Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

шүүгдэгч Ш.Н,

улсын яллагч Б.Очгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шагдарсүрэнгийн Нд холбогдох эрүүгийн 2211 01700 1849 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Шагдарсүрэнгийн Н /РД:./

Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эмэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын дотор засал, чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 65-36 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Н нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 40-7 тоот хохирогч Б.Тунгалагийн гэрээс түүний эзэмшлийн “Самсунг А-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Тунгалагт 816,050 /найман зуун арван зургаан мянга тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 829 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Ш.Н нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.Н нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 40-7 тоот хохирогч Б.Тунгалагийн гэрээс түүний эзэмшлийн “Самсунг А-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Тунгалагт 816,050 /найман зуун арван зургаан мянга тавь/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Энэ нь хохирогч Б.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн танил эгч болох Нийн өөрийн ажил Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр дуудаад бид хоёр хамт 1 давхрын 107 тоот өрөөнд Н эгчийн хамтаар эмульс хийж өгчхөөд гараад манай гэр болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 40-7 тоотод байрлах цагаан байр руу явсан бөгөөд тухайн өдөр орой болчихсон байсан учраас Н эгч манайд хонохоор болж би дэлгүүрээс Н эгчид 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” гэх нэртэй архи Н эгчид авч өгөөд бид 2 хамт манай гэр лүү очиход Н эгч архинаасаа 3 аягыг өгсөн бөгөөд би өөрийн эзэмшлийн “Самсунг А-23” загварын ягаан өнгөтэй гар утсыг ширээн дээрээ тавиад бид нар унтаж амарсан. Унтаж амарчхаад өглөө 7 цагийн үед намайг босож ирэхэд Н эгч сэрээд хувцсаа өмсчихсөн өчигдөр авсан 0,5 литрийн архиныхаа үлдэгдлийг уугаад сууж байсан. Би тэгээд өөрийн ширээн дээр тавиад унтсан “Самсунг А-23” маркийн утсыг хайж үзэхэд олдохгүй байсан бөгөөд миний утсанд мессеж ирэх дуу сонсогдохоор нь би хайж үзэхэд гар утас олдохгүй болохоор нь би өөрийн том хүүг хорооны эмнэлэг рүү авч очиж үзүүлэх гээд гарахдаа бага хүү 6 настай Гэрэлчулууныг Н эгчийн хамтаар гэрт үлдээгээд гараад явсан. Тэгээд би том хүүг өрхийн эмнэлэгт үзүүлчхээд эргээд гэртээ ороод иртэл Н эгч манай гэрээс явчихсан, харин Гэрэлчулуун гэртээ ганцаараа сууж байсан... тэгээд би гэртээ өөрийн “Самсунг А-23” маркийн гар утсаа хайсан боловч олдоогүй...” гэх /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

 Дамно ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЧД1-22-1018 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгч Ш.Нийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 27-33 дугаар тал/,

Шүүгдэгч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.   

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөр төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ш.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Тунгалаг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хохирол барагдуулсан гэх тул шүүгдэгч Ш.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:  

Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Шагдарсүрэнгийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.  

5. Шүүгдэгч Ш.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                      П.АРИУНБОЛД