүүх шүүгдэгч *******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч *******ын хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулж нэмж нэгтгэн шийдвэрлэв.

Харин шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугар сарын 15-ний өдөр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд шүүгдэгч нь уг ялыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар дуусгавар болгосон талаар 136 дугаар тогтоол гарсан байх тул түүнд уг ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******  нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж хохирогч *******г зодохдоо ашигласан 54 см урттай мод 1 ширхэг, орос хром 1 хос зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн   гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг таван / 05 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан таван / 05 / сарын зорчих эрхийг хязгаарлах  ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил таван / 01 жил 05 сар / сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  нэг жил таван / 01 жил 05 сар / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан 54 см урттай мод 1 ширхэг, орос хром 1 хос зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ